Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0197

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 127/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:
   Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 127/ШШ2018/0003 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/286 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/280 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай иргэн Б.Б-с гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нотлох баримт хангалтгүй цуглуулсан байхад шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь “Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь нэхэмжлэгч Б.Б-той газар эзэмших гэрээг байгуулаагүй, гэрээ байгуулсан нотлох баримт, эрхийн акт гаргаагүй жил бүр дүгнэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зайлшгүй үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хяналт тавих үүргээ биелүүлээгүй атлаа “гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу тухайн газраа 2 жил болон түүнээс дээш жил дараалан” ашиглаагүй гэж үзэж Б.Б-ын газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргана...” гэснийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч гэрээ байгуулсны дараа, гэрээнд заасан зориулалтаар тухайн газрыг эзэмшиж, ашиглах, газрын төлбөрөө төлөх тухай зохицуулалт байхад хариуцагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч шүүх хурал дээр “тухайн үед гэрээ байгуулж гарын үсэг зурж газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.М-д өгч газрын гэрчилгээ гарсан эсэх талаар асуухад харин нөгөө талын гарын үсэг зурагдах дутуу байна” гэж мэдүүлсэн тул газар эзэмших гэрээ хийгдсэн эсэхийг газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.М-с гэрчийн мэдүүлэг болон холбогдох тайлбарыг авч эцэслэн хэргийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хэрэгжүүлээгүй байна.
Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 127/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
                                                                               ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 92 дугаар захирамжийг хүчинтэйд тооцуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
1. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн “Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 92 дугаар захирамжийг хүчинтэйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт “Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 92 дугаар захирамжийг хүчинтэйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгааг тусгаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон шүүх хуралдаан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан гэх нотлох баримт байхгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт огт хийгээгүй орхигдуулжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд шүүхээс гаргах шийдвэрийн төрлийг заасан, мөн шүүхээс гарах шийдвэрийн агуулгыг хуулийн 107 дугаар 107.5-д “... нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон зэргийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тодорхой зааж ...” гэж заасныг шүүх зөрчсөн байна.
Нөгөөтэйгүүр шүүх нэхэмжлэгчийн “Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 92 дугаар захирамжийг хүчинтэйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан аль үндэслэлд хамаарч байгааг тодруулах шаардлагатай байна.
2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн “Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь нэхэмжлэгч Б.Б-той газар эзэмших гэрээг байгуулаагүй, гэрээ байгуулсан нотлох баримт, эрхийн акт гаргаагүй, жил бүр дүгнэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зайлшгүй үндэслэл байгаа эсэхийг тогтоож, хяналт тавих үүргээ биелүүлээгүй атлаа “...гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу тухайн газраа 2 жил болон түүнээс дээш жил дараалан ашиглаагүй” гэж үзэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч гэрээ байгуулсны дараа, гэрээнд заасан зориулалтаар тухайн газрыг эзэмшиж, ашиглах, газрын төлбөрөө төлөх тухай зохицуулалт байхад хариуцагч хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ” гэх дүгнэлтийг хийж Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзлээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан.
Тиймээс анхан шатны шүүх дараах хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Б “... би 6000 м.кв газар авсан юм. Би газрын гэрчилгээгээ авах гэж олон жил явсан. Манай газрын гэрчилгээ гараад хүчингүй болсон гэдгийг би 2014 оны 3 сард мэдээд аймгийн Засаг даргад өргөдөл гаргахад өргөдлийг маань шийдэж өгөөгүй, албан ёсны хариу өгөөгүй, намайг гэрчилгээ аваагүй, гэрээ хийгээгүй байхад газрын гэрчилгээг хүчингүй болгосон байна. Би аймгийн Засаг даргад олон удаа өргөдөл бичихэд надад хариу өгөөгүй байсан. Төрийн байгууллага нь иргэний хүсэлт, гомдолд заавал хариу өгөх ёстой байтал хариу өгөх хугацааг тоодоггүй, хүний эзэмшил газрыг хүчингүй болгодог. Иймд би иргэн хүний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргад 2004 онд өргөдөл гаргасан байсан. 2008 онд өргөдлийг шийдвэрлэхдээ 6000 м.мв газар гэж шийдэгдсэн юм билээ. “Мах экспорт” ХХК-ийн орц гарцыг хаасан учраас 6000 м.кв газар гэж шийдэгдсэн юм. Гэрчилгээг шинэчлэн байгуулахад газрын төлбөрийг төлөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч энэ төлбөрийг төлөхгүйгээр 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2 жил сураггүй алга болсон. Нэхэмжлэгчийг ирэхгүй болохоор нь харж байгаад 2013 оны 6 дугаар сард бид гэрчилгээг хүчингүй болгосон” гэж тайлбарласныг тодруулах, нөгөө талаар захиргааны байгууллага, албан тушаалтын ямар буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулж, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
3. Нэхэмжлэгчээс “Манай газрын гэрчилгээ гараад хүчингүй болсон гэдгийг би 2014 оны 3 сард мэдээд аймгийн Засаг даргад өргөдөл гаргахад өргөдлийг маань шийдэж өгөөгүй, албан ёсны хариу өгөөгүй” гэж тайлбарлажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 12.3-т “Нэхэмжлэгч энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхойлсон.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацаанд шүүхэд хандаж, хүн, хуулийн этгээд нэхэмжлэлээ гаргахаар заажээ.
Зүй нь, шүүх нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаагаар тооцох, эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацаагаар тооцох эсэхэд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхээр байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/286 дугаар захирамж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг 2014 оны 03 дугаар сард нэхэмжлэгч мэдсэн, улмаар маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар хариуцагч аймгийн Засаг даргад хандаж 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гарсан зэргээс үзэхэд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэлээ яагаад гаргаагүй болох, маргаан бүхий захиргааны акт нь 2013 онд гарсныг 2014 онд өөрөө мэдсэн атлаа уг маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулах нь зөв юм.
Тиймээс Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5/1839 дүгээр албан бичгээр хариу өгсөн гэж үзэн, нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан эсэхийг тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх нэг үндэслэл болжээ.
4. Хэнтий аймгийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 211 дүгээр захирамжаар тус аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын 00000 дугаартай 30000 м.кв газрыг “Ө” ХК-д анх эзэмшүүлсэн байна.
Улмаар “Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах нэгж талбарын 00000 дугаартай 10000 м.кв газрыг иргэн Б.Д-с иргэн Б.Б-д шилжүүлсэн” гэх 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ хэрэгт авагдасан байна.
Гэтэл Хэрлэн сумын 5 дугаар баг байрлах, “Ө” ХК-ийн эзэмшлийн үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 00000 дугаар бүхий газраас 6000 м.кв газрыг иргэн Б.Б-д шилжүүлэн эзэмшүүлсүгэй” гэсэн Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх” тухай 92 дугаар захирамж, мөн 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх” тухай 92 дугаар захирамж хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Батболдын газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, 2008 оны 92 дугаар захирамж, эсхүл 2009 оны 92 дугаар захирамжийн алинаар нь Б.Б-д газар эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулахаар байна.
Мөн маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Б.Б-д эзэмшүүлснээс хойш уг газар дээр ямар үйл ажиллагаа явуулсан, зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаж байсан эсэхийг тогтоох, маргаан бүхий газрын байршлыг бодитой тогтоож, шүүхээс газрын үзлэг хийж хэргийн нөхцөл байдлыг тодруулах нь ач холбогдолтой юм.
Хэдийгээр нэхэмжлэгч “газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш газрын гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй, газар эзэмших гэрчилгээ гарсныг мэдээгүй” гэж тайлбарлаж байх боловч Хэрлэн сумын 00000 дугаар баг, … уурын зуухны урд талд 6000 м.кв газрыг Б.Б-д 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 00000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Тиймээс газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргаж өгөхийг, мөн тус аймгийн Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулахыг шаардаж нэхэмжлэгч Б.Б-д хэзээ, хэрхэн хүсэлтээ гаргаж байсан нь тодорхойгүй тул үүнийг тодруулах, мөн Б.Б нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл болон газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журамд заасны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, газар эзэмших гэрээ байгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаж байсан зэргийг тогтоох нь ач холбогдол бүхий гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхээр дээр дурдсан ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон
                                                                             ТОГТООХ нь:
    1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 127/ШШ2018/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                  Ц.ЦОГТ
ШҮҮГЧ                  Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР