Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0411/з |
Дугаар | 366 |
Огноо | 2019-11-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 366
“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,
Нэхэмжлэлийн шаардлага: 7162Х хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0263 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 221/МА2019/0381 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0263 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ө-О” ХХК-ийн “тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн “Ө-О” ХХК-ийн 7162Х ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хугацааг сэргээн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 221/МА2019/0386 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д /2014.07.01-нд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх зохицуулалтаар/ “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө”, 48.4-д “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайланд дурдсан ашигт малтмалын ордын нөөцийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж зааснаас харвал нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тайлангаа өгөх үүрэгтэй ба уг хуульд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулиас харвал тайланг хүлээлгэн өгснөөс хойш захиргааны байгууллага үүрэг хүлээж байх бөгөөд шинжээч томилж дүгнэлт гаргуулах үүрэг захиргааны байгууллагад үүссэн. Үүний дагуу Ашигт малтмалын газраас бидэнд шинжээч томилсон талаар хариу өгсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хуульд тусгай зөвшөөрлийнх нь хүчинтэй хугацаа дуусахаас өмнө тайланг өгөхөөр тодорхой зохицуулсан байхад тус заалтыг хэрэглээгүй.
4. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахтай холбоотой ерөнхий заалтыг хэрэглэж хуулийг буруу тайлбарлан “...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө боломжит хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа өгөх нөөцөө тогтоолгох зэрэг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
5. Мөн нэхэмжлэгч анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхой тайлбарлаж “Ашигт малтмалын тухай хуулийн 48.3, 48.4-д зааснаар нэхэмжлэгч тайлангаа өгч, захиргааны байгууллага шинжээч томилж хэн аль нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд томилогдсон шинжээч нэмэлт материал шаардаж тухайн ажиллагааг хийж байх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгосон бүртгэл хийгдсэн талаар” маргаж байгаагаа тайлбарласан байдаг. 2013-2014 оны үед шинжээчийн дүгнэлт хэд хоногт гарах, шинжээч нэмэлт материал шаардсан үед хэд хоногт хэрхэн биелүүлэх, шинжээчийн шийдвэртэй санал нийлээгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлүүлэх, тайлангаа өгсөн боловч шинжээчийн дүгнэлт гараагүй үед тусгай зөвшөөрлийн бүртгэлийг хэрхэх, талаар хуулийн зохицуулалт байгаагүй.
6. Хариуцагч захиргааны байгууллагын тушаалаар томилогдсон этгээд болох шинжээчийн шаардлагын дагуу нэмэлт ажил хийж байсан талаараа тайлбарласан боловч үүнд дүгнэлт хийгээгүй, ашиглалтын өмнөх үйл ажиллагаа, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
7. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой манайхтай ижил маргаан маш олон гарч байсан. Яг л манайхтай адил Ашигт малтмалын тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр байсан/ 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хуулийн хугацаанд мэдээ тайлангаа өгсөн боловч шинжээч дүгнэлтээ гаргахгүй удах, нэмж ажиллагаа хийлгэх зэргээс шалтгаалж хугацаа авч, үүнээс үүдэн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон маргаан /“Б” ХХК, “Ж Б Э” ХХК/ Улсын Дээд шүүхэд хянагдаж, нэхэмжлэлийг хангасан байдаг. Шүүхээс “төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг биелэгдсэн” гэж дүгнэсэн нь адилхан нөхцөл байдал юм.
8. Иймд, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч “Ө-О” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 7162Х хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээн шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах нэхэмжлэл гаргажээ. Маргаан бүхий тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр анх олгосон бөгөөд нэхэмжлэгч нь шилжүүлэн авснаар эрх үүссэн, улмаар энэхүү тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болох байсан, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.
11. Харин тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн үйл баримттай холбогдуулан маргасан, нэхэмжлэгчээс 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ашигт малтмалын нөөц тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг Ашигт малтмалын газрын Геологийн албанд гаргасны дагуу шинжээч томилж, уг шинжээчээс 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “ордын хайгуулын судалгааг бүрэн гүйцэт хийж, түүний үр дүнгээр нөөц тооцон бодсоны дараа хайгуулын ажлын үр дүнгийн нөөцийн тооцоотой тайланг шинжээчид дахин танилцуулах” гэсэн үндэслэлээр ордын нөөц тогтоогоогүй, хайгуулын ажлын тайланг буцаасан үйл баримт тогтоогдож байна.
12. Нэхэмжлэгчээс “шинжээчийн шийдвэрийн дагуу хийх ажил их байсан, цаг агаарын болон малын өвчин гарсан зэрэг хүндэтгэх шалтгаантай байхад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь үндэслэлгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ өгсөн байхад харгалзаж үзсэнгүй” гэж, хариуцагчаас “тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болж байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах эрх хуулиар олгогдоогүй, хугацаа дуусахаас боломжит хугацааны өмнө нөөц тогтоолгохоор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандаагүй” гэж тус тус маргажээ.
13. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон бол хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болно” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр ...-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргана” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд хариуцагчаас хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, харин нэхэмжлэгчээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу ашиглалтын тусгай зөвшөөрөлд шаардагдах баримт бичгийг бүрдүүлээгүй, ордын нөөцийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд бүрэн гүйцэт тогтоогоогүй байна.
14. Хэдийгээр нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрөл 3 сарын 29-нд дуусах байсан, энэ хугацаа дуусахаас өмнө 3 сарын 18-нд захиргаанд нөөц тогтоолгохоор хандсан” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлох боловч захиргааны байгууллага тухайн үед нь буюу 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн, энэ шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчээс “нөөцийн судалгааг бүрэн хийсэн” гэж маргаагүй, харин шинжээчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, нөөц тогтоох ажиллагааг дахин явуулсан, энэ байдалд хариуцагчийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
15. Түүнчлэн захиргааны байгууллага 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэл үйлдсэн, энэ хугацаанаас өмнө нэхэмжлэгч нь хайгуулын ажлын нөөц тогтоолгох бүрэн боломжтой байсан, хяналтын шатны шүүх хуралдаанд “2014 оны 2 сард хандсан” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй, “шинжээчийн дүгнэлт удсан, шинжээчтэй уулзах гэтэл гадагшаа явсан байсан” гэж маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, “захиргааны байгууллага нөөц тогтоолгох хүсэлтийг шийдэхгүй байгаа” гэх 2014-2015 оны үйл баримтаар тухайн цаг хугацаанд эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байсан нь тогтоогдохгүйн зэрэгцээ эдгээр нь нэхэмжлэлийг шууд хангах хууль зүйн үндэслэл болохгүй юм.
16. Нэхэмжлэгч “Ө-О” ХХК-аас 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “шинжээчийн шаардлагын дагуу нэмэлт ажил хийгдэж, цаг хугацаа удааширч, одоо үр дүнгийн тайлангаа хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тул тусгай зөвшөөрлийг сэргээх” тухай хүсэлт гаргасанд, Ашигт малтмалын газрын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 6-4888 дугаар албан бичгээр хариу өгч, шийдвэрлэж байсныг дурдах нь зүйтэй.
17. Хариуцагчийн “хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон, дахин сунгах эрх хуулиар олгогдоогүй” тухай тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгчээс хуульд заасан 9 жилийн хугацаанд холбогдох тооцоо, судалгааг бүрэн дүүрэн гүйцэтгэж, ордын нөөцийг тогтоох үүрэгтэй, энэхүү үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хайгуулын ажлын үр дүн, ордын нөөцийг тогтоолгохоор тусгай зөвшөөрөл дуусахаас боломжит хугацааны өмнө захиргааны байгууллагад хандаагүй буруутай байна.
18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манайхтай адил хуулийн хугацаанд мэдээ тайлангаа өгсөн боловч шинжээч дүгнэлтээ гаргахгүй удах, нэмж ажиллагаа хийлгэх зэргээс шалтгаалж хугацаа авч, үүнээс үүдэн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон маргаан /“Б” ХХК, “Ж Б Э” ХХК/ шүүхэд хянагдаж, нэхэмжлэлийг хангасан байдаг” гэх гомдлын тухайд:
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар шүүх нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гомдолд заасан “Б” ХХК, “Ж Б Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргүүдийн маргааны үйл баримт нь энэ хэргээс өөр, ялгаатай байна. Тухайлбал, эдгээр хэрэгт нэхэмжлэгч хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагаар ордын нөөцийг батлуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байсан бол энэхүү хэрэгт нэхэмжлэгч нь ордын нөөц батлуулаагүй байх тул шүүхүүд адил тохиолдолд хуулийг ялгаатай хэрэглэж, өөр өөр шийдвэр гаргасан гэж үзэхгүй.
20. Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 10-нд энэ нэхэмжлэлийн үндэслэлтэй адил шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2016/0539 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
21. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “2014 он, 2015 оны үйл баримтад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх тухай хүсэлтээ гаргах эрхтэй” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүхээс 2014, 2015 оны үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр түүнээс хойшхи цаг хугацаа буюу 2016, 2017 оны үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн нь буруу болсныг тэмдэглэж байна.
22. Түүнчлэн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдуулан “хайгуулын ажлын үр дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгах” нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээс татгалзсан байхад анхан шатны шүүхээс хэргийг тусгаарлах захирамж гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд нийцэхгүй, энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байгааг дурдах нь зүйтэй.
23. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0263 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 221/МА2019/0381 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ