| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2407000700157 |
| Дугаар | 2024/ДШМ/1215 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1215
2024 11 05 2024/ДШМ/1215
К.Б-эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганзориг,
шүүгдэгч К.Б-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч К.Б-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн К.Б-эд холбогдох 2407000700157 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.... овгийн ... Б..., 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр .. хотод төрсөн, .. настай, э..эгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ..-ийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .........../;
Шүүгдэгч К.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 13-8 тоотод С.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч С.С-ы цээж хэсэгт зэвсэг буюу хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хэсэгт хоёр, гуравдугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас К.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч К.Б-ийг “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Б-эд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-эд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-ээс 2.995.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нь хохирогчид нөхөн төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шүүгдэгч К.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч К.Б-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч К.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт үйлдэлд гэм буруутайгаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд бүрэн хүлээн зөвшөөрч оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 2.995.000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан, хор уршиг арилсан, хохирогч С.С нь гомдолгүй болохоо шүүхэд илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эхнэр нь нас барсан, ээж нь бие муутай, 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан ял шийтгэлийг хугацааны хувьд өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн улмаас хохирогч нь эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын санд 2.995.000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нь уг хохирлыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан гэсэн баримтыг гаргаж өгсөн байх тул шийтгэх тогтоолын “бусдад төлөх төлбөртэй” гэж дурдсан хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэй. Харин эрүүгийн хариуцлагын тухайд, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Хувийн байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн хутга буюу зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын хэсгийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч К.Б-эд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч К.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 13-8 тоотод С.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний цээж хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хэсэгт хоёр, гуравдугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/,
хохирогч С.С-ы “...“Асу” нэртэй дэлгүүрийн урд Б буюу Б, С, Б, З нартай таарсан. Б дэлгүүр орж нэг шил 0,75 литрийн “Чанар” нэртэй архинаас нэг шилийг авч бид нар Б-гийн гэрт очиж тухайн архиа хувааж уусан. Б намайг “Би шаавал шаана шүү” гэж хэлэхээр нь би “чиний шаадаг гэж юу байдаг” юм гэж хэлээд ширээний хажууд сууж байгаад аяга авч босож ус уух гээд Б-гийн хажуугаар зөрөөд гарах үед Б миний өмнөөс босож ирээд баруун гараа далайж миний цээж хэсэгт нэг удаа цохих шиг болсон. Тухайн үед миний цээжээр хөндүүрлэж би хутгалуулсан талаараа мэдээгүй, тэр шөнө С Б бид гурав Б-гийн гэрт хоноод маргааш өглөө 06 цагийн үед бие маш их өвдөж амьсгаа авч болохгүй, гэр рүүгээ явсан. Гэрт ээж ганцаараа байсан бөгөөд би өдөржин босож чадахгүй хэвтэж байгаад орой бүүр бие муудаад эмнэлэгт очиж үзүүлээд хутгалуулсан гэдгээ мэдсэн. ...” /хх 12-14/,
гэрч У.О-ийн “...Ах босож чадахгүй шингэн зүйл уусан ч бөөлжиж гаргаад биеийн байдал маш муу байсан. Би тухайн үед эмнэлэгт зүрхний хэм алдагдаж, таталт өгсөн гэж дуудлага өгч эмнэлгээс эмч ирж үзээд Налайх дүүргийн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт рентген зураг харуулахад зүрх хэсэгт хутгалуулсан юм шиг байна, нүх гарч амьсгаа авч чадахгүй байна гэж эмч хэлсэн. ... С үүрээр 05 цаг үед ирсэн гэж ээж хэлсэн. Хойд хаалганы хажууд хүн дуугараад байхаар нь гараад харахад С хэвтэж байсан гэж хэлсэн. С-гийн хувцасыг солих гэхэд босч чадахгүй, их зовуурьтай байсан. Эмнэлэг дээр хувцсыг нь тайлахад цус алдсан байсан. Гэрт цусны толбо болсон зүйл байхгүй. ...” /хх 17-18, 162/,
гэрч М.М-гийн “...Эмнэлгээс гарсан өдрийн дараа өдөр нь би Серкатай уулзахад Серка “би эргээд харахад Б гартаа хутга бариад зогсож байгаад цээж рүү хатгах шиг болсон. Хоёр газар хутгалсан байна гэж хэлж байсан. С Б-гийн гэрт очих үед зүв зүгээр байсан ямар ч зовуурь байгаагүй. Шөнө сэрэхэд Серка зүрх хэсэгт дараад ёолоод байсан. Өөр ил харагдах гэмтэл анзаараагүй. ...” /хх 146-153/,
гэрч С.А-ийн “...С хүнд хутгалуулсан байна, эмнэлэгт ирсэн байна гэж хэлж, би тэр өдрийн орой эмнэлэгт ирж мэдсэн. Эмнэлэгт хэвтэж ухаан ороод долоо хонож байсан байх “Б намайг хутгалсан, би мэдэж байгаа” гэж хэлж байсан. ...” /156-157/,
гэрч А.А-гийн “...Гэтэл хүмүүс гэрийн гадаа дуугарах шиг болж том хүү гарч харахад, С, С хоёр хашааны хойно ирсэн байсан. С босож чадахгүй байсан тул том хүү түшиж оруулж өгөөд шууд ажилдаа яараад яваад өгсөн. С босож чадахгүй байсан болохоор нь би архи уугаад хордлогод орсон байх гэж бодож байсан. С өдөржин хэвтээд бөөлжөөд байсан. Түргэн дуудахад шууд аваад эмнэлэг явсан. Шинжилгээ авч, рентген зураг харж хутгалуулсан байна гэж хэлсэн. Хувцас цус болсон зүйл байгаагүй. Би өдөржин хажууд нь байсан ч цус болсон зүйл анзаараагүй. ...” /хх 164-165/ гэсэн мэдүүлгүүд,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 33-34/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаар “...С.С-ы биед цээжний зүүн хэсэгт 2, 3 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус, хий алдалт, хуралдалт, гэмтэл тогтоогдсон. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгаж зүсэх үйлдлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 26-27/ гэсэн шинжээчийн дүгнэлт,
С.С-ы өвчний түүх /хх 49-114/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч К.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч К.Б-ийн хохирогч С.С-ы эрүүл мэндэд “...цээжний зүүн хэсэгт 2, 3 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус, хий алдалт, хуралдалт...” гэсэн хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хохирогч С.С-ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч К.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч К.Б-ийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Б-эд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч К.Б-ийн анх удаа гэмт хэрэгт ял шийтгэгдэж буй хувийн байдал, шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн гомдол саналгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялыг багасган 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.Бэрдэмбэкийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч К.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 2.995.000 төгрөгийг бүрэн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-ийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Б-эд 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бэрдэмбект оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч К.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд 2.995.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-ийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР