| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0259/Э |
| Дугаар | 493 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч И.Ариунсанаа ,
, хохирогч Ч.Энхболд.
хохирогчийн өмгөөлөгч С.Даваасүрэн ҮД:01-86,
хохирогч Ц.Оюунбилэг, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн ҮД:06-27,
шүүгдэгч ДБ
гэрч Н.Цогзолмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1955 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, ....
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 201625014494 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
ДБнь 2015 оны 10 дугаар сард Ц.Оюунбилэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95.1 дүгээр байрны 701 тоот 47.2 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 90.000.000 төгрөгөөр зарж өгөхөөр тохиролцож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Скай-Таун” хотхонд байрлах нотариатын газарт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Н.Цогзолмаад 33.600.000 төгрөгөөр зарж бусдад 76.240.391 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ДБмэдүүлэхдээ: Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг дур зоргоороо яллаж байна. Би Монгол улсын иргэн, хуулиар эрхээ адил тэгш хамгаалуулах эрхтэй. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг эсэргүүцэж байна. Энэ зүй тогтлын хувьд нийцэхгүй байна. Хууль дүрэм юу хамгаалдгийг би мэдэхгүй байна. Би залилан мэхлэх арга хэрэглээгүй. 2015 оны 09 сард манай дүү Ц.Оюунбилэг гэртээ урьсан юм. Оюунбилэг миний нагац эгчийн охин юм. Би нагац эгчийнхээ өвөр дээр хүн болсон. Манай аав Улсын цирк, ээж Дуурийн театрт ажилладаг байсан. Би циркэд тоглож хүн болсон. Би Оюунбилэг дүүгийнхээ гэрт очсон. Хохирогч Ч.Энхболдыг анх удаа харсан. Хохирогч надад мөнгөний хэрэг байна, та 3.000.000 төгрөгийг яаралтай олж өг гэж хэлсэн. Одоо мөнгө өгөх боломжгүй одоо үед мөнгө олох хэцүү гэж хэлсэн. 10 сард хохирогч Ч.Энхболд над руу залгаж ярьсан. Би байраа Ц.Оюунбилэгийн нэр дээр шилжүүллээ. Та уг байрыг ямар нэгэн арга хэрэглэж, мөнгө олоод өг би хөдөө явж махны ченж хийдэг гэж хэлсэн. Би багаасаа хүн юм гуйхаар татгалзаж чаддаггүй юм. Тэгээд зөвшөөрч ах нь тус болъё гэж хэлсэн. Харин чи хэлсэн ярьсандаа байгаарай гэж би хэлсэн. Хохирогч Ч.Энхболдод би 5.000.000 төгрөг өгсөн. Тухайн үед мөнгө олоход хэцүү байсан. Би Монголын банк бус санхүүгийн байгууллагаар явсан. Ц.Оюунбилэгийн нэрээр явсан чинь энэ таны байр биш учир танд мөнгө өгөх боломжгүй гэж хэлсэн. Одоо яах вэ гэж хэлсэн. Би тухайн үед банкны хуулга, тэмдэглэлийн дэвтэр, 1990 онд анх Бээжин орж байсан тул тэр үеийн тэмдэглэлээ авч очсон чинь та бизнесмэн хүн юм байна. Танд мөнгө өгөхөд саад байхгүй хэлсэн. Тухайн үед хэдэн долларуудтай орсон нь миний тэр тэмдэглэлийн дэвтэр байгаа. 1990 онд би 6000 доллар өвөртөлж Хятадын хилээр гарч байсан. Би төрөлхийн бизнесмэн хүн. Ингээд болохгүй байна гэж дүүдээ хэлсэн. Чиний байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авъя гэж хуулийн дагуу өөрийн нэр дээр болгосон. би муу нэртэй болохоос хуулийг маш их хүндэлдэг. Орос, Герман хүмүүжилтэй гэж өөрийгөө боддог. Би худлаа хэлж чаддаггүй. Яаралтай учир хохирогч Ч.Энхболдод 5.000.000 төгрөгийн өгсөн. Би давхар нэг санаа хэлсэн юм. Янз бүрийн эрсдэл гарч магадгүй, цаг үе ийм, бизнесмэн хүмүүст янз бүрийн алдаа гардаг учир эцсийн эцэст байдал эвгүй болвол Сансарын нэг өрөө байрыг дүү Оюунбилэгт, хохирогч Ч.Энхболдод өмнө 5.000.000 төгрөг өгсөн болохоор 30.000.000-35.000.000 төгрөгийг өгье гэж бодсон. Би автомат тоглоом тоглуулдаг. Маш их мөнгө олж байсан. Би автомат тоглоомын газартай эзэн гэж явдаг. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байгаа. Тухайн үед байр авах мөнгөтэй хүн байгааагүй. Би андуураагүй бол 2015 оны зар сонин дээр гэрч.Цогзолмаа гэдэг хүний утас байгаа. Бэлэн 50.000.000 төгрөгөөр байр авна гэж зар өгсөн байсан. Би холбогдож Цогзолмаагийн нэр дээр байрын гэрчилгээгээ шилжүүлж, би 50.000.000 төгрөг авна гэж үл хөдлөх дээр очсон. Цогзолмаа эхнээсээ өгөхгүй гэсэн зорилготой байсныг ойлгож байгаа. Одоо хүртэл үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа. 50.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Урьдчилгаа 25.000.000 төгрөг өгч хохирогчийн байрыг надаас өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Хохирогч Ч.Энхболд над руу байнга утасдаж мөнгө мөнгө гэж хэлдэг байсан. 2015 онд хохирогч Ч.Энхболдыг таньдаггүй байсан. Дараа нь мэддэг болсон юм. 2015 оны 11 дүгээр сарын 02-нд урьдчилгаа 25.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгийг нь дараа өгнө гэсэн. 2016 оны 06 дугаар сарын 20-нд 25.000.000 төгрөгийг Цогзолмаа өгөхгүй бол би байраа буцаан авна гэж бичиг хийлгэж авсан. Надад эх хувь байгаа. Хавтаст хэрэгт хуулбар нь байгаа. Ийм зүйл болсон гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Энхболд мэдүүлэхдээ: Би 2009 онд Ц.Оюунбилэгтэй Солонгост танилцаж хамт амьдарсан. Бид хоёр 2010 онд 2 өрөө байрыг 50.000.000 төгрөгөөр авсан. 2012 онд байрны гэрчилгээ миний нэр дээр гарсан. Миний нэр дээр 3 жил болсон. Солонгоос Ц.Оюунбилэгийг ирэхэд үр хүүхэдгүй юм чинь байраа зарж мөнгөө хуваая гэж хэлсэн. Тухайн үед манай байр 90.000.000 сая гэж байсан. Би байнга хөдөө ажилтай, ирж очин байхад Ц.Оюунбилэг над руу ярьж манай нэг ах байр зардаг гэнэ. Чи нэг хүрээд ир гэж хэлсэн. Би 9 сарын сүүлээр ирсэн. Гэрт байж байхад Болдыг утсаар дуудсан юм. Оюунбилэг бид хоёр цай хоол идэж байхад Болд орж ирж байр үзэж харж явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Оюунбилэг над руу яриад Болд ах байрны ордерийг миний нэр дээр бэлэглэлийн гэрээ хийгээд өгчих, тэгвэл мөнгө хурдан гаргаж өгнө гэж байна гэж надад хэлсэн. Би тэгье миний мөнгийг гаргаж өгвөл би хамаагүй гэж хэлсэн. Намайг дуудаж Сүхбаатар дүүргийн нотариатчид ир гэсэн. Тухайн үед очиход нотариатч хаалттай байсан. Болд гуай Оюунбилэгийг машиндаа суулгачихсан ирсэн юм. Бид гурвуулаа Баянзүрх дүүргийн нотариатч дээр Болдыг дагаж орж бэлэглэлийн гэрээ хийсэн. Бид хоёрт мөнгө байгаагүй учир Болд 50.000 төгрөг өгч та хоёр наад гэрээгээ хийчих гэхээр хийж бичиг баримтаа энэ хоёр авч үлдэж би шууд явсан. Маргааш нь би Завхан явсан. Нэг сарын дараа Ц.Оюунбилэгтэй юу болж байна гэж ярихад болохгүй болсон гэсэн. Би залгаж юу болж байгааг асуухаар ерөөсөө ярьдаггүй. Би мөнгө эсвэл байрны гэрчилгээгээ аваад ир өөрсдөө янзалъя гэж 1 жил ярьсан. 2015 оны 11 дүгээр сарын 4-нд байрны гадаа машинаа засаж байхад Болд 5.000.000 төгрөгийг авчирч өгсөн. Удахгүй 40.000.000 төгрөгийг авчирч өгнө, миний дүү энэ байранд байх ёстой гэж хэлэхээр за гээд 5.000.000 төгрөгийг авч гарын үсэг зурсан үнэн. Түүнээс хойш Болд утсаа авахаа больсон. Оюунбилэгээс асуухаар ах мэдэж байгаа зүгээр гэж явсаар байгаад ийм зүйл болсон. Дараа нь Цогзолмаа гарч ирсэн. Нэг хөдөөнөөс ирэхэд Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн албанаас бичиг нааж байраа сулла гэсэн. Би тэрийг ах дүү нартаа үзүүлж ийм зүйл болсноо хэлэхэд одоо хөөцөлд гэхээр нь Болд руу ярьсан ийм зүйл боллоо гэж хэлсэн. Та хүрээд ир гэж хэлэхэд худлаа яриад ирээгүй. Тухайн хүмүүс сар намайг хүлээсэн. Би байраа түгжээд хөдөө явсан. Тэгтэл хүчээр нүүлгэж бүх тавилгыг 100 айлын байрны подвальд хураасан байсан. Тэрийг би өмгөөлөгч, ах дүү нартайгаа очиж машинд ачиж явсан. Би 3.000.000 төгрөг хурдан авч ир гэж Болдыг дарамтлаагүй. Надад мөнгө авчирч өг эсвэл байрны гэрчилгээ авчирч өг гэж хэлсэн. Та хүний хөрөнгө авч явсан гэж хэлдэг байсан. Ах нь чамайг хуураагүй ах нь гадаадаас одоо ирж байна одоохон зохицуулна гэж хэлээд л таг. Ярихаар хуралтай завгүй гэж хэлж тасалдаг. Болд над руу залгадаггүй би л залгаж ярьдаг байсан. Оюунбилэг рүү залгаж ах чинь юу гэж байна, одоо ярь гэж хэлдэг. Би байраа буцаан авмаар байна. Болд Цогзолмаад мөнгө төгрөгийг нь өг, Би Болдод 5.000.000 төгрөгийг шилжүүлж өгье, түүний дараа Оюунбилэг бид хоёр учир зүйгээ олно гэдэг байсан гэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оюунбилэг мэдүүлэхдээ: Би Ч.Энхболдтой 2008 онд Солонгост танилцан 2010 онд хамтран амьдарсан. Бид хоёр мөнгө хурааж уг байрыг авсан юм. Анх гэрчилгээ нь Ч.Энхболдын нэр дээр гарсан юм. Тухайн үед ажил хийж бид хоёр мөнгөө хурааж байр авснаас биш 20.000.000-30.000.000 төгрөг тал талаасаа гаргасан асуудал байхгүй. Эрэгтэй хүн илүү цалин авч байсан учир Ч.Энхболд ийм зүйл ярьж байгаа байх. Ч.Энхболд хөдөө орон нутагт өөр хүнтэй болж, хоёулаа байраа зарж мөнгийг нь хувааж авах талаар ярилцсан. Уг байраа 90 саяаар зарж мөнгөө тэнцүү хувааж авахаар болсон. Намайг байраа зарах талаар зар өг гэсэн. Тухайн үед 2015 онд байр зарах зар өгөхөд нэг ч хүн холбогдоогүй. Тэгтэл Ч.Энхболд байр зарах зараа хурдан өг, яагаад зарахгүй байгаа юм гээд байсан. Б.Болд нь манай ээжийн эгчийн хүүхэд юм. Намайг Ганданд ээжийн гэрт байхад Б.Болд ах байж байсан. Утсаар ярьсны дараа ахын дүү байраа зарах гэж баайгаа юм уу гэхээр нь тийм гэж хэлсэн. Дараа нь ДБахыг ярихад байр зарах зар өгөөд нэг ч хүн холбогдоогүй, байраа 90.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Ах нь зараад өгье. Ах нь өөрийнхөө байрыг өөрийн болгож авч байгаа гэсэн. Надаас байрны гэрчилгээ хэний нэр дээр байдаг вэ гэхээр нь Ч.Энхболдын нэр дээр байгаа гэж хэлсэн. Чи өөрийнхөө нэр дээр байрны гэрчилгээгээ шилжүүлжээд ав гэсэн. Ах байр зарж өгөхөөр болсон. Манай байрыг үзэж харахаар гэрт ирсэн. Тухайн үед Ч.Энхболдод манай ээжийн дүүгийн хүүхэд манай байрыг зарж өгье гэсэн, зар өгөхөөр хүн холбогдож асуухгүй байна гэж хэлсэн. Үүнийг Ч.Энхболд зөвшөөрсөн. Би үл хөдлөх хөрөнгө зуучилдаг хүмүүсээр байраа заруулах уу гэхэд тэд нар илүү хувь авдаг гэж Ч.Энхболд хэлсэн. ДБахаар заруулахаар болсон. Баянзүрх захын нотариатаар орж бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр байрны гэрчилгээгээ шилжүүлсэн. ДБах хэсэг хугацааны дараа чиний нэр дээр болохоор байр зарж болохгүй байна. Манай найз үл хөдлөхийн байрны ченж хийдэг. Ахынх нь нэр дээр уг байрны гэрчилгээ байвал авъя гэсэн гэж надад хэлсэн. Түүнээс болж байрныхаа гэрчилгээг ахын нэр дээр шилжүүлсэн. Ч.Энхболд над руу яриад байраа яасан бэ гэхэд нь байр зарагдаагүй байна гэж хэлсэн. Би хөдөө орон нутаг руу явах гээд байна. Надад мөнгө хэрэгтэй байна. 3.000.000 төгрөг олж өг гэсэн. Үүнийг ДБах руу ярьж хэлсэн. 2016 онд Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж ДБахаас байрын гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиход таны байрны ордер өөр хүний нэр дээр гарсан байна гэж миний нэр дээр уг байрыг шилжүүлж өгөөгүй. Би 2 өрөө байраа өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна. Намайг байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Энхболдын:...Тухайн үед 09 дүгээр сард уг байр 90 сая төгрөгийн үнэтэй байсан ба тэр цаг хугацаанд бид хоёр мөнгөө 45, 45 сая төгрөгөөр хувааж авах тохироотой байсан. Тэрнээс хойш надад 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 5 сая төгрөгийг Болд ах надад авчирч өгсөн, тэгэхдээ байр зарагдаагүй байна. Үлдсэн 40 сая төгрөгийг сарын дараа авчирч өгнө гэж хэлээд явсан. Тэр үедээ Болд нь байрыг Цогзолмаад зарсан байсныг сүүлд Цогзолмаагаас сонсож мэдсэн. Тэгэхэд Болд Цогзолмаад 50 сая төгрөгөөр зарна гэж амаар тохирч гэрээгээ хийгээд татвар хураамж бага төлөх зорилгоор 30 сая төгрөгөөр гэрээ хийгээд гэрээ хийсэн өдрөө 25 сая төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 8 сая төгрөгийг 2016 оны 06 сард өгсөн гэж Цогзолмаа нь хэлдэг юм. Одоо Цогзолмааг нь харахад намайг 2015 оны 10 дугаар сарын сүүлээр гэртээ байхад Болд над руу яриад гэртээ байна уу гэхээр нь би байна гэхэд байрыг чинь хүнд үзүүлэх гээд байна чи дуугүй байгаарай гэж хэлсэн. Тэгээд нэг эмэгтэй дагуулж орж ирээд хоёулаа тойрч үзээд гараад явсан эмэгтэй мөн байгаа юм. Тэгээд Болд над руу яриад энэ эмэгтэй мөнгөгүй юм байна, байрыг чинь авахгүй юм байна гэж хэлж байсан. Тэгэхээр тэр өдөр байр үзүүлж гараад худалдах-худалдан авах гэрээгээ хийсэн юм шиг байна лээ..гэх мэдүүлэг /хх-н 29, 248-р тал/
Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Ц.Оюунбилэгийн:..Надад эд хөрөнгийн болон сэтгэл санааны маш их хохирол байна. Болд ах анх миний найз үл хөдлөх хөрөнгө худалдаалдаг, чи байраа ахынхаа нэр дээр шилжүүлчих, тэгвэл зарагдах гээд байна гэж хэлсэн. Тэгээд би Болд ахад шилжүүлж өгсөн. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Болд ахыг байрыг нь зараад өгчих байх л гэж бодож байсан...
... Болд ахаас асуухаар болно би давж заалдаж байгаа, Цогзолмаагаас авсан мөнгө нь бүгд банкинд хадгалаастай байгаа. Энхболд авсан 5 сая төгрөгөө өгчихвөл нэмээд мөнгийг нь өгөөд байрыг чинь буцаагаад аваад өгнө гэж хэлж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд утсаар яриад юу болж байна гэхэд бас л дээрх үгийг хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-н 180, 249-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Цогзолмаагийн:... 2015 онд би байр авна гээд зар тавьсан байсан. Шуурхай зар сонинд зар өгсөн байсан. Тэгтэл нэг өдөр Болд ах залгасан. Байр авна гэсэн үү гэж хэлсэн. Тэгээд хаана байрлалтай талаар асуухад 13 дугаар хороололд гэсэн. Тэгээд ч миний төлөвлөж байсан газар байсан болохоор үзэж харъя гээд утсаа залгасан. Тэгээд маргааш буюу нөгөөдөр нь дахиж залгаад байраа үзүүлье гээд намайг 25 дугаар эмийн сангийн тэндээс өөрийн “Приус-20” машинтайгаа ирж аваад байраа үзүүлсэн. Тэр үед 10 дугаар сарын 27, 28 байсан. Байрыг үзэхэд Энхболд байсан. Тэгэхдээ тэр үед би танидаггүй байсан. Болд дүүгээ цайны цагаар дуудсан гэж хэлж байсан. Тэгээд Болд өөрөө за за гээд сүр сар гээд их яаруу үзүүлсэн. Надад нэг их таалагдаагүй гарсан. Тэгтэл Болд ах чи хаашаа явах юм бэ гэхээр нь хотын төв орно гэж хэлсэн. Би ч нэг их таалагдаагүй мөнгө ч дутуу байсан болохоор ярьсан зүйлгүй байж байтал Болд хоёр хоногийн дараа залгаад яасан миний дүү гэхээр нь нар үзэхгүй юм байна лээ, тэгээд ч миний мөнгө дутуу байгаа 25 сая төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь линзингээр авах гэж байгаа юм гэхэд Болд ах зөвшөөрсөн. Би тухайн үед баярлаад ямар сайн ах вэ гэж бодсон. Тэгээд би Болдод 25 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 24.400.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд өгнө гэсэн бичиг хийж өгсөн байгаа. Тэгээд нийт 50 сая төгрөг болсон. 2016 оны 07 дугаар сарын 23, 24-ний орчим Болдтой ярихад сайн уу миний дүү гээд инээд алдаад ах нь яг чамтай ярих гэж байлаа гээд мөнгөө бэлдсэн үү гэсэн. Тэгэхээр нь би 10 сая төгрөг бэлэн байна. танд би 8 саяыг нь өгнө та хүнээ гаргаад 2 сая төгрөгийг нь ав гэж хэлсэн. Голомт банк ороод Болдын дансанд 8 сая төгрөг хийсэн...Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 22–нд шүүх хурал болоод 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс албадан чөлөөлүүлсөн...гэх мэдүүлэг /хх-н 34-35-р тал/
- “Вендо” ХХК-н хийсэн эд хөрөнгийн үнэлгээ /хх-н 208-218-р тал/
- Иргэний шүүхийн шийдвэр, магадлалууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: ДБнь Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нарын орон сууцыг чинь худалдаж өгнө гэж залилан мэхэлж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 95 /1/ байрны 701 тоот 47.2 мкв өрөө орон сууцыг Ч.Энхболдын өмчлөлд 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш байсныг, Ц.Оюунбилэгт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлж, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ДБнь өөрийн нэр дээр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч 2015 оны оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.Цогзолмаад худалдах-худалдан авах гэрээ хийж худалдан байрны үнийг өөрөө хэрэглэсэн үйл баримт болсон байна. /1-р хх-н 94-р тал, 2-р хх-н 5-р тал/
ДБнь 2015 оны 10 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нарыг хуурч мэхлэн Ч.Энхболдын өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95 /1/ дүгээр байрны 701 тоот 47.2 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 90.000.000 төгрөгөөр зарж өгөхөөр тохиролцож, өөрийн хамаатан болох Ц.Оюунбилэгийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн,мөн дараа нь өөрийн нэр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч иргэн Н.Цогзолмаад худалдаж бусдад 76.240.391 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч нарын болон гэрчийн мэдүүлэг, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, оролцогчдын хооронд хийсэн бичгийн гэрээ, иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Б-н гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч ДБнь хохирогч Ц.Оюунбилэгийн садан төрөл болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Д.Бн болон хохирогч Ц.Оюунбилэг нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч Ц.Оюунбилэгийн өөрийн ээжийн гэрт ДБирсэн байх үед Оюунбилэгийг орон сууцаа зарах талаар хохирогч Ч.Энхболдтой утсаар ярьж байхыг сонсч Д.Болдод тэднийг залилан мэхлэх сэдэл нь төрж ах нь байрыг зарж борлуулж өгье гэхэд тэднийг зөвшөөрүүлж байгаа үйлдэл нь садан төрлийн харилцаагаа ашиглаж итгэлийг нь урвуулан ашиглаж орон сууц өмчлөх эрхийг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч 90.000.000 төгрөгөөр зарах эд хөрөнгийг иргэн Н.Цогзолмаад хямдхан 50.000.000 төгрөгөөр зарж урьдчилгаа 33.600.000 төгрөгийг авч ашигласан байна. Өөрөөр хэлбэл Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нарын орон сууц өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээ хэлцэл хийж залилах арга хэлбэрээ болгосон байна.
Иймд Д.Б бусдыг залилах гэмт хэргийн шинж болох урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдыг залилсан гэж үзэх үндэстэй байна.
Мөн хохирогч Ц.Оюунбилэгийг залилах үйлдлээ үргэлжлүүлэн өмчлөх эрхийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргуулж хариуцагчийн талд өөрөө оролцон зөвшөөрсөн маягаар хариуцагчийн зөвшөөрлийг батлуулан иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийг гаргуулсан байна. /1-р хх-н 56-58-р тал/
Залилан мэхлэх гэмт хэргийн гол шинж бол бусдыг төөрөгдөлд оруулж өнгөн дээрээ гэрээ хэлцэлтэй байгаа мэт боловч хууль бусаар гэрээ хэлцэл хийж захиран зарцуулах эрхийг өөртөө олж авч бусдаас авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй, шунахай сэдэлттэй, санаатай хүсч үйлдсэн шууд идэвхтэй үйлдэл байдаг.
Шүүгдэгч ДБнь идэвхтэй үйлдлээр Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нарын орон сууц өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээ хэлцэл хийж өөрийн өмчлөлд шилжүүлэн захиран зарцуулах эрхийг олж авч байрыг худалдаж үнэ төлбөрийг өөрөө захиран зарцуулж байрны үнийг төлөөгүй үйлдэл нь бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 95 /1/ байрны 701 тоот 47.2 мкв орон сууцыг хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК нь 76.240.391 төгрөгөөр үнэлсэн байх ба шүүгдэгч Д.Болдыг бусдад нь 76.240.391 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг их хэмжээнд тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч ДБнь залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхдээ бусдад их хэмжээний хохирол учруулсан байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Бн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Хохирогч Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нар нь орон сууцаа өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авахыг хүсч мэтгэлцэж байна.
Иргэн Н.Цогзолмаад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны 95 /1/ байрны 701 тоот 47.2 мкв орон сууцыг худалдахдаа Болд нь Ц.Оюунбилэгээс худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч мөн Н.Цогзолмаад худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тул Н.Цогзолмаа нь Д.Болдыг уг байрны өмчлөгч нь биш болохыг мэдэх боломжгүй бөгөөд байраа суллаж өгөхгүй болохоор шүүхэд хандаж анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №101/ШШ2016/05925 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №1107 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №001ХТ201701100 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна. /2-р хх-н 6-12-р тал/
Иргэний хуулийн 114 дугаар зүйлийн 114.1-д... Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж хуульчилжээ.
Иймд Н.Цогзолмааг уг байрыг өмчлөх эрхийг шударгаар олж авчээ үзэх үндэслэлтэй байна.
Иргэн Нямаагийн Цогзолмаа /РД:ШВ65022465/ нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандсанаар уг байрны өмчлөгч болж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх №000454004 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /2-р хх-н 5-р тал/
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д... үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж хуульчилжээ.
Хохирогч Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нар уг үл хөдлөх орон сууц өмчлөх эрх дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас /өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилжээ.
Иймд байрыг хохирогч нарт буцаан өгөх боломжгүй болсон байна. Хохирогч Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нар нь орон сууцаа тухайн үеийн зах зээлийн ханшаар 90.000.000 /ерэн сая/ төгрөгөөр зарж борлуулахаар тохирсон байх боловч ДБнь Ц.Оюунбилэгээс орон сууц худалдах-худалдан авах гэрэээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч иргэн Н.Цогзолмаад 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр худалдсан, хөрөнгийн үнэлгээний “Вендо”ХХК-н үнэлгээгээр 76.240.391 төгрөгөөр үнэлэгдсэн байна. /1-р хх-н 27, 208-214-р тал/ Энэ үнэлгээнд хохирогч Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нар маргахгүй байна. Анх уг байрыг худалдаж авахад Ч.Энхболдоос 30.000.000 төгрөг, Ц.Оюунбилэгээс 20.000.000 төгрөг гаргаж байсан болон Ч.Энхболд нь 5.000.000 төгрөгийг өгсөн талаар хохирогч нар мэдүүлж байх тул энэ байдлыг харгалзан шүүгдэгч Д.Болдоос хохирлыг гаргуулахдаа Ч.Энхболдод 45.000.000-5.000.000=40.000.000 төгрөгийг, Ц.Оюунбилэгт 31.240.391 төгрөгийг олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ДБнь энэ гэмт хэргийг 2015 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 02-ны хооронд үйлдсэн байна.
Тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан гэмт хэрэгт эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан байсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл торгох ялаар шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилжээ.
Иймд Д.Бн гэм буруугийн үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байна.
Шүүгдэгч ДБнь Дархан-Уул аймгийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 .3-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг хэрэг нь Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээр хянагдаж, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №42 дугаартай магадлалаар хянагдсан, мөн Улсын Дээд Шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №201 дугаартай шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Болдын үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон 2 жил 08 сарын хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүгдэгч Д.Болдод 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялыг хүчингүй болгож өөрчилсөн болох нь УДШүүхийн Хяналтын Шатны Эрүүгийн Хэргийн Шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №201 дугаартай тогтоолоор тогтоогдож байна. /2-р хх-н 118-121-р тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч ДБнь 2016 оны 09 дүгээр сард бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт Дархан-Уул аймгийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж уг хэрэг нь Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээр 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №42 дугаартай магадлалаар хянагдсан, мөн Улсын Дээд Шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №201 дугаартай шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Болдын үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон 2 жил 08 сарын хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Болдод оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялыг хүчингүй болгон 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдсан байх тул шүүгдэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх замаар биечлэн эдлэх ялыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдал доордохгүй гэж үзлээ.
Шүүгдэгч ДБнь Дархан-Уул аймгийн шүүхийн 1978 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №24 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3, 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 19–ний өдрийн №424 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127.2, 225.2, 224.3-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №65 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 09 сарын ялыг хугацааны өмнө тэнссэн суллагдсан, Дархан-Уул аймгийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Дархан-Уул аймгийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж УДШүүхийн Хяналтын Шатны Эрүүгийн Хэргийн Шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №201 дугаартай тогтоолоор 2 /хоёр/ жил 08 /найман/ сарын хорих ял болон өөрчлөгдөж уг ялаа эдэлж болох нь таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол, хяналтын шатны шүүхийн тогтоол зэргээр тогтоогдож байна. /1-р хх-н 71-91, 227-231-р тал/
Шүүгдэгч ДБнь Дархан-Уул аймгийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, түүнээс хойш одоог хүртэл цагдан хоригдож байгаа болох нь шүүхийн шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна.
Иймд Д.Б 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 10-ныг хүртэл нийт 354 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох үндэстэй байна.
Энэ хэрэгт холбогдууулан Д.Б унаж явсан 23-27 УБС улсын дугаартай “Приус-20” маркын автомашиныг битүүмжилсэн байх боловч өмчлөгч нь Бэндэръягийн Нина болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй байна. /1-р хх-н 24, 26-р тал/
Шүүгдэгч ДБнь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Б өндөр настай байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоов.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдыг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ДБг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймгийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №122 дугаартай шийтгэх тогтоол болон УДШүүхийн Хяналтын Шатны Эрүүгийн Хэргийн Шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №201 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 08 /найман/ сарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 /таван/ жил 08 /найман/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Б оногдуулсан 5 /таван/ жил 08 /найман/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Б цагдан хоригдсон 354 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт Д.Б унаж явсан 23-27 УБС улсын дугаартай “Приус-20” маркын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгч Бэндэръяагийн Нинад /РД:ЧЙ46082562/ буцаан олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Бс 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг Чулуунбатын Энхболдод /РД:ИЦ80121278/, 31.240.391 /гучин нэгэн сая хоёр зуун дөчин мянга гурван зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийг Цэрэндоржийн Оюунбилэгт /РД:ЧЙ79042466/ тус тус гаргуулан олгосугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ