Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00815

 

Д.Яын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00629 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Яын нэхэмжлэлтэй, хариуцагч СГ- ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 84 051 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие СГ- ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар байр хүлээн авагч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан тохиолдолд гэрээ цуцлагдсан хугацаанаас үлдсэн хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөрийг 1 жилийн 6 012 000 төгрөгөөр тооцож тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх боломж үүссэн. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөгдсний дараа 2019 оны 7 дугаар сард гэрээгээр шилжүүлэх Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 89 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхрын 8 тоот 61,29 м.кв орон сууцыг чөлөөлөхийг шаардсан. Миний бие Содмонгол групп ХХК-д 14 жил ажилласан. Тусгай зориулалтын орон сууцны гэрээг байгуулсан учир гэрээний дагуу орон сууц авах эсхүл ажилласан хугацааг үнэлүүлэн тохирсон үнийн дүнгээр шаардах эрхтэй гэж үзэж байна. Уг гэрээний дагуу ажиллаагүй үлдсэн 6 жил 7 хоногийн хугацааг гэрээний 7.2-т заасны дагуу тооцож 36 012 000 төгрөгийг төлж СГ- ХХК-ийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 89 дүгээр 5 байрны 2 дугаар орцны 2 давхрын 8 тоот 61,29 м.кв байрны өмчлөлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх боломжтой байсан боловч энэ талаар харилцан тохиролцохгүй явсаар 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өмгөөлөгчөөр дамжуулан албан бичгээр хүсэлтээ илэрхийлсэн. Гэтэл тухайн байр нь өөр хүнд шилжсэн гэж амаар хэлсэн. Мөн албан бичгийн хариуг өгөөгүй. Д.Я нь орон сууцыг авах төлбөр төлөх үүргээ гэрээний хөөн хэлэлцэх хугацааны дотор биелүүлэх эрхтэй байхад СГ- ХХК нь гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад орон сууцыг бусдад шилжүүлж үүргээ зөрчсөн. Иймд Д.Я нь гэрээнд заасны дагуу өөрийн ажилласан 1 жилийн хугацааг 6 012 000 төгрөгөөр тооцож 13 жил 11 cap 23 хоног х 6 012 000 төгрөгнийт 84 051 100 төгрөгийг СГ- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Я нь тус компанид 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр буюу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах хүртэл нийт 13 жил 9 cap 13 хоног ажилласан бөгөөд дээрх хугацаанд компанитай нийт 10 удаа хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан байна. СГ- ХХК нь Д.Яын компанид ажилласан жил болон ажлын үр дүнг харгалзан 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээг Д.Ятай байгуулж гэрээнд талууд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш нийт 10 жил ажиллахаар гэрээний хугацааг зааж 122 580 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц өгөхөөр дурдсан. Гэвч Д.Я нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн мэдлэг болон ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж ажлаас чөлөөлөгдсөн. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Я өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдснөөр тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ цуцлагдсан бөгөөд Д.Я нь гэрээний 7.2-т заасны дагуу үлдэх төлбөрийг төлж орон сууцыг авах хүсэлтийг гаргаагүй тул 2019 оны 7 дугаар сард орон сууцыг Д.Яын гэр бүлийн эзэмшлээс чөлөөлөн авч, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр С.Анхтуяад худалдсан. Компанийн зүгээс иргэн Д.Ятай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээнд Д.Яын тус компанид ажилласан 1 /нэг/ жилийн хугацааг 6 012 000 төгрөгөөр тооцно гэсэн заалт огт байхгүй бөгөөд түүний гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Яын хариуцагч СГ- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 84 051 100 /наян дөрвөн сая тавин нэгэн мянга нэг зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Яын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 205 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д.Я нь СГ- ХХК-аас 84 051 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх ...хариуцагч СГ- ХХК-ийг үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байнахуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаанд орон сууцны өртгийн ногдох төлбөрийг төлөх эрхтэй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна... гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээг байгуулж, СГ- ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 89 дүгээр байрны 8 тоот 61.29 мв талбай бүхий 2 өрөө орон сууцыг анх ажилд орсон жилийг оролцуулан 20 жил ажилсны үндсэн дээр олгох, гэрээ цуцлагдсан тохиолдолд уг гэрээний 7.2-т заасны дагуу ажилсан нэг жилийг 6 012 000 төгрөгөөр тооцож СГ- ХХК-д төлснөөр уг орон сууцны өмчлөгч болох боломжтой байсан. Д.Я нь СГ- ХХК-аас 84 051 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд СГ-" ХХК-д ажилласан жилийг 6 012 000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэнШүүхээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан дариу гэрээний 7.2-т заасны дагуу 6 012 000 төгрөгийг төлж орон сууцыг хүлээж авах үүрэгтэй байсан гэрээний нөхцөлийг тайлбарлан шийдвэрлэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус орон сууц нь С.Анхтуяагийн нэр дээр шилжсэнД.Яын зүгээс тус компанид ажилласан урамшууллаа эдлэх боломжгүй, гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу орон сууцыг С.Анхтуяагаас хүлээн авах боломжгүй байхад гэрээний нөхцөлийн дагуу 6 012 000 төгрөгийг төлж байр хүлээн авах боломжтой байсан мэтээр шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг зөрчсөн. Шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа хэт нэг талыг барьж тайлбарласан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэж байна. Тодруулбалгэрээний 4.2.2-д гэрээний нөхцөлийг биелүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 өдрийн дотор гэрчилгээг олгохоор заасан тул орон сууцны өртгийн ногдох төлбөр төлөх үүргийг уг хугацаатай адилтгаж 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан гэж тайлбарлах үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш 14 хоногийн дотор үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. СГ- ХХК нь орон сууцыг Д.Яын эзэмшлээс 2019 оны 7 дугаар сард авсан тул үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй гэж дүгнэсэн боловч гэрээ цуцалснаас хойш хэд хоногийн дотор 7.2-т заасан төлбөрийг төлөх талаар нарийвчлан заагаагүй, СГ- ХХК нь тухайн үед ямар шаардлага хүргүүлж байсан талаар нотлох баримт байхгүй байхад орон сууцны төлбөр тооцож шаардсан мэт дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах холбогдох хуулийг зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Я нь хариуцагч СГ- ХХК-д холбогдуулан тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээний үүрэгт 84 051 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж гэрээ цуцлагдсан, үлдэгдэл төлбөрийг төлж орон сууцыг авах талаар хүсэлт гаргаагүй... гэж маргасан.

 

Талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тусгай зориулалттай хийсэн орон сууц олгох гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр дараахь 2 гол нөхцөлийг тохиролцсон. Үүнд:

1. Байр олгогч СГ- ХХК нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 89 дүгээр байрны 2 дугаар орцны 2 дугаар давхрын 8 тоотод байршилтай 61,29 м.кв талбайтай 122 580 000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг байр хүлээн авагч Д.Яд шилжүүлэх, байр хүлээн авагч нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 жил байр олгогч талд хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, дүрмийг баримтлан ажиллахаар тохиролцсон байна.

 

2. Гэрээний 2.1-т Байр хүлээн авагч нь байр олгогч талд хөдөлмөрийн гэрээгээр анх ажилд орсон жилийг тооцуулан тасралгүй нийт 20 жил ажиллана гэж, 7.2-т Байр хүлээн авагч нь хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсаны үлдсэн хугацаанд орон сууцны өртгийн ногдох 1 жилийн 6 012 000 төгрөгийг байр олгогчид төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг байр хүлээн авагчид олгоно гэж тус тус заажээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Иймд байр олгогч СГ- ХХК нь байр хүлээн авагч Д.Я тус байгууллагад нийт 20 жил буюу гэрээ байгуулснаас 10 жил тасралтгүй ажилласан нөхцөлд дээрх орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон нь ажилтаны хөдөлмөрийн хөлсөнд хамаарах шагнал, урамшуулалтай холбоотой буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтад хамаарч байна. Тухайлбал, орон сууцыг үнэ төлбөргүй өгөх асуудлыг гэрээндээ тодорхой тусгасан буюу 10 жилийн хугацаанд ажиллаагүй тохиолдолд байрны үлдэх төлбөрийг жилийн 6 012 000 төгрөгөөр тооцохоор заажээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж зохицуулсан.

 

Д.Я нь СГ- ХХК-д 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр Алхана трейд ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/118/а дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ. Иймээс талуудын хооронд байгуулагдсан орон сууц олгох гэрээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар цуцлагдсан гэж үзэх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлдийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсэх буюу гэрээний дагуу шилжүүлсэн зүйл, олсон ашиг орлогыг буцаан өгөх үүрэгтэй. /хх-39-40/

 

Талуудын хувьд гэрээ цуцлагдсан тохиолдолд цаашид худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар тохиролцсон байна. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны үнэ нь нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд ногдох урамшуулал болон цаашид ажиллахаар тохиролцсон үлдэх хугацаанд ногдох мөнгөн төлбөрийн хэмжээгээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Яд хариуцагч СГ- ХХК-д ажилласан урамшуулал болон 122 580 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг ажил олгогч нь шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд гэрээ цуцлагдсанаас нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд хамаарах хариуцагчид бий болсон үр дүнг биет байдлаар буцаах боломжгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т зааснаар хариуцагч нь мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар талуудын гэрээний зүйл болох уг орон сууцны өмчлөх эрхийг бусдад буюу С.Анхтуяад шилжүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн болох нь Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ, түүнд үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр орон сууцыг уг этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлсэн нь тогтоогджээ. /хх-67, 71-74/ Гэрээ цуцлагдаж цаашид худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой байсан боловч уг орон сууцыг бусдад худалдах үүрэг хүлээсэн гэрээг хариуцагч нь өөр этгээдтэй байгуулсан тохиолдолд нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах санал гаргаагүйд буруутай гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг сайн дураараа гэрээ байгуулах санал гарахаас татгалзсан буюу гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйд буруутгах үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулах тухай 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнээс татгалзсаны үр дагаварт мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т заасны дагуу уг гэрээнээс татгалзахаас өмнө үүссэн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн ажилласан жилд хамаарах урамшуулал нь тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлэгдээгүй боловч худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнээс тооцож хасуулах эрхтэй байхаар тохиролцсон тул түүний ажилласан хугацаанд хамаарах үнэ цэнийг биетээр буцаах боломжгүй тул мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч СГ- ХХК-д нэхэмжлэгч Д.Я нь нийт 13 жил, 11 сар, 23 хоног ажилласан талаар талууд маргаагүй байна. Талууд гэрээндээ байр хүлээн авагч нь хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд үлдсэн хугацаанд орон сууцны өртгийн ногдох төлбөрийг 1 жилийн 6 012 000 төгрөгөөр тооцон байр олгогчид төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгчийн ажилласан хугацааны урамшуулалд хамаарах өртгийг тооцоход 13 жил, 11 сар, 23 хоног- 84 051 100 төгрөг болно. /13 жил * 6 012 000 төгрөг =78 156 000 төгрөг, 6 012 000 төгрөг : 12 сар=501 000 төгрөг, 11 сар * 501 000= 5 511 000 төгрөг, 501 000 : 30 хоног = 16 700 төгрөг, 23 хоног * 16 700 төгрөг =384 100 төгрөг, нийт 84 051 100 төгрөг/

 

Иймд хариуцагч СГ- ХХК-аас 84 051 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Яд олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00629 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч СГ- ХХК-аас 84 051 100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Яд олгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СГ- ХХК-аас 578 205 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Яд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 578 205 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА