Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/79

 

 

 

 

 

 

 

   2024         11            14                                                         2024/ДШМ/79

 

 

 

Л.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Прокурор Б.Д,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч          Б.Э, 

Яллагдагч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Г,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024/ШЗ/836 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Дын бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Л.Бэд холбогдох 2434001980205 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ............ аймгийн Хонгор суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............ аймгийн .............. сумын ....... баг ...... ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х......... овогт Л........... Б.........., /РД:..................../

2. Яллагдагч Л.Б нь согтууруулсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэн Р.Сүхбаатартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь “...дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа...” бүхий хүнд хохирол учруулж, улмаар Р.Сүхбаатар нь дээрх гэмтлүүдийн улмаас 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газраас Л.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Прокуророос шүүхэд шилжүүлсэн яллагдагч Л.Бэд холбогдох эрүүгийн 2434001980205 дугаар хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

Хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, зэрэг нотлогдвол зохих байдлыг дахин шалгаж ирүүлэх,

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Гийн гаргасан ...1.бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, 2. Шинжээч болон гэрч нараас мэдүүлэх авах, 3. Сумын эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийлгэсэн эмчилгээ нь эмчилгээний стандарт хангасан эсэх талаар нэмэлт дүгнэлт гаргуулах, 4. Амь хохирогч Р.Сүхбаатар урьд өмнө биедээ гэмтэл авч байсан эсэх хаана, хэзээ, ямар газар эмчлүүлж байсан, тухайн гэмтэл амь нас хохироход нь нөлөөлөх архаг хууч өвчин байсан эсэх өвчний түүх хяналтын карт зэргээс шалгаж тогтоох, 5. Шинжээч Чулуунбаатарын 4 дүгээр сарын 05-ны өдрийн 100 дугаар дүгнэлтэд хоёр нүдний ухархай хуучин хугаралттай гэсэн байдаг. Тус хугаралт нь сэдэрснээс хүнд гэмтэл үүсэхэд нөлөөлөх эсэхийг асуух шаардлагатай...зэрэг хүсэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.............. гаргасан ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.12 дахь хэсэгт зааснаар таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, мөн хуулийн 6.15 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтүүдийг энэ урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй орхиж, энэ талаар хэрэг прокурорт очсон хойно дахин хүсэлтээ гарах эрх нь нээлттэй болохыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х........ овгийн Л........ Б............-д холбогдох эрүүгийн 2434001980205 дугаар хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Х............ овгийн Л........... Б..........д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн 2434001980205 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Хэргийг прокурорт очтол буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор Б.Дын бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Прокуророос яллагдагч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Хөшиг 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Сүхбаатартай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь "...дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа..." бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас Р.Сүхбаатар нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан гэмт

хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдсон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж 2024/Ш3/836 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан ба хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотлогдвол зохих байдлыг дахин шалгаж ирүүлэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж бүхэлдээ ойлгомжгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж хуульчилжээ. Шүүгчийн захирамж нь дээрх хуулийн шаардлага хангахгүй байх бөгөөд ямар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Мөн шүүгч захирамжийн "Захирамжлах" хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заалтыг удирдлага болгосон ба захирамжийн "Тодорхойлох" хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийн талаар огт дурдагдаагүй байна. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/836 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид энэ хэргийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг гэж үзэж байна. Харилцан зодооны улмаас үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй. Иймд  хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

8. Яллагдагч Л.Бийн өмгөөлөгч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлт прокурорт гаргаж байсан. Энэ хэрэгт нэмж шалгаж, тодруулах зүйл нэлээн байдаг. Ийм учраас хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

9. Яллагдагч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хэлэх тайлбар байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх яллагдагч Л.Бэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

Анхан шатны шүүх яллах дүгнэлтэд заасан яллагдагчид холбогдох гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргах эрх хэмжээг олгосон.

4. Яллагдагч Л.Бэд холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Д.Г болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюундарийн өмгөөлөгч Б.Э нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг тус тус гаргажээ. /2хх-н 92-94/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг.

Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгч Д.Г, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюундарийн өмгөөлөгч Б.Э нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/836 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ тодорхойлох нь хэсэгт: “...хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотлогдвол зохих байдлыг дахин шалгаж ирүүлэх... ...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэснээс өөр дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна.  

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлыг яагаад дахин нотолж ирүүлэх шаардлагатай байгаа талаарх үндэслэл нь тодорхойгүй, яллагдагч Л.Бэд холбогдох хэргийг прокурорт буцааж ямар мөрдөн шалгаж ажиллагааг нөхөн гүйцэтгэх нь ойлгомжгүй болсон байна.

5. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12, 6.15, 6.17-т тус тус зааснаар гаргасан яллагдагч Л.Бийн өмгөөлөгч Д.Г, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюундарийн өмгөөлөгч Б.Э нарын хүсэлтийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан атлаа тэдний хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхиж, эсхүл нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, тухайн хүсэлтүүдийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлүүлэхээр гаргасан байх ба шүүх хангасан эсэх, хангахаас татгалзсан бол үндэслэлээ тодорхой дүгнэх учиртай.

 

6. Түүнчлэн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлуудаас алийг нь хянан хэлэлцэж шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байх тул давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

7. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

8. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон шүүх хуралдааны тэмдэглэлийн дугаар зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/836 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Дын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Л.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ТҮВШИНТӨГС

 

                                    ШҮҮГЧИД                                        А.ЦЭРЭНХАНД

                                                                                                  

                                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ