Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1233

 

                                                             ***д холбогдох

                                                       эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1024 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ж.Батбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн ***д холбогдох 2308019592076 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

*** овгийн ***ы ***, 1991 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Увс аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа авто засвар ажиллуулдаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:****/;

Шүүгдэгч *** нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед зориулалтын бус аргаар приус 30 маркийн автомашины бензин насосыг ажиллуулах үед масс үүсгэсний улмаас гал түймэр гарч Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод байрлах ***гийн эзэмшлийн авто засварыг шатааж, бусдад болгоомжгүйгээр 85,241,400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг зургаан сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***аас 77,741,400 төгрөгийг гаргуулан хохирогч ***д олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмшиж байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирогчид тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулсан. Үлдэх төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. ...Миний үйлчлүүлэгч хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу машин засварын газарт машин засдаг ажилтай, мөн дуудлагаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт машин засаж орлого олдог бөгөөд шүүхээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон нь ажил хөдөлмөр хийж орлого олох, хохирогчийн их хэмжээний хохирол төлбөрийг барагдуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс ***ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө бүрэн барагдуулахаа илэрхийлж байгаа болон анх удаа болгоомжгүй хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч ***д холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч ***д Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаагаар гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан нь үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан байдал болон гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн. Бүсчлэлийн хувьд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр солиход татгалзах зүйлгүй. Шүүгдэгч ***ын хувьд авто засварын газар ажилладаг дуудлагаар засвар үйлчилгээ хийдэг нь тогтоогдож байна. Хохирол хор уршгийг барагдуулахад нэмэртэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч *** нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошуу 38 дугаар гудамж, 4 тоотод байрлах ***гийн эзэмшлийн авто засварын газарт зориулалтын бус аргаар приус 30 маркийн автомашины бензин насосыг ажиллуулах үед масс үүсгэсний улмаас гал түймэр гарч, бусдад 85,241,400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:

хохирогч ***гийн “...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байгаад 16 цаг өнгөрч байхад засварын газраасаа гараад өөр тийшээ явж байсан чинь танил *** гар утсаар яриад хурдан ир гал гараад байна гэж хэлсэн. Би буцаад засварын газар дээрээ очсон чинь гал дүрэлзээд дотор орох ямар ч боломжгүй байсан. ...*** миний эзэмшлийн приус-30 маркийн автомашинаас бензин авах зорилгоор ***ийг гуйсан чинь чадахгүй гэсэн гэсэн, тэгэхээр нь ***ыг гуйгаад *** бензин авах гэж байгаад бензин насосыг утсыг нь буруу холбоод масслуулаад гал гаргасан гэж надад хэлсэн. ***, *** нар нь манай засварын газар ажилладаг хүмүүс *** нь манай хажуу талын жижиг гараашийг түрээсэлж байсан хүн. *** нь ***ыг гуйгаад авто машинаас бензин авхуулах гэж байгаад гал гаргасан байна лээ. Би гомдолтой байна. ...” /хх 20, 22, 24, 165-166/, 

гэрч Б.***ы “...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед өөрийн ажиллуулдаг засварын газарт байж байхад *** нь гаднаас ороод ирэхээр нь найздаа 5 литр бензин өгч байгаач энэ машиныг асаах гэсэн чинь бензин нь дуусчихсан байна гээд хэлсэн чинь ав ав миний приус 30-аас авчих гэхээр нь ***гийн засварчин *** дээр очоод би бензин авч чадахгүй чи аваад өгчих би чиний энэ хийж байгаа эйр кондишин чинь цэнгэлцье гээд хэлсэн чинь өө тэгий тэгий гээд *** гээд нэг засварчиндаа хэлээд ***, *** хоёр бензин авах гээд тухайн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл рүү орсон. Тэгээд би тухайн кондишинийг цэнэглэж дуусаад яасан бэ гээд нөгөө хоёр дээр очсон чинь бензин ноцоосон дээр нь тог өгөөд байж байхаар нь наадах чинь ингээд масслаад байвал гал гарна шүү дээ гээд хэлсэн чинь угаасаа ингэж авдаг шүү дээ гэж надад хэлсэн чинь л шууд гал гарсан юм...” /хх 26/,

гэрч О.***ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хувиараа авто машины засвар үйлчилгээ хийдэг юм. Би 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ***гээс автомашин худалдан авах зорилгоор түүний засварын газар буюу Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоот засвар дээр нь ирээд худалдан авах гэж байсан автомашиндаа засвар хийж байсан. Тэгсэн *** гэх залуу орж ирээд энэ приус-30 маркийн автомашинаас 5 литр бензин аваад өгөөч гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь *** гэх залуу олон жил авч байлаа, ингэж авдаг юм гээд банкнаас нь бензин авах гэж байгаад нэмэх хасах утсыг масслуулаад гал гарсан. ...” /хх 30/,

гэрч ***ын “...Би 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ***гийн авто засварын ойролцоо өөрийн авто машиндаа засвар хийж байсан. Тэгээд ***гийн авто засвар дээр очсон чинь гал гарсан байсан. Тухайн засвар дотор ***, ***, *** нар байсан. Би ***гийн гар утас руу залгаад засвар дээр чинь гал гараад байна гэж хэлсэн. Хэн нь гал гаргасан талаар мэдэхгүй ба дотор нь prius-30, Тоёота Акуа зэрэг 2 тээврийн хэрэгсэл болон автомашины сэлбэг байсан. ...” /хх 32/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-14/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 266/862 дугаартай “...Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь зориулалтын бус аргаар приус 30 маркийн автомашины бензин насосыг ажиллуулах үед масс үүсгэсний улмаас гал түймэр гарахад хүргэсэн байх үндэслэлтэй байна. Гал түймрийн голомт нь приус 30 маркийн автомашинаас үүсвэрлэн гарч цаашид шатах материалаар дамжин тархсан байна.” гэсэн дүгнэлт /хх 52-53/, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 24/009 дугаартай “...нийт 85,241,400 төгрөг” гэсэн хөрөнгийн үнийн магадлагаа /хх 185-188/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч *** ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч *** нь ***гийн авто засварын газарт засварчнаар ажиллаж байхдаа “***” маркийн тээврийн хэрэгслийн бензин насосыг зориулалтын бус аргаар ажиллуулсны улмаас масс үүсгэж болгоомжгүйгээр гал гаргасан үйлдлийн улмаас ***гийн эзэмшлийн авто засварын газар шатаж, нийт 85,241,400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ж.Батбаяр “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө бүрэн барагдуулахаа илэрхийлж байгаа болон анх удаа болгоомжгүй хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан үзсэн байх бөгөөд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч ***ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал болон ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэрэгт дүгнэлт хийн, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *** оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ж.Батбаярын гаргасан ... зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1024 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын *** дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг зургаан сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тогтоож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА