| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2306000002243 |
| Дугаар | 2024/ДШМ/1223 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1223
2024 11 05 2024/ДШМ/1223
А.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга,
шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр, Д.Гансүх,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/966 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Д-д холбогдох 2306 00000 2243 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн А-н Д, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;
Шүүгдэгч А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Р л” нэртэй рестораны гадна хохирогч Г.Д-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, зодсоны улмаас биед нь тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доторх цусан хураа, аалзан хальсан доорх цус тархмал цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Д-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-с баримтаар нэхэмжилсэн 10.946.020 төгрөгөөс шүүгдэгч А.Д нь 12.737.380 төгрөг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нар нь сэтгэцэд учирсан хохирол болон бусад эмчилгээний зардлаа гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Д-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... А.Д-д холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Г.Д-н хууль ёсны төлөөлөгч Б.Э миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Холбогдогчийн талаас эмчилгээний зардалд 20.000.000 төгрөг шилжүүлснийг хүлээж авсан. ...” гэжээ.
Шүүгдэгч А.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. А.Д миний бие согтууруулах ундааны зүйл хэрэглэн, найз Г.Д-н нүүрэн тус газар 1 удаа цохиж, хүнд гэмтэл учруулсан. Г.Д нь урьд хоёр удаа толгойдоо гэмтэл авч, хүнд юм өргөхөөр толгой нь өвдөж байсныг мэддэг. Мөн хэрэг болох үед түүний эхнэр болох Б.Э-н мэдүүлгээс харахад тухайн үед надад сануулж байхад түүнийг ойлгох ухаангүй байсандаа мөн найздаа гэмтэл учруулсандаа үгээр илэрхийлэхийн аргагүй маш их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г.Д-г гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад манай талаас ээж, эхнэр, хадам ээж, эгч хүргэн ах нар очиж эргэж сахин, хэрэг болох эм тариа, шаардлагатай хэрэглээний зүйлсийг гарган тусалж байсан. Миний бие хэрэгт холбогдохоос өмнө Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хилийн заставын дарга хийж байгаад эхнэр, хүүхдүүддээ ойр байх зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт өгсөн билээ. Миний эхнэр Б.О нь хүүхэд асрах чөлөөтэй, том охин маань 8 настай, 3 дугаар ангид сурдаг, дунд охин 1 ой 10 сартай, цэцэрлэгт явдаг, бага охин 2 сар гарантай байгаа тул ар гэрийн байдалдаа маш их зовж байна. Миний бие ажил хийн ар гэрээ тэжээж найздаа чадах бүхнээрээ тус хүргэж урьдын байдалд нь эргэн оруулахад нь ар гэртэй нь хамтарч ажиллаж чадах болно. Дээрх хүчин зүйлсийг харгалзан үзэж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Д-н өмгөөлөгч П.Эрхэмбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Д-д 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Сэтгэцэд учирсан хохирлын талаар: Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг үнэлүүлэх хүсэлтийг хууль ёсны төлөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан. Ингээд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдийн 233 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч “ ...Г овогтой Д-н сэтгэцэд DS: F07.8 тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгүүд илэрч байна...” гэх дүгнэлт гарсан. Дээрх шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийтгэх тогтоолын 6 дугаар хуудас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хэсгийн “...Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6.1-т заасан Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл хууль хэрэглээний хувьд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарахаар байна.” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, сэтгэцэд учирсан хохирлын төлбөрийг төлж барагдуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн бөгөөд шийтгэх тогтоолын 8 дугаар хуудаст “... хор уршгийн шинж чанар арлаагүй, сэтгэцэд нь DS: F07.8 тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгүүд илэрч байна гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ...” гэх зөрүүтэй, ойлгомжгүй хууль хэрэглээний алдаа гаргасан. Цаг хугацааны хувьд нэгэнт хуулийг буцаан хэрэглэж сэтгэл санааны хохирол арилгах боломжгүй гэж дүгнэсэн атлаа, шинжээчийн дүгнэлтээр баталгаажсан сэтгэл санааны хохирол арилаагүй урчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.7-г хэрэглэх боломжгүй гэх ойлгомжгүй дүгнэлт хийсэн.
2. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хэсгээс гэрчийн мэдүүлгүүдийн зөрүү харж болно. Зодоон болж байсныг харсан хүмүүс хэн хэн байсан хэдэн хүн байсан гэдгийг өөр өөрөөр мэдүүлсэн. Энэ мэдүүлгийн зөрүүг арилгаж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт, гомдол өгч байсан боловч хангалттай ажиллагаа хийж нотолж чадаагүй. Шүүгдэгчийн зүгээс хэн хохирогчийг цохисон гэдгийг олж тогтоолгох гэж жил хүлээсэн боловч олж тогтоож, мэдүүлгийн зөрүүг арилгаж, камерийн бичлэг олж чадаагүй учир, мөн багийн найз нь учир гэм бурууг хүлээнэ гэдэг шийдвэр гаргасан. Тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э “... би салгах гэсэн чинь Д намайг түлхэж унагаад би босоод Д-г салгаад чирээд, Д бас араас нь зууралдсаар явсаар уг “Р” лоунжийн зүүн талд машины зогсоол зам хоёрын зааг цементэн дээр ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.М-н “...Тэгээд Д намайг гараараа холдуулаад Д-тай зууралдсан. Би энэ үед Д-н ард гарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Т-н “...Д газарт унасан байдалтай хажууд нь Д, Д-н эхнэр Э орилоод зогсож байсан...” гэх мэдүүлгүүд авагдсан. Эндээс харахад наад захын мэдүүлгийн зөрүүнүүд харагдана. Гэвч шүүгдэгч талаас гэм буруу дээр маргаагүй. Энэ нөхцөл байдлыг бас харгалзаж үзэх боломжтой байсан.
3. Хохирол төлж барагдуулсан талаар: Шүүгдэгч А.Д хохирлын асуудлыг зөвхөн 12.737.380 төгрөгөөр хязгаарлаагүй гэдгээ шүүх хуралдаан дээр удаа дараа дурдсан. Найзынхаа эмчилгээний зардлыг төлж барагдуулна, шаардлагатай эмчилгээнд явах санал хүртэл гаргасан. Мөн шийтгэх тогтоолын 6 дугаар хуудас “ ... 12.737.380 төгрөг төлж барагдуулсан нь баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн ямар техник хэрэглэж тодорхойлсон нэршил болох нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-с баримтаар нэхэмжилсэн 10.946.020 төгрөгөөс шүүгдэгч нь А.Д нь 12.737.320 төгрөг төлж барагдуулсан нь баримтаар төлөх төлбөргүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Энэ нь шүүгдэгч А.Д нь бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахаар хохирогчийн шаардсан зардлыг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-т Эрүүгийн хариуцлагын зорилгын талаар “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэж заасан. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн эсэхийг харгалзан, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг билээ. Шүүгдэгч А.Д нь гэм буруугийн санаа хэлбэрээр, ямар нэгэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулаагүй бөгөөд гэм буруугийн хувьд маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь торгох ялыг оногдуулах хангалттай хууль зүйн үндэслэл байгааг илэрхийлж байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч А.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.7 дугаар зүйлд заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах буюу шүүхээс тогтоосон хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж торгох ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч А.Д нь гэм буруугийн асуудал дээр маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.7-г тус тус үндэслэн анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хориг ялыг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Д-н өмгөөлөгч Д.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бидний зүгээс гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасан. Хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд тодорхой авагдаагүй байсан тул энэ талаар тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдлоосоо татгалзсан. Шүүгдэгч А.Д нь гэм буруугаа ойлгож, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдуулан 20.000.000 төгрөг өгсөн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2-8 жилийн хугацаагаар хорих ял эсхүл торгуулийн ял оногдуулахаар хуульчилсан. Анхан шатны шүүх хуралдааны шатанд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг арилаагүй байсан тул шүүгдэгчид хорих ял оногдуулах ялын санал гаргасныг шүүх хүлээн авсан нь үндэслэлтэй. Өмгөөлөгч нараас хохирол, хор уршиг арилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж тайлбарлаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгчээс хохирогчид 20.000.000 төгрөг төлсөн талаар баримт ирүүлсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Г.Д-н биеийн байдал дээрдээгүй, эдгэхгүй байгаа, орчинтойгоо харьцахгүй байгаа гэж мэдүүлж байсан. Үүнийг хохирол арилсан гэж үзэх болох хэдий ч хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч А.Д-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Р л” нэртэй рестораны гадна хохирогч Г.Д-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, зодсоны улмаас биед нь тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доторх цусан хураа, аалзан хальсан доорх цус тархмал цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-н “... 2023 оны 05 дугаар сарын 14-ний орой “Р” лоунж пабд төгсөгчдийн хүлээн авалт хийсэн. Д бид хоёр уг газарт 00 цаг өнгөрөөж очсон. ... Д тэр газраас надад “тамхи татахаар түрүүлээд гарч байя” гээд гарсан. Яг гарахыг нь би хараагүй. Би удалгүй араас гарах гээд явж байтал Д-н ангийн О гэх охин “хоёр Д зодолдоод байна” гэж сандрангуй хэлсэн. ... Хоёр байшингийн завсар ороод очиход Д, Д хоёр бие биенийгээ заамдаад зогсож байсан. Би салгах гэсэн чинь А.Д намайг түлхэж унагаад би босоод Д-г салгаад чирээд, Д бас араас нь зууралдсаар явсаар уг “Р” лоунжийн зүүн талд машины зогсоол зам хоёрын зааг цементэн дээр ирсэн. Би уурлаад Д-д “чи битгий манай нөхрийг цохиорой гуйж байна шүү” гэж хэлсэн. Яагаад гэвэл Д 2022 оны 06 сард моринд нүүр лүүгээ өшиглүүлж нүдний ухархайн, хамар, хацрын хагалгаанд орж имплант хийлгэсэн. Д “танай нөхрийг чинь ална, намайг өмөөрөхгүй байсан” гээд Д-н нүүрэн хэсэгт баруун гараараа хүчтэй нэг удаа цохисон. Д ухаан алдаж унасан. Би шоконд ороод яг яаж унасныг анзаараагүй, хүчтэй унах нь сонсогдсон. Тэгээд би Д рүү “Чи хүн алчихлаа ш дээ” гээд чанга орилсон. Мөн би Беку Болдки гэж хашгирсан. Энэ үед Д “би цохиогүй” гээд байсан. М хамт яг цохихыг нь харсан тул “чи цохисон” гэж хэлэхэд М-тай хэрэлдээд цохих гээд дайраад байсан. Би ойртоогүй айгаад биед нь хүрээгүй зогсож байсан... Т шууд ирээд хиймэл амьсгал хийсэн. Беку “түргэн дуудаарай, битгий хөдөлгөөрэй” гээд хажууд нь байсан, тэгтэл А.Д буцаж ирээд “наадах чинь жүжиглэж байгаа юм” гээд Д-г цээжнээс нь сэгсрээд байсан. Тэгсэн Беку “болиоч чи, хөдөлгөж болохгүй” гээд Д-г түлхээд явуулсан. Бекүг хиймэл амьсгал хийхэд Д сэргэж босч ирээд Бекуг налаад ухаан алдсан ба Беку унагаагүй түшсэн. ...” /1 хх 15-16/,
гэрч Ц.М-н “... Намайг гарах үед Д, Д нар уг лоунжийн зүүн талд буюу төв зам дагуух автомашины зогсоолын зүүн урд хэсэгт хоорондоо маргалдаж байсан. Тухайн үед Д-н эхнэр Э болиулахыг оролдож, “битгий муудалц” гэж хэлж байсан. Би Г.Д, А.Д хоёр дээр очиж юу болоод байгааг ажиглаад А.Д, Г.Д руу агсраад байхаар нь “боль” гэх шаардлага тавьсан. А.Д над руу “М чи бол барахгүй шүү” гэсэн утгатай зүйл ярьсан. Энэ үед тэр хоёр салсан байсан. Тэгээд А.Д намайг гараараа холдуулаад Г.Д-тай зууралдсан. Би энэ үед Д-н ард гарсан байсан. Д нь уг “Р” нэртэй лоунжийн автомашины төв зам дагуух зогсоол дээр Г.Д-н нүүрэн тус газар нь баруун гараараа маш хүчтэй нэг удаа цохиж унагасан. Тэр үед Г.Д дагзаараа савж асфальтан дээр унасан. Унаад сэрээгүй. Би “хүн алчихлаа ш дээ, түргэн дуудаач ээ” гээд тэр хавьд байсан хүмүүсийг сонстол чанга дуугаар орилсон. Э тухайн үед уйлаад мөн “хүн алчихлаа ш дээ, сэрэхгүй байна ш дээ” гээд орилоод уйлж байсан. ...” /1 хх 22-23/,
гэрч Б.Т-н “... Би Г-тэй уг Р хаусын гадаа юм яриад зогсож байтал, эмэгтэй хүн “Чи хүн алчихлаа” гээд орилох шиг болсон тэгэхээр нь би сандраад юу болсон юм бол гэж бодоод хартал Р хаусын хажууханд Г.Д газарт унасан байдалтай хажууд нь А.Д, Г.Д-н эхнэр Э орилоод зогсож байсан. Тухайн үед орилсон газар луу харахад Г.Д, А.Д, Э нар л зогсож байсан. Тэгэхээр нь би энэ гурав дээр очтол хүмүүс шавалдаж мөн адил очсон ба Г.Д ухаангүй газарт хэвтчихсэн, Э хажууд нь уйлаад түргэн дууд гээд, мөн А.Д-д хандаж “чи хүн алчихлаа ш дээ” гээд хэлж байсан. ...”/1 хх 124/,
гэрч Б.Д-н “... Намайг очиход тус газарт Г.Д газар уначихсан, манай үеийн олон төгсөгч нар тухайн газрын хажууханд хэсэг газарт бөөгнөрчихсөн зогсож байсан. Тухайн үед А.Д-с “чи яагаад найз Г.Д-г өвчтэй гэдгийг нь мэдсээр байж цохиж байгаа юм бэ” гээд асуухад хариулж чадахааргүй согтуу байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд Г.Д-г аваад явахаар нь Э, Г.Д, Да болон дахиад нэг хүнийг нь санахгүй байна бид нар араас нь таксинд суугаад гэмтлийн эмнэлэг рүү явж байх замдаа буюу Их дэлгүүр хавьцаа А.Д-д дахин “чи Г.Д-г өвчтэй гэдгийг мэдсээр байж цохиж газар унагаадаг нь яаж байгаа юм бэ” гээд бид хоёр хоорондоо маргалдаж муудсан бөгөөд А.Д нь надтай маргалдаж муудсан уураа таксины жолоочид гаргахдаа машин явж байхад жолоочийг араас нь боосон. Тэгэхэд таксины жолооч зогсоод А.Д-г машинаасаа буулгаад бид нар цаашаа явцгаасан. ...” /2 хх 35/,
гэрч Б.О-н “... Би караокеноос гадагш гартал үүдэн дээр А.Д, Г.Д нар маргалдаад бие биенээ заамдалцаад зогсож байсан. Юунаас болж маргалдаад байсныг мэдэхгүй. Би Г.Д-н эхнэр Э-г дуудаад “танай нөхөр А.Д-тэй маргалдаад гадаа байна” гэж хэлээд Э-г гарч ирсний дараа би өөр тийш явсан. ...” /1 хх 122/,
гэрч Ч.А-н “... Шөнийн 02 цагийн үед манайх хаасан. ... Тэр үед амьжиргаа цагаан машины цаана цайвар юүдэнтэй цамцтай залуу дээшээ хараад ухаан алдсан байдалтай хэвтсэн, ногоон пиджактай махлаг эмэгтэй “түргэн дуудаарай, хүн үхчихлээ” гээд орилоод байж байсан. ...” /1 хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Г.Д-н биед тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус тархмал цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6766 дугаартай дүгнэлт /1 хх 41-43/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Г овогтой Д-н сэтгэцэд DS: F07.8 тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэсэн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 233 дугаартай дүгнэлт /2 хх 40-43/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 5/,
Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 34-37/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 68-79/, хохирогчийн өвчний талаарх баримтууд /1 хх 127-139/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч А.Д нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд сайн дураар 20.000.000 төгрөгийг төлснийг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нараас “... Хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Шүүгдэгч А.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний үйлдлийн улмаас хохирогчийн гавал тархинд буюу эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, түүний улмаас үүссэн хор уршиг бүрэн арилаагүй байгаа болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтдаа Иргэний хуулийн зүйл, заалтыг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөж, шүүгдэгч нь гэм хорын хохиролд 20.000.000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлснийг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-н анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/966 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
- 2 дахь заалтын “... шүүгдэгч А.Д-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч А.Д-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
- 3 дахь заалтын “... 4 /дөрөв/ жилийн хугацаагаар...” гэснийг “... 2 /хоёр/ жилийн хугацаагаар...” гэж,
- 4 дэх заалтын “Иргэний хуулийн 497.1 дэх, 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж,
- тогтоох хэсэгт “Шүүгдэгч А.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 20.000.000 /хорин сая/ төгрөг төлснийг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны хойш энэ өдрийг хүртэл 60 /жар/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР