Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир ,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Н.Ганхуяг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр ҮД:13-38,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хорлоо,

хохирогчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,

иргэдийн төлөөлөгч Б.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 37 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 56-р гудамжны 782 /б/ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 538 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3, 138, 240.3-т зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овгийн Нацагдоржийн Ганхуяг /РД:/ЦЗ80102111/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 2609 дугаартай, 105/2017/0095/Э/220/2017/0458 индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

          Н.Г нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Гантулгатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар зодож цээж, хэвлийн битүү гэмтэл, уушиг, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэсний няцрал бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч Х.Гантулга нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гэрээр эмчилгээ хийлгэж байгаад тус өдрөө Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт уг гэмтлийн улмаас хүргэгдэн эмчилгээ хийлгээд нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаа. Хэргийн талаар ярихгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хорлоо мэдүүлэхдээ: Хүний гарт хүүгээ алдсандаа гомдолтой байна. Н.Г оршуулгын зардлыг 1 жилийн өмнө өгсөн. Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед миний хүү эрүүл байсан. Н.Ганхуяг 2 хүүхэдтэйгээ явж байхдаа миний хүүтэй таарч муудалцаж түлхэхэд миний хүү чулуунд өртөж унасан гэсэн. Талийгаачийн эхнэр нь Н.Гзагнасан гэсэн. Би аяга цай уухад цуг уух хүнгүй эвгүй байна. Миний хүүгийн тархи толгойг цохисон гэсэн. Надад хүүгийн бие муу байхад хэлээгүй. Эмнэлэгт ирж нас барсны дараа хэлсэн. Би гомдолтой байна гэв.

          Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Х: ... 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр утсаар надад талийгаач хүүг нас барсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. ...Би бол тэд нартай уулзаад байдаггүй. Талийгаач хүү маань хааяа над дээр ирж очдог байсан. Талийгаачийн ахуй амьдралыг би бас сайн мэдэхгүй байна. Тусдаа амьдардаг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч С.Орхоны:…30 минутын дараа Х.Гантулга гаднаас хүнд зодуулчихлаа гээд хувцас нь шороо болсон орж ирсэн. Би хэнд зодуулчихаа вэ гэхэд Х.Гантулга би Гааяа гэх Шар хадны залууд зодуулсан. Гааяа намайг газар дагзаар унагаагаад 2-3 удаа өшиглөсөн гэж хэлсэн...2016 оны 07 дугаар сарын 12, 13, 14-нд Гантулга гэрээсээ гараагүй архи уугаагүй бие нь өвдөөд халуураад юм идэж ууж чадахгүй өнжсөн. Гэрээс гарч явсанаасаа хойш 20-30 минутын дараа уйлчихсан, хувцас хунар нь шороо болчихсон орж ирсэн. Талийгаачийг харахад нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, өөрийнх нь ярьсанаар дагзаар нь савж унагаагаад 2-3 удаа өшиглөсөн гэж хэлсэн. ...Би тэгэхээр нь талийгаачтай зөрөөд ганцаараа явж Гааяатай уулзаж 2-3 удаа өшиглөсөн...Би Гааяад хандаж чи яахлаараа талийгаачийг зодож байгаа юм бэ гэж асуухад Гааяа би нэг л удаа  хавсарч унагаасан шүү гэж хэлсэн. Яагаад хавсарч унагаасан юм бэ гэхэд би мэдэхгүй байна гээд байсан...Дээгүүрх хувцсыг нь тайлаад үзэхэд зүүн гарын бугалга, баруун суганы гадна хэсэг, баруун гарын тохой орчим, зүүн хөхний дээд хэсэг тус тус хөхөрсөн харагдахаар нь хөх орчим нь дарж үзэхэд бага зэрэг товойсон харагдсан. 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр үдээс өмнө Гааяаг дуудаж ирээд талийгаачийн байгаа байдлыг харуулахад Орхон эгчээ би савж унагаасан болохоос биш ингэтэл нь зодоогүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал түргэн над руу яриад танай гэрийг олохгүй байна гэж хэлсэн. Энэ үед Гааяа Орхон эгчээ та намайг битгий цагдаад хэлээрэй би хэрэгтэй байгаа гэртээ очоод байж байя гэж хэлсэн. Би чи хэнтэй зодолдож байсан юм бэ гэхэд Гааяа би согтуу байсан учир мэдэхгүй байна гэж хэлсэн. Талийгаач ходоод, элэг хавьцаа цанхайж тулж өвдөөд байна л гээд байсан. Талийгаач өвдөж байна гэхдээ огиулаад байсан. Хоол ид гээд өгөхөөр хоолны үнэр авч чадахгүй огиулаад байсан...Тэгээд талийгаач хэлэхдээ Гааяа надаас архины мөнгө нэхээд намайг түлхэх үедээ замын хашлага боржур дээр толгойгоороо унаад тэгсэн миний дээрээс дэвслэсэн гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Гантулгатай зөрөөд Гааяагийн гэрт очсон. Тэгсэн Гааяа хашааныхаа үүдэнд Бямбаа гэх залуугийн хамт согтуу сууж байсан. Та нар юу болоод байгаа юм, Гантулгыг яачихсан юм бэ гэж асуухад Гааяа “уучлаарай Орхон эгч ээ, бид хоёр жаахан юмнаас болоод маргалдсан юм аа гэж хэлсэн...2016 оны 07 дугаар сарын 13-наас эхлэн талийгаач миний толгой тархи өвдөж байна, бие муу байна гээд хэвтэх дуртай болчихсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-23-р тал, 2-р хх-н 153-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баянжаргалын:...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд манай ээж Орхоны хамтран амьдрагч Гантулга нь согтуу явж байгаад Гааяа гэх хүнд зодуулсан гээд ээж дээр очсон байсан...Тэгээд би 07 дугаар сарын 14-ний өдөр очоод түргэн дуудаж талийгаачийг үзүүлэхэд биед ил харагдах шарх, өвчин зовиур байхгүй архины хордлого юм шиг байна шингэн хийлгэ, тархины бичлэг хийлгээрэй гэж үзээд явсан. Тэгээд тухайн үед хүнд бэртэж гэмтсэн зүйлгүй байна гэж тайвшраад явцгаасан. Тэгээд өнөөдөр 10 цагийн үед ээж Орхон, Гантулга ахтай  хамт манайд ирээд гэрт тоггүй юм чинь танайд байж байгаад түргэн дуудаж үзүүлнэ гэсэн. Тэгэхэд Гантулга ах манайд хэвтэж байгаад олон удаа огиулаад гарч бөөлжих гээд чадахгүй байсан. Тэгээд юм ч идэж чадахгүй ус, хүйтэн хар цай л ууж байсан. Тэгээд 16 цагийн үед байх ёолоод биеийн шөрмөс татах гээд байна гэхээр нь би сандраад 103 дуудаж үзүүлсэн чинь яаралтай авч явна гээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр авч ирсэн. Тэгээд 103-аар эмнэлэг дээр ирээд 30- 40 минутын дараа нас барсан. Би юунаас болж нас барсанйг мэдэхгүй байна. ...Тэр Гааяа гэх хүн талийнгаачийг хашааны банз түлээд дууслаа гэж маргалдан зодсон гэсэн. Гэхдээ яаж цохисныг хэлж мэдэхгүй байна, ээжид тэр талаар хэлсэн гэсэн...Талийгаач надад өөрөө бол хэлээгүй ээж надад 07 дугаар сарын 10-ны өглөө Гааяа гуай өчигдөр орой Тулгааг цохиж цээж рүү өшиглөсөн байна лээ, би очиж хэрэлдээд Тулгаа өөрөө хая, хая гээд байхаар нь орхичихлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-26-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Оргилболдын:...2016 оны 07 дугаар сарын 14, 15-ны үеэр хувцасаа солих гээд гэртээ очсон юм. Тэгэхэд талийгаач Гантулга ээжийн хамтаар гэрт байсан бөгөөд бие нь өвдсөн байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Талийгаач байсхийгээд л ойр ойрхон гарч огиж бөөлжөөд байсан. Та яасан юм бэ гэж асуухад өөрөө юм хэлээгүй. Тэгтэл манай Орхон, Тулгаа ахыг чинь дүү нар ирнэ гээд мах аваад ир гээд Шар хадны эцэс рүү явуулсан чинь замд нь Гааяа /Ганхуяг/ гэх манай урд байдаг залуу замд нь тааралдаад барьж аваад өргөж шидээд дээрээс нь дэвсэж зодсон, махаа ч аваагүй уйлчихсан орж ирсэн тэрнээс хойш орноосоо ч босоогүй, хоол унд ч идэхгүй, хүнтэй ч юм ярихгүй, архи уух уу гэхээр уухгүй хэвтээд байгаа гэж ярьсан. Сүүлдээ цусаар бөөлжөөд байгаа гэж ярьсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Лхагва-Очирын:...Орхоны хувьд согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, зан байдлын хувьд ширүүн догшин зан байхгүй, гэр орондоо байнга архидан согтуурч байдаг хүмүүс юм. Х.Гантулга нь Орхон болон түүний хүүхдүүдтэй эвтэй байдаг. Талийгаач Орхонтой хамт байдаг Орхоны хүүхдүүдтэй маргалдаж мууцалдаж байхыг нь харж байгаагүй, намайг ажил авснаас хойш хоорондоо нэгэн зодоон цохион, хэрүүл маргаан болсон талаар ямар нэгэн мэдээ, мэдээлэл, өргөдөл гомдол шалгагдаж байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-н 233-р тал/

Мөрдөн  байцаалтанд гэрч Г.Эрдэнэцэцэгийн: ... 2016 оны 07 дугаар сарын  12, 13-ны үед толгойг нь барьсан. Тэгэхэд эхнэр Орхон манай нөхрийн толгойг бариад өг гэж манай гэрт ирэхээр нь би Гантулгын гэрт очиж толгойг нь бас баруун гарын бугалганы дотор тал хөндлөн шинэ шарх байсан. Архи ууж байгаад эхнэр С.Орхоноороо оёдлыг нь авахуулсан гэж надад харуулж байсан ба шарх нь улайгаад хавдсан байсан. Тэр гарынхаа шархыг надад хөрөөнд авчихсан гэж хэлж байсан. Би нүдээр харсан. Би талийгаачийн ажил явдлын үеэр нэг ч удаа очоогүй, тэгж хэлээгүй. Н.Ганхуяг надаас Х.Гантулгын толгойг бариад өгөөч гэж гуйж байгаагүй. Харин хэргийн талаар юм хэлээгүй. Талийгаачийг амьд байхад нь Х.Гантулга дургүй хүргээд байхаар нь нэг түлхчихсэн гэж хэлж байсан. ...С.Орхоноос асуухад С.Орхон миний хажууд ирээд манай нөхрийг бариад өгөөч гэж гуйхаар нь би С.Орхоны гэрт очиж нөхрийнх нь толгойг барьж өгсөн. Талийгаачийн толгойг барихад толгой нь доргисон байхаар нь толгойг нь барьж өгөөд нойтон алчуураар толгойг боож өгөөд гарсан. С.Орхон нь хүний хүүхэд алчихлаа гэж уйлаад байсан гэж ярьсныг мэдэхгүй. Намайг 2016 оны 07 дугаар сард толгойг нь барих гэж очиход талийгаач Х.Гантулгын зүүн талын гарын бугалганы дотор хэсгээр улаан хүрэн өнгийн шарх байсан ба талийгаач Х.Гантулгаас асуусан чинь С.Орхон наадах чинь хөрөөнд авчихсан юм, би оёдлыг нь авчихсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-н 243, 2-р хх-н 141-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1321 тоот шинжээчийн дүгнэлтэнд:  

1. Талийгаач нь цээж хэвлийн битүү гэмтэл уушиг, нойр булчирхайн эдийн няцралын улмаас уушигны хатгаа, нойр булчирхайн үхжил олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно.

5. Талийгаач нь цусны ABO системээр A2-р бүлгийн цустай байна. Шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-51-р тал/,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1498 тоот нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Талийгаачийн биед учирсан цээж, хэвлийн битүү гэмтэл, уушиг, нойр булчирхайн эдийн няцралын улмаас үүссэн уушигны хатгаа, нойр булчирхайн үхжил бүхий өөрчлөлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар тус бүртээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  

2. Талийгаачид учирсан дээрхи цээж хэвлийн хавсарсан уушиг, нойр булчирхайн няцрал гэмтлүүд нь нас барах шалтгаан болжээ.

3. Талийгаач нь цээж, хэвлийн битүү гэмтэл, уушиг, нойр булчирхайн эдийн

няцралын улмаас үүссэн уушигны хатгаа, нойр булчирхайн үхжил олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

4. Талийгаач нь учирсан цээж, хэвлийн битүү хавсарсан гэмтлийг авснаас хойш тодорхой хугацаанд, тухайлбал 2, 3, 7 хоногийн хугацаанд амьд явах боломжтой.

5. Түргэн тусламжийн эмч Н.Золжаргал нь онош тавьсан гэх эмнэлгийн баримт хэргийн материалд авагдаагүй байна. Талийгаачид учирсан цээж, хэвлийн битүү гэмтэл, уушиг, нойр булчирхайн эдийн няцралын улмаас үүссэн уушигны хатгаа, нойр булчирхайн үхжил олон эрхтний дутагдалд орсныг эмч Н.Золжаргал нь оношлох боломжгүй. Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт /1-р хх-ийн 155-157-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 385  тоот хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ:

1. Талийгаач Х.Гантулгын биед уушиг, нойр булчирхайн эдийн няцрал, цээж зүүн бугалга, тохой баруун суга, зүүн мөрний ард цус хуралт гэмтэл учирсан байна.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Учирсан гэмтэлүүдээс уушиг, нойр булчирхайн эдийн няцрал нь үхэлд хүргэжээ. Бусад цээж, зүүн бугалга, тохой баруун суга, зүүн мөрний ард цус хуралт гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач уушги, нойр булчирхайн эдийн няцралын улмаас уушигны хатгаа, нойр булчирхайн үхжилээр нас баржээ.

6. Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ.

7. Шинжээч эмч Т.Амартүвшингийн гаргасан 1321 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

8. Талийгаач цээж хэвлийн битүү гэмтэл уушиг, нойр булчирхайн эдийн няцрал гэмтлийг авсанаас хойш тодорхой хугцаанд, тухайлбал 7 хоног хүртэлх хугацаанд амьд явах боломжтой.

9. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь цохих, өшиглөх, дэвсэх үед үүсгэгдэнэ.

10. Уушиг, нойр булчирхайн няцрал гэмтэл нь цохих, өшиглөх дэвсэх үйлчлэлээр үүсч уушигны хатгаа, нойр булчирхайн үхжлээр хүндэрчээ.

Шинжээч эмч Ө.Сарангэрэл, Т.Номинцэцэг, Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /1-р хх-ийн 225-227-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч нар, Эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №55 тоот дүгнэлтэнд:

1. Өмнө гаргасан шинжээчийн 1321, 1498, 385 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2. Нойр булчирхай, чацархай, нарийн бүдүүн гэдэсний няцрал гэмтлийг  авснаас хойш бие махбодийн дотоод хордлого давших хэлбэрээр явагдах бөгөөд олон эрхтэний дутагдал үүсч үхэлд хүрэх эмгэг жамын явц эмнэлгийн тусламж  аваагүй нөхцөлд 48 цагаас дээш хугацаагаар үргэлжилж болно. Хэдий хугацаанд үргэлжлэх нь гэмтлийн байрлал, хэмжээ, хувь хүний бие махбодийн онцлог байдал, хэрэглэж буй хүнс, хоол зэргээс хамааран харилцан адилгүй байна.

3. Нойр булчирхай, чацархай, нарийн бүдүүн гэдэсний няцрал гэмтлийг авсан хүнд “хэвлийн цочмог шинж” гэж нэрлэгдэх шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд: хэвлийгээр хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, бөөлжилтийн дараа дотор онгойхгүй дахин дахин бөөлжих, хоолонд дургүй болох, цусны даралт буурах, арьс салст өнгөц шарлах, хэвлийн булчин чангарах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Биеийн зөөлөн эдийн гэмтэл цус хуралт гэмтсэн даруй болон 12-24 цаг өнгөрөхөд бүрэн тодорч илэрнэ.

4. Талийгаач уушиг, нойр булчирхайн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, тохой, баруун суга, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл авсан байх ба биеийн байдлын дотоод хордлого гүнзгийрч олон эрхтэний дутагдал үүсэх хүртэл идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийж явах, ярих, суух, унтах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой ба хүн тус бүрт харилцан адилгүй цаг хугацаагаар явагдана.

5. Талийгаачийн гэмтэл цохих, өшиглөх, дэвсэх үед үүсгэгдэнэ.

6. Талийгаач 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цээж, хэвлийн битүү гэмтэл, уушиг, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэсний няцрал гэмтлийг аваад 2016 оны  07 дугаар сарын 16-ны өдөр нас барах боломжтой.

7. Түргэн тусламжийн дуудлагын эмч үзлэг хийгээд дээрхи гэмтлийн үед  илрэх “хэвлийн цочмог шинж” гэдгийг оношлох боломжтой.

Шинжээч эмч М.Энхбаяр, Б.Ариунзул, Т.Чимэд-Очир, Р.Энхсайхан, Ц.Цэнд-Очир гэх дүгнэлт /2-р хх-н 134-р тал/,

          Мөрдөн байцаалтанд О.Сарангэрэлийн: Дээрхи гэмтлүүдийг авсан даруйдаа эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан...гэх мэдүүлэг /2-р хх-н 110-р тал/,

          Мөрдөн байцаалтанд шинжээч эмч Б.Ариунзулын: ...нойр булчирхайн чацархай, нарийн бүдүүн гэдэсний няцрал гэмтлийг авснаас хойш эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ нойр булчирхайн няцрал гэмтэл заавал мэс засал эмчилгээ шаарддаг ч мэс засал хийгээд амь нас аврагдахгүй байх нь олон тохиолддог. Хувь хүний онцлог болоод авсан гэмтлийн хэмжээнээс хаамарна...гэх мэдүүлэг /2-р хх-н 187-р тал/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-17-р тал/ зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Гнь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Гантулгыг хашааны банз түлж дууслаа гэж маргаж, түлхэж газарт унагаан дээрээс нь хөлөөрөө дэвслэн зодсоны улмаас Х.Гантулга биедээ хүнд гэмтэл авч хүнд гэмтлийн улмаас амь нас барсан үйл баримт болсон байна.

          Хохирогч Х.Гантулгын үхэлд хүрсэн шалтгаан нь Н.Ганхуягийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Х.Гантулга нь Н.Гзодуулсны улмаас биедээ гэмтэл авч, хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 385 тоот болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч нар, Эрүүл мэндийн салбар зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №55 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

          Н.Г нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Гантулгатай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар зодож цээж, хэвлийн битүү гэмтэл, уушиг, нойр булчирхай, нарийн бүдүүн гэдэсний няцрал бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч Х.Гантулга нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гэрээр эмчилгээ хийлгэж байгаад тус өдрөө Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт уг гэмтлийн улмаас хүргэгдэн эмчилгээ хийлгээд нас барсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

          Баянзүрх дүүргийн Прокуророос Н.Гийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

          Шүүгдэгч Н.Г энэ гэмт хэргийг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн байна.

          2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд долоогоос дээш арван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ...таван жилээс арван хоёр жил хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилжээ.

Иймд Н.Гн гэм буруугийн үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байна.

          Шүүгдэгч Н.Г гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Прокуророос түүний үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.Г үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

            Шүүгдэгч Н.Г нь Баянзүрх дүүргийн 2001 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 538 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3, 138, 240.3-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь түүний таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 81, 162-163-р тал/

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

            Хохирогч Ц.Х нь оршууллагын зардалд 4.500.000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үндэслэн нийт 4.106.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х төлсөн байна. /2-р хх-н 68-р тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х нь сэтгэл санааны хохиролд 10.000.000 /арван сая/ төгрөгийг нэхэмжилж байгааг дараах байдлаар гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өндөр настай эх Ц.Х олгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Хэрэг учрал болсон 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар буюу нийт арван долоон сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгөөр, 2018 оны 1, 2, 3, 4 дүгээр сар хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгөөр тооцож, нийт 4.224.000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд гаргуулж олгохоор шийдвэрлэв.

            Шүүгдэгч Н.Г нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс сэжигтнийг баривчлах тогтоолоор баривчлагдсан, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс сэжигтнээр 14 хоног цагдан хоригдож, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон байх ба 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдож, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хягаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тул 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс цагдан хорьж, нийт 572 хоног хоригдсон болох нь сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол, сэжигтнийг цагдан хорих шүүгчийн захирамж, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай болон шүүгчийн захирамжууд, шүүхийн шийтгэх тогтоол зээргээр тогтоогдож байна. /1-р хх-н 64, 67-73, 122-123, 147-148, 171-172, 239-242, 2-р хх-н 92-95, 113-116, 146-148, 162-163, 167-170,181-182, 190-191-р тал/

            Иймд Н.Г цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэстэй байна.

            Шүүгч Э.Чингис нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед шүүгдэгч Н.Гцагдан хорих таслан шийдвэрлэх арга хэмжээ авсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсний дараа шүүх бүрэлдэхүүнд орсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Н.Г-г 2015 оны шинэчлэн найруулсан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Н.Г-г 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Г-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г-н 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 572 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Н.Г-с 4.224.000 /дөрвөн сая хоёр зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Х олгосугай.

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Н.Гурьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

                       

                                    ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР,

 

                                                                                    Э.ЧИНГИС.