Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2026/0501

 

 

 

 

 

 

 

   

   2026          05          19                                     128/ШШ2026/0501

 

 

   

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Л.Д******* /РД:*******, Ч.******* /РД:*******, Д.О******* /РД:*******, Т.Э******* /РД:*******;

Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч:Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагч:Х дүүргийн Газар зохион байгуулалтын алба;

Гуравдагч этгээд:“ ш” ХХК /РД:*******/-ийн хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О*******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Х дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Цэцэнзул нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нар нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны дугаар захирамжийн “ ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орц, гарц гаргахыг даалгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгч нараас 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Х дүүргийн Засаг даргын тоот захирамжаар Х дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Д*******, Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарт “Амины орон сууц” зориулалтаар олгогдсон эзэмшил бүхий газарт баригдсан үл хөдлөх хөрөнгийг давхцуулсан, мөн орц, гарцыг нь хааж хээрийн судалгаа хийлгүйгээр “ ш” ХХК-д газрыг олгохоор төлөвлөсөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Х дүүргийн Засаг даргын тоот дугаартай захирамжаар 13 иргэнд газар олгохдоо орц, гарч төлөвлөсөн, зөвшөөрсөн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн.

-Уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Х дүүргийн газар зохион байгуулалтын албыг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан. 

1.3.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа: “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны дугаар захирамжийн “ ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орц, гарц гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Х дүүргийн Засаг даргын дугаартай захирамжийн Х дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.*******, Л.Д*******, Т.Э*******, Д.О******* нарт амины сууцны зориулалтаар олгогдсон, эзэмшил бүхий газарт баригдсан үл хөдлөх хөрөнгийг давхцуулсан, орц, гарцыг хааж, хээрийн судалгаа хийлгүйгээр “ ш” ХХК-нд газрыг олгохоор төлөвлөсөн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Х дүүргийн Засаг даргын дугаар захирамжаар 13 иргэнд газар олгохдоо орц, гарц төлөвлөсөн, зөвшөөрсөн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор Х дүүргийн газрын албанд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул энэ нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч Т.Э*******д Х дүүргийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай амины орон сууцны зориулалтаар 700 м.кв 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх,

-Нэхэмжлэгч Л.Д*******ид Х дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх,

-Нэхэмжлэгч Д.О******* нь Х дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/279 дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай амины орон сууцны зориулалттай 700 м.кв газрыг Д.Мээс шилжүүлэн авсан;

-Нэхэмжлэгч Ч.******* нь Х дүүргийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай амины орон сууцны зориулалтаар 700 м.кв 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхтэй болжээ.

2.2.Гуравдагч этгээд “ ш” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар Х дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 га газрыг эзэмших эрхийг Эмт чацарганы төгөл тарих зориулалтаар 5 жилийн хугацаатай анх олгож, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг сунгасан байна.

2.3.Нэхэмжлэгч нараас тус шүүхэд өөрсдийн эзэмшил газрын орц гарцыг хааж газар эзэмших эрхийг олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны дугаар захирамжийн “ ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

            3.1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Х дүүргийн Засаг даргын тоот захирамжаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Д*******, Ч.*******. Т.Э*******, Д.О******* нарт "Амины орон сууц" зориулалтаар олгогдсон эзэмшил бүхий газарт баригдсан үл хөдлөх хөрөнгийг давхцуулсан, мөн орц гарцыг нь хааж хээрийн судалгаа хийлгүйгээр " ш" ХХК-д газрыг олгохоор төлөвлөсөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох.

            Утга нь:Тус шүүхээс 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 01/3425 дугаартай албан бичиг, 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/388 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлахыг даалгасан байх тул доорхи үндэслэлээр дахин тайлбар, тодруулга гаргаж байна.

            Л.Д*******, Ч.*******, Т.Э*******, Д.О******* болон нийт 13 иргэн Х дүүргийн Газрын албанд тус тусдаа газар эзэмших хүсэлт гаргасныг Х дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай захирамжаар 13 иргэнд 700 м.кв газрыг тус тусад нь орц, гарцтай олгосон байх бөгөөд 13 айл байшингийнхаа нэгдсэн зураг төсвийг "T-G" архитекторын компаниар хийлгүүлж, хувийн сууцуудаа нэгдсэн журмаар 2011 онд бариулж дуусгасан байна. Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарын орц гарц, үл хөдлөх хөрөнгийг давхцуулан Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь " ш" ХХК газар олгосноос болж 15 жил эрх нь зөрчигдсөн байна. Х дүүргийн Газрын албанаас Амины орон сууц барих зөвшөөрөл авсан 13 иргэний газрыг нуруулдаж, 6 айл нь зүүн тийш, 7 айл нь баруун тал руугаа гарахаар төлөвлөгдсөн байна.

            Энэхүү газрын төлөвлөлтөөр “ш” ХХК-д олгосон газар нь *******, ..., Э*******, О******* нарын хашааны орц гарцыг хааж, бас яаралтай тусламжийн машин, галын машин, иргэд зорчих 6 метрийн гудамж тогтоох стандартыг зөрчсөн байдаг. Монгол Улсад мөрдөгдөж буй /байсан/ Хот байгуулалт, Орон сууц, иргэний барилга байгууламжийн төлөвлөлт барилгажилт /БНбД 30-01-04/-д заагдсанаар гудамжны өргөн нь 6 метр, хажуугийн аюулгүйн зурвастай ёстой байх бөгөөд Түргэн тусламж болон Галын машин иргэд чөлөөтэй зорчих боломжтой байхаар төлөвлөгдөх учиртай.

            Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг “ш” ХХК-д олгохоор шийдвэрлэхдээ суурин болон хээрийн судалгааг бодитоор хийж, газар дээр очиж эргэлтийн цэгийг тогтоож, актаар хүлээлгэн өгөх ажиллагааг хийгээгүй, мөн дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлгээр Нийслэлийн Засаг даргад газар эзэмших эрхийг ш ХХК-д олгохоор уламжилсан нь Газрын тухай хуулийн 31.3-д заагдсаныг санаатай зөрчсөн үйлдэл юм. Манай нэхэмжлэлийн шаардлага Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь " ш" ХХК-д газар олголтыг буруу төлөвлөсөн эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.1-д заагдсан актын шинжтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заагдсан бие даасан шаардлага болно.

            Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Х дүүргийн Засаг даргын тоот захирамжаар Х дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарт "Амины орон сууц” зориулалтаар олгогдсон эзэмшил бүхий газарт баригдсан үл хөдлөх хөрөнгийг давхцуулсан, нэхэмжлэгч нарын орц гарцыг нь хааж, хээрийн судалгаа хийлгүйгээр " ш" ХХК-д газрыг олгохоор төлөвлөсөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж байна. 

            2.Х дүүргийн Засаг даргын дугаартай захирамжаар 13 иргэнд газар олгохдоо орц гарц төлөвлөсөн, зөвшөөрсөн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох

            2.1.Л.Д*******, Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарын эзэмшлийн газар нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны буруутай үйл ажиллагаанаас болж давхцаж, үл хөдлөх хөрөнгөө өмчилж чадахгүй байгаа *******, ..., Э*******, О******* нарын хашааны орц гарцыг зүүн тийш гарахаар өнөөдрийн байдлаар төлөвлөсөн байгаа шалтгаан нь айл бүр тусдаа газар эзэмших хүсэлтээ гаргасан, айл бүрт 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ тус тусад орц гарц, гудамж төлөвлөсөн гэдгийг шүүх анхаарна гэдэгт итгэнэ.

            Х дүүргийн газрын албаны мэргэжилтэн Алтанзул нь эрх бүхий албан тушаалтнуудын заавраар өөрөө газар дээр нь ирж 13 айлын орц гарцыг буюу “ш” ХХК-иар дамжин өнгөрөх 200 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй замыг зааж, уг орц гарцыг ашиглахыг зөвшөөрсөн байдаг.

            Нэхэмжлэгч нар уг орц гарц бүхий 200 метр урттай, 6 метрийн өргөнтэй намагжсан газрыг 20-40 ширхэг Хово машинаар хайрга шороо асгуулж, намгийг хатааж нягтаршуулж, 8 метр урт 3 метр өргөнтэй том гүүрэн байгууламж 1 ширхэг, жижиг гүүрэн байгууламж 2 ширхгийг нийтдээ 100 гаруй сая төгрөгөөр барьж байгуулсан байдаг. " ш" ХХК-ийн хашаагаар 200 метр дамжиж гараад, цааш явах Монголика Зочид буудлын сайжруулсан зам хүртэл 200 метр буюу нийт 400 метр замыг 13 иргэн өөрсдөөсөө хөрөнгө гаргаж сайжруулсан зам хийлгэсэн. Энэ нь захиргааны байгууллага болон иргэдийн хооронд газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх боломжит нөхцөл болох орц гарцаар хангах гэсэн эрх зүйн харилцаа үүссэн болохыг гэрчилнэ.

            Нэхэмжлэгч нар Х дүүргийн Засаг даргад тус бүртээ газар эзэмших хүсэлт гаргаж, тус тусдаа газар эзэмших эрх олж авч, улмаар эзэмшил газартаа амины сууц барьж, улмаар газрын албанаас зөвшөөрч хотын төв рүү хөдөлгөөнд оролцох орц гарцыг зааж өгсний дагуу их хэмжээний хөрөнгө гаргасан байгаа нь эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр, тэдний үйл ажиллагаанд итгэсэн үйлдэл бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заагдсан Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа мөн.

            Хэрэв эрх зүйн харилцаа байгааг тогтоохгүй бол нэхэмжлэгч нар өөрийн эзэмшил газартаа нэвтрэх боломжгүй болж, их хэмжээний хөрөнгөөр хохирох, мөн төр өөрөө газрыг олгочихоод орц гарцгүй үлдээх нь төр зөвшөөрлөө үгүйсгэсэн үйлдэл болно.

            Эдгээр нөхцөл байдал нь Үндсэн Хуулиар олгогдсон амьд явах эрх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, галын аюулгүй байдлын улмаас тусламж авах эрх, иргэд чөлөөтэй зорчих эрх гээд олон эрхийн зөрчил үүснэ. Манай нэхэмжлэлийн шаардлага 106.3.5-д заагдсан бие даасан тусдаа шаардлага болно.

            Иймд Х дүүргийн Засаг даргын дугаартай захирамжаар иргэнд газар олгохдоо орц гарц төлөвлөсөн, зөвшөөрсөн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож өгнө үү” гэжээ.

... Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 119, 2017 оны 463 захирамжийн “ ш” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орц, гарц гаргахыг даалгуулах шаардлага нь “ ш” ХХК-д олгогдсон газраар нэр бүхий 4 иргэн дамжин өнгөрдөг. Орц, гарцыг зайлшгүй гаргахаар даалгуулах шаардлага хэвээр. Монгол Улсын иргэн Л.Д*******, Д.О*******, Т.Э*******, Ч.******* нар нэхэмжлэл гаргасан. Эдгээр хүмүүс Х дүүргийн 12 дугаар хороонд тус бүр хүсэлтээ гаргаж, хамтраад “ хотхон” гэдэг хүсэлтийг бол гаргаагүй, зөвхөн айл бүр 0.7 га газрыг эзэмшүүлж амины сууц барих боломж олгох хүсэлт Х дүүргийн Засаг даргад гаргасан. Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тоот захирамжаар нэр бүхий  иргэдэд газар эзэмшүүлэх эрхийг олгож амины сууц барих эрх олгогдож, гэрчилгээ гарч, гэрээ байгуулагдсан болно.

Маргаан бүхий газар 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр амины сууц барих эрх олгогдоод, амины сууц барих зураг төслөө боловсруулаад 2011 оны 9 дүгээр сар гэхэд байшинг барьсан. Х дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба өөрийн эрх хэмжээний хүрээнд нэр бүхий иргэдэд тус бүрд 0.7 га газрыг орц, гарцтайгаар олгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн аваад 13 айлд тухайн газрыг нуруулаад 2 тийш нь 6, 7 айлаар нь орц, гарцыг баруун, зүүн тийшээ гаргахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөг Х дүүргийн Газрын алба хүлээн зөвшөөрч байгаа.

Л.Д*******ийн тухайд орц, гарц дээр маргаж байгаа. Т.Э*******, Д.О******* нар 2011 оны 6 дугаар сарын тоот Х дүүргийн Засаг даргын захирамжаар авсан газар дээр өөрийн хил хязгаар дотор амины сууц барьсан. Амины сууц баригдсанаас хойш 5 сарын дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба “ ш” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хүлээж аваад тухайн газрыг олгохдоо суурин болон хээрийн судалгаа хийлгүйгээр нэр бүхий нэхэмжлэгч Д.О*******, Т.Э*******, Ч.******* нарын баригдчихсан үл хөдлөх хөрөнгийг давхцуулаад газрыг олгосон.

Энэ 3 айл газар олгоод орц, гарцыг нь гарахаар төлөвлөөд өгсөн учраас тухайн 700 м.кв газар дээр машинаа оруулж гаргах, гэр орондоо нэвтрэх орц гарцтай байна. Энэ хооронд барилгын норм, дүрэмд заасны дагуу дор хаяж 6 метрийн зайтай гудамжийг төлөвлөх ёстой, байшинд нь тулгаад газар олгодог нь хээрийн судалгаа, суурин судалгаа хийгээгүй. Суурин судалгаа гэдэг бол компьютер дээрээс тухайн газрыг олгоход хөрш зэргэлдээ ямар, ямар айлууд газар эзэмших эрх олж авсан байна, орц, гарц нь яаж төлөвлөгдсөн байна, Х дүүргийн Засаг дарга энэ газрыг олгох эрхтэй эсэх, манайх зэрэгцүүлээд олгох эрхтэй эсэх гэдэг нөхцөл байдлыг нэгдсэн мэдээллийн санд тусгагдсан хүрээнд нягт нямбай судлаад хүсээд байгаа газрыг олгох боломжтой гэвэл очиж газар дээр нь тухайн нөхцөл байдлыг зайлшгүй нарийвчлан тогтоож орц, гарц, бусдын эзэмшил ашиглалтад байгаа эсэх, энэ хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө байгаа бол давхцуулж газар олгох үндэслэл байсан эсэх нөхцөл байдлуудыг огт тогтоогоогүйгээр Засаг даргад 50,000 м.кв газрыг олгоход ямар нэгэн зөрчил байхгүй байна гэж уламжилж байгаа үйлдэл бол ноцтой зөрчил байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах, эмнэлгийн, бусад үйлчилгээ тусламжийг яаралтай авах нөхцөл байдлууд нь орц, гарцыг хязгаарласнаар зөрчигдөж байгаа. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 119 захирамж, 2017 оны захирамжаар хүчингүй болж байгаа учраас энэ захирамжийг хууль бус болохыг тогтоолгоод 2017 оны 463 дугаар захирамжийн орц, гарцыг хааж, гудамжийг төлөвлөлтгүйгээр олгосон энэ хэсгийг хүчингүй болгож, энэ журам зөрчигдсөн гэдгийг шүүх анхаарч өгнө үү.

Нэмэгдүүлсэн шаардлага нь дугаар захирамжаар Д.О*******т амины орон сууцын зориулалтаар олгогдсон эзэмшил бүхий газарт баригдсан үл хөдлөх хөрөнгийг давхцуулсан.

“ ш” ХХК-ийн хүсээд байгаа, кадастр хийлгээд ирсэн зураг бусдын эзэмшилтэй давхацсан гэдгийг судлаад 6 метрийн өргөнтэй орц, гарц, дамжин өнгөрөх нөхцөл байдлуудыг нь бодитойгоор тогтоогоод энэ газрыг олгох ажиллагааг хийгээгүй. Газрын албаныхан газар эзэмших хүсэлт гарангуут суурин, хээрийн судалгааг хийгээд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заагдсанаар бусдын эрхийг зөрчихгүй нөхцөлд газрыг олгох үүрэгтэй. Тэрнээс бусдын эрх ашгийг хохироогоод бусдын эзэмшил газрыг давхарлаж олгож байгаа нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүй. Бусдын эрх ашгийг хангахаас илүү тухайн газар хүссэн хүний эрх ашигт илүү нийцүүлж тэдний хүссэн газрыг олгохоор үйл ажиллагаа явуулсны нотолгоо. Тэгэхээр Газар зохион байгуулалтын алба нь бусдын эд хөрөнгийг давхцуулж олгосон эсэх дээр дүгнэлт хийж өгнө үү. Орц, гарц гэдэг нь хашаагаараа гарах хаалгыг яриад байгаа биш. Тэрүүгээр галын машин ******* ирнэ, яаралтай тусламж ******* ирнэ, хүмүүс гэр орон, байшингаа янзална. Байнга өөрийн гэр орон руу нэвтрэх эрхүүдийг эдлэх боломжгүйгээр газрыг олгож байгаа нь ямар учиртай юм. 13 иргэн дундаа байшин барьсан ч гэсэн бүгд тус тусдаа хаалгатай байх ёстой гэдгийг яагаад Нийслэлийн Газрын алба газар дээр нь очиж судалдаггүй юм. Тэрнээс одоогийн байгаа байдлаар дундаа нэг хаалгатай гараад байж болно гэж агуулгаар 13 айлын авсан газар дээр 2012 оны 02 дугаар сард газар олгохоор төлөвлөж, энийг Засаг даргад уламжилж болохгүй.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба бусдын өмч, эзэмшил газар дээр барьсан байшин дээр бусдад газар олгож болохгүй. Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарт Х дүүргийн Газрын алба өөрийн эрх хэмжээнд газрыг төлөвлөөд Засаг дарга олгож болно гээд олгосон. Энэ нөхцөлд байшингаа барьсан, газрын гэрээ байгуулсан, 15 жилийн хугацаатай гэрчилгээгээ авсан хүмүүс. Үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэх гэхээр Нийслэлийн Засаг дарга 2012 онд газар давхцуулсан учраас энэ хүмүүсийн мэдээллийг бүртгэж авах боломж байхгүй. Зүүн талын 7 айл байшингаа өмчлөөд авсан, үл хөдлөхийн гэрчилгээ гарсан, газар эзэмших эрх нь хэвийн, ганцхан орц, гарцтай тэд нар маргаагүй. 6 айлын 3 айл болох Ч.*******, Т.Э*******, Д.О******* нар үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлж, өмчлөх эрхээ захиран зарцуулах, эзэмших эрхүүд нь давхар зөрчигдсөн.

Х дүүргийн Засаг даргын захирамж байна, гэрчилгээ олгогдсон байна, гэрээ байгуулагдсан байна, газрын ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад энэ хүмүүсийг газар эзэмших эрхгүй байгаа учраас эрх нь зөрчигдөөгүй гэдэг агуулгаар тайлбар өгч байгаа нь Захиргааны шүүхэд үнэн зөв тайлбар өгөх, бусдад газар эзэмшүүлэх, ашиглуулахдаа хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргаж хүний эрх зөрчихгүй байх энэ зарчмуудыг үл тоож тайлбар өгч байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба эдгээр нөхцөл байдлыг тогтоож, газрыг олгоё, ямар ч зөрчилгүй гэж уламжилж байгаа энэ үйлдэл нь “ ш” ХХК-нд газар олгох эрхийг үүсгэж өгч байгаа. Газар эзэмших, ашиглах эрхийн зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл хуралдаад олгож болохоор байна гэдэг нөхцөл байдлууд яригдаад тэгээд уламжлахаар Засаг дарга нь Нийслэлийн газрын эрхийг хамгаалах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гэж шийдвэрүүд гарч байсан. Тэгэхээр актын шинжийг агуулсан ийм үр дагавар үүсгэж байгаа эс үйлдэхүйгээр иргэдийн эрх ашгийг хохироосон. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 119 дугаар захирамжаар газар олгохоор гарсан захирамж, Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн  төлөвлөгөөнд хэрхэн тусгагдаж олгогдсон талаар нотлох баримт байхгүй. Төлөвлөгөөнд тусгагдсаны дараа олгох ёстой. Газар эзэмших, ашиглах эрхийн зөвлөл гэдэг байгууллага хүсэлтийг хүлээж аваад дараа нь зөвлөлөөрөө хуралдаад, зөвлөл нь Засаг даргад эзэмшүүлэхээр уламжилдаг процессууд огт байхгүй.

13 иргэнд газрыг олгохдоо маргаан бүхий “ ш” ХХК-ийн газраар дамжин өнгөрөх нөхцөл байдлыг эрх бүхий этгээдүүд намаг, жалгууд байгаа, бороо орохоороо урсдаг нөхцөл байдлыг тогтоогоод энэ хүмүүс маш их хөрөнгө гаргаж гүүрэн байгууламж, намгуудыг нь хатааж, жил болгон хайрга шороо асгаж нягтруулж сайжруулж өнөөдрийн явах хэмжээний газар нөхцөл байдал үүссэн гэдгийг зайлшгүй тогтоолгох шаардлага байгаа. Дураараа замыг байгуулаад энүүгээр ******* гарахаар шийдвэрлээд хоорондоо ярьж тохирсон юм байхгүй. Газрын алба газар дээр ирээд энэ нөхцөл байдлыг тогтоож өгөөд, тэд нарын зааж өгсөн хамгийн боломжит гарцыг нэр бүхий иргэд дундаасаа тасралтгүй хөрөнгө гаргаж, нотлох баримт судлахаар хангалттай их мөнгө зарлагдсан. 13 айл нь өөрсдийн амьдрах орчин, аюулгүй нөхцөл байдал, эрүүл агаарт гарах нөхцөл байдлаа бүрдүүлж дундаасаа гаргасан, жил болгон хийсэн хөрөнгө учраас ямар нэгэн үнэ цэнгүй мэтээр ярьж өөр газраар гарч болно гэж ярьж байгаа “ ш” ХХК-ийн тайлбарыг зөвшөөрөхгүй, Нийслэлийн Газрын албаны тайлбар, Засаг даргын тайлбаруудыг зөвшөөрөхгүй. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.5 дах холбогдох заалтуудыг үндэслэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 13 айлын 4 айл л явж байна. Энэ 4 хүний эрх ашиг бодитоор зөрчигдөж байна” гэв.

3.2.Нэхэмжлэгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“2023 оноос хойш Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийг гаргаад өдий хүрлээ. 20 орчим жил төрийн албанд ажилласан хүн. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Х дүүргийн Тамгын газрын ажилтнууд ямар үүрэгтэй, иргэдэд яаж үйлчлэх ёстой гэдгийг сайн мэдэж байгаа. Гэтэл энэ байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажилдаа ямар хандлага гаргаснаас бид нарын амьдрал олон жил маш хэцүү байдалтай байна. Гэртээ очих гэж 2 хашаа нээж ордог. Нэг хашааг нээгээд хаагаад, заримдаа “ ш” ХХК түгжсэн байдаг, ******* чаддаггүй. Тэнд байгаа хүнийг хаалга нээж өгөөч гэдэг. Гэнэт очиход түгжээтэй, цаанаа нь айл амьдрах ямар ч хамаагүй. “ ш” ХХК-тай ойлголцлоо гэдэг, дараа нь өөрчлөгддөг. 2011 оноос хойш 2023 он хүртэл 12, 13 жил хүлээгээд манай энэ байрныхан ярилаа, зөвшилцлөө гэдэг юм.  Шүүхээр шийдвэрлүүлэхгүй бол энэ асуудлыг шийдвэрлэж өгч чадахгүй юм байна гэдгийг ойлгоод шүүхэд хандахаар шийдсэн. Үндсэн хуулийн Тав, Арванзургадугаар зүйлд иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг. Гэтэл төрийн алба Үндсэн хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Газрын албаны ажилтнууд өөрсдийгөө бид нарын оронд тавиад үз дээ, ямар байх вэ. Төрийн албан хаагч үүрэг хүлээсэн. Ард иргэдэд үйлчлэх ёстой хүмүүс ийм шийдвэр гаргаад юу ч болоогүй юм шиг хамгаалаад утга учиргүй тайлбарууд тавиад олон жил өнгөрөөж байна. Захиргааны хэргийн шүүх, шүүгчид энэнээс илүү чухал ажлуудыг шийдмээр байдаг. Би судалгаа харсан. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж байгаа асуудал нь газартай холбоотой байдаг. Энэ байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдын хариуцлагагүй, сэтгэлгүй ажиллаж байгааг харуулж байгаа юм. Давхцуулахгүй өгөх нь наад захын асуудал. Том га газруудыг ингэж олгоод ямар ч орц гарцгүй олгоно гэж байхгүй. Хуулиа өөрсдөө зөрчөөд байна. Жил болгон хэдэн саяар нь бид нараас ийм зүйл засах гэж байна мөнгө авдаг. Байнгын хотхоноо арчлахын тулд бид нар 1 саяыг өгдөг юм. Жил болгон нэмэлт ажлууд гараад гүүрийг засах ёстой гэвэл нэмэлт мөнгө өгдөг. Тэгэхээр эдийн засгийн хувьд хохирч байна. Байшин бариад ямар ч гэрчилгээ байхгүй. Янз бүрийн юм болбол хэдэн 10 сая төгрөгийн өмч миний нэр дээр байхгүй байгаа. Байшингаа даатгуулж чадахгүй их хохирно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Х дүүргийн Тамгын газрын хүмүүс, газрыг олгодог байцаагч нар хамт ирж шүүх хуралд сонсож баймаар байна. Үзгийн үзүүрээр нэг юм өгөөд Засаг дарга шийдвэр гаргасан гэж болохгүй. Ажилтнууд зөв шийдвэр гаргах бүх материалыг бүрдүүлэх ёстой. Засаг даргын гаргасан захирамж руу буруу өгдөг байж болохгүй. Бид нар шиг хүмүүс зөндөө байгаа юм шиг байна. Манай энэ асуудал биш цаашид иргэдийг битгий хохироож байгаасай гэж бодож байна. Тэгэхээр шүүх энэ байдлыг ойлгож хуулийн дагуу зөв шийдвэр гаргаж өгөх байх гэж найдаж байна” гэв.

3.3.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ ш ХХК-ийн газрын баруун талд Х дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Л.Д******* нарын 13 иргэдэд амины орон сууцны зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба дээрх иргэдийн газрыг газрын кадастрын мэдээллийн санд 2013 онд бүртгэж оруулсан нь маргаан үүсэх нөхцөл болсон байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар "ш" ХХК-ийн эзэмшил газар нь иргэн Ч.*******ын газартай 119.48 м.кв талбайгаар, Т.Э*******ын газартай 32.99 м кв талбайгаар, Д.О*******ийн газартай 1.43 м.кв талбайгаар тус тус давхцалтай байдаг.

            Мөн " ш" ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байдлаар шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлд дурдсан иргэдийн эзэмшиж буй газрууд нь орц, гарцтайгаар төлөвлөгдөн эзэмшүүлсэн бөгөөд тухайн байршлын газрын зохион байгуулалтын шийдлийн дагуу нуруулдсан байрлалтай газрууд нь хоёр тал руугаа гарах боломжтой байдлаар орц, гарцын шийдэлтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байдаг.

            Гэтэл нэхэмжлэгч нарын зүгээс захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэх ёстой өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... “ ш” ХХК 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий газарт 7 га газар эзэмших хүсэлтээ Х дүүргийн Засаг даргад гаргаж байсан. Мөн 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж энэ хүсэлтээ гаргаж байсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр захирамжаар Х дүүргийн 10 дугаар хороонд байрлах 50,000 м.кв газрыг “ ш” ХХК-нд эм чацарганын төгөл тарих зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн байдаг. Тус газрын баруун талд Х дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Л.Д******* нарын 13 иргэдэд амины орон сууцын зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх иргэдийн газрыг газрын кадастрын мэдээллийн санд 2013 онд оруулснаараа энэ маргааны эхлэл нь тавигдсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр 2011 онд захирамж нь гарсан хэр нь кадастрын мэдээллийн санд оруулахдаа 2 жилийн дараа оруулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад “ ш” ХХК-ийн эзэмшил газар нь иргэн Ч.*******ын газартай 19,48 м.кв талбайгаар, Т.Э*******ын газартай 32,99 м.кв талбайгаар, Д.О*******ийн газартай 1,43 м.кв талбайгаар давхцалтай байдаг юм байна. “ ш” ХХК-ийн эзэмшил газраас тус иргэдийн газартай давхцаагүй хэсэгт нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байгаа. “ ш” ХХК газар эзэмшихдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ажиллаж байгаа газартай давхцаагүй байна гэдгийг тухайн үед суурин судалгааг хийсний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Нэхэмжлэлд дурдсан иргэдийн эзэмшиж буй газар орц гарцтайгаар төлөвлөгдсөн байна гэдэг талаар Х дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтаар ирсэн байдаг. Энэ газар нь анх төлөвлөхдөө нуруулдсан хэлбэрээр 2 тал руугаа орц, гарцтайгаар төлөвлөгдсөн. Энэ газар нь нуруулдсан байдалтайгаар гарах боломжтой байдлаар Х дүүргийн Засаг даргаас захирамж гарсан. Энэ нотлох баримт ирсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэгдээгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан байдаг. Энэ эс үйлдэхүй байхгүй байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр үүнтэй холбогдолтойгоор албан бичгээр иргэдэд өргөдөл гомдлын хариуг өгөөд явж байсан байдаг. Тэгэхээр эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 481-д заасны дагуу сервитутыг дараах зориулалтаар тогтоож болно гэж байгаа. Орц, гарцтай холбоотой 2 хаалга нэвтэрч гардаг гээд яриад байгаа учраас “ ш” ХХК-тай Газрын тухай хуульд заасны дагуу сервитут тогтоогоод гарах боломжтой байна гэж харж байна. Энэ талаар 3 талын уулзалт хийсэн. Нэхэмжлэгч талаас энэ хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан. Гол нь “ ш” ХХК-ийн төлөөлөгч нар том машин гаргуулахгүй гэдэг үндэслэл хэлж байсан. Тэр уулзалт дээр бид нарын зүгээс энэ хүмүүс байраа засварлах юм уу, барилгын юм зөөх зүйл тохиолдоно. Өдөр болгон давтагдахгүй байх гэж үзээд байгаа юм. Тэгэхээр хоорондоо эвлэрэх боломжтой байна гэж итгэмжилсэн төлөөлөгчийн зүгээс харж байгаа. Л.Д******* нарын иргэд эвлэрэхэд асуудалгүй гэж байна гэдэг байр суурийг өмнө нь “ ш” ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгчид хэлж байсан. Энэ тал дээр эвлэрэхгүй, бие биеийнхээ үгийг авахгүй байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.4.Хариуцагч Х дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Х дүүргийн Засаг даргын 2011 оны дугаар захирамж нь иргэн Л.Д******* нарын 13 иргэнд баруун тийшээ, зүүн тийшээ орц, гарц хаах асуудалгүйгээр олгогдсон байгаа. Тийм учраас орц, гарцын асуудлын талаар 2012 онд “ ш” ХХК-д газар олгосон асуудлаар хэлэлцсэн нь дээр байх. Манайх анх олгохдоо орц, гарцын ямар ч маргаангүй шийдэгдсэн байгаа. Өөр тайлбар алга” гэв.

3.5.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нар манай компанид анх газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2012 оны 119 дүгээр захирамжийг хүчингүй болгуулна, энэ захирамж анхнаасаа хууль бус байсан, манай эзэмшил газартай давхцуулсан, орц, гарцыг хааж олгосон байна гэдэг агуулгаар маргаж байна. Ийм маргаан хэзээ үүсэх боломжтой юм гэдэг асуудлыг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байна. Захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор холбогдох захиргааны акт гаргасан байгууллага эсвэл дээд шатны захиргааны байгууллагад хандана гэж байгаа.  Нэхэмжлэгч нар 14 жилийн өмнөх захиргааны актыг хүчингүй болгуулна гэж маргаж байна. Энэ хугацаанд та бүхэн барилга байшингаа барьсан, манай компани чацарганын мод тариалсан. 14 жилийн турш хүмүүсийн амьдрал ахуй өрнөсний дараа энэ захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, манай компанийн 5 га газар эзэмших эрхийг хүчингүй болгож маргах хууль зүйн боломж байхгүй. Талууд энэ асуудлыг тухайн үедээ мэдээгүй юм уу гэхэд мэдсэн байдаг. Нотлох баримт шинжлэн судлахад 2012 оны “ ш” ХХК болон 13 иргэний уулзалтын тэмдэглэл хэргийн материалд байна. Орц, гарцын асуудалтай холбоотойгоор бие биедээ газар олгоё гэдгээр талууд харилцан хүлээн зөвшөөрөөд, манай компани хөршийнхөө хувиар газар дундуураа нэвтрэх заагийг гаргаж өгсөн байдаг. Тэр заагаар 14 жилийн турш зорчиж байна. Өөрөөр хэлбэл бусдын газраар дамжаад өөрийнхөө эзэмших газар луу ******* байна. Тэрийг харилцан хүлээн зөвшөөрсөн уулзалтын тэмдэглэл хэргийн материалд байгаа. Тэгэхээр энэ асуудлыг өнөөдөр мэдсэн юм шигээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж байна. Манайд газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу ганцхан тохиолдлоос бусдаар 5 жилийн дотор хүчингүй болгож болно. Тэр ганц тохиолдол бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх арга хэрэглэсэн байх явдал юм. Тэрийг тогтоогдсон тохиолдолд 10 хэдэн жилийн дараа хүчингүй болгож болно. Хууль тогтоогч яагаад энэ 5 жилийн хугацааг тогтоосон бэ гэвэл захиргааны акттай 5 жилийн дотор маргахгүй бол хүмүүсийн мөнгө төгрөг, ажил хөдөлмөр өрнөдөг. Тэгэхээр энийг 10 жилийн дараа хүчингүй болгоод хандаад байж болохгүй. Тэгэхээр бид нарын хооронд ямар маргаан өрнөх боломжтой гэхээр Иргэний хуульд заасан хөршийн эрхийн маргаан, газар дундуураа нэвтрүүлэх, нэвтрүүлгийг даалгуулах, чөлөөтэй ******* гаргахыг манайд даалгуулах асуудлаар иргэний шүүхээр газар эзэмшигч нарын хоорондын эрхийн маргаан өрнөх ёстой болохоос биш захиргааны актыг хүчингүй болгуулах захиргааны хэргийн шүүхийн маргаан хөндөх боломжгүй гэж харж байна. Учир нь бид нар 2012 онд хэн алинд нь ямар газар олгогдсон байгааг мэдсэн. Уулзалт хийгээд асуудлаа шийдсэн. Мэдсэнээсээ хойш захиргааны байгууллагад хандаагүй. Хэргийн материалыг үзэхэд 2022 оноос хойш захиргааны байгууллагад хандаж эхэлсэн. Анх орц гарц гаргуулъя гэдэг асуудлаар хандаагүй. Анх ямар асуудлаар хандсан гэхээр газрын мэдээллийн санд бүртгэхгүй байсан тухай асуудлаар хандсан. 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Ч.******* буюу нэхэмжлэгчид Х дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хариу хүргүүлсэн байдаг. Газраа мэдээллийн санд оруулъя гэхэд таны газрыг мэдээллийн санд оруулах боломжгүй гэж хариулсан. Учир нь энэ газарт амины орон сууцын зориулалтаар газар эзэмших эрх олгох боломж байхгүй. Нотлох баримт шинжлэн судлахаар гарч ирнэ. 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Х дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас голын онцгой хамгаалалтын бүс болон Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийг эрүүл ахуйн хориглолтын бүсэд газар шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах болон түүнийг бусдад шилжүүлэхийг зогсоох тухай Нийслэлийн Засаг даргын 2017 оны 804 дүгээр захирамж гарсан байна. Энэ захирамжийн дагуу та нарын газрыг мэдээллийн санд оруулж чадахгүй, цаашид газар эзэмших эрхийг сунгахгүй гэж хариу өгсөн. Үүнтэй холбогдуулж та бүхэн анх гомдол гаргаж эхэлсэн байдаг. Мөн 2022 оны 10 дугаар сард “ ш” ХХК-ийн газар эзэмших эрхийг 2017 онд 15 жилээр сунгасан гэдэг хариу өгсөн байдаг. Үүнээс хойш жилийн дараа 2023 онд шүүхэд хандаад байгаа нь захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хандах ёстой гэдэг хуульд заасан хугацааг удаа дараа хэтрүүлж хандаад байна. Захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүссэн хүн болгон гаргаад байх боломжтой юм уу гэдэг асуудал хууль зүйн хувьд гарч ирнэ.

Нэхэмжлэгч Д.О******* хэлж байна, төрийн албанд 20 жил ажилласан гэж байна. Бид нар энэ газрыг "Egazar.mn" руу ороод газар олголтын байдлыг харж болно. Ганцхан 13 айлд амины орон сууцын зориулалт өгсөн. Энэ суурьшлын бүс биш. Х дүүрэг анхнаасаа яагаад энэ 13 айлд газар эзэмших эрхийг хууль зөрчиж олгочихсон бэ гэдэг асуудал яригдах ёстой. Нэхэмжлэгч өөрийнхөө хууль ёсны эрх ашиг сонирхлоор шүүхээр хамгаалагдах ёстой болохоос биш Улаанбаатар хотын ундны усны эрүүл ахуйн бүс, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд байшин бариад тэр эрхээ өнөөдөр шүүхээр хамгаалуулна, баталгаажуулна гэж байгаа бол тийм боломж байхгүй. Төрийн албанд ажилласан хүмүүс энэ голын эрэг дээр ийнхүү байшин барьж болохгүйг мэдэж байгаа. Манайхтай зэргэлдээ олгогдсон газрууд дандаа мод үржүүлгийн газрын зориулалтай. Манай компани 2012 оноос хойш газар эзэмших эрх аваад тэр дээр нэг ч байшин бариагүй, 2 ширхэг гэр барьсан байгаа. Чацарганын мод тариалсан байгаа. Газрын албаныхан мэдэж байгаа. Байшин барьж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах ямар ч боломж байхгүй. Туул голын эрэг дээр гудамж бариад хашаа бариад амьдрах боломж байхгүй. Тэгэхээр анхнаасаа хууль зөрчиж голын тусгай хамгаалалтын бүс, онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших эрх олж авч, түүн дээр байшин бариад өнөөдөр хүртэл түүнийгээ Газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж чадахгүй байгаа гэдэг шинжээчийн дүгнэлт байгаа. Ийм дүгнэлттэй атлаа өнөөдөр тэрийгээ шүүхээр баталгаажуулна гэж байна. Шүүх миний эрхийг баталгаажуулж өгч, мод үржүүлгийн газрын зориулалтаар олгосон компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгөөч гэж байна. Тийм боломж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ийм заалт байхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдох ёстой гэж заасан байна. Өнөөдөр 06 дугаар сарын 03-ны өдөр энэ хүмүүсийн газар эзэмших эрх дуусаж байна. Анх 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр олгосон. Хуульд зааснаар энэ хүмүүс газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусахаас 30 хоногийн өмнө сунгах хүсэлтээ өгсөн байх ёстой. Би энийг ажиглаж байгаа. Хэрэв Туул голын эрэг дээр амины орон сууцын зориулалтаар газар эзэмших эрх аваад Х дүүрэгт хандаад, Х дүүрэг үүнийг хэрэв сунгавал Авлигатай тэмцэх газарт хандах гэж байгаа. Яагаад 13 айлд онцгойлон Туул голын эрэг дээр хаус хотхон бариад болоод байна. Бусад иргэд өөр газраа амьдраад байдаг, тэр голын эрэг дээр ус мөрөн дагаад тэр голын ай сав газрын мод, агаарыг эдлээд байгаад байдаг. Тэрийгээ өнөөдөр шүүхээр хамгаалуулна гэж төрийн албаныхныг доромжлоод суугаад байж болохгүй. Манайх 5 га газар мод үржүүлгийн зориулалттай. Иргэн н.Ц гээд мод үржүүлэг, жимс жимсгэнийн усалгаагүй тариалангийн зориулалттай. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд мод үржүүлгийн газрын зориулалтаар өгнө гэхээс биш үүнийг барилгажуулах ямар ч боломж байхгүй. Бид нар үзлэг хийгээд очоод үзсэн. Энэ дээр 13 айлаас өөр ямар нэг амины орон сууц байгаад амьдарч байгаа ийм айл байхгүй. Тийм боломж байхгүй.

Бид нар өөрсдийнхөө газрын мэдээлэл рүү ороод үзэхэд манай газрын төлөвлөлт нь хамгаалалтын бүс, зурвас газар, газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан ийм төлөвтэй газар. Усны сан бүхий газар. Энэ дээр амьдардаг, бид нарт өргөн гудамж, коридор анхнаасаа гаргаж өгөх ёстой байсан гэж ярьж байгаа. Нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулах гэж байгаа эрх нь хууль ёсны ашиг сонирхол мөн үү, биш үү гэдгийг шалгах ёстой. Нэхэмжлэгч би төрийн албанд 20 жил ажилласан гээд төрийн албан хаагч нар луу чиглэсэн үгээр ярьсан учраас би ийм зүйл хэлж байна. Төрийн байгууллагаас шийдвэр гаргахдаа Захиргааны хуульд заасны дагуу хуульд л үндэслэх ёстой. 2012 оны 119 дүгээр захирамжийг хүчингүй болгохтой холбогдох нэхэмжлэлийн шаардлага хугацааны хувьд 12 жилийн дараа, 14 жилийн дараа захиргааны актыг хүчингүй болгох хуульд заасан боломж байхгүй. Манайхыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасны дагуу авлига өгч, актыг гаргуулсан, хууран мэхэлсэн хууль бус арга хэрэглэж байгааг тогтоосон үйл явдал байхгүй. Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч хэлж байна. Х дүүргийн Газар зохион байгуулалтын алба 13 айлд газар эзэмших эрх олгосон үүнийгээ газрын мэдээллийн нэгдсэн санд оруулах ёстой байсан, үүнийг оруулаагүй. Орох боломжгүй. Амины орон сууцын зориулалтаар орох боломжгүй учраас программд шивэх боломжгүй. Тэгэхээр 4 иргэний бага хэмжээний давхцал ийм асуудлаас болж үүссэн. Иргэний шүүхээр Иргэний хуульд заасан сервитут буюу хөршийн эрхийн асуудлаар хоорондоо маргаж энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Нэгэнт олгогдсон газар эзэмших эрх байгаа. Энэ эрх дуусахаас өмнө хоорондын асуудлаа ямар байдлаар шийдвэрлэх боломжтой вэ гэдэг асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлэж, энэ хүмүүс манай газраар дамжин өнгөрөх хөршийн эрх байгаа эсэхийг тогтоолгох, үнэхээр байгаа нь тогтоогдвол манайд нөхөн төлбөр өгөх эсэхийг иргэний шүүхээр шийдвэрлэх иргэний шинжтэй маргаан байна. Захиргааны ерөнхий хуульд заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох 5 жилийн хугацаа өнгөрсөн тул хэн аль нь 10 хэдэн жил хөрш явсан хүмүүсийн хувьд шүүхээр шийдвэрлэх боломжгүй. Үзлэгт оролцсон н.Г гуай хэлсэн. Бид нар энэ хаалгаар ороод, гарч байгаа гэдэг, бид нар оруулаад гаргаж байгаа гэдгээ хэлсэн. Ямар нэгэн эрхийн хязгаарлалт байхгүй байгаа гэдгийг нэмж дурдъя. Эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь бас өмгөөлөгчийн зүгээс тодорхойгүй гэж үзэж байна. Зөвхөн “ ш” ХХК-ийн газраар дамжин өнгөрөхгүй бол 13 айл хотхон руугаа ******* чадахгүй байгаа гэдэг үйл баримт олон жил захиргааны хэргийн шүүхээр явж байх үед тогтоогдоогүй. 13 айл тус тусдаа хашаатай, тус тусдаа хаалгатай байсан биш. Бодит байдал дээр энэ 13 айл хотхоны хэлбэрт орсон.

Хоорондоо хамтын гэрээтэй, нэмж нэг байшин барихдаа хүртэл бие биеэсээ зөвшөөрөл авна гэж заасан байна. Хотхоны зохион байгуулалттай амьдарч байгаа айлууд байгаа юм. Нэгдсэн нэг хашаатай, нэг орц гарцтай ийм нөхцөл байдал харагдаж байна. Тэгэхээр шүүхээс нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулах гэж байгаа, манай актыг хүчингүй болгуулж, сэргийлэх гэж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яг хууль ёсны мөн эсэхэд анхаарч өгөхийг хүсэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “нэхэмжлэгч нарын эзэмшил газрын орц, гарцыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй болон үл хөдлөх хөрөнгийн байршин буй газарт газрыг давхцуулан олгосон” эсэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч Л.Д*******, Ч.*******, Т.Э******* нар нь тус бүртээ  Х дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар Х дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад амины орон сууцны зориулалтаар, гэр бүлийн хэрэгцээнд 700 метр квадрат газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг олж авсан байна.

            2.2.Мөн захирамжаар Д.Мт эзэмшүүлсэн газрыг Х дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/279 дугаар захирамжаар иргэн Д.О*******т гэрчилгээний нэр шилжүүлэн, Д.О*******т Х дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

            2.3.Ингээд Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.О*******т 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосноор[1] түүний газар эзэмших эрхийн хугацаа газар эзэмших эрхийн 2028 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, Ч.*******, Т.Э*******, Л.Д******* нарт 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр олгосноор[2] 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус тус дуусахаар байна.

            2.4.Гэвч нэхэмжлэгч нар нь тус шүүхэд хандан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/2580 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШЗ2024/9721 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу “урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

            2.5.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01-05/5855 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандан Д.О******* нарын 13 иргэдээс ирүүлсэн гомдлыг судалж үзээд, ... гомдолд дурдсан иргэдийн эзэмшиж байгаа газар нь орц, гарцтайгаар төлөвлөгдөж эзэмшүүлсэн” гэх хариуг хүргүүлжээ. /ХХ-1-ийн 4 дэх тал/

            2.6.Нэхэмжлэгч нараас дээрх Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01-05/5855 дугаар албан бичгийг өөрсдийн гомдлыг шийдвэрлээд өгсөн хариу гэж үзсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрсөн гэж тайлбарлан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            2.7.Дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгч нар нь шаардах эрхээ хэрэгжүүлж, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд шүүхээс нэхэмжлэгч нарыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаар татгалзсан, нэхэмжлэгч нар уг журмыг хангаж захиргааны байгууллагад хандсан, захиргааны байгууллага гомдлын хариуг шийдвэрлэж, хариуг өгсөн зэрэгт зарцуулагдсан хугацаанууд нь нэхэмжлэгч нарын шаардах эрхийн хугацааг тасалдуулсан тул нэхэмжлэл гаргах шаардах эрх нь дуусгавар болсон, эсхүл Л.Д*******, Ч.*******, Т.Э******* нарт сэргээгдэх эрх байхгүй гэж шүүх үзэхгүй.

2.8.Гуравдагч этгээд “ ш” ХХК-д Х дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тоот захирамжийг үндэслэн Х дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмт чацарганы төгөл тарих зориулалтаар нэгж талбарын 178041/0394 дугаар бүхий 50000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр бүртгэлийн 0 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

2.9.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай дугаар захирамжаар “ ш” ХХК-ийн нэгж талбарын 178041/0394 дугаар бүхий 50000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар сунгажээ.

2.10.Эндээс үзвэл нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх түрүүлж үүссэн байгаа ба тэдгээрт газар эзэмших эрх үүсэх үед тэдгээрийн эзэмших газар /газар нь нэгдмэл нэг хашаатай байна/ руу ******* гардаг шороон автозам буюу гарц нь ертөнцийн зүгээр баруун тийшээ чиглэсэн байсан болох нь 2011, 2012 оны сансрын Ортофото зургаар нотлогдлоо. /ХХ-1-ийн 205-206 дахь тал/

2.11.Мөн шүүхээс маргаан бүхий газарт үзлэгээр нэхэмжлэгч нарын 2011 оноос хойш *******, гарж байсан орц, гарц болох автозамыг өөрсдийн дундын хөрөнгөөр барьсан гэх гүүр, хайргаар тэгшилж зассан зам нь байгаа болох нь нотлогдсон ба энэ үйл баримтыг гуравдагч этгээдийн төлөөлөгч үгүйсгээгүй болно.

2.12.Шүүхийн үзлэгийн үед гуравдагч этгээд “ ш” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь нэхэмжлэгч нарын орц, гарц зүүн талдаа байсан гэх газрыг зааж үзүүлсэн боловч, уг газар нь автомашин зорчих боломжгүй, намагтай газар байгаа гэдэг нь тусгай мэдлэг шаардахгүйгээр тогтоож болох үйл баримт байна. /122, 200-201 дахь тал/

2.13.Гуравдагч этгээд “ ш” ХХК нь Х дүүргийн Засаг даргад хандан 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, нийслэлийн Газрын албанд хандан 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан боловч уг газрын байрлал нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэгч нарын эзэмших газраас өмнө уг газарт хүсэлт гаргасан гэдэг нь нотлогдох боломжгүй байна./ХХ-1-ийн 126, 127 дахь тал/  

2.14.Ингэхдээ гуравдагч этгээд нь хүсэлт гаргасан газартаа “Эмт чацарганы төгөл байгуулах” төсөл, төслийн талбайн схем зургаар 66,576 /6.5 га/ метр квадрат талбайд мод үржүүлэх, чацаргана шилжүүлэхээр тусгасан байгаа боловч уг хугацаанаас хойш 14 жилийн хугацаанд нэхэмжлэгч нарын зорчиж байсан орц, гарцын хэсэгт, түүний орчны газарт ямар нэг мод үржүүлсэн, чацаргана тарьсан баримт байхгүй тул маргаж буй орц, гарцын хэсгийг гуравдагч этгээд зохих ёсоор эзэмшсэн гэж үзэхгүй.

2.15.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн өмгөөлөгчөөс  “нэхэмжлэгч нарын орц, гарцыг чөлөөтэй байлгадаг” гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч үгүйсгэж, цоожтой байдаг учраас бид утсаар ярьж, дуудаж ирүүлж онгойлгодог гэж няцаасан бөгөөд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явуулсан үзлэг[3], 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус тус явуулсан үзлэгүүдээр[4] гуравдагч этгээд нь эзэмших газартаа хашаа барьсан, хашаа нь нэхэмжлэгч нарын зорчих орц, гарцыг хаасан бөгөөд хашааны хаалга нь цоожтой байсан тул “орц, гарц чөлөөтэй байдаг” гэдэг тайлбар нь үнэнд нийцээгүй болно.

2.16.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр[5]:

-Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарын эзэмших газар нь Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэж;

-Л.Д*******ийн газар нь 2023 онд Газрын кадастрын мэдээллийн санд дугаараар бүртгэгдсэн;

-Л.Д*******, Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарын эзэмших газар нь тусдаа барьсан хашаагүй, нэгдсэн байдлаар 14939 метр квадрат газрыг хашаалсан гэж;

- “ ш” ХХК-ийн хашаалсан газар нь 53104 метр квадрат, хашаа нь өөрийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай газрын 45594 метр квадратад байна /эндээс үзвэл “ ш” ХХК өөрийн эзэмшлийн биш 7510 метр квадратыг хашаалсан байна/ гэж;

-Л.Д*******, Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарын дундаа хашаалсан газар нь “ ш” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн 1 нэгж талбарын дугаартай газартай 450 метр квадрат талбайгаар, Ч.*******ын байшинтай 1 метр квадратаар давхацсан гэж дүгнэсэн  зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдсон болно.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн хэсгийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх” гэж заажээ.

3.2.Мөн Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Газрын кадастр нь газар зохион байгуулалтын арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг мөн” гэж, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "кадастр" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг” гэж, мөн зүйлийн 3.1.7-д "кадастрын зураглалын мэдээллийн сан" гэж бүх төрлийн кадастрын зураг, орон зайн өгөгдлүүдийг цэгцлэн иж бүрдэл болгосон мэдээллүүд, тэдгээрийг боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба программ хангамж бүхий мэдээллийн санг”, 3.1.8-д "газрын кадастр" гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

3.3.Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т “Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна” гэж заасан тул шүүхээс нэхэмжлэгч нарыг эзэмшиж буй хилийн заагийг талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

3.4.Учир нь нэхэмжлэгч газар эзэмшигч нар нь газрын мэдээллээ Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлснээр хариуцагчаас  газар зохион байгуулалтыг хийх, удирдах боломжтой ба Х дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч Л.Д*******, Ч.*******, Т.Э*******, Д.О*******  газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байгаа боловч уг газрын хилийн заагийг Газрын кадастрын мэдээллийн санд оруулаагүй учраас шүүхэд газрын зохион байгуулалтын талаар дүгнэлт өгөх баримт хангалтгүй тул нэхэмжлэгч нарын эзэмших газрын байрлал, зохион байгуулалтын талаарх үйл баримтууд нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.

3.5.Мөн шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээд “ ш” ХХК өөрийн эзэмшил газрын бус газраас 7510 метр квадратаар илүү хашаалсан гэж үзэхээр байгаа боловч энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн буюу шүүх энэхүү илүү хашаалсан эсэх, өөрийн эзэмшлийн газрыг буруу тогтоосон эсэх нөхцөлийг тогтоох боломжгүй.

3.6.Хэргийн хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нар нь өөрийн үл хөдлөх хөрөнгө байгаа газар руу нэвтрэн орох орц, гарц нь ганц байгаа бөгөөд энэ нь гуравдагч этгээдийн хашаалсан газраар дайран өнгөрч байгаа тул нэхэмжлэгч нарыг газрыг орц гарцгүй байдлаар зохион байгуулсан нь тогтоогдлоо.

3.7.Иймд Нийслэлийн Засаг дарга, Х дүүргийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулиар өөрсдөд нь олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч нарыг газрын байршлыг тогтоон, газрын кадастрын зургийг үйлдүүлэх, мэдээллийн санд оруулах, гуравдагч этгээдийн эзэмшил газрын хилийн заагийг кадастрын санд бүртгэгдсэн дагуу  зохих ёсоор болгосны үндсэн дээр нэхэмжлэгч нарын орц, гарцыг шийдвэрлэсэн захиргааны актыг шинээр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

3.8.Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины ..., зам, ... зэрэг газар хамаарна” гэжээ.

3.9.Иймд нэхэмжлэгч нарын эзэмшлийн газарт *******, гарах гарц нь ертөнцийн зүгээр баруун тийшээ явсан шороон зам бөгөөд нийтийн эзэмшлийн зам гэдэг тогтоогдож байгаа ба түрүүлж эзэмших эрх нь үүссэн нэхэмжлэгч нарын зорчих зам, орц, гарцын газар байгаа гэдгийг судлахгүйгээр Нийслэлийн Засаг даргаас “ ш” ХХК-д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарыг эрхийг хөндсөн нь нотлогдлоо.

3.10.Гэвч дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байгаа тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамж, 2017 оны дугаар захирамжийн “ ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орц, гарц гаргахыг даалгах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Х дүүргийн Засаг даргын дугаартай захирамжийн Х дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.*******, Л.Д*******, Т.Э*******, Д.О******* нарт амины сууцны зориулалтаар олгогдсон, эзэмшил бүхий газарт баригдсан үл хөдлөх хөрөнгийг давхцуулсан, орц, гарцыг хааж, хээрийн судалгаа хийлгүйгээр “ ш” ХХК-нд газрыг олгохоор төлөвлөсөн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд шүүх Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамж, 2017 оны дугаар захирамжийн “ ш” ХХК-д холбогдох хэсгийг зарим хэсгийг нь түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

3.11.Ингэхдээ хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Х дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч нарт анх газар олгосон 2011 оны болон одоо мөрдөж буй газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харгалзан үзэх нь зүйтэй байна.

3.12.Хэрэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нарын гаргасан “Х дүүргийн Засаг даргын дугаар захирамжаар 13 иргэнд газар олгохдоо орц, гарц төлөвлөсөн, зөвшөөрсөн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохоор” Х дүүргийн Газрын албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй байна.

3.12.Учир нь нэгдүгээрт, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх эрх олгосон захиргааны акт хүчин төгөлдөр байгаа бөгөөд тэдгээрийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ хүчинтэй байгаа нь тэдгээрт газрын эрх зүйн харилцаа байгааг нотолж байна.

3.13.Хариуцагчаас нэхэмжлэгч нартай үүссэн эрх зүйн харилцаа байхгүй гэж маргаагүй, ялангуяа орц гарцтай байх ёсгүй гэж маргаагүй тохиолдолд шүүхээс эрх зүйн харилцаа байгааг тогтоох шаардлага үүсэхгүй.

3.14.Хоёрдугаарт нэхэмжлэгч нарын орц, гарц нь хязгаарлагдсан үйл баримт нь тодорхой ч “эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчийн ямар эрх сэргээгдэх, шүүхийн шийдвэр ямар үр дагавар үүсгэх талаар нэхэмжлэгч нотолж чадаагүй тул энэхүү шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл нь тогтоогдсонгүй тул ийнхүү хэрэгсэхгүй болголоо.

3.15.Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь 2012 оноос орц, гарцын асуудлаа харилцан тохиролцож буюу “ ш” ХХК өөрийн эзэмшил газар дундуураа Л.Д*******, Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарыг нэвтрэх, зассан авто замаараа явахыг зөвшөөрч байсан гэдэг нь тэдгээрийн тайлбар, хоорондоо харилцан тохирсон уулзалтын тэмдэглэл байгаа гэдэг нь талууд эвлэрэх талаар хэлэлцэх үед тайлбарлагдсан.

3.16.Гэвч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн уг харилцаа нь цаашид үргэлжлэх боломжгүй болсон нь “хоорондоо эвлэрэхгүй” гэж шүүхэд тайлбарласнаар, нэхэмжлэгч Д.О*******ийн “байшиндаа ирэх үед хаалга нь байнга цоожтой байдаг, дуудаж онгойлгодог” гэх тайлбар, цаашид орц, гарцын маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа зэргээс нь үзвэл нэхэмжлэгч нарын эрх нь хөндөгдсөн, цаашид ч эрхийн зөрчил үргэлжлэхээр байна.

3.17.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэх хүсэлт гаргаж шүүх хуралдааныг олон удаа хойшлуулсан /энэ хүсэлт мөн  128/2023 дугаартай индекстэй хэрэг дээр яригдсан байгаа/-аар хариуцагч уг асуудлыг зохицуулах хүсэлтэй байсан гэдэг нь тогтоогдож байгаа ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн  З3.15-д заасан “..., захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа таталдуулах үр дагавар үүсгэх үндэслэл болох тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсон гэж шүүх үзэхгүй.

3.18.Ийнхүү талууд эвлэрэх хүсэлтэй байсан ч эвлэрээгүй, нэхэмжлэгч нарын эд хөрөнгийн эрх, эзэмшил газартаа чөлөөтэй нэвтрэх, ******* гарах эрх нь зөрчигдсөөр байгаа нөхцөлд шүүхээс сэргээгүй эрхийг шийдвэрлэхгүй орхих нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “шүүхэд мэдүүлэх” үндсэн эрхийн зөрчил үүсгэх учир шүүх ийнхүү маргааныг шийдвэрээр шийдвэрлэв.

3.19.Шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхдээ, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийн байршиж буй газрын хилийн заагийг тодорхой болгосны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн доорхи болон орчны газар нь давхцалтай бол давхцалыг арилгасан шийдвэрээ гаргахын хамт, гуравдагч этгээдийг эзэмших газрыг захирамжид зааснаар зөвтгүүлсний үндсэн дээр, нэхэмжлэгч нарт эзэмшил газартаа бусдаас хараат бусаар *******, гарах орц, гарцын гаргаж шийдвэрлэх ёстой гэдгийг тэмдэглэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, 26 дугаар зүйлийн 26.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Л.Д*******, Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарын нэхэмжлэлийн шаардлагаар, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамж, 2017 оны дугаар захирамжийн “ ш” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч Л.Д*******, Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарын орц, гарц байсан хэсэг болон Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарын үл хөдлөх хөрөнгийн газартай давхцалтай байгаа 450 метр квадрат хэсгийг тус тус Нийслэлийн Засаг даргаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон дээрх 3 сарын хугацааг мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг заасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхийн тогтоосон хугацаанд Нийслэлийн Засаг даргаас шинэ акт гаргахгүй бол Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамж, 2017 оны дугаар захирамжийн “ ш” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгч Л.Д*******, Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарын орц, гарц байсан хэсэг болон Ч.*******, Т.Э*******, Д.О******* нарын үл хөдлөх хөрөнгийн газартай давхцалтай байгаа 450 метр квадрат хэсэг хүчингүй болохыг тогтоосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Л.Д******* нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

6.Шүүхийн энэ шийдвэрийн үр дагавар нь захиргааны албан тушаалтнаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох тул шүүхийн шийдвэрийг албадан Гүйцэтгэх хуудас бичигдэхгүй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

[1] 128/2023 дугаартай индекстэй хэргийн ХХ-1-ийн 69 дэх тал

[2] 128/2023 дугаартай индекстэй хэргийн ХХ-1-ийн 65, 87, 99 дахь тал

 

[3] 128/2023 дугаартай индекстэй хэргийн ХХ-1-ийн 202 дахь тал

[4] ХХ-1-ийн 119 дэх тал

[5] 128/2023 дугаартай индекстэй ХХ-2-ын 154-160 дахь тал