Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 679

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

            улсын яллагч Ч.Батбаяр,

            шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Уранчимэг ҮД:18-98 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Хотгойд овогт Батаагийн Гантулгад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 2158 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, .....

            Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

            Б.Г нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр  Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн шинэ эцэс дээр хохирогч Т.Балжмааг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            мөн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Отгонбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан. Би ажил хөөцөлдөж байгаад ирэхэд, эхнэр маань миний утсаар хамгийн сүүлд Балжмаа, Батбаатар, Золбоо нар ярьж байсан. Миний утас байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд нь Батбаатарын гэрт очиж асуухад “Балжмаа авч байсан хулгайлсан нь үнэн, хулгайч хүн” гэж хэлэхэд нь би “чи хамт яваад олоод өг” гэж хэлээд хоёуланг нь машиндаа суулгаж яваад эцэс дээрээс Балжмаа олдохгүй байхад тэр хоёр “энд гарч ирэх ёстой” гэхээр нь хүлээж байхад Балжмаа согтуу гараад ирсэн. Тэгэхээр нь би очоод “манай эхнэрийн утсыг гаргаж өгөөч, барьцаанд тавьсан бол чамаар мөнгийг нь гаргуулахгүй би өөрөө авчихъя гэхэд “би аваагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг алгадахад Балжмаа хоёр машины завсар унасан. Хүмүүс шуугилдаад байхаар нь би Балжмааг машиндаа суулгаад өөр газар аваачаад “чи гаргаад өгчихөөч” гэхэд “үгүй” гээд урдаас хэрэлдээд байсан. Тэгээд нэг цохисон. Маргааш нь Балжмаад санаа зовоод “яасан бол” гээд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө харсан чинь халаасандаа гараа хийсэн буудал дээр зосгож байсан. Мөн манай эхнэртэй таарсан байсан. Тэгээд 20 гаруй хоногийн дараа 2-3 хүн дагуулаад хүрч ирээд “миний эрүү гэмтсэн байна гэж хэлсэн. Тухайн үед амьд байсан түүний хамаатан Мөнхтуяа гэж хүн “Балжмаад мөнгө өгч болохгүй, архи уучихна, надад өгчих, би гэмтлийн эмнэлэгт ажилладаг” гэж хэлсэн учир 250.000 төгрөг өгсөн ба уг мөнгөөр Балжмааг эмчлүүлсэн гэж хэлсэн. Манай өндөр эмээ Шархадны эцэст амьдардаг. Би эмээгийнх рүүгээ очих гээд Шар хадны эцэст таксинаас буугаад алхаад явж байхад нэг хүн тохоон дээрээс татаад эргүүлэхэд нь харахад Отгонбаяр гэж залуу байсан. Би ажлаа тараад явж байсан ба миний нүүрэн дээр шалбарсан байсан юм. Тэгсэн тэр залуу уг шалбарсаныг хараад чи хэнийг хүчиндсэн юм энэ тэр гээд татахаар нь би гарыг нь тавиулаад 5 орчим метр явахад араас дахин гарнаас татаж “надад архи авч өг” гэж хэлээд зулгаагаад байсан. Тэгэхэд нь “надад мөнгө байхгүй” гэж хэлээд явтал хойноос гүйж ирээд бөгс рүү өшиглөхөд нь би “доромжлол чинь хэтэрч байгаа юм бишүү” гэж хэлээд нэг цохиход тэр залуу цааж явж би бас яваад өгсөн. Маргааш нь техникийн комисс ажиллах ёстой байсан учир би ажлаар Хөвсгөл аймаг руу явсан. 10-аад хоногийн дараа Отгонбаяр манай эхнэртэй яриад “мөнгө өгөх юм бол гомдол санал байхгүй” гэж хэлсэн байсан. Би ажилтай байсан учир сар гарангийн дараа ирэхэд Цагдаад эрүүгийн хэрэг үүссэн байсан гэв.

            Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Балжмаагийн: …2017 оны 05 дугаар сарын 06, 07-ны өдөр байх аа, Тулгаагийн эхнэр Туул Улиастайн гол дээр ганцаараа архи уугаад сууж байхаар нь би очоод хамт уусан. Тэгээд Улиастайн голоос Туултай хамт Батбаатар ахынд очоод дахиад 1 шил архи уусан. Тэгээд манай Дөлгөөн намайг утсаар дуудахаар нь би Улиастайн шинэ эцэс дээр ирээд би охиноосоо 30.000 төгрөг аваад Улиастайн шинэ эцсийн дэлгүүрээс архи аваад Батжаргалынд очъё гэж бодож байсан. Тэгээд намайг Туулын нөхөр Гантулга Улиастайн шинэ эцэст ирээд намайг зодсон. Ийм л юм болсон. Би Гантулгыг огт танихгүй. Би өмнө нь маргалдаж байгаагүй. Анх Улиастайн шинэ эцэс “Тоомко” нийтийн байрны гадаа намайг Гантулга унагааж байгаад толгой нүүр рүү маш олон удаа дэвссэн. Олон удаа алгадаж унагаасан. Тэгээд намайг машиндаа суулгаж аваачаад машинаасаа буулгаад нүүрэн дээр дахиад дэвсээд тэгээд би айгаад нүүрээ баруун хаахад олон удаа өшиглөөд миний эрүү хугарсан. Би согтуу байсан болохоор Гантулга миний нүүрийг шавраар угаасан. Тэгээд намайг хаячихаад яваад өгсөн. Гантулга эрүүл, архи уугаагүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Мөнхтуяагийн: … Балжмаа нь манай талийгаач ах Цэрэндоржтой 2 жил орчим хамтран амьдарсан. Энэ хэрэг болох үед би хажууд нь байгаагүй, хараагүй. Он, сар, өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Тэр үеэр Балжмаа 2 сар орчим гадуур архи ууж явсан. Ах Цэрэндорж нь 2017 оны 05 дугаар сард хавар Балжмааг дагуулсан нэг өдөр гэрт орж ирсэн. Тэрээр “Балжмаа хүнд зодуулаад нүүр ам нь нэг л сонин болсон байна” гэхээр нь харахад түүний нэг гар нь хөдлөхгүй, ам нь ангайж юм идэж ууж чадахгүй, шингэн ус л амны халбагаар ууж байсан. Гэрт авчрах үед зодуулаад удсан байсан. Түүнийг би Гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлэхээр авч явж үзүүлээд Гавал тархины тасагт хэвтүүлсэн ба 2 хоног хэвтэж байгаад хагалгаанд оруулах болоход эмчлэгч эмч нь түүний эрүүг идээлсэн байна, хагалгаанд оруулж болохгүй, 1 дүгээр эмнэлэг рүү шилжүүл” гэж хэлсэн. Тэндээсээ 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний тасагт шилжиж очсон өдрөө идээг нь хагалуулсан. Эрүүг нь хадуулах гэхэд төлбөр мөнгө нэхээд мөнгө байхгүй учир хадуулж чадаагүй, 4-5 хоног хэвтэж байгаад эмнэлгээс гарсан. Зодсон асуудлаа Балжмаа ярихдаа “Гантулга гэж залуугийн эхнэртэй нийлж архи уугаад эхнэрийнх нь утас алга болсон чинь нөхөр нь ирээд Балжмааг авсан гэж хэлээд Улиастайн эцэс дээр 2 алгадаад, машиндаа суулгаж хөдөө горхины хажууд аваачиж зодож эрүү болон гарыг нь хугалсан гэсэн. Намайг шургааг бариад цохих гэхээр нь би нүүрээ гараараа хамгаалахад гар цохиж хугалсан, эрүү гараараа цохиж өшиглөсөн, би тэр үед нилээн согтуу байсан гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 7515 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Балжмаагийн биед хацар, эрүү ясны хугарал, баруун богтос дээд 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.6. Тухайн үед эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн бичиг үгүй тул дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Отгонбаярын: ...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эцсийн автобусны буудлын хажууд байхад урьд нь зүс таньдаг Гантулга гэх ахтай таараад юу хийж яваа юм бэ наад нүүр амаа хэнд маажуулсан юм бэ гэтэл Гантулга гэх хүн эргэж хараад миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд Гантулга яваад өгсөн. Тэгээд би босоод автобусанд суугаад яваад өгсөн. Тэр орой нь миний шанаа өвдөөд байхаар нь би Гэмтлийн эмнэлэг ороод үзүүлтэл Гэмтлийн эмнэлгийн эмч үзээд миний шанааг хугарсан байна гэж надад хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Баруун гараараа зүүн талын шанаанд нэг удаа цохисон. Өөр намайг зодож цохиогүй. Би тухайн үед архи уугаагүй. Миний урд өдөр нь уусан архи гараагүй байсан. Гантулга архи уусан эсэхийг би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Орхоны: ...Бид Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны автобусны буудлын хажууд сууж байтал Отгонбаяр Гантулгыг явж байхад Гантулгын араас Отгонбаяр гэх залуу очоод бөгс рүү нь өшиглөсөн. Тэгтэл Гантулга эргэж хараад Отгонбаярыг 1 удаа нүүр рүү нь цохисон. Тэгэхэд Отгонбаяр нүүр рүүгээ цохиулаад газар унасан. Өөр зүйл харж мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11665 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ж.Отгонбаярын биед эрүүний ясны зүүн булан хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Г.Энхбаатар гэх дүгнэлт /хх-ийн 92 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Гантулгын: ...хохирогч Т.Балжмаад эмчилгээний зардал гэж 160.000 төгрөгний зардал гарсан гэж хошууч Амарбаяр хэлсэн. Миний хувьд болохоор Т.Балжмаад 250.000 төгрөг дансаар шилжүүлсэн байгаа. Миний зүгээс өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Тийм болохоор хохирогч Т.Балжмаа дахиж надаас эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэх юм бол би төлнө гэж бодож байгаа. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дээрх гэмтлийг баруун гараараа цохиж гэмтээсэн...

...Би болсон асуудлын талаар өмнө нь мэдүүлэг өгсөн. Түүндээ дэлгэрэнгүй ярьсан болохоор надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн зүс таних Ж.Отгонбаяр хэрэг гардаг үед согтуу миний араас өшиглөсөн. Тэр үед биеэ барьж чадахгүй зүүн шанаанд нь цохисон зодсон нь миний буруу, дахиж ийм үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 130-131, 138-139 дүгээр тал/,

- Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 70-71 дүгээр тал/,

- Шүүгдэгч Б.Гиргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 102 дугаар тал/,

 - Шүүгдэгч Б.Гурьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 118, 119 дүгээр тал/,

 - Хохирогч Ж.Отгонбаярын хүсэлт, хохирлын баримтууд 120.000+8.000+3125+20.000+20.000+71.300+19.100+20.000+15.000+18.600+2180+1750+3440+1485+6312+4455+10220+1500+22.000+59.500= нийт 427.967 төгрөгийн хохирлын баримтууд авагдсан байна. /хх-ийн 24, 83-88 дугаар тал/

 - Хохирогч Т.Балжмаагийн хувьд: 34.600+32.600+80.000+46863= нийт 194.063 төгрөгийн хохирлын баримтууд ирүүлсэн байна. /хх-ийн 90-91 дүгээр тал/

 Шүүгдэгч Б.Г нь хохирогч Т.Балжмаад 250.000 төгрөгийн хохирол төлсөн баримт болох нь депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 106-109 дүгээр тал/

- Хохирогч Т.Балжмаа нь цаашид гарах эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. /хх-ийн 124 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

         Хэрэгт цугларсан хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд Б.Г нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн шинэ эцэс дээр хохирогч Т.Балжмааг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            мөн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Отгонбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус болсон байна.

            Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн шинэ эцэс дээр хохирогч Т.Балжмааг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

            мөн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Отгонбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Б.Ггэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Б.Г нь бусдын эрх чөлөөнд халдаж хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Прокуророос шүүгдэгч Б.Ггэм буруугийн үйлдлийг  зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай  холбогдон гарсан, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зайлгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Хохирогч Ж.Отгонбаяр нь өөрийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан гэх 427.967 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна. /хх-н 83-88 дугаар тал/

           - Хохирогч Ж.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Гантулга нь бодит  хохирлыг барагдуулсан, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул хохирогч Ж.Отгонбаярт учирсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзэв. /хх-н 185 дугаар тал/

          Хохирогч Т.Балжмаа нь нь өөрийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан гэх 194.063 төгрөгийн баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Г “ХААН” банкны 5753272018 тоот данснаас 5070152670 дансаар 70.000 төгрөг, 80.000 төгрөг, 100.000 төгрөг тус тус шилжүүлэн нийт 250.000 төгрөгийн хохирол төлсөн талаарх депозит дансны хуулга бүхий баримтыг хэрэгт ирүүлсэн байна. /хх-ийн 90-91, 106 дугаар тал/

            Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д...хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс  шаардах эрхтэй гэж хуульчилжээ

           Хохирогч Т.Балжмаа нь цаашид гарах эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч түүнтэй холбоотой бичгийн нотлох баримтаа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. /хх-ийн 124 дүгээр тал/,

            Иймд хохирогч Т.Балжмаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

          Шүүгдэгч Б.Гүйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

          Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хуулийн 1.4-д заасан хохирогч нарын зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Х овогт БГ хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Гтэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Гд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

         7. Хохирогч Ж.Отгонбаяр, Т.Балжмаа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ