Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хишгээ Байгалмаа |
Хэргийн индекс | 135/2021/01420/И |
Дугаар | 209/МА2022/00033 |
Огноо | 2022-04-15 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 209/МА2022/00033
Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2021/01420/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 211 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Мөнхбаяр,
В.Дэлгэрцэцэг,
Г.Оюун нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт нийт 178,028,998.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай,
Хариуцагч Б.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболд, хариуцагч Б.Мөнхбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй тул зээлдэгч Б.Мөнхбаяр, В.Дэлгэрцэцэг, Г.Оюун нараас өнөөдрийн буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 178,028,998.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн
1,048,095.00 төгрөгийг тус тус гаргуулах, мөн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.а.Хариуцагч Б.Мөнхбаяр, В.Дэлгэрцэцэг нар тайлбартаа: Мөрөн цамхаг оршихуй ХХК- иараа Грийн хаус лонж, ресторан, лонжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор тус банкнаас 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 130,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар авч, зээлээ зориулалтын дагуу ашиглаж, түрээсэлж авсан Найрамдал төвийн 2 дугаар давхрын 458 м.кв талбай бүхий объектод иж бүрэн, тохижилт, засвар хийж, ресторан, лонжийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Гэтэл Ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 оны 2 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн бүтэн жилийн турш манай ресторан хаагдаж, үйл ажиллагаа зогсож, орлогогүй болсон тул 2020.03.25-нд зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах тухай хүсэлт Капитрон банкинд өгсөн боловч хуримтлагдсан хүүгээ төл гэсэн хариуг амаар өгч ямар нэг арга хэмжээ аваагүй гэрээгээ зөрчсөн.
Гэхдээ боломжоороо төлөлт хийж, зээл ашиглалтын хугацаанд нийт 27,203,906 төгрөг төлсөн, хүүнд 24,601,953 төгрөг төлсөн, зээлээс 2,601,953 төгрөгийг хассаныг зөвшөөрөхгүй байна.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн бүх төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу төлүүлж, Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу хуулийг нэг мөр хэрэглэх ёстой байтал банк нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлбөрийг төлүүлсэн нь хууль зөрчсөн байна.
Хэрвээ Улсын дээд шүүхийн тайлбарт заасан дарааллаар төлбөрөөс хасалт хийсэн бол 2020.01.25-ны өдрөөс хойш хүүнд төлсөн 8,956,853 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 2,378,638 төгрөг, нийт 11,335,491 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 118,664,509 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх байсан.
Иймд зээлдэгчээс үл хамаарах шалтгаанаар сул зогссон 455 хоног* 81,205.44 төгрөг /нэг хоногийн хүү/ = 36,948,475 төгрөгийн хүүг төлөхөөс татгалзаж байна. Нийт төлбөл зохих 72,029,226 төгрөгийн хүүгээс төлөхөөс татгалзаж байгаа 36,948,475 төгрөгийн хүүг хасвал 35,080,750 төгрөгийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд зээлийн үлдэгдэл 118,664,509 төгрөг болон 35,080,750 төгрөгийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 24,283,729 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.б.Хариуцагч Г.Оюун тайлбартаа: бид хамтран зээл авсан үнэн, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хүүг төлөх боломжгүй болсон гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбар, хариуцагч Б.Мөнхбаяр, В.Дэлгэрцэцэг, Г.Оюун нарын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №3006-2019/217 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Мөнхбаяр, В.Дэлгэрцэцэг, Г.Оюун нараас 178,028,998 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарт олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа 7 эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, 91-49 ДАХ улсын дугаартай автомашиныг зарж борлуулсан дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 188 495 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 118 295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 211 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.
4.а. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн хүү төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнээс хойш нийт 19,864,875 төгрөг зээлийн төлбөрт хийснээс зээлийн хүүнд 17,486,237.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,378,638.75 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.
Учир нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн бүх төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллын дагуу төлүүлж Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу хуулийг нэг мөр хэрэглэх ёстой байтал банк нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлбөрийг төлүүлсэн нь хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ тухай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Иймд 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн хүүнд 17,486,237.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,378,638.75 төгрөг, нийт 19,864,875 төгрөгийг үндсэн зээлд тооцуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Капитрон банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын зарим нь эх хувиар, зарим нь хуулбар боловч нотариатаар гэрчлүүлсэн байх тул хуульд заасан шаардлагыг хангасан, мөн эдгээр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн.
4. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчөөгүй,
5. Хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хариуцагч Б.Мөнхбаяр, В.Дэлгэрцэцэг, Г.Оюун нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 178,028,998.00 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
6. Хэргээс үзвэл: Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр №3006-2019/217 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нар нь 48 сарын хугацаатай, 130,000,000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар авч үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээ болон хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан байх ба энэ талаар талууд маргаагүй./хх-20-24,25-53/
7. Зээлийн гэрээний 7.1.5-д “Банк нь гэрээний 10.2-д заасан тохиолдлууд үүссэн гэж үзвэл зээлийг гэрээний хугацаанаас өмнө буцаан төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах, гэрээг дангаар цуцлах,
8. 1.6-д Банк нь гэрээний 10.2-д заасан тохиолдлууд үүсч гэрээг дангаар цуцалсан тохиолдолд зээл, түүний үндсэн хүүг хугацаанаас өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж тус тус зааснаас үзвэл хугацааны өмнө гэрээг цуцлах талаар тусгасан байна.
9. Хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардаж байсан, хариуцагч нар гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс тэднийг үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх гэрээг хугацаанаас өмнө цуцлаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзлээ.
10. Зээлдэгч буюу хариуцагч тал нь ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас үйл ажиллагаа зогсож, орлогогүй болсон, хуваарьт заасны дагуу зээлээ төлж чадахгүй болж зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлт өгсөн боловч ямар нэг арга хэмжээ аваагүй, зээлдэгчийн төлбөрийн чадвар муудсан тохиолдолд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан зохицуулалтын дагуу төлбөрөөс хасалт хийж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү-д төлсөн нийт 11,335,491 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 118,664,509 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх тооцоо гарч байх ба зээлдэгчээс үл хамаарах шалтгаанаар сул зогссон хугацааны “хүү”-г төлөхөөс татгалзаж, 35,080,750 төгрөгийн хүү төлөхийг зөвшөөрнө, нэхэмжлэлийн шаардлагаас 24,283,729 төгрөгийг хэрэгсэхгүй болгох гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна.
11. Зээлдэгч нь зээлийн гэрээний 6.2.17.3-т заасан үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд банкинд ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэх үүрэг хүлээсэн байна.
Уг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдохгүй байна.
12. Анхан шатны шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч буюу хариуцагч нар нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж үзлээ.
13. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээх ба үүнийг хариуцлагын шинжтэй үүсдэг үүрэг гэж үзнэ.
14. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан.
15. Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 53 дугаар тогтоолын 2.4-д ... харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ” гэж тайлбарласан зэргээс үзвэл үүргийн гүйцэтгэлийг төлөх хугацаа нь болсон зээлийн өрийг төлүүлэхэд энэхүү хуульд заасан дарааллыг баримтлахаар зохицуулсан гэж ойлгогдож байна.
16. Иймд хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон дээр дурдсан үндэслэлүүд зэргээс хариуцагч талын ...2020.01.25-ны өдрөөс зээлийн хүүнд 17,486,237.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,378,638.75 төгрөг, нийт 19,864,875 төгрөгийг үндсэн зээлээс хасалгүй, хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсоныг эс зөвшөөрч байх тул 19,864,875 төгрөгийг үндсэн зээлд тооцуулж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
17.Түүнчлэн нэхэмжлэгч Капитрон банк ХХК-н Дархан салбар нь хариуцагч Д.Мөнхбаяр, В.Дэлгэрцэцэг, Г.Оюун нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 178,028,998 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа хэн алинаас нь ямар хэмжээгээр гаргуулах талаар тодорхойлоогүй байх боловч Иргэний хуулийн 242 дугар зүйлийн 242.11-н “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу шүүх, нэр бүхий хариуцагч нараас 178,028,998 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Мөн анхан шатны шүүх нь шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудад хариуцагч нараас гэхийг “хариуцагчаас” гэж ганц тоон дээр бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзсэн тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 257,274 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ОЮУНЦЭЦЭГ