| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2025/0052/З |
| Дугаар | 114/ШШ2026/0016 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 114/ШШ2026/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дайка овогтой Одонцэцэг /Дархан сумын 5 дугаар багийн 20/7 байрны 84 тоотод оршин суух хаягтай/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Үлэмж,
Хариуцагч аймгийн Засаг даргын
итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******, *******, *******
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 232 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 3 хороололд байрлалтай 1га орон сууц үйлчилгээний зориулалттай газрыг Дархан Тахилга ХХК-д 2 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 560 дугаар захирамжаар Дархан Тахилга ХХК-аас иргэн Ж.Мягмарсүрэнд 2 жилийн хугацаагаар орон сууцны зориулалтаар шилжүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 13-ний 01-А/133 дугаар захирамжаар Ж.Мягмарсүрэнгээс *******т нэгж талбарын 4505701344 дугаар бүхий нийтийн орон сууцны зориулалттай 2200 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлснээр Дайкаа овогтой Одонцэцэгт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000709224 дугаар гэрчилгээ 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгогдож, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Э-2003002313 дугаарт бүртгэж иргэний газар эзэмших эрхийн 000106709 дугаарын гэрчилгээ олгосон байна. /хаяг 2020 онд Дархан сумын 14 дүгээр баг 3 дугаар хороолол Ардын хувьсгалын өргөн чөлөө- 2 202 болон өөрчлөгдсөн/
1.2. Нэхэмжлэгч *******ээс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын 14 дүгээр багийн 3 хороололд байрлалтай 1га орон сууцны зориулалтаа 2200 м.кв газрынхаа зориулалтыг өөрчлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01-А/194 дүгээр захирамжаар газар ашиглалтын зориулалт өөрчлөх тухай захирамжаар зориулалтыг нь үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар болгон өөрчилж, 8 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 0000361756 дугаарын гэрчилгээ олгогдон, эрхийн улсын бүртгэлийн 2003002313 дугаарт 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр бүртгэгджээ.
1.3.Иргэн *******ийн 2025 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар авах тухай хүсэлтээр 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдөр АТД-45-0059/25 дугаарын архитектур төлөвлөлтийн даалгаврыг /тусдаа үйлчилгээтэй 3 давхар, нийтийн орон сууцны барилга 12 давхар хүртэл/ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Ерөнхий архитектор С.Дарханбаатар баталгаажуулан өгсөн байна.
1.4.*******ийн өмгөөлөгч Өмгөөллийн Үлэмж партнерс ХХН-ийн хуульч, өмгөөлөгч С.Үлэмжээс захиргааны хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, үйлчлүүлэгчийн эрх ашгийг сэргээж өгөх тухай гомдлыг Аймгийн Засаг даргад хандаж 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 25/397 дугаар албан бичгээр гаргасан байх бөгөөд Аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 2-10/1177 дугаар албан бичгээр хүсэлтийг Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын даргад шилжүүлжээ.
1.5.Нэхэмжлэлийн шаардлага: Эзэмшлийн газар дээгүүр авто зам барилга байгууламж барьсан захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу тогтоолгож, нөхөн газар олгохыг даалгах тухай нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан байна.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл.
2.1. Нэхэмжлэгч *******ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан
нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 2008 онд анх Дархан ******* ХХК-ийн зүгээс хүсэлт гарган уг газрыг авч байсан. 2014 онд миний нэр дээр газар шилжсэн. 2014 онд нэг барилгынхаа суурийг ухаж, суурь бетон цутгасан. 2020 онд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч цар тахал гарсан учраас чадаагүй. 2022 онд эрүүл мэндийн шалтгаанаар гадаад руу эмчилгээнд явсан ба 2024 онд хөрөнгө оруулагч олж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэхэд сонсох ажиллагаа явуулсан гэж хэлээд ард хэсгээр нь цэцэрлэг барина, урд хэсэгт нь автозам тавина, тийм учраас барилга барих боломжгүй болж байгаа, та өөр газарт газар ав гэж хэлсэн. Миний хувьд өөр газар авах боломжгүй гэж үзэж байгаа. 2024 оноос хойш ийм нөхцөл байдалтай байгаа бөгөөд хариуцагчтай 2024 оноос хойш 4 удаа уулзахад дандаа өөр газар ав гэдэг санал тавьж байсан. 2014 оны хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр зам хаана байх вэ гэдгийг баталсан. Зөвхөн барилгын суурийн хэмжээгээр л газар үлдсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу эскизийг батлуулах гэхэд газар дээр барилга маань багтахгүй нөхцөл байдалтай байна. Хажуу талд байгаа өрхийн эмнэлгийг барилгын суурьтай болон автозамтай ойрхон норм стандартад нийцүүлэлгүй барьсан нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байсан.
Би анхнаасаа 4 барилга барих гэж байсан боловч нөхцөл байдалд тохируулаад 2 өндөр 2 намхан барилга барихаар болсон. Гэтэл *******, ******* нар иргэний өмчид халдаж болохгүй гэж сошиалд ярьдаг хэр нь газрын албаны дарга шүүх хурлын дараа газар эзэмших эрхийг чинь цуцална сая уулзахад өөрийн амаар хэллээ. Дээрх байдлаар иргэний өмчид хууль бусаар халдаж, дур зоргоороо авирлаж байгаад гайхаж байна. Би анх газар эзэмшиж эхэлснээсээ хойш уг газар дээр маш их хөрөнгө оруулалт хийсэн. Би одоо байгаа газар дээрээ барилгаа барихаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу эскиз зургаа гаргуулах гэхэд автозамын хамгаалалтын зурвас, шугам хоолой гэх мэтээс авах норм стандартаар хэмжээгээ авахад барилга маань барилгажих талбайдаа багтахгүй болоод байгаа юм. Үндсэндээ 6 метр газар хойшоогоо сунгахад л барилгажих талбайдаа багтахаар байгаа юм. Би огт хууль бус зүйлийг төрийн байгууллагаас хүсээгүй. Зөвхөн өөрийн хууль ёсны дагуу, хүчин төгөлдөр эзэмшиж байгаа газраа зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаж өгөхийг л хүсээд байгаа юм гэв.
2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/194 тоот захирамжаар 3 дугаар хороолол, Ардын хувьсгалын өргөн чөлөө 2, 202 тоот хаягт байрлах 4505701344 нэгж талбарын дугаартай 2200 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар миний үйлчлүүлэгч эзэмшдэг бөгөөд Дархан хотын ерөнхий төлөвлөгөөнд орж Дархан хотын ерөнхий архитектор Дарханбаатар нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн АТД45-0059/25 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар батлан өгч, барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байхад эзэмшлийн газрын тодорхой хэсгээр буюу архитектур төлөвлөлтийн даалгаварт дурдагдсан барилгажих талбайн хэмжээнээс хасагдахаар автозам, хойд талаар нь цэцэрлэг барьснаас үүдэн барилгажих талбайн хэмжээнээс багассан учраас архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнд барилгажих талбайн хэмжээгээр барилга барих боломжгүй болсон.
Иймд эзэмшлийн газар дээгүүр авто зам барилга байгууламж барьсан захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу тогтоолгож, нөхөн газар олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн уг газар 2014 оны хотын төлөвлөлтөд орсон байсан ба түүнээс хойш нэхэмжлэгчийн газрын эргэн тойронд газар олгохдоо төрийн байгууллага нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөгдөж байгаа талаар сонсох ажиллагаа хийж сануулаагүй. 2025 онд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдвэрийг хариуцагч гаргасан. Гэтэл тэр үед автозам тавигдах тухай болоод эзэмшил газартай нь давхцах тухай мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй атлаа зам тавигдсаны дараа өөр байршилд газар ав гэж байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна. Захиргааны байгууллага ийм хууль бус үйл ажиллагаа явуулсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хангагдахын тулд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах нь газар эзэмшигчийн эрх болохыг заасан. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасны дагуу газар эзэмшигчийг газраа эзэмшиж, ашиглахад халдсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Шинжээчийн дүгнэлтээр газраа гэрээний дагуу эзэмшиж, ашиглахад ямар нэгэн саад байхгүй талаар дүгнэлтдээ дурдсан байсан. Мөн уг шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн эзэмшил газрын зүүн талд баригдсан өрхийн эмнэлгийн барилга нь автозамаас авах норм стандартыг баримтлаагүй баригдсан байгаа бөгөөд холбогдох төрийн байгууллагаас автозамаас авах норм стандартыг баримтлах хатуу шаардлага тавигдаагүй болохыг харуулж байна.
Шинжээчийн дүгнэлтэд барилга барих боломжтой байгаа ба хойд талд нь байрлах цэцэрлэгийн газар руу 6 метр сунгах боломжтой талаар дурдсан байсан. Хэрэв төрийн байгууллага энэ байдлаар шийдвэрлэвэл нэг иргэний эрх ашгийг хангахын тулд нөгөө иргэний эрх ашгийг хөндөх нөхцөл байдал үүсэж байгаа юм. Нэхэмжлэгч нь одоо байгаа талбайдаа төлөвлөлтөө хийж, барилгаа барих бүрэн боломжтой байгаа ба өрхийн эрүүл мэндийн төвтэй зэрэгцүүлэн барилга барих боломжтой болох талаар дурдсан. Иймд нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгаа барих бүрэн боломжтой гэж үзэж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын ажлыг эхлэх зөвшөөрлийг 2014 онд авсан. Тухайн үедээ барилгаа барьсан бол одоо үүсэж байгаа асуудал үүсэхгүй байх байсан. Гэтэл 10 гаруй жилийн дараа барилгын норм стандарт, автозам өөрчлөгдсөний улмаас барилга анхны төлөвлөлтөөр баригдах боломжгүй болж байгаа юм. Давхцалтай байгаа 68.2 м.кв талбай нь архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан барилгын талбайгаас хасагдаагүй, зөвхөн замын хөвөө л байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд уг газар дээрээ барилга байгууламж барихгүй олон жил болсон. Газрын албаны зүгээс олон жил хашаагаа янзлах, барилгаа барих шаардлагыг тавьж байсан. Өмнө нь уг газрын хашаан дотор 1 удаа гэмт хэрэг хүртэл гарч байсан. Тухайн бүрд нь сонсох ажиллагаа хийж, шаардлага тавьж байсан. Одоо архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсанаар барилгаа барих шийдлээ ярих нь зөв юм гэв.
2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгажих талбайд давхацсан газар хамаарахгүй байгаа. 2200 м.кв газрын хувьд баруун талаар нь улсын чанартай автозам, 800-ийн төв шугам явж байгаа, хойд талаар нь улсын төсвийн хөрөнгөөр баригдсан эко цэцэрлэгтэй тулсан, зүүн тал нь өрхийн эмнэлэгтэй тулсан, урд талаар нь автозамын хөвөөтэй 68.2 м.кв давхацсан байгаа бөгөөд уг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгчийн эзэмшил газрын эргэн тойронд нь давхцалтай газрыг нөхөн олгох боломжгүй байна. Харин одоо байгаа 2200 м.кв дотроо барилгаа барих боломжоо эрж хайх хэрэгтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэг. Нэхэмжлэгч *******ээс нэхэмжлэлийн шаардлагаа эзэмшлийн 68.2 м.кв газар дээгүүр авто зам барилга байгууламж барьсан захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу тогтоолгож, нөхөн газар олгохыг аймгийн Засаг даргад даалгах -аар маргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ... эзэмшлийн газрын тодорхой хэсгээр буюу архитектур төлөвлөлтийн даалгаварт дурдагдсан барилгажих талбайн хэмжээнээс хасагдахаар автозам, хойд талаар нь цэцэрлэг барьснаас үүдэн барилгажих талбайн хэмжээнээс багассан учраас архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнд барилгажих талбайн хэмжээгээр барилга барих боломжгүй болсон ба нэхэмжлэгчийн газрын эргэн тойронд газар олгох тэр үед автозам тавигдах тухай болоод эзэмшил газартай нь давхцах тухай мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй, сануулаагүй гэж, хариуцагчаас нэхэмжлэгчийн давхцалтай байгаа 68.2 м.кв талбай нь архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан барилгын талбайгаас хасагдаагүй, зөвхөн замын хөвөө л байгаа, нэхэмжлэгч нь уг газар дээрээ архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга байгууламжаа барих боломжтой гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Хоёр.Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын талаар:
2.1. Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 3 хороололд байрлалтай нэгж талбарын 4505701344 дугаар бүхий нийтийн орон сууцны зориулалттай 2200 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр иргэн Ж.Мягмарсүрэнгээс газар эзэмших эрхийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ний 01-А/133 дугаар захирамжаар шилжүүлэн авч, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000709224 дугаар гэрчилгээг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, газар эзэмшүүлэх гэрээг мөн өдөр байгуулсан байх бөгөөд улмаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Э-2003002313 дугаарт бүртгэгдэж иргэний газар эзэмших эрхийн 000106709 дугаарын гэрчилгээ олгогдсон байна. /хаяг 2020 онд Дархан сумын 14 дүгээр баг 3 дугаар хороолол Ардын хувьсгалын өргөн чөлөө-2, 202 болон өөрчлөгдсөн/
2.2. Нэхэмжлэгчээс дээрх нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшиж буй газрынхаа зориулалтыг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргаснаар тус аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01-А/194 дүгээр газар ашиглалтын зориулалт өөрчлөх тухай захирамжаар тухайн газрын зориулалтыг нь үйлчилгээтэй орон сууц-ны зориулалт болгон өөрчлөн шийдвэрлэж, 8 жилийн хугацаатайгаар эзэмшигчид эзэмшүүлснээр 2025 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 0000361756 дугаар гэрчилгээ олгогдон, иргэн *******т 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн АТД-45-0059/25 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг /тусдаа үйлчилгээтэй 3 давхар, нийтийн орон сууцны барилга 12 давхар хүртэл/ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Ерөнхий архитектор С.Дарханбаатараас баталгаажуулж өгчээ.
Улмаар *******ээс тус эзэмшлийн газар дээрээ архитектур төлөвлөлтийн даалгаврынхаа дагуу барьж байгуулахаар төлөвлөж буй барилгаа барих гэтэл барилгын барилгажих талбайн хэмжээ нь 68.2 м.кв-аар багасаж, энэ талбайн хэмжээгээр 3 дугаар хорооллын шинэ авто замын явган хүний замын хэсэг газартай давхацсан байна.
Гурав.Захиргааны хууль бус үйл ажиллагааны тухайд:
3.1. Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тодотгох тухай тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 3, 11, 12... хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөг тодотгон хавсралтаар баталж, хэсэгчилсэн төлөвлөгөөний иж бүрэн ажлын зураг болон дэвсгэр зураг инженерийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл ажлын зураг төсөв хийлгэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна.
3.2. Мөн тус аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01-А/29 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Автозамын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалаар батлагдсан Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх ашиглалтад авах журам-ын 4.1-д заасныг тус тус үндэслэн Аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлыг зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллага болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдсон, 2020 онд батлагдсан Дархан хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тус хорооллын зам тусгагдсаны дагуу Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто зам ажлын багц-1 төсөл хэрэгжиж улмаар 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг 2, 3 дугаар хорооллын авто замын ажил хийгдэж бүрэн дуусаж 2025 оны 12 сард ашиглалтад оруулж, геодезийн гүйцэтгэлийн зураг төслийг Гео од ХХК- гүйцэтгэж 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 51 дүгээр геодезийн ажлыг хүлээлцэх актыг үйлдэж баталгаажуулсан байна.
3.3. Уг хэргийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 36 дугаар захирамжаар шинжээч томилогдсон ба нэхэмжлэгчийн кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа эзэмшил газрын зургийг Google Earth-ийн зурагтай давхцуулсан байдал болон Монгол Улсын зөвлөх архитектор шинжээч Д.Цэвэлмаагийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд, Дархан сумын 14 дүгээр багийн 3 дугаар хорооллын Ардын хувьсгалын өргөн чөлөө 2 дугаар гудамжны 202 тоот хаягтай 4505701344 нэгж талбарын дугаартай үйлчилгээний орон сууцны зориулалттай 2200 м.кв талбайтай Э-2003002313 эрхийн улсын бүртгэлийн дугаартай газрын эзэмшигч *******ийн эзэмших эрх бүхий газар нь тус багийн 2 дугаар хорооллын Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замтай 68.2 м.кв хэмжээгээр давхцалтай байгаа нь /үлдсэн хэсэг нь давхцалгүй/ тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас уг газрын урд талаараа авто зам баригдаж уг авто замын хойд талын явган замын хөвөө нь *******ийн газартай 68.2м.кв газар давхцалтай байгааг хүлээн зөвшөөрч байгаа, энэ давхцалын талаар талууд маргаагүй.
3.4. Хариуцагч захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д зааснаар хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд аливаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгохдоо газрыг ямар нэг хэмжээгээр давхцуулан эзэмшүүлэхийг хориглосон зохицуулалттай.
3.5. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэг Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.1.1-д хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; Авто замын тухай хуулийн 28.1 дэх хэсэг Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замыг ашиглалтад авах асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах асуудлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, аливаа хот, тосгон, суурины газар нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх зохицуулалттай, энэхүү хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө нь урт хугацаанд хэрэгжиж, улмаар тухайн бүс нутгийн хөгжил, хүн амын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжлийн бодлого, зорилттой уялджээ.
3.6. Гэтэл маргаан бүхий энэ нөхцөлд, дээрх ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу автозамын зураг нь 2024 онд батлагдсан байхад аймгийн Ерөнхий архитектор нь 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч *******т Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөхдөө автозамаас ердөө 5 м зайд, зам дагуу сунасан 17 м-ийн өргөнтэй 123-129 м-ийн урттай газар зурж өгсөн нь Хот суурины гудамж зам төлөвлөлт БНбД 32-04-06-ийн 2.2-д зааснаар нутаг дэвсгэрийн туслах гудамж замын улаан шугамын зай /замын ирмэгээс барилга хүртэлх хэмжээ/-г хамгийн багадаа 15-20 м байхаар нормчилсныг анхнаасаа зөрчсөн, сүүлд авто зам баригдсанаар зам дагуух явган замын хөвөөтэй *******ийн эзэмшлийн 68.2м.кв газар давхацсан байх тул захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдлоо.
3.7. Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн газрын эргэн тойронд газар олгох тэр үед автозам тавигдах тухай болоод эзэмшил газартай нь давхцах тухай мэдэгдэж, сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй, сануулаагүй гэж тайлбарлаж байх ба хариуцагчаас нэхэмжлэгчид авто зам болон цэцэрлэг баригдах гэж байгааг цаг тухайд нь мэдэгдэж байсан, ******* нь өмнөх байдлаараа 3 барилга барих боломжгүй болсноо мэдээд архитектур төлөвлөлтийн даалгавраа өөрчлөн батлуулж, зориулалт өөрчлүүлэх хүсэлтээ гаргасан, бид *******т мэдэгдсэн, уулзсан баримтуудаа үйлдээгүй, уулзсан албан хаагчид нь бүгд нотолно гэх боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1., 4.2.5-д заасан зарчимтай нийцээгүй байна.
Дөрөв.Нөхөн газар олгохыг аймгийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж тодорхойлсон.
4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтын агуулгыг тайлбарлавал, аливаа захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол нэхэмжлэгч этгээд шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах талаар нэхэмжлэлээ тодорхойлох боломжтой. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 3 дугаар хороолол Ардын хувьсгалын өргөн чөлөө -2, 202 тоот хаягт байрлах нэгж талбарын 4505701344 дугаартай, 2200 м.кв эзэмшил газрын 68.2 м.кв газар дээгүүр авто зам барилга байгууламж барьсан захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөнийг тогтоолгож, нөхөн газар олгохыг аймгийн Засаг даргад даалгах гэжээ.
4.3. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 25/397 дугаар албан бичгээр *******ийн хууль ёсоор эзэмшиж буй газар дээгүүр эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авто замын барилгын ажлыг эхлүүлсэнтэй холбоотой гомдлыг аймгийн Засаг даргад гаргасан, эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж байсан талаар шүүх хуралдаанд тайлбарладаг.
Даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын хууль бус идэвхгүй эс үйлдэхүйн эсрэг чиглэдэг бөгөөд энэ тохиолдолд Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан зарчмыг баримтлан ажиллаагүйгээс нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраас 68.2 м.кв газар нь Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар хорооллын Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын хойд талын явган замын хөвөөгөөр давхцаж байгаа нь нэгэнт тогтоогдсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул давхцал бүхий 68.2 м.кв газрыг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараах журмаар тодорхойлно, 45.1.4-т бусад зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр, 47 дугаар зүйлийн 47.1-д Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 114/ШЗ2026/0036 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн зардалд 812,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Авто замын тухай хуулийн 28.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газраас 68.2 м.кв газар нь Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар хорооллын Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын хойд талын явган замын хөвөөтэй давхацсан болохыг тогтоож, мөн багийн 3 дугаар хороолол, Ардын хувьсгалын өргөн чөлөө 2 дугаар гудамж 202 тоотод байрлах 4505701344 нэгж талбарын дугаар бүхий 2200 м.кв газраас давхцалтай 68.2 м.кв хэмжээтэй газрыг нөхөн олгож шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас шинжээчийн зардалд 812000 /найман зуун арван хоёр мянган/ төгрөгийг гаргуулж Монголын Архитекторуудын эвлэл ТТБ /ХХБ 5600400 2612016899/-д тус тус олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА