Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/51

 

С.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Е-д холбогдох эрүүгийн 2413001830205 дугаартай, 1 хавтастай хэргийг хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, шүүгдэгч С.Е-, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хохирогч С.С-, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.       

 

1. Монгол Улсын иргэн,  яс үндэс ****,  **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, ******  нарын хамт ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт С.Е- /РД:*************/.

 

2. Шүүгдэгч С.Е- нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 10 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт **** БӨН улсын дугаартай “Ланд Круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, хохирогч С.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаар яллах дүгнэлтээр С.Е-ы  дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн  2024/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Т ургийн овогтой С.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч С.Е-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд шүүгдэгч С.Е-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг хүлээлгэж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч С.Е-д сануулж,

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

4.6. Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч С.Е-аас 15180000 (арван таван сая нэг зуун наян мянга) төгрөгийг гаргуулан хохирогч С.С-т олгож, цаашид хохирогч нь эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:  

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.2. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч С.Е- нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 10 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р багийн нутаг дэвсгэрт **** БӨН улсын дугаартай "Ланд Круйзер-200" загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний Дүрмийн "...11.3, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, хохирогч миний биед тархины доргилт, их тархины бор цагаан бодисын ялгарал алдагдсан, хавантай, хамрын таславч мурийлттай, зүүн талд хамрын яс цөмрөөгүй хугарал, зүүн хацарт, хаван хавдартай, зүүн хөмсөг, духны голд, баруун хөмсөгний дээд хэсэгт, баруун дээд зовхи, хамрын нурууны зүүн талд, зүүн чамархай орчим тус тус оёдолтой шархтай, зүүн чихний урд хэсэгт зулгаралттай, баруун мөрөнд шалбарсан шарх, баруун шагайн урд хэсэгт шалбарсан шарх, 2 талын нүдний алимын салстад цус хуралттай зэрэг хүнд хохирол учирсан байна.

5.3. Хууль зүй. дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “'Тухайлсан гэмт хэргийн улмаас хуний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар хуралдааны тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөв. Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалаас үзвэл дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.С-ийн сэтгэл санаанд 5-р зэрэглэлийн сэтгэцийн хор уршиг учирсан болох нь тогтоогджээ.

5.4. Гэтэл шүүх гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогч С С-ийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024  оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:

6.1. Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч С.Е- бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2-т. “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Е-ы... 1 \нэг\ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 6.-т “Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 514.1,          514.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч С.Е-аас 15180000 \арван таван сая нэг зуун наян мянга\ төгрөгийг гаргуулан хохирогч С.С-т олгож, ..." гэсэн хэсгийг тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Үндэслэх хэсэгт "... Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн нэхэмжилсэн зардлыг төлсөн боловч шүүхээс тогтоосон сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр 15180000 төгрөгийг төлж, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгаагүй, мөн хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал хууль зүйн үндэслэлгүй байна" гэж дүгнэснийг дараах хууль зүйн болон бусад нөхцөлөөр зөвшөөрөхгүй байна.

6.3. Шүүгдэгч С.Е- нь анх уг хөнгөн төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байсан цаг мөчөөс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшин ухамсарласан, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж мэдүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй буюу түүний хувийн байдлууд,

6.4. Шүүгдэгч С.Е- нь уг гэмт хэргийн улмаас хохирогч С.С-т 5,000,000 /таван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Ж-т 550,000 төгрөг нийт 5,550,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлыг сайн дурын үндсэн дээр анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлж өгсөн нөхцөл байдал,

6.5. Урьд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Е-д холбогдох эрүүгийн 2413001830205 дугаартай хэргийг хянан хэлэлцэх үед хохирогч С.С- нь сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн учраас уг автомашины өмчлөгч болох Н.С-ыг иргэний хариуцагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд мөрдөгчөөс авто осолд орсон автомашины өмчлөгч Н.С-ыг иргэний хариуцагчаар татаж, эрх, үүргийг тайлбарлан мэдүүлэг авч эрүүгийн хэргийг дахин яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

6.6. Анхан шатны шүүх хуралдааны үед иргэний хариуцагч Н.С-ы нь уг автомашин миний өмчлөлд байдаг, миний хүү С.Е-д тухайн өдөр уг автомашиныг унахыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг би хуулийн дагуу төлнө гэж мэдүүлсэн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх хохирогч С.С-д гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу 15180000 /арван сая нэг зуун наян мянга/ төгрөгийн иргэний хариуцагчаар татагдсан Н.С-аас Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 дахь хэсэгт зааснаар гаргуулах ёстой байсан гэж үзэж байна.

6.7. С.Е-ы аав Н.С-ы нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд ба тэдний айл 2 том оврын автомашинаар БНХАУ, ОХУ-д тээвэр хийдэг, одоогоор арилжааны банканд 100,0 сая төгрөгийн зээлтэй юм. Н.С-ы нь гадаад, дотоодод ачаа тээвэр хийхэд хүү С.Е- нь 16 наснаас эхлэн байнга дагаж явж хүнд хүчир ажилд тусалдаг юм. Гэтэл С.Е-д шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар хөгжлийн бэрхшээлтэй эцэг Н.С-тай хамт гадаад улсад тээвэр хийх боломжгүй байдалд хүргэж байгааг анхаарч үзээгүй гэж үзэж байна.

6.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч С.Е-ы ....1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй, 6 дахь хэсэгт заасан “Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч С.Е-аас 15180000 /арван таван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.С-т олгож, ...” гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, 1. “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтын дагуу шүүгдэгч С.Е-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

7. Иргэний  хариуцагч Н.С-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

7.1. С.Е-д холбогдох эрүүгийн 2413001830205 хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Н.С-ы би шүүгдэгч С.Е-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, хохирогч С.С-, түүний өмгөөлөгч А.Серикжан нараас Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

7.2. Шүүгдэгч С.Е-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлын хувьд   Монгол Улсын иргэн Н.С-ы би Баян-Өлгий  аймгийн Өлгий сумын 8 дугаар багт эхнэр А, хүү Е-ы хамт амьдардаг, олон жилийн турш гадаад, дотоод улсад том оврын хоёр автомашинаар ачааны тээвэр хийж амьдарч байна. Миний хүү Е- нь 14 наснаас эхлэн эцэг намайг байнга дагаж явж одоо 10 дахь жилдээ хамтран тээвэр хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн надад гар биеэр тусалж байна.

7.3. Миний хүү Е- нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн болгоомжгүй, санамсаргүй байдлын улмаас авто ослын гэмт хэрэгт холбогдсон. Хүү Е- нь гэмт хэрэгт холбогдсон цаг мөчөөс эхлээд үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшин ухамсарлан хуулийн байгууллагаас дуудсан цаг хугацаанд хүрэлцэн очих, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан бодит хохирлуудыг сайн дурын үндсэн дээр төлж өгсөн.

7.4. 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болсон анхан шатны шүүхийн хуралдааны төгсгөлийн шатанд шүүгчээс 15,180,000 төгрөгийг хохирогч С.С-т төлөх асуудлыг гаргаж ирсэн. Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.С-т учирсан гэх 15,180,000 төгрөгийн хор уршгийг уг эрүүгийн хэрэгт хариуцагчаар татагдсан Н.С-ы би төлөх ёстой байсан. Учир нь авто осолд орсон автомашины өмчлөгч би, уг автомашиныг жолоодохыг тухайн өдөр хүү Е-д сайн дурын үндсэн дээр шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 15,180,000 төгрөгийг шууд миний хүү С.Е-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн явдлыг зөвшөөрөхгүй байна.

7.5. Иймээс хохирогч С.С-т учирсан гэх гэмт хэргийн хор уршгийн хохирол 15,180,000 төгрөгийг уг автомашины өмчлөгч Н.С-ы би төлж барагдуулах болно гэдгийг үүгээр илэрхийлж байна.

7.6. Иймд шүүгдэгч С.Е-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдолд дурдсан “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч С.Е-ы ....1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 6 дахь хэсэгт заасан “Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч С.Е-аас 15180000 /арван таван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.С-т олгож, ..." гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл. “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, 1. “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтын дагуу шүүгдэгч С.Е-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж өгөх тухай” давж заалдах гомдлыг дэмжиж байгааг үүгээр илэрхийлж байна.

7.7. Хохирогч С.С-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлын тухайд цаашид давж заалдах шатны шүүхээс хохирогч С.С-т тийм, ийм төгрөгийн хохирол учирсан гэж тогтоовол уг хохирлыг иргэний хариуцагчийн хувьд Н.С-ы би төлж өгөх болно. Иймд уг давж заалдах гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

8. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

8.1. Прокурорын зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжсэн байр суурьтай оролцож байна.  Энэ гэмт хэргийн хувьд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Өнөөдрийн байдлаар биед учирсан хор уршиг нь арилаагүй байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаанд хохирогчийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд мөн хяналтын камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар зам тээврийн осол гарахад шүүгдэгчийн буруутай үйлдэл болсон гэж үзсэн. Үүнтэй холбоотой сайдын тушаал, журам байгаа.

8.2. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал-ын хохирогчийн хувьд 5 дугаар зэрэглэлд хамаарч байгаа. Үүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүртэл гэж заасны дагуу хохирлыг энэ хоёрын хооронд хор уршгийг гаргах шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс хохирогчийн буруутай  үйлдлийн улмаас зам тээврийн осол гарахад тодорхой хэмжээний нөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх журамд заасан сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүртэл гэж заасны дагуу энэ хоёрын хооронд тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас үүнтэй холбоотой хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг дэмжиж байна.

8.3. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гарах үед хор уршгийг арилгаагүй байсан. Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүхээс оногдуулсан хохирлыг, хор уршгийг бүрэн арилгасан. Цаашид хор уршиг гарвал түүнийг төлөхийг илэрхийлсэн. Иймд шүүгдэгчийн хувийн байдалд нийцүүлэн, эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхэд ямар нэгэн харшлах зүйл байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж тайлбар дүгнэлт гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            9. Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан болон шүүгдэгч С.Е-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлуудыг хангаж шийдвэрлэлээ.

10. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

11. Шүүгдэгч С.Е- нь **** БӨН улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...", 12.3 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч С.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн цагаас маргаагүй хүлээн зөвшөөрсөн байна.

  12. Хохирогчийн өмгөөлөгч А.Серикжанаас “...Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “'Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар хуралдааны тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөвт заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалаас үзвэл дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.С-ийн сэтгэл санаанд 5-р зэрэглэлийн сэтгэцийн хор уршиг учирсан болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогч С С-ийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн мэтээр дүгнэсэнд гомдолтой байна” гэсэн,  

шүүгдэгч С.Е-, түүний өмгөөлөгч Я.Сьездээс “... шийтгэх тогтоолын 2, 6 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж шүүгдэгч С.Е-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

 

12.1. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хуульд заасан журмыг зөрчсөн, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, хохирогч, түүний өмгөөлөгчийн дээрх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Е-ы үйлдсэн гэмт хэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “Журам, хүснэгт батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн 5 дугаар зэрэглэлд хамаарч байх тул Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660000 төгрөгийг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30360000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2-т заасныг баримтлан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 30,360,000 төгрөгийг 2 дахин багасгаж, 15,180,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.  Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар уг зам тээврийн осол гарахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн түүнчлэн шүүгдэгч С.Е- нь эцэг, эхийн хамт амьдардаг, гэрлээгүй, өөрийн гэсэн хөрөнгөгүй, аав Н.С-ы нь хөдөлмөрийн чадвараа 60% алдсан, санамсаргүй болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан зэрэг нь шүүхээс Иргэний хуулийн  514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсгийг хэрэглэх урьдач нөхцөл болохгүй тул шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч С.Е-аас 15,180,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг 30,360,000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор өөрчлөлт оруулах нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Ийнхүү шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа шүүгдэгч С.Е-ы эцэг, иргэний хариуцагч Н.С-ы нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 2024 оны 10 дугаар 24-ний өдөр хохирогч С.С-ийн *********** тоот дансанд 15,180,000 төгрөгийг шилжүүлсэн нөхцөл байдал, давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорын гаргасан тайлбар дүгнэлт,  шүүгдэгчийн бодит хохирол төлбөрийг болон хор уршгийг сайн дураараа арилгах талаар хүсэл зоригоо илэрхийлж тайлбар гаргасан зэргийг харгалзан үзсэн болно.

Мөн шүүгдэгч С.Е- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.С-т 5,000,000 төгрөг биш 2,500,000 төгрөг өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шийтгэх тогтоолын 8 дахь заалтад энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

           

12.2. Анхан шатны шүүх, шүүгдэгч С.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулсан нь хууль ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэхээр байгаа боловч шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үед хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан, анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч С.С-т шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон 15,180,000 төгрөгийн хор уршгийг 2024 оны 10 сарын 24-ний өдөр төлж барагдуулсан баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн, цаашид гарах хохирол нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч С.Е-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” гэмт хэрэг нь хөнгөн ангиллын хэрэгт хамаарахаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаарх хуулийн урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

 

13. Иймд, дээрх үндэслэлүүдээр хохирогчийн өмгөөлөгчийн болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “...1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Е-д хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилж, тус заалтыг:

 

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Е-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Е-д хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчлөн найруулж, 3 дугаар заалтыг:  

 

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Е-ыг тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж, 4 дүгээр заалтыг:

 

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай” гэж, 5 дугаар заалтыг:

 

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус сануулсугай” гэж,

 

6 дугаар заалтын “...15,180,000 /арван таван сая нэг зуун наян мянга” гэснийг “...30,360,000 /гучин сая гурван зуун жаран мянга/” гэж,

 

8 дугаар заалтын “...5000000 төгрөг” гэснийг “...2,500,000 төгрөг” гэж, 10 дугаар заалтыг:

 

“10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177, 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Е-д оногдуулсан эрх хасах ял, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр, албадлагын арга хэмжээ авсан шийдвэр зэргийн биелэлтэд хяналт тавьж, гүйцэтгэхийг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан болон шүүгдэгч С.Е-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг тус тус хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ