Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 88

 

 

 

Н.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч С.О нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр магадлалтай, Н.А-т холбогдох 1915002110132 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч С.О-ын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Н. А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, худалдсан” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Н.А-ийг “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж” шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.О-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч С.О гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Би Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяа Орхон сумын Мааньт багийг хариуцсан Байгаль хамгаалагчийн ажил гүйцэтгэдэг.

Миний бие 2019 оны 05 дугаар сарын 15-нд өөрийн хариуцан ажилладаг Мааньт багийн нутаг дэвсгэрт хяналт, шалгалт гүйцэтгэж яваад идэвхитэн байгаль хамгаалагч Ц.Л-тай уулзаж зөрчлийн тухай анх мэдээлэл авсан. Хуульд заасны дагуу би хэрэг бүртгэлт явуулж, гэмт хэргийн шинж чанартай бол прокурорт хянуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлэх ёстой байсан. Гэтэл шууд цагдаагийн мэдээллээр хууль бус ажиллагаа явагдсан. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан Ойн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад заасныг үндэслэн давж заалдах шатны шүүх магадлал нь холбогдох хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Булган аймгийн прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хяналгүй эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар харьяаллын дагуу  шилжүүлээгүй. Бугат сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Г.О нь Зөрчлийн тухай хуульд заагаагүй зүйлээр зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулсныг хянаж зогсоогоогүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд шийтгэл, нөхөн төлбөр нь нотлох баримт гэж үздэг. Гэтэл нотлох баримтгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эхнээсээ процесс нь буруу явагдсан.

Иймд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 159 тогтоолыг хүчингүй болгох, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 сарын 29-ны өдрийн 39 тоот магадлалыг хүчингүй болгож Зөрчлийн тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяаллын дагуу зөрчлийг шийдвэрлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тус зүйл ангид заасан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Тийм учраас шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч С.О-ын гомдлыг үндэслэн Н.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Дайвууны ам” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, байгаль экологид 117,600 төгрөгийн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Харин анхан шатны шүүх Н.А-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээний доторх буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч байх боловч хуулиар үүрэг болгосон буюу шүүгдэгч Н.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг буцаан олгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуульд заасан уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч үүрэг болгосон, хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгуулахаар хуулиар зохицуулсан атал шүүх Н.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр хураан аваагүй талаараа огт дүгнэлт хийгээгүй төдийгүй хууль хэрэглээний алдаа, зөрчил гаргасан байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Н.А нь зохих зөвшөөрөлгүйгээр 1.96м3 хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэсэн, уг зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоо 81-40 ОРА улсын дугаартай “Мазда бонго” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь тогтоогдсон байхад шүүхүүд уг тээврийн хэрэгслийг хураан авахаар заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй тул шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн болно.

Мөн шүүгдэгч Н.А-т холбогдох хэрэгт Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяа Орхон сумын Мааньт багийг хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагч С.О-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр давхар тогтоосон нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь бие, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл С.О-ын амь бие, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, хувийн өмчид нь халдаагүй, харин байгаль орчинд хохирол учирсан байх бөгөөд уг учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавих эрхтэй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Цаашид ийм төрлийн гэмт хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож байх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосонтой холбогдуулан С.О-ын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлыг хянан хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН