Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/1175

 

 

 

 

 

 

  2024             10            23                                       2024/ДШМ/1175

 

 

                                                             Ц.Э-д холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

яллагдагч Ц.Э, түүний өмгөөлөгч Х.Д,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1882 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр эсэргүүцлээр Ц.Э-д холбогдох 2303002000220 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Ц.Э нь ...... дүүргийн ...... дугаар хорооны нутаг, Баруун турууны замд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг 00 минутын орчимд ...................... загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ............ загварын ........... улсын дугаартай, ......... загварын ......... улсын дугаартай, .......... загварын ............ дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж улмаар жолооч Н.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн жолооч Л.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч А.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийи 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан. Прокуророос бүрэлдэхүүнтэй техникийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Шинжлэх ухаан техникийн Их сургуулийн механик, тээврийн сургуулийн тээврийн салбарын эрхлэгч ................, ахлах багш ........., ........... нарыг томилж, улмаар шинжээчид 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07/29 дугаар “Техникийн шинжээчийн дүгнэлт”-ийг гаргажээ. Гэтэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно” гэж заасан. Дээрхээс дүгнэхэд Шүүх шинжилгээний төв байгууллагын даргаас нэр бүхий шинжээчид шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгосон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байдлыг бий болгожээ. Мөн  хохирогч А.А-ийн биед дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Э-оос мэдүүлэг авах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгээгүй байна гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно” гэж заасан байхад Шүүх шинжилгээний төв байгууллагын даргаас нэр бүхий шинжээчид шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгосон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж үзэж буцаасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ. Мөн зүйлийн 8.2.Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна. 8.2.2.энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч; 8.2.3.төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн шинжилгээ хийлгэхээр заасан байна. Механик инженерийн багш нар нь төрийн байгууллагад ажиллаж буй тусгай мэдлэг бүхий этгээд нар юм. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.3-т хамаарч байгаа бөгөөд шүүхээс зөвхөн тус хуулийн 8.2.2-т заасан шүүхийн шинжилгээний ерөнхий газраас эрх авсан этгээдийг л шинжилгээ хийх этгээд гэж ойлгож хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Тиймээс Механик инженерийн сургуулиас гаргасан шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан. Мөн шүүхээс “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж, уг захирамжийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “... Хохирогч А.А-ийн биед дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Э-оос мэдүүлэг авах” ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгээгүй нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэхээр байна гэж үзсэн бөгөөд давж заалдах шатны магадлалд заасан ажиллагааг буюу хохирол, хор уршгийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд хэргийн хохирогч нараас мэдүүлэг авч, иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг татан оруулсан зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг нийтэд нь дүгнээд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар заасан заалтыг хангаж бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлтийг гаргуулсан. Түүнчлэн яллагдагч Ц.Э нь .............. маркийн .................. улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа ............ маркийн ............. улсын дугаартай, ............ маркийн ............. улсын дугаартай, ........... маркийн ............ дугаартай автомашинуудыг мөргөж улмаар жолооч Н.А-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, мөн жолооч Л.Э-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, зорчигч А.А-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд тухайн автомашинуудад учирсан нийт хохирлын хэмжээг тодорхойлж шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн тухайн хэргийн газарт байсан бүх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно. Харин хохирогч А.А-ийн хувьд эхний машин мөргөлдсөний дараа би ухаан алдсан юу ч санахгүй байгаа талаараа мэдүүлдэг хэдий ч тухайн хэргийн ослын үйл явц, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр .............. маркийн .......... улсын дугаартай автомашиныг мөргөх үед тухайн хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогддог. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч /Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч/ оролцуулж, тэдний мэдүүлэгт дүгнэлт хийж, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн 2024/ШЗ/1882 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Ц.Э-ы өмгөөлөгч Х.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай учир шүүгчийн захирамж үндэслэлтэй. ...” гэв.  

Яллагдагч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос яллагдагч Ц.Э-ыг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10 цаг 00 минутын орчимд .............. загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас .......... загварын .......... улсын дугаартай, ......... загварын ........... улсын дугаартай, .......... загварын ............ дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж улмаар жолооч Н.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн жолооч Л.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч А.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Ц.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн агуулга хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд захирамжид заасан ажиллагааг шалгаж тодруулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан тул мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “...Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2.энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч гэж тус тус заажээ.

Шинжлэх ухаан техникийн Их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 07/29 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргасан /2хх 173-175/ байх бөгөөд дээрх шинжээчид шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн хохирогч А.А-ийн биед дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Э-оос хохирогчийн биед учирсан гэмтэлтэй холбогдуулан тодруулах зайлшгүй ажиллагаа бөгөөд энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн захирамж болон магадлалд дурдсан мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай тул хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Яллагдагч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1882 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 34 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ