| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2403003050419 |
| Дугаар | 2024/ДШМ/1234 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/1234
***д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
хохирогч ***,
шүүгдэгч ***,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1009 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2403003050419 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овгийн ***ийн ***, 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ойн инженер, Англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр хороолол, *** гудамж, *** байрны *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/,
Шүүгдэгч *** нь Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** талбайн баруун хойд замд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “***”-ийн маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ***г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: ***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 /гурван сая/ төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *** /***/-с 9,962,889 /есөн сая есөн зуун жаран хоёр мянга найман зуун наян есөн/ төгрөгийг гаргуулан хохирогч *** /РД:***/-д олгож, 1,957,454 /нэг сая есөн зуун тавин долоон мянга дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд тушаахыг даалгаж, хохирогч *** нь хор уршигтай холбоотой бусад хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...1. Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн буюу Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн тус дүрмийн 12.3 дахь “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн захиргааны хэм хэмжээ зөрчсөний улмаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхээр хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтэд намайг Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж буруутгасан ба Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйл нь “Тээврийн хэрэгслийн хурд”-ны талаарх зохицуулалт байх бөгөөд Тээврийн хэрэгсэл жолоодогч нь Зам тээврийн хөдөлгөөнд оролцоход тээврийн хэрэгслийн хурдыг хасах хэрэв зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авахыг үүрэг болгосон зохицуулалт байна. Үүнээс үзвэл би тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байхдаа тээврийн хэрэгслийн хурдыг зохих ёсоор дүрэмд заасны дагуу баримталж явсан ба замын хөдөлгөөний дүрмийг зөрчин гарцгүй газраар зам хөндлөн гарч буй иргэнийг тухайн учрал тохиолдсон даруйд зогсоох арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл зам тээврийн учрал болсон газар нь замын эргэлт байсан, хохирогч замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам хөндлөн гарсан, жолооч би саад учирсан даруйд зайлшгүй зогсоох арга хэмжээ авсан нь хэргийн газрын бичлэг болон миний мэдүүлгүүдээр тогтоогддог. Тодруулбал: Зам хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлд заасан жолооч саад учирсан тохиолдолд зогсоох арга хэмжээг авах үүргийн дагуу зам хөндлөн гарч байгаа иргэнийг саад учруулсан тэр даруйд жолоодож явсан тээврийн хэрэгслээ би тэр даруй зогсоосон болно. Гэтэл анхан шатны шүүхээс зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн буюу зогсоох арга хэмжээ аваагүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд хохирогчийн замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчин гарцгүй газраар замын эргэлт дээр үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөл байдалд зам хөндлөн гарч тухайн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, замын хөдөлгөөнд эргэлтэд хурд хасан орж байгаа тээврийн хэрэгсэл саад учирсан даруйд зайлшгүй зогсоох арга хэмжээ авсан буюу зайлшгүй арга хэмжээ авсан ч хөдөлгөөний инерцээр мөргөж байгаа нөхцөл байдлыг шүүх анхаар үзээгүйд гомдолтой байна. Тодруулбал, зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг шүүх бодитойгоор дүгнээгүй ба шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр орхигдуулсан. Мөн Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн явган хүн гарцгүй газраар зам гарахыг хориглосон заалтыг ноцтой зөрчиж хөдөлгөөнд оролцсон байхад зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн гол үндэслэлээр жолоочийн дангаар буруутгаж гэмт хэрэгт тооцож байгаа нь шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий зөрүүтэй баримтуудыг үнэлэхдээ хохирогчийн буруутай үйл ажиллагааг огт үнэлээгүй, түүний үйлдлийг буруугүй гэж үгүйсгэж чадаагүйгээр зөвхөн жолоочийг буруутгаж байгаа нь зохимжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг зөвтгөсөн агуулгаар шийдвэрлэж, нөгөө талаараа замын хөдөлгөөнд оролцогч жолооч нь “зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ” аваагүй гэсэн үндэслэл нь замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслийн жолооч нь ямар ч тохиолдолд тус заалтыг үндэслэн буруутгаж болох байдлаар шүүх жишиг болон шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл саад учирсан даруйд зогсоох арга хэмжээ авсны үр дагавар хурднаас шалтгаалан харилцан адилгүй байх ба жолооч эргэлтийн үед харааны төвлөрөл шулуун замд явж байгаа шиг нэг чигт төвлөрөх боломжгүй, орчин тойрноо бүрэн хянах зорилгоор харааны өнцөг өргөн хүрээнд өөрчлөгддөг. Тиймээс тухайн үед зүүн гар тийш эргэж байгаа замын хөдөлгөөний эргэлтийн үед орчныг өргөн хүрээнд хянахын тулд чигээрээ болон баруун талаас харж хурдыг тохируулан эргэлт хийж байхад хохирогч зүүн талаас зам хөндлөн шууд гарч ирж мөргүүлсэн. Тухайн замын хэсэгт ямар нэгэн замын гарц, тэмдэглэгээ байгаагүй тул баруун талаас болон бусад талаас хүүхэд гарч ирж магадгүй нөхцөл байдлыг анхааран үзэж эргэлтийн үед жолооны хүрд дагуулан орчныг хянаж байсан. Энэхүү нөхцөл байдалд шууд тоормос гишгэн зогсоох арга хэмжээг боломжит байдлаар би авч хэрэгжүүлсэн. Би хүнийг мөргөсөн үйлдлээ зөвтгөж байгаа биш бөгөөд гагцхүү тухайн нөхцөл байдалд зайлшгүй зогсоох арга хэмжээг зохих ёсоор авсан гэдгийг тодруулж байгаа болно. Гэвч анхан шатны шүүхээс ослын газрын нөхцөл байдалд бодит дүгнэлт хийхгүйгээр Замын хөдөлгөөний дүрмийн хурдны талаарх зохицуулалтыг үндэслэн зайлшгүй хөдөлгөөний дүрмийн хурдны талаарх зохицуулалтыг үндэслэн зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. 2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах нөхөн төлбөрт 8,580,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, шинж чанар, хэр хэмжээнд таарсан байх, шударга ёсны зарчмыг удирдлага болгохоор заасан. Хохирогч нь тухайн зам тээврийн осол гарах үндсэн нөхцөл шалтгааныг бүрдүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэхэд хохирогч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 явган зорчигчид дараах зүйлийг хориглоно буюу ...гарцгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар явган зорчигч болон зам тээврийн хөдөлгөөнд оролцогч нь үүрэг хүлээдэг бөгөөд тодруулбал, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.3. дахь хэсэгт Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй, 13 дугаар зүйлийн 13.2-т Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй байхаар тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөнд оролцох оролцогч жолооч, явган зорчигч хуулийг сахин биелүүлэх үүрэг хүлээхээр байна. Үүнээс үзэхэд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг хохирогч өөрөө бүрдүүлсэн ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцахад шударга ёсны зарчмын үүднээс мөн адил хариуцах ёстой юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг түүний хор уршиг харилцан хамааралтай шалтгаант холбоотой байх тул тухайн ослын улмаас үүсэх аливаа хохирлыг хохирогч мөн адил хариуцах нь шударга ёсонд нийцнэ. Иймээс Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хохирогч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний хариуцлагыг Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага хүлээхээс гадна эрүүгийн журмаар шалгагдсан гэмт хэргийн шалтгаан нөхцөл бүрдүүлсэн, харилцан буруутай байх бол түүнээс гарах үр дагаврыг ч хамтран хариуцах ёстой. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргээс учирсан хохирлыг намайг 100 хувь бүрэн хариуцахаар шийдвэрлэснийг шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд *** нь Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 8,580,000 төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 1,957,454 төгрөгийн төлбөрүүдээс 50 хувийг хариуцах ёстой. Миний бие нөхөр болон 6-12 насны 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд миний хувьд тогтмол орлогогүй, улирлын чанартай ажил хийж амь залгуулдаг, манай нөхөр төрийн албан хаагч тул ажил ихтэй өрхийн орлого хангалттай биш байдаг. Мөн бага насны 6-8 насны 2 хүүхдийг байнга тогтмол сургууль цэцэрлэгт зөөдөг тул ажилд орох боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх ба намайг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд хохирогч нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, харилцан буруутай байх тул үүнээс гарах хариуцлагыг ч мөн адил хариуцах ёстой учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, гэмт хэргийн хохиролд тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн дээрх төлбөрийг 50 хувиар багасгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эрүүл мэндийг хохироосонд гомдолтой байна. Осол болохоос өмнө ажлаа хийгээд амьдралаа залгуулаад явж байсан. 6 сарын турш ажил хийж чадаагүй, би хөл муутай хүн, яагаад энэ хүнээс хүнлэг сэтгэл гарахгүй байна вэ. Үнэхээр харамсалтай байна. ...” гэв.
Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *** давж заалдах гомдолдоо Замын хөдөлгөөний дүрэм, хохирол төлбөртэй холбоотой асуудлыг дурдаж байна. Хохирогч ***гийн хувьд өөрөө мэдүүлсэн байдаг хөл муутай, ажлаа тарж яваад осолд орсон. Шүүгдэгч *** мэдүүлэгтээ “би хараагүй” гэж мэдүүлдэг. Хохирогч мэдүүлэгтээ “баруун хөлийн түнхний мултралтай учраас хурдан алхаж явж чаддаггүй. Явган хүний гарц байсан би товчилж гарсан. Шүүгдэгчийн машиныг чигээрээ явах байх гэж бодсон. Эргэхдээ дохио өгөөгүй” гэж мэдүүлдэг. Хохирогч хэдийгээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн ч, шүүгдэгч мөн адил Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй. *** зогсоох арга хэмжээ авсан гэж ярьж байна. Замын саад учрахад мөргөхөөс өмнө тээврийн хэрэгсэл зогсоох үүрэгтэй, мөргөсний дараа зогсоосныг арга хэмжээ авсан гэж ойлгохгүй. Анхан шатны шүүх хохирол төлбөрийг шүүгдэгч ***гээс гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч ***гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч ***д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргахдаа тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ба эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Тодруулбал, шүүгдэгчийн давж заалдсан гомдлын агуулгад хамаарах Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-д заасан заалтыг зөрчсөн эсэх, энэ нь ямар бичгийн нотлох баримтаар тогтоогдож буйд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй болно.
Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг холбогдох хууль болон журамд заасны дагуу хийж гүйцэтгэсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна гэж үзлээ.
Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч ***гийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1009 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА