Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1216

 

 

 

 

 

 

 2024            11            05                                         2024/ДШМ/1216

 

      О.Х-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ууганзаяа,

хохирогч Г.Г,

шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Д.Жаргал, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир  даргалж, шүүгч Ц.Амар, шүүгч Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/1006 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Г, шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Х-д холбогдох 2408000000756 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ийн Х, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр  ... аймагт төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, /РД: .../;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 881 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ялыг биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЗ/2663 дугаар шүүгчийн захирамжаар 30 хоногийн хорих ялаар сольж, хорих ялаа 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эдэлж дууссан.

Шүүгдэгч О.Х нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 9-40 тоотод гэртээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутын орчимд хохирогч Г.Г-тай тохиолдлын шинжтэй тухайн цаг хугацаанд үүссэн маргааны улмаас зэвсэг буюу хутга хэрэглэж хохирогчийн цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь “эгмийн гадна доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушги гэмтээж хатгагдсан шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралт, баруун уушгины бүрэн бус авчилт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас О.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Х-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар
О.Х-гийн эдлэх 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Х-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-гаас 2.772.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-гийн хүүхэд болох М-ийн М /РД:...../-ийн асран хамгаалагч томилох асуудлыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад үүрэг болгож, шүүгдэгч О.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, О.Х-гийн эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор
шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Х-гийн өмгөөлөгч Д.Жаргал хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Х нь хэрэг гарснаас хойш өөрийн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж, хохирогч Г.Г-ын асаргаа сувилгааг өөрийн биеэр хийж, Г.Г-ын эмчилгээний төлбөрт 400.000 төгрөг төлсөн. “Ази фарма мед” ХХК-ийн эмийн сангаас 110.162,12 төгрөгийн эмчилгээг Г.Г-ад авч өгсөн байдаг. Цагдаа, прокурор, шүүхийн шатанд О.Х нь хохирогчийн эмчилгээнд зориулж төлсөн төлбөрүүдийн баримтаа хэрэгт хавсаргуулаагүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгапын ерөнхий газарт төлөх ёстой төлбөр 2,772,000 төгрөгийг шийтгэх тогтоол гарсанаас хойш О.Х-гийн ар гэр төлсөн байна.

Миний үйпчлүүлэгч нь анхнаасаа гэм буруу дээр маргах маргаан байхгүй үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа мөн бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж О.Х-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээнээс доош нь татаж эдлэх ялын хугацааг багасгаж өгнө үү.

О.Х-гийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, бага насны хүүхэдтэй, гэм буруу дээрээ маргаан байхгүй хэргээ анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлдэг, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гамшиж байгаа зэрэг байдлыг харгалзан  үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Х хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Буруутай зүйл хийснээ ойлгож, алдаагаа ухаарч байна. Ээж байх эрхийг минь бодож үзээд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Өөрийн хийсэн буруутай үйлдлээс болж гэр бүлээ салгасандаа маш их харамсаж байна. ...” гэв.

Хохирогч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд О.Х намайг сахиж, эм тарианы зардал, эмнэлгийн зардал болох 400.000 төгрөгийг төлж намайг асарж байсан. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамтран амьдарч цуг байсан бөгөөд эмнэлгээс гараад 7 хоноод ажил төрөлдөө явсан. Одоо эрүүл саруул ажил хийгээд явж байгаа. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Х-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хүү Мөнхжин, эхнэр О.Х хоёртой минь дахин хамт амьдрах боломж олгож өгнө үү. Миний буруутай үйлдлээс болж ийм зүйл болсонд харамсаж байна. ...” гэв.

Прокурор Э.Ууганзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс гарсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх байр суурьтай байна. Шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан тул уг шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч Г.Г, шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгч О.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Х нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 9-40 тоотод гэртээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутын орчимд Г.Г-тай үүссэн маргааны улмаас хутга хэрэглэн Г.Г-ыг цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь “эгмийн гадна доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушги гэмтээж хатгагдсан шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралт, баруун уушгины бүрэн бус авчилт” гэсэн хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/,

хохирогч Г.Г-ын “...2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр найз Б-д хороололд архи ууж тэндээ хоноод маргааш өдөр 2024 оны 04 дүгээр сарын 09-нд 13 цагийн үед эхнэр ирж намайг аваад бид хоёр гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байтал эхнэрийн ажлын эмэгтэй Мийгаа ирээд бид гурав нэг шил архи уусан. ...ээж С гаднаас орж ирсэн ба Б руу уурлаж “яагаад хүүхэд уруу татаад архи уугаад байгаа юм” гээд маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би найз Баатарзулыг өмөөрч ээж С-тай маргалдаж байтал эхнэр Х над руу уурласан. Тэгэхээр нь би уурлаад эхнэр Хгийн нүүр лүү 1 удаа алагдсан юм. Тэгтэл Х уурлаад гал тогооноос шар иштэй хутга барьж ирээд шууд миний баруун цээж хэсэгт 1 удаа хутгаар дүрсэн. Тэгээд миний цээжнээс цус гарсан ба ээж цагдаа дуудаж төд удалгүй цагдаагийн алба хаагч нар болон эмнэлгийн түргэн тусламж ирж миний шархыг цэвэрлээд боолт хийчихээд яваад өгсөн. ...” /хх 15, 17/,

гэрч Б.С-гийн “...манай хүү Г.Г, бэр охин О.Х, хүүгийн найз З, бэр охин найз М дөрөв байж байсан. Намайг ирэхэд З дээгүүрээ хөнжил нөмрөөд хэвтсэн ба би З дээр очоод ... яах гэж хүүхэд уруу татаж архи уугаад байдаг юм бэ? гэхэд Зулаа манай хүү Г-ад танай ээж чинь намайг загнаад өшиглөөд байна гэхэд, хүү Ганбат над руу үнсний сав аваад шидсэн. Тэгээд Х нөхөр Г руу уурлаж эхэлсэн ба Г Х-гийн нүүр хэсэгт нэг удаа алгадсан, тэгээд хэрэлдэж байгаад Х гал тогооноос шар ногоон өнгөтэй, 20 см урттай хутга аваад Г-ын баруун эгмийн доод талд нэг удаа хутгалаад буцаагаад гал тогооны шургуулганд хутгаа авчраад хийсэн. ...” /хх 20/,

гэрч Э.Б-ын “...би ажлын газрын залуу болох Г-тай хамт хорооллын эцэст архи согтууруулах ундаа хэрэглээд бага зэрэг согтсон байсан. Г-ын эхнэр Х өглөө машинтайгаа нэг эмэгтэй найзтайгаа ирсэн ба Г бид хоёрыг аваад шууд Алтан-Овоод байрлах гэртээ ирсэн. Тухайн үед гэрт Ганбатын ээж Сарантуяа эгч гэрээс гараад явсан ба явсан хойгуур нь Х, Г бид хэд голдоо 1 шил архийг хуваан ууж согтсон ба бүгдээрээ согтоод унтах гээд байж байтал Сарантуяа эгч гаднаас ороод ирсэн. Тэгтэл Сарантуяа эгч над руу уурлаж яагаад дандаа манай хүүхдийг уруу татаж архи уугаад байдаг юм гээд уурласан, найз Г намайг өмөөрөөд ээж рүүгээ уурлаж бид нар архи уусан ч ер нь яадаг юм гээд маргасан. Тэгтэл Г-ын эхнэр Х гэнэт уурлаад хадам ээжийгээ өмөөрөөд хэрэлдээд байж байтал Г Х-гийн нүүр рүү 1 удаа алгадсан ба Х уурлаад гал тогооны шүүгээнээс шар өнгийн иштэй хутга гаргаж ирээд Г-ын цээж хэсэгт 1 удаа хатгасан. ...” /хх 30/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр  сарын 17-ны өдрийн 4919 дүгээр “...Г.Г-ын биед баруун эгмийн гадна доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушги гэмтээж хатгагдсан шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралт, баруун уушгины бүрэн бус авчилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. ...” /хх 66-68/,

2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1445 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хөндлөн оруулгатай шар өнгийн бариултай хутга адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн оруулгатай шар өнгийн бариултай хутга дээрээс гарын мөр илрээгүй. ...” /хх 74-75/,

2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2330 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цусны ул мөр илэрсэн, бусад биологийн ул мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь хүний цус байна. Уг хутган дээр илэрсэн цусны ул мөр нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй байна. ...” /хх 80-81/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч О.Х-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Х-г хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд “...баруун эгмийн гадна доод хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушги гэмтээж хатгагдсан шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралт, баруун уушгины бүрэн бус авчилт...” гэсэн хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Х-д 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогч Г.Г, шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Д.Жаргал нараас “...О.Х-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх  агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч шийдвэрлэлээ.  

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан давж заалдах шүүхийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч О.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн хохирогчийн “...гомдол саналгүй, О.Х-гийн хүүхэд болох 8 настай М-ийн М-гийн ирээдүйн хүмүүжил...” зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээг хөнгөрүүлэн 4 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.  

Шүүгдэгч О.Х нь шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор заасан нийт 2,772,000 төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол гарсаны дараа бүрэн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-гийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/1006 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Х-д 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Х иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 2,772,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-гийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 


           ДАРГАЛАГЧ,

                                            ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

                     ШҮҮГЧ                                             Л.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР