| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 183/2021/03345/и |
| Дугаар | 210/МА2022/00683 |
| Огноо | 2022-04-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2022/00683
Д.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00005 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Бийн хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуул гэж шийдвэрт заасан тул барьцаа хөрөнгийг хураан авсан, битүүмжилсэн, үнэлсэн гэдэг боловч үнэлэгдсэн гэх эд хөрөнгө барьцаа хөрөнгө гэдгийг нотлоогүй. Гэтэл анхан шатны шүүх нь нотлох баримтад үндэслэхгүйгээр таамаглаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь барьцаа хөрөнгөд ажиллагаа явуулсан гэх үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд заасны дагуу явуулах учиртай. Гэтэл хуульд заасан журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх нь энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж заасан. Иймээс Д.Бийн нэхэмжлэлтэй Н.Ш.Ш.Г.Гт холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж шийдвэр гаргасан, анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэж үзэж дараа дараагийн шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Д.Б Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
4.а. Монголын олон улсын арбитрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 161 дүгээр шийдвэрээр Д.Бээс 135,000,000 төгрөг гаргуулж “Ньюстар финанс ББСБ” ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Д.Б шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч “Ньюстар финанс ББСБ” ХХК-ий хүсэлтээр Н.Ш.Ш.Г.Г төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, уг ажиллагааны явцад төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 4/1-13 тоот хаягт байрлах 61 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураах, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг тус тус явуулжээ.
4.б.
5. Төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч “Ньюстар финанс ББСБ” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй, шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч Н.Ш.Ш.Г.Г нь “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.
6. Шинжээчээр ажилласан “Виннэр Вэй” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх арга аргачлалыг “зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагууд, тэдгээрт тохирох аргуудыг” ашиглан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, шинжээч нь уг эд хөрөнгөтэй очиж танилцаагүй гэх боловч энэ талаархи баримтыг шүүхэд гаргаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.
8. Н.Ш.Ш.Г.Г төлбөр төлөгч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшинд үнэлгээ тогтоосон тухай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-180/18803 тоот мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогджээ.
9. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Д.Бямбасүрэнгийн” гэснийг “Д.Бийн” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.БЯМБАСҮРЭН