| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0561/Э |
| Дугаар | 601 |
| Огноо | 2018-05-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Б.Ганбулган,
өсвөр насны шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ ҮД: 02-42,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, …
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1706 0105 40415 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Өсвөр насны Д.Д нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн төв эмнэлгийн ажилчдын нийтийн байрны 102 тоотод Б.Жаргалцэцэгийн гэрт нь байхдаа Б.Жаргалцэцэгийн гар утсыг “Би ээжтэйгээ ярьчихаад өгье” гэж худал хэлж “Самсунг” маркын гар утсыг нь авч явж бусдад 480.000 төгрөгний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: Би хэргийнхээ талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн тул ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: Хүүхдээ тавих хараа хяналт сулруулснаас ийм хэрэгт холбогдсонд харамсаж байна. Гэмт хэрэг гарахад бидний амьдрал ахуйн байдал нөлөөлсөн байх. Дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байлгана. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Жаргалцэцэгийн: ... Би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Цэргийн төв эмнэлгийн нийтийн байрны 102 тоотод гэртээ байж байхад миний хүүхэд Нямдаваагийн найз Дөлгөөн гэх хүүхэд манай гэрт орж ирээд миний гар утсаар ээжтэйгээ ярьчихаад өгье гэж хэлээд гар утсыг минь аваад гараад явчихсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Өмнө нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр миний хүүхэд Нямдаваа, түүний найз Ноби, Ананд гэх мэт найз нартайгаа миний гар утсыг авч ломбарданд 300.000 төгрөгөөр тавьж байсан. Тэгээд би тухайн ломбарднаас өөрийнхөө мөнгөөр гар утсаа авч байсан юм. “Самсунг Галакси Эс-6 плас” шаргал өнгөтэй, 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 890.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Нямдаваагийн: ...Намайг 2017оны 06дугаар сарын 18-ны өдөр элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд сургууль дээр явж байхад миний таньдаг Дөлгөөн над руу залгаад бид хоёр Офицерын автобусны буудлын тэнд уулзаад Дөлгөөн надад миний төрсөн өдөр болж байна гэхээр нь бид 2 архи авч хувааж уусан. Тэгээд манай гэр рүү явж Дөлгөөн хононо гээд бид хоёр цуг явсан. Гэрт бид хоёр ороод Дөлгөөн манай ээжид ээжтэйгээ утсаар яриад өгье гэж хэлээд ээжээс утсыг нь аваад гэрээс гарсан. Тэгээд би араас нь гарсан чинь Дөлгөөн байхгүй байхаар нь араас нь хайгаад гүйсэн боловч олдоогүй. Тэгэхээр нь би гэртээ ороод ээжид болсон зүйлийг хэлж, ээж цагдаад өргөдөл бичиж өгсөн. Дөлгөөн надад ээжийнхээ утсыг аваад надад өгчих, би ломбарданд тавиад буцаагаад аваад өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй. Дөлгөөн манайд хононо гэхээр нь би авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
Мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн насанд хүрээгүй Д.Дий: ...Би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Офицеруудын ордны орчимд найз Даваагийн хамт архи ууж байгаад бид хоёр мөнгөгүй болоод Даваагийн гэр рүү такси барьж очоод гэр рүү нь ороод Даваа ээждээ хэлэхдээ та утсаа өгч байгаач манай найз ээж рүүгээ утсаар ярьчихаад өгье гэнэ ээ гээд надад ээжийнхээ “Самсунг Галакси Эс-6” мркын гар утсыг нь авч өгсөн. Би утсыг нь аваад гэрээс нь гараад хашаа даваад зугтаасан. Тэгтэл миний араас Даваа хашаа давж байгаад газар унаад эгчдээ баригдаад гэртээ орсон. Би тухайн гар утсыг нь аваад 25 дугаар эмчийн сан руу такси барьж очоод “Эрдэнэс” гэх барьцаалан зээлдүүлэх газарт тухайн “Самсунг Галакси Эс-6” маркын гар утсыг нь 280.000 төгрөгөөөр тавиад хоёр найзтайгаа мөнгөөрөө буудал, баар орж үрсэн. Энэ асуудлаас болж цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед барьж явж байсан таксины жолоочийн бичиг баримтаар барьцаалан зээлдүүлэх газарт 280.000 төгрөгөөр тавьсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36 дугаар тал/,
- Өсвөр насны шүүгдэгч Д.Дий төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, нас тоолсон ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 64, 38, 61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Өсвөр насны шүүгдэгч Д.Д нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Жаргалцэцэгийн гар утсыг “Би ээжтэйгээ ярьчихаад өгье” гэж худал хэлж “Самсунг” маркын гар утсыг нь авч бусдад 480.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Д нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн төв эмнэлгийн ажилчдын нийтийн байрны 102 тоотод Б.Жаргалцэцэгийн гэрт нь байхдаа Б.Жаргалцэцэгийн гар утсыг “Би ээжтэйгээ ярьчихаад өгье” гэж худал хэлж “Самсунг “ маркын гар утсыг нь авч явж бусдад 480.000 төгрөгний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч болон гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.Дийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Дий гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Д нь бусдыг хуурч иргэн Б.Жаргалцэцэгийн гар утсыг “Би ээжтэйгээ ярьчихаад өгье” гэж худал хэлж гар утсыг нь авч бусдад 480.000 төгрөгний хохирол учруулж залилсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.Д нь хохирогч Б.Жаргалцэцэгт учруулсан 480.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 27-28 дугаар тал/
Өсвөр насны шүүгдэгч Д.Д нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 38 дугаар тал/
Өсвөр насны шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Өсвөр насны шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлж байх тул түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учрууулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ю овогт ДДг бусдыг хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ДДд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.Дий тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Д.Д нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ