Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/02233

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02695 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Б.Бтай 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон. Б.Б нь гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж гэрээг бичгээр байгуулж3 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай гэж гэрээнд тусгасан. Нийт 5 600 000 төгрөгийн төлбөрөөс бэлнээр болон дансаар 1 450 000 төгрөг төлсөнүлдэгдэл 4 150 000 төгрөг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүрэг 4 150 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 81 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй. Зээлийн гэрээнд 3 хувийн хүүтэй гэж тохиролцсон нь нэг удаа 3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Шүүх гэрээний энэ заалтыг тайлбарлахдаа үгийн утгыг анхааралгүй буруу тайлбарласан. Түүнчлэн гэрээний 3.3 болон гэрээний бусад заалтуудад 4 сарын хугацаанд хүү тооцож төлөх үүрэг хүлээсэн агуулга огт байхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлгүйгээр тооцсон 3 сарын хүү болох 450 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 150 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Д.Б болон Б.Б нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 5 000 000 төгрөгийг мөн өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай 3 хувийн хүүтэй зээлэхээр, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болон хариуцагч нь зээлийн төлбөрт 1 450 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Хариуцагч нь уг зээлийн төлбөрөөс бэлнээр 1 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, дансаар 450 000 төгрөг төлсөн болох нь Хаан банк ХХК дахь Д.Бгийн эзэмшлийн дансны хуулгаар тогтоогдсон. Харин гэрээнд зээлийн хүү 3 хувь гэж заасан нь маргааны зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зохицуулсан. Иймд гэрээний 3.3-т зээлийн хүү 3 хувь гэж зааснаас үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх нийт хугацааны зээлийн хүү 3 хувь гэсэн агуулгатай байна.

 

Иймд дээрх зээлийн гэрээний үүргийг тооцоход үндсэн зээлд 5 000 000 төгрөг, 3 хувийн хүүд 150 000 төгрөг, нийт 5 150 000 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэг үүссэнээс төлсөн 1 450 000 төгрөгийг хасахад 3 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Бгаас зээлийн төлбөрт 3 700 000 төгрөг шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх үндсэн зээл 5 000 000 төгрөгийн зээлийн хүүг 600 000 төгрөгөөс тооцож, нийт 5 600 000 төгрөгөөс төлсөн 1 450 000 төгрөгийг хасаж, 4 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсныг үндэслэл бүхий гэж үзэхгүй.

 

Харин анхан шатны шүүх хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, үндэслэл түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02695 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 4 150 000 төгрөг гэснийг ... 3 700 000 төгрөг гэж, 2 дахь заалтын ...81 350 төгрөг гэснийг ...74 150 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 14 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.БАЙГАЛМАА