Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/00092

 

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/00092

 

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд,Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02399 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болон дутуу олгосон цалин 3 901 684 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Э-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Мөнхбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нарантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ... ХХК-ийн Дотоод аудитын газрын ерөнхий аудитын хэлтсийн захирлын албан үүргийг гүйцэтгэж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-т заасны дагуу ажил олгогчтой цалин хөлс буурахгүй гэж тохиролцон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаар тогтоолоор хэлтсийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж Дотоод аудитын газрын ерөнхий аудитын хэлтсийн ахлах аудиторын албан тушаалд томилогдож ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Дотоод аудитын газрын нэр хүндэд харшлах шударга бус үйлдэл гаргаж, аудиторын ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллаагүй, ажил олгогчийн итгэлийг алдсан, цаашид банкны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий ажилд үргэлжлүүлэн ажиллуулахад аудитын тайлан, дүгнэлтийг санаатайгаар буруу, худал тайлагнах, зөрчлийг нуун дарагдуулах эрсдэлтэй гэсэн үндэслэлээр ажлаасаа халагдсан.

Гэтэл миний бие Дотоод аудитын газрын нэр хүндэд харшлах ямар үйлдлийг хэзээ гаргасан, Аудиторын ёс зүйн дүрмийн ямар заалтыг хэрхэн яаж зөрчсөн тухай нарийвчлан заагаагүй, түүнчлэн хөдөлмөрийн гэрээний аль заалтыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаан нөхцөл байхгүй байхад илт үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн миний бие ажиллаж байх хугацаандаа ажил олгогчийн итгэлийг алдсан аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй байхад итгэл алдсан, цаашид ажиллуулах эрсдэлтэй гэсэн нь ажилтны эрхийг ноцтой зөрчиж байна.

Мөн тогтоолын 3 дахь хэсэгт банкинд учруулсан хохирол болох 11 044 675 төгрөгийг нөхөн төлүүлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний бие 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ахлах аудиторын албан тушаалд дотоод аудитын газар 3-2 гэсэн цалингийн зэрэглэлээр цалинжиж ирсэн. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр газрын захирал, болон хэлтсийн захирлууд дуудаж, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор цалинг бууруулсан байхад мэдсээр байж илүү цалин авч банкинд хохирол учруулсан гэж хэлсэн.Гэтэл ажлаас халах шийдвэр гарах хүртэл Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг танилцуулаагүй, энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй учраас миний бие хөдөлмөрийн гэрээний дагуу авч байгаа цалин хөлсийг бууруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэгт ажлаа хийж гүйцэтгэсний төлөө хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ёсоор ажил олгогчоос хөдөлмөрийн хөлсөө авах эрхтэй бөгөөд албан тушаал болон цалингийн зэрэглэл бууруулаагүй, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт ороогүй байхад цалин бууруулсан нь үндэслэлгүй юм.

Иймд 3 удаагийн цалингаас үндэслэгүй суутгасан 2 842 105 төгрөгийг, түүнчлэн 2018 оны 7 дугаар сарын цалингаас үндэслэлгүйгээр суутгасан 1 059 579 төгрөг, нийт 3 901 684 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Мөн ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ахлах аудиторын ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үүгэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хувьцаа эзэмшигчдийн зүгээс анх 2016 онд Ерөнхий сайд бүх Төрийн болон Төрийн өмчит компаниудын удирдлагын цалинг бууруулж, зардал хэмнэх чиглэл гаргасны дагуу ...ны боловсон хүчний зардлыг 15 хувь хүргэж бууруулах чиглэл ирүүлсэн байдаг.Үүний дагуу банк боловсон хүчний зардлаа бууруулах гээд ахлах ажилтны орон тоог байхгүй болгосон. Тухайн үеийн гүйцэтгэх удирдлагаас Дотоод аудитын газрыг бүх ахлах аудитороо цомхотго гэж шаардсан бөгөөд үүний хариуд дотоод аудитын газар нь ахлах аудиторын орон тоог хэвээр үлдээж, харин цалингаа бууруулъя гэсэн чиглэл өгсөн.

Дотоод аудитын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар ерөнхий аудитор болон газрын захирал, ахлах аудиторуудад цалин тодорхой хэмжээнд буурсан тухай мэдэгдсэн байдаг.

Гэтэл ахлах аудитор Н.Э- нь цалин буусан тухай мэдсээр байж өмнө авч байсан цалинг авсаар байсан ба энэ тухай газар, хэлтсийн захиралд нэг ч удаа мэдэгдээгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр илүү авсан цалин болох 3 901 684 төгрөгийг цалингаас нь суутган авч ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 50 тоот тогтоолоор ахлах аудитор Н.Э-ын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан.

Н.Э-ын хувьд ...ны Дотоод аудитын дүрэм, Аудиторын Олон Улсын Мэргэжлийн практик хүрээний Заавал мөрдөх удирдамж-ийн бүрэлдэхүүн хэсэг болох Ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор цалин буурсаныг мэдсээр байж илүү цалин авч, энэ талаар удирдлагууддаа мэдэгдэхгүй, өдөр тутмын үйл ажиллагаандаа хууль дээдлэх, шударга бие даасан байдлыг хангаж ажиллах, ажлын байранд үнэнч шударга, хичээл зүтгэлтэй, хариуцлагатай байх, нэг талыг барилгүй, оюун санаагаар үнэнч ба ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүргээ биелүүлэхгүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 7.4.14-т зааснаар санаатайгаар банкинд хохирол учруулсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Нэхэмжлэгч Н.Э- нь Дотоод аудитын газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар өөрийн цалинг буурсан тухай мэдсэнээс хойшхи хугацаанд илүү цалин авч 11 044 675 төгрөгийн хохирлыг банкинд санаатайгаар учруулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Энхмандахыг урьд эрхэлж байсан ажил буюу ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дотоод аудитын газрын Ерөнхий аудиторын хэлтсийн ахлах аудиторын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 972 861 төгрөгийг хариуцагч ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгч Н.Э-ад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлстэй тэнцэх олговор 9 972 861 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Н.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар цалингаас суутгасан 1 456 721 төгрөгийг хариуцагч... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгч Н.Э-ад олгож, энэхүү шаардлагаас 2 444 963 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Н.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 410 төгрөгийг буцаан олгож, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 197 823 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдооАнхан шатны шүүхийн шийдвэрийн ажилгүй байсан хугацааны олговор, цалингаас үндэслэлгүй суутгасантай холбогдох хэсгийг эс зөвшөөрч байна.

Шүүх дундаж цалинг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн цалингаас үндэслэлгүй суутгасантай холбоотой шаардлага гарган маргаж байгааг анхааралгүй сүүлийн 3 сар буюу 4, 5, 6-р сард авсан цалингийн дундажаар боджээ. Үндсэн цалинг бууруулсан дүнгээс тооцох нь үндэслэлгүй харин хөдөлмөрийн гэрээний 2.2-т Үндсэн цалингийн хэмжээг ДАГ-3-2 зэрэглэлээр буюу ... ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18/382 дугаар албан бичигт 3 500 000 төгрөг гэсэн тодорхойлолт, 2016 оны 09дүгээр сарын 29-ний өдрийн "Харилцан тохиролцох гэрээ"-ээр нэхэмжлэгчийн урьд авч байсан Ерөнхий аудитын хэлтсийн захирлаар ажиллаж байсан цалин хэвээр үлдэхээр тохиролцсон зэрэг баримтаас тодорхой харагдаж байгаа юм.

Мөн түүнчлэн шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...Н.Э-ын хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт ороогүй, хүчинтэй хэвээр байсан тул нэхэмлэгчийг цалин буурсныг мэдсээр байж үндэслэлгүйгээр илүү цалин авч банкийг хохироосон гэж гэж үзэх боломжгүй" гэж дүгнэсэн атлаа үндсэн цалинг үндэслэлгүйгээр бууруулсан хэмжээнээс дундаж цалинг тооцсон нь агуулгын хувьд зөрчилтэй, дундаж цалинг буруу тодорхойлсон гзж үзэж байна.

Нэхэмжлэгч Н.Э-ын хувьд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 7 хоног, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртлэх хугацаанд 10 хоног тус тус өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7а-г баримтлах нь үндэслэлгүй юм. Харин тус журмын 6-д "Хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн ажиллаагүй, эсхүл ажилтны ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр /цаг/-ийн тоонд хувааж нэг өдөр /цаг/-ийн дундаж цалин хөлсийг тодорхойлно" гэснийг баримтлах байсан.

Иймд 2018 оны 02 сард 19.5 өдөр ажилласан 6 954 502 төгрөг, 2018 оны 03 сард 11 өдөр ажилласан 2 071 715 төгрөг, 2018оны 04 сард 13 өдөр ажилласан 2 015 660 төгрөг нийт 43.5 өдөр ажиллаж цалинд нийт 11 041 877 төгрөг авсан бөгөөд нэг өдрийн дундаж цалин 253 836 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 24 622 116 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Банк цалин олгохдоо сар бүрийн 25-ны өдрөөс дараа сарын 25-ны өдрийг хамруулан сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин тооцож олгодог. Ажил олгогчийн зүгээс 2018-05-р сарын урьдчилгаа цалин олгохдоо үндсэн цалинг Хөдөлмөрийн гэрээнд заасан ДАГ 3-2 цалингийн зэрэглэлээр буюу 3 500 000 төгрөгөөс тооцож олгосон атлаа 2018-05-25-ны өдөр цалин бодож олгохдоо тухайн өдрөө мэдэгдэн цалингаас үндэслэлгүйгээр 1 200 000 төгрөг хассан нь цалингийн тооцооллын 5-р сар гэсэн хэсгээс тодорхой харагдана. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс энэ талаар бичгээр, баримтаар нотлоогүй, нотолж чадахгүй байхад 2018 оны 4 дүгээр сард мэдсэн гэсэн аман тайлбарыг нь үндэслэн дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлсний олговорт 24 622116 төгрөг, мөн цалингаас үндэслэлгүйгээр суутгасан 2 444 963 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан тус зөвлөлийн даргын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болон дутуу олгосон цалин 3 901 684 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н.Э- нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 33 тоот тогтоолоор тус банкны Ерөнхий аудитын хэлтсийн захирлаар, ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаар тогтоолоор ахлах аудиторын ажил, албан тушаалд тус тус томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.6, Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, ...ны дүрмийн 8.3.7, Дотоод аудитын дүрмийн 12.3, 12.4.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн Н.Э-ыг Дотоод аудитын газрын нэр хүндэд харшлах шударга бус үйлдэл гаргаж, аудиторын ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллаагүй, ажил олгогчийн итгэлийг алдсан, цаашид банкны үйл ажиллагаанд Төлөөлөн удирдах зөвлөлөөс Дотоод аудитын газраар дамжуулан хяналт тавих чиг үүрэг бүхий ажилд үргэлжлүүлэн ажиллуулахад аудитын тайлан, дүгнэлтийг санаатайгаар буруу, худал тайлагнах, зөрчлийг нуун дарагдуулах эрсдэлтэй... гэсэн үндэслэлээр 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, банкинд учруулсан хохирол 11 044 675 төгрөгийг нөхөн төлүүлж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Ажлаас чөлөөлөх тухай тушаалд баримталсан Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.6, Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2, ...ны дүрмийн 8.3.7 дахь заалтууд нь ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлд хамаарахгүй заалтууд бөгөөд ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот хурлын тэмдэглэл нь ажилтны зөрчил гаргасан гэдгийг эргэлзээгүй нотлох боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Ажилтан цалин хасагдсаныг мэдсээр байж өмнө нь авч байсан цалингаа авч, энэ тухайгаа хэлтсийн захиралдаа мэдэгдээгүй үйлдэл нь аудиторын ёс зүйг зөрчсөн гэх үндэслэл нь ...ны Дотоод аудитын дүрмийн 6.1.1-6.3.8, 12.4.1 дэх заалтад хамаарахгүй. Түүнчлэн ... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар тогтоолоор ахлах аудиторуудын цалингийн хэмжээг ДАГ-5-1 зэрэглэлээр шинэчлэн тогтоосныг Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон ба энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Н.Э-ыг аудитын ажлын үр дүнг санаатайгаар буруу мэдээлж тайлагнасан, хөндлөнгийн этгээдийн болон хувийг ашиг сонирхолд автаж алдаа, зөрчил, дутагдал, хууль бус үйлдлийг нуун дарагдуулсан болон хууль тогтоомжоор хориглосон бусад зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Э-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 50 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул анхан шатны шүүх шийдвэрлэлгүй үлдээснийг буруутгах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо ажилтны сүүлийн 3 сарын цалин буюу нийгмийн даатгалын дэвтрийн 2018 оны 4, 5, 6 дугаар сараар тооцож олгосон нь буруу болжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалингийн хэмжээг ДАГ 3-2 гэж тодорхойлсон бөгөөд ... ХХКийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 4-18/382 тоот албан бичигт Ерөнхий аудитын хэлтсийн захирал ДАГ 3-2 зэрэглэлтэй 3 500 000 төгрөг, ахлах аудиторууд ДАГ 5-1 зэрэглэл буюу 2 300 000 төгрөгийн цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Ажил олгогчоос ажилтны цалин бууруулсантай холбоотой хөдөлмөрийн гэрээг өөрчилж дахин гэрээ байгуулсан талаар баримтгүй байх тул талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хэмжээ болох 3 500 000 төгрөгөөр үндсэн цалинг тодорхойлох юм. Түүнчлэн, ажилтанд сүүлийн 3 сарын цалинг дутуу олгосон гэж нэхэмжлэгч маргаж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн хэмжээнээс ажилгүй байсан хугацааны олговрыг тооцох боломжгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн сарын цалинг 3 500 000 төгрөгөөр тодорхойлж, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 105 хоногийн хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 093 023 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь 17 093 023 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Н.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй.

 

Нийгмийн даатгалын 0304723 тоот дэвтрийн хуулбараар нэхэмжлэгч Н.Э- сарын 2 210 485 төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд түүнд 2018 оны 4 дүгээр сард 1 574 850 төгрөг, 5 дугаар сард 1 751 441 төгрөг, 6 дугаар сард 1 865 050 төгрөгийн цалин олгож, хариуцагч нь 4 дүгээр сард 635 635 төгрөг, 5 дугаар сард 459 044 төгрөг, 6 дугаар сард 345435 төгрөгийг суутган авсан болох нь хэрэгт авагдсан цалин хөлс тооцоолол гэсэн цалингийн картын хуулбар, ...ны Депозит дансны харилцагчийн монгол хуулга гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх 90-96, 97 дахь тал/

 

... ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот хурлын шийдвэр гарсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар суутгал хийж болох боловч шийдвэр гараагүй байхад цалин хөлснөөс суутгал хийсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь үндэслэлгүй суутгасан цалин хөлсөө хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын дотор зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд 2018 оны 4 дүгээр сард цалингаас суутгал хийснийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болно. Харин 2018 оны 5, 6 дугаар сард цалинг 1 200 000 төгрөгөөр тус тус бууруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасныг зөрчсөн тул хариуцагчаас 2 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Цалин хөлс дутуу олгохтой холбоотой маргааныг маргаан таслах комисс байхгүй тохиолдолд шүүх шийдвэрлэх юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн овгийг буруу бичснийг залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02399 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын М.Энхмандахыг гэснийг Н.Э-ыг гэж,

2 дахь заалтын 9 972 861 төгрөгийн гэснийг 17 093 023 төгрөгийн гэж,

3 дахь заалтын 9 972 861 төгрөгөөс гэснийг 17 093 023 төгрөгөөс гэж,

4 дэх заалтын 1 456 721 төгрөгийг гэснийг 2 400 000 төгрөгийг гэж, 2 444 963 төгрөгт гэснийг 1 501 684 төгрөгт гэж,

5 дахь заалтын 197 823 төгрөг гэснийг 255 415 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА