| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
| Хэргийн индекс | 122/2026/0012/З |
| Дугаар | 122/ШШ2026/0019 |
| Огноо | 2026-06-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 122/ШШ2026/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн иргэн Я.Төмөрчулууны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Орон нутгийн сонгуулийн үр дүнд эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж буюу 12,900,000 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Төмөрчулуун, хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Я.Төмөрчулуунаас ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Орон нутгийн сонгуулийн үр дүнд эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж буюу 12,900,000 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгчээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгуулахаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөдөл гаргажээ.
2.2. Нэхэмжлэгчээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ажлын албанд удаа дараа хандсан боловч албан ёсны хариу ирүүлээгүй гэх тайлбарыг хийж 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнд эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж буюу 12,900,000 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгуулах.
Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл:
******* овогтой Төмөрчулуун миний бие 2000 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан.
Тодруулбал, 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж, шинээр даргыг сонгож, томилуулах үйл ажиллагаа явагдсанаар миний бие ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.
Орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнд эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдсөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг даргад нэг удаагийн тэтгэмж олгохоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан байдаг.
Миний бие тэтгэмжээ авах асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ажлын албанд удаа дараа амаар болон бичгээр хандаж байсан боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөөгүй байна.
Иймд Орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнд эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа ******* аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж буюу 12,900,000 /арван хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.
Шүүхийн харьяаллын тухайд:
Энэхүү маргаан нь улс төрийн албан тушаал эрхэлж байсан албан хаагчийн хөдөлмөрлөх эрхээс улбаалсан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэлтэй холбоотой байх тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.
3.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажилласан. Орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнд эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөнөөс хойших Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т зааснаар зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжээ авахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тухайн албан хаагчийн томилоогүй гэх асуудал нь 2 шатны шүүхээр хэлэлцэгдэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тэр нь миний нэхэмжлэл гаргасан хэрэгтэй хамааралгүй гэж үзэж байна.
Би тэтгэмж авах асуудлаар нэг удаа өргөдөл өгсөн. 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр утсаар ярьж тодруулахад тэтгэмж олгоно, удахгүй орно гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш ямар ч хариу өгөөгүй гэв.
3.3. Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой тэтгэмж олгохгүй байгаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэхэмжлэгч Я.Төмөрчулуун нь 2020-2024 онд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу ******* аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаас хууль зүйн үндэслэлгүйгээр удаа дараа татгалзсан эс үйлдэхүйн улмаас гарсан ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 122/ШШ2024/0004 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 122/Ш32024/0094 дугаартай шүүгчийн захирамжийг сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдөхийн өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрийн хэрэгжилтийг хангаж томилсон. Шинэ засаглалын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон.
Энэ хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас нэр бүхий албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, улмаар тухайн албан хаагчид учирсан хохирол нөхөн төлбөрийг байгууллагын төсвөөс шүүхийн шийдвэрийг үндэслэн барагдуулсан нь төсөвт хохирол учруулсан нөхцөл үүссэн гэж үзэж байна.
Монгол улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүргийг хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх, хэрэгжилтийг санаатайгаар саатуулах нь хууль дээдлэх зарчим, төрийн албаны хариуцлагын зарчимд нийцэхгүй тул ******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 315/ШШ2025/00019 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу албан хаагчийн хохирлыг барагдуулсан.
Иймд нэхэмжлэгч Я.Төмөрчулуун нь хэдий сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн ч албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хууль зөрчсөн эс үйлдэхүй нь байгууллагад бодит хохирол учирсан нөхцөл байдалтай шууд
холбоотой гэж үзэж байна.
Түүнчлэн байгууллагад учирсан хохирол бүрэн арилсан гэж үзэх нөхцөл
бүрдээгүй, байгууллагын төсвөөс нөхөн төлбөр гарсан зэрэг нөхцөл байдлыг
харгалзан үзэж нэг удаагийн тэтгэмж олгох хүсэлтийг хангах боломжгүй гэж
үзэн тэтгэмж олгох нэхэмжлэлийг хангахаас татгалзаж байна гэжээ.
3.4. Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Төмөрчулуун нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжээ нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь 2020-2024 оны хооронд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн сонгон шалгаруулалтаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргыг томилохгүй эс үйлдэхгүй гаргасан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Тухайн асуудлыг тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас цалингийн зөрүүг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн жилүүдэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Я.Төмөрчулуун нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш бүх шатны шүүхийн шийдвэр гарсан байхад тухайн албан хаагчийг томилохгүй байсаар томилоогүй хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилсэн учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс цалингийн зөрүүг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа эс үйлдэхүй гаргаж, 12,430,000 төгрөгийн хохирол үүсгэсэн гэж үзэж тус тэтгэмжийг олгохоос татгалзсан.
Миний хувьд Я.Төмөрчулуун даргын тэтгэмжийг олгох хүсэлтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн буюу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж нь дараа оны буюу 2025 оны төсөвт орж байж олгогдох байсан тул хугацаа алдсан асуудал байгаа. 2025 оны 12 дугаар сарын төсвийн хурлаар тухайн албан хаагчийн тэтгэмжийн мөнгө суугдсан. Тэтгэмжийг нь 3 сард олгогдохоор байсан боловч санхүүжилтийн асуудлууд байсан учраас хугацаа алдсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэг удаагийн тэтгэмж 12,900,000 төгрөг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
1.1. ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хурлын даргыг сонгох тухай” 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тогтоолоор ******* овогтой Төмөрчулууныг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон.
1.2. Мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 03 дугаар тогтоолоор Я.Төмөрчулууныг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ.
1.3. Ээлжит сонгуулийн үр дүнгээр албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувиар нэхэмжлэгч нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтээ ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.*******од 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр, амаар удаа дараа хүсэлт тавьж байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдоно.
2. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; гэж заасан.
2.2. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана, 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; шийдвэр гаргахаар заасан байдаг.
2.3. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл хангагдах нөхцөл нь тухайн захиргааны байгууллагын эс үйлдэхүй байхын зэрэгцээ түүний улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх учиртай.
2.4. Энэ хэргийн тухайд ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзнэ.
2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т; Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.
2.6. Нэхэмжлэгч Я.Төмөрчулууны хувьд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад амаар болон бичгээр хандаж байсан нь үйл баримтаар тогтоогдож байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.
2.7. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт; Төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана, 61.1.1-д; албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт; Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан.
2.8. Нэхэмжлэгч Я.Төмөрчулуун нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж ээлжит сонгуулийн дүнд тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан тэтгэмжийг авах эрх бүхий этгээд байна гэж үзэх үндэслэл бүхий байна.
2.9. Ийнхүү нэхэмжлэгчид олгох ёстой албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 12,900,000 (арван хоёр сая есөн зуун мянган) төгрөгийг нэхэмжлэгч Я.Төмөрчулуунд олгохыг хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч эс биелүүлбэл нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА