Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/50

 

Ж.Б-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ж.Б-ад холбогдох эрүүгийн 2413000250090 дугаартай, 2 хавтастай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэрийн хамт ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт Ж-ны Б- /************/.

2. Ж.Б- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар /Ж/ багт нийгмийн ажилтнаар ажиллахдаа 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “...О овгийн У-ын К нь аав, ээж, охин дүү, эхнэр хүүхдүүдийн хамт Өлгий сумын ** дугаар баг, *****тоотод оршин суудаг. ХААН банкны тус аймаг дахь салбарт АТМ хариуцсан ажилтнаар ажилладаг. Эхнэр нь Х.Ж эрхэлсэн тодорхой ажилгүй, аав нь цэргийн байнгын тэтгэвэрт, ээж Т.К Өлгий сумын 7 дугаар сургуульд багш, охин дүү нь У.А Голомт банкны тус аймаг дахь салбарт теллерээр тус тус ажилладаг. Охин К.Д 5 настай, Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт хүмүүжигдэж байгаа бөгөөд төрснөөс хойш өдий хүртэл өвөө, эмээгийн асрамжид байгаа нь үнэн болно...” гэсэн мэдээллийг багтаасан тодорхойлолт бүхий албан бичгийг боловсруулан үйлдэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн Засаг даргын албан бланк дээр хэвлэн, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр он, сар, өдрийг бичиж 13/224 гэсэн дугаар олгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн  Б/37 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “албан тушаалын тодорхойлолт”-д заагдсан чиг үүрэгт хамаарахгүй ажлыг Засаг дарга М.Ж-ны өмнөөс хэрэгжүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах “Дураараа аашлах” гэмт хэрэгт холбогджээ.    

3. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар яллах дүгнэлтээр Ж.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн  2024/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолоор:

4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

4.2. Шүүгдэгч Т ургийн овогтой Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдэж” хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд:

5.1. Шүүхийн дээрх тогтоолыг 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх...нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус хуульчилжээ.

5.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн үед цугларсан гэрч М.Ж-ны “...миний бие 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус аймгийн Дэлүүн суманд хувийн ажлаар явж байсан бөгөөд тухайн өдрийн 13/224 дугаартай “Тодорхойлолт” гэх гарчигтай албан тоотыг манай багийн нийгмийн ажилтан Ж.Б- компьютероор боловсруулж гаргаад өөрийнхөө гарын үсгийг зурж, иргэн У- гэх хүнд өгсөн байна. Би тухайн өдөр Дэлүүн сумын 6 дугаар багийн “Нүцгэн” нэртэй, сүлжээгүй газарт явж байсан, тэр өдөр манай багийн нийгмийн ажилтан надад иргэнд албан тоот өгөх гэж байгаа талаар мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 95 дугаар хуудас/,

-Яллагдагч Ж.Б-ын “...багийн Засаг дарга М.Ж- нь байхгүй хөдөө явсан тул уг тодорхойлолтыг өөрөө мэдээд гаргасан. Би энэ хүнээс өөр хүмүүст багийн Засаг даргын нэрээр тодорхойлолт өгч байсан удаа байхгүй...албан бичигт дарга М.Ж- гэх хэсэгт зурагдсан гарын үгийг би зурсан. Уг гарын үсгийг М.Ж-ы гарын үсгийг дуурайлгасан байдалтай зурсан. Гэхдээ уг гарын үсэг түүнээс болон минийхээс шал өөр байдалтай зурагдсан.” гэх мэдүүлэг/ХХ-ийн 126-127 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Ж.Б-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...багийн Засаг дарга тодорхойлолт авах гэж ирсэн хүнд тодорхойлолт өгөөрэй гэж тамга, гарын үсэг зурсан бланкаа үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй байсан.

Гэтэл шүүх “ ...дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй” гэж дүгнэн шүүгдэгч Ж.Б-ын шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг цухас дурдаж мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг үнэлэлгүй, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1,4-т заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байгаа болно.

5.4. Түүнчлэн шүүх шүүгдэгч Ж.Б-ын шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн “...багийн Засаг дарга тодорхойлолт авах гээд ирсэн хүнд олгоорой гээд тамга, гарын үсэг зурсан бланкаа үлдээгээд явсан” гэх мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн “...багийн Засаг дарга нар ирсэн хүмүүст тодорхойлолт олгоорой гээд албан бланк, тамгаа үлдээдэг. Өлгий сумын бүх Засаг даргын бүх туслахууд тодорхойлолт олгодог” гэх тайлбар зэрэгт үндэслэн шүүгдэгч Б.Б-ын дээрх үйлдэл нь “хүний хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч нотлох баримт үйлдэх” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Учир нь иргэний хувийн байдлыг тодорхойлсон баримт бичигт ургийн овог, эцэг, эхийн болон өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар, иргэншил, үндэс угсаа, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа хаяг, амьдралын нөхцөл байдлыг агуулсан баримт бичгийг хэлдэг бол үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг дуурайлган хийхийг ойлгодог.

Харин шүүгдэгч Ж.Б- нь нийтийн албан тушаалтны хувьд албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэх явцдаа иргэн О.У-ын хүсэлтээр У.К, Х.Ж, Т.К, У.А нарыг ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх, К.Д-г цэцэрлэгт хүмүүждэг гэсэн мэдээллийг агуулсан тодорхойлолтыг багийн Засаг даргын нэрийн өмнөөс үйлдсэн үйл баримт тогтоогддог.

Гэтэл ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх тодорхойлолтыг тухайн ажилтны ажиллаж буй албан газрын дарга, цэцэрлэгт хүмүүжиж буй тодорхойлолтыг цэцэрлэгийн эрхлэгч, оршин суух тодорхойлолтыг оршин сууж буй газрын баг, хорооны Засаг дарга тус тус олгодог атал шүүгдэгч Ж.Б-ын хувьд дээрх өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг прокурор болон дээд шатны прокурорын зүгээс буруу тайлбарлаж эсэргүүцэл гаргасан гэж үзэж байна.

6.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс шийтгэх тогтоол дээр тодорхой тайлбарлаж бичсэн. Нийтийн албан тушаалтан өөртөө олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн гэдэг нь нийтийн албан тушаалтан тухайн бүрэн эрхийг өөрөө хэрэгжүүлэх боломжтой байхыг хэлдэг. Ж.Б-ын зүгээс тухайн багийн Засаг даргын тодорхойлолт олгох эрх мэдлийг хэрэгжүүлэх ямар нэгэн боломж байгаагүй. Багийн Засаг даргын тамгыг зөвшөөрөлгүй аваад, гарын үсгийг хуурамчаар зураад тодорхойлолт бичиж өгсөн.  Прокурорын зүгээс тухайн тодорхойлолтын агуулгыг харах ёстой гэж хэлж байна. Тодорхойлолтын агуулга нь бусдын хувийн байдлыг тодорхойлсон “Ж- ажилгүй” гэдэг багийн Засаг даргын тодорхойлолтыг бичиж өгсөн. Тухайн тодорхойлолтын дотор өөр утга, агуулгатай зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  объектив талын шинжийг агуулсан гэмт хэрэг. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй учраас ялаас чөлөөлөгдөх, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан.

6.3. Харин түүний эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн. Прокурорын тайлбар нь үндэслэлгүй. Хуулийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 22.11  дүгээр зүйлд заасан гэмт хэргийг прокурор буруу ойлгож байгаа. Хуулийн үзэл баримтлал болон түүний албан бус тайлбар дээр жишээ аваад тайлбарласан. Үүнд  “Хурлын дарга хурлын тогтоолыг хуралдаанаараа гаргах ёстой атлаа дангаараа хуралдаанаас тогтоол гаргасан мэтээр тогтоол гаргасан байдаг. Хурлын дарга албаны чиг үүргээ ашиглаж  хуралдаанаас тогтоол гаргасан мэтээр тогтоол үйлдсэн бол гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн агуулсан гэж заасан. Мөн Тамгын газрын дарга тамгын газрын ажилтныг ажилд авах тушаал шийдвэрийг гаргах бүрэн эрх байхад түүнийг Засаг дарга Тамгын газрын нэрийн өмнөөс тушаал шийдвэр, захирамж гаргасан бол өөртөө олгогдоогүй эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн буюу нийтийн албан тушаалтан өөртөө олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн болно. Гэхдээ Ж.Б- нь нийгмийн ажилтан. Нийгмийн ажилтан Ж.Б- багийн Засаг даргын өмнөөс тодорхойлолт дээр Ж.Б- гээд гарын үсэг зураад, түүнд нийгмийн ажилтны  тамга тэмдгийг дарж тодорхойлолт гаргаж өгсөн асуудал байхгүй. 

6.4.  Ж.Б- нь багийн Засаг даргын өмнөөс шийдвэр гаргадаг, түүний эрх мэдлийг хэрэгжүүлдэг албан тушаалтан биш. Энэ тодорхойлолтыг багийн Засаг дарга ажил дээр байхгүй байсан үеийг далимдуулж тамга тэмдгийг ашиглаж, гарын үсгийг нь хуурамчаар зурж, хуурамч бичиг баримт үйлдсэн. Гэхдээ хохирол тогтоогдоогүй учраас анхнаасаа Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан бол шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж, хувийн байдлыг тайлбарлаж ялаас чөлөөлөгдөх боломжтой байсан. Энэ боломжийг прокурорын шатанд олгоогүй. Гэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй. Тиймээс прокурорын эсэргүүцэл Эрүүгийн хуульд нийцээгүй, үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

8. Шүүгдэгч Ж.Б-ыг хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

9. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас  шүүгдэгч Ж.Б-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт нийгмийн ажилтнаар ажиллахдаа 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “...О овгийн У-ын К- нь аав, ээж, охин дүү, эхнэр хүүхдүүдийн хамт Өлгий сумын 13 дугаар баг, Усны 1-107 тоотод оршин суудаг. ХААН банкны тус аймаг дахь салбарт АТМ хариуцсан ажилтнаар ажилладаг. Эхнэр нь Х.Ж- эрхэлсэн тодорхой ажилгүй, аав нь Цэргийн байнгын тэтгэвэрт, ээж нь Т.К Өлгий сумын 7 дугаар сургуульд багш, охин дүү нь У.А Голомт банкны тус аймаг дахь салбарт теллерээр тус тус ажилладаг. Охин нь К.Д 5 настай, Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт хүмүүжигдэж байгаа бөгөөд төрснөөс хойш өдий хүртэл өвөө, эмээгийн асрамжид байгаа нь үнэн болно...” гэсэн мэдээллийг багтаасан тодорхойлолт бүхий албан бичгийг боловсруулан үйлдэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн Засаг даргын албан бланк дээр хэвлэн, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр он, сар, өдрийг бичиж 13/224 гэсэн дугаар олгож, Баян- Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/37 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “албан тушаалын тодорхойлолт”-д заагдсан чиг үүрэгт хамаарахгүй ажлыг багийн Засаг дарга М.Ж-ы нэрийн өмнөөс хэрэгжүүлж дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг  тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан  баримт бичгийг хуурамчаар үйлдэж” хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3,000,000  төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

10. Шүүх хэргийн бодит байдал, шүүгдэгчийн санаа зорилго, сэдэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үнэлж дүгнэн, харьцуулан шинжлэх зэргээр эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэх учиртай.

Шүүгдэгч Ж.Б- нь  2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Х.У-ын гуйлтаар Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга М.Ж-ы “...О овгийн У-ын К- нь аав, ээж, охин дүү, эхнэр хүүхдүүдийн хамт Өлгий сумын 13 дугаар баг, Усны 1-107 тоотод оршин суудаг. ХААН банкны тус аймаг дахь салбарт АТМ хариуцсан ажилтнаар ажилладаг. Эхнэр нь Х.Ж- эрхэлсэн тодорхой ажилгүй, аав нь Цэргийн байнгын тэтгэвэрт, ээж нь Т.К Өлгий сумын 7 дугаар сургуульд багш, охин дүү нь У.А Голомт банкны тус аймаг дахь салбарт теллерээр тус тус ажилладаг. Охин нь К.Д 5 настай, Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт хүмүүжигдэж байгаа бөгөөд төрснөөс хойш өдий хүртэл өвөө, эмээгийн асрамжид байгаа нь үнэн болно...” гэсэн тодорхойлолтыг бичиж М.Ж-ы гарын үсгийг зурсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн ба энэ талаар маргаангүй байна.

 

11. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдэл холбогдлын талаар ... шүүгдэгч Ж.Б- нь багийн нийгмийн ажилтнаар буюу төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд ажилладаг туслах түшмэлийн хувьд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж, албан бичгийг төлөвлөх, өргөдөл гомдолд хариу өгөх эрхтэй боловч иргэн Н.У- гэх хүний хэлснээр дээрх тодорхойлолтыг бичиж боловсруулсан, уг тодорхойлолтыг иргэн Н.У- шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх зорилготой байсныг шүүгдэгч мэдээгүй, багийн Засаг дарга нь дур мэдэн тамгаа багийн нийгмийн ажилтанд орхиж явсан нь шүүгдэгч бусдад тодорхойлолт олгох нөхцөлийг бүрдүүлсэн, Ж.Б- нь багийн Засаг даргын тодорхойлолтод гарын үсэг зурах эрхгүй атлаа Н.У-ын хүсэлтээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ хүрээнд албан бичиг буюу тодорхойлолтыг төлөвлөж, улмаар багийн Засаг дарга М.Ж- байхгүй гэх шалтгаанаар түүний  гарын үсгийн өөрөө зурж, тамга дарж олгосон үйлдэл нь  хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн шинжтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Б-ад холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх тус хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй байна.

12. Шүүхээс гэм буруутай этгээдийн үйлдэл, санаа зорилгын талаар дүгнэлт хийхдээ уг үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн дамжсан, эсхүл шууд бус хэлбэр, сэдэлт, шалтгаан зэргийг ялган тогтоож, учруулсан хор уршигтай гэм буруутай ямар үйлдэл хэрхэн холбогдож байгааг, хэрвээ хохирол, хор уршиг байна гэж үзвэл эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашигт бодитой хохирол учруулсан зэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтооно.

 

13. Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн хувьд хуурамч гэдэг ойлголт нь үнэн чанартаа хууль бус байх нийтлэг шинжээс гадна дуураймал, үнэний үндэслэлгүй буюу хэлбэр төдий зэрэг шинжтэй байдаг. Хууль тогтоогч баримт бичиг гэдэгт тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хамааруулжээ. Энэхүү гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг, бодит материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэдий ч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн үйл ажиллагаа хууль ёсны байх зарчмыг буюу нийтийн албаны ашиг сонирхолд хор хохирол учруулсан байхыг шаарддаг. Хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн тухайд баримт бичгийг хуурамчаар үйлдсэн цаг хугацаанд төгсдөг онцлогтой.

Харин дугаараа аашлах гэмт хэрэг нь албан тушаалтны хууль бус, дүр үзүүлсэн, дур мэдэж, өөрт нь тийм эрх мэдэл олгогдоогүй, олгох үндэсгүй болох нь илэрхий тодорхой байхад асуудлыг бусдын өмнөөс шийдэж, эсхүл шийдсэн гэх итгэл үнэмшлийг бусдад төрүүлж төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг гуйвуулдаг, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгогдоогүй, эсхүл хууль, журмаар тодорхой тогтоосон цаг хугацаанд олгосон албаны бүрэн эрх, чиг үүргээ тогтоосон хугацаанаас бусад үед хэрэгжүүлсэн байдаг онцлогтой. Тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба гэмт этгээд өөрт  нь тийм эрх байхгүй гэдгийг лавтай сайн мэдсээр байж, уг эрх байгаа мэтээр аашилж, бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлснээр төгсдөг, бодит материаллаг хохирол учруулахыг шаардахгүй боловч авлига, албан тушаалын эсрэг гэмт хэргийн ангилалд багтан төрийн үйл ажиллагааны хууль ёсны байх зарчмыг алдагдуулж эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхолд хортой үйлдэлд тооцогдох юм.

 

14. Шүүгдэгч  Ж.Б- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Багийн Засаг даргын ажлын албанд харьяалагдан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байхдаа архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, журам, стандартад нийцсэн баримт бичгийн төсөл төлөвлөх, иргэдийн өргөдөл гомдолд хариу өгөх албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэх үед 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус багийн Засаг дарга М.Ж-ы эзгүйд, түүнийг хувийн түр чөлөөтэй хугацаанд, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг даргын тамга болон албан бланк нь байнга ажлын албанд  хадгалагддагийг ашиглаж, иргэн Н.У-ын гуйлтаар, түүний хүү О овогт У-ын К-, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүдийн оршин суух хаяг, ажил байдлын талаар тодорхойлолтыг хүсэлт гаргасан иргэний хэлснээр нь төлөвлөж, уг тодорхойлолтыг 13 дугаар багийн Засаг даргын албан бланкад хэвлэн тухайн өдрөөр дугаар авч, улмаар Засаг даргын тамгыг дарж, өөрөө гарын үсэг зурж албажуулан хүсэлт гаргасан иргэнд хүлээлгэж өгсөн үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж болох “өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн” нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

15. Гэвч дээрх тодорхойлолт нь бусдад ямар нэгэн эрх үүсгэсэн, үүрэг дуусгавар болгосон эрх зүйн үр дагаврыг огтоос бий болгоогүй, энэ тодорхойлолтыг иргэний хэргийн оролцогчоос тухайн үед иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч тус тодорхойлолт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй, Ж.Б- нь өөрийн үйлдэл холбогдлын талаар иргэний хэргийн оролцогчийн гомдлоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн цагаас болсон үйл явдал, өөрийнхөө хууль бус үйл ажиллагааны талаар тогтвортой, үнэн зөв мэдүүлж байсан нь түүний хувийн байдлыг тодорхойлно гэж дүгнэж, тэрээр тухайн багт оршин суудаг иргэний хүсэлтээр, түүний хэлснээр төлөвлөж, багийн Засаг даргын албан бланк, тамгыг дарж, гарын үсэг зурж төрийн үйлчилгээг үзүүлж байна гэж ойлгож албан хэрэг хөтлөлтийн холбогдох хууль, дүрэм, журам болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж олгосон үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулаагүй байх тул Ж.Б-ын үйлдлийг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Тодруулбал, Ж.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дураараа аашлах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тэрээр бусдын гуйлтаар, хэлснээр нь багийн Засаг даргын тодорхойлолтыг төлөвлөн боловсруулж, хэвлэж албажуулсан боловч тухайн баримтыг шүүхэд гаргаж өгнө гэдгийг мэдээгүй, уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй буюу ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй, Ж.Б-ын үйлдлийн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ерөнхий объект болох хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхолд, мөн түүнчлэн тусгайлсан объект болох нийтийн албаны ашиг сонирхолд бодитой хохирол, хор уршиг учруулаагүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ын үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй болно.

 

16. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хууль тогтоогч (1) нийтийн албан тушаалтан (2) албан тушаалын бүрэн эрхийг (3) бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн (4), ашигласан бол гэж тогтоосныг шинжлэн үзвэл, Ж.Б-ын үйлдэл холбогдлын хувьд “албан тушаалын бүрэн эрхийг”, “бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн” гэх шинжүүд эргэлзээгүйгээр, бодитой тогтоогдож байх боловч түүний уг тодорхойлолтыг төлөвлөж, хэвлэж, албажуулсан үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй. Иймээс дээд шатны прокурорын “Ж.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан” гэсэн агуулгатай эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна.

 

17. Ж.Б- нь Өлгий сумын 13 дугаар багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байхдаа архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, журам, стандартад нийцсэн баримт бичгийн төсөл төлөвлөх, иргэдийн өргөдөл гомдолд хариу өгөх албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үед 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус багийн Засаг дарга М.Ж-ы эзгүйд 13 дугаар багийн Засаг даргын тамга болон албан бланк дээр тухайн багт оршин суудаг иргэний хүсэлт, гуйлтаар тодорхойлол үйлдэж, хэвлэж, албажуулан хүсэлт гаргасан иргэнд хүлээлгэж өгсөн үйлдэл нь бодитой тогтоогдсон, түүний уг хууль бус үйлдэлд багийн Засаг даргын тодорхойлолтыг дуурайлгаж, хуурамчаар хийсэн, үнэний үндэслэлгүй буюу хэлбэр төдий үйлдсэн зэргээр хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Ж.Б-ын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь  хууль ёсны зарчмыг хангаагүй, шүүх Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсгийг хэрэглээгүй байх тул шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгож шийдвэрлэв.

 

18. Иймээс дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.Б-ыг цагаатгаж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,  

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-ад  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.Б-ыг цагаатгаж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан Ж.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан Ж.Б- нь өөрт хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хугацаанд, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ