| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2308017982141 |
| Дугаар | 2024/ДШМ/1236 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/1236
2024 11 12 2024/ДШМ/1236
Н.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1021 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-н гаргасан давж заалдах гомдлоор Н.Б-д холбогдох 2308 01798 2141 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Н-н Б, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, “П м” ХХК-д харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............./,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 320 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 320 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биелэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон;
Шүүгдэгч Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн ..................... дугаар байрны грашийн жижүүрийн өрөөнд 2023 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, цээж хэсэг рүү хайчаар хатгаж биед нь цээжний баруун хэсгээс хөндий рүү нэвтэрч баруун уушги хатгагдаж гэмтээсэн шарх, цээжний баруун зүүн хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст”- т даалгаж, 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би өндөр настай, сүрьеэ өвчтэй, эм ууж, амьсгалах эрхтэн хүнд тул эмнэлгийн байнгын хараа хяналтад байдаг. Мөн ар гэрийн хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг ба “Пүүл макс” ХХК-д харуул хамгаалалтын ажил эрхэлж амьжиргаагаа залгуулдаг. Өндөр настай миний хувьд хийсэн алдаагаа ухамсарлаж, цаашид ойлгож, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ батлан илэрхийлж байна. Миний эрүүл мэнд, ар гэрийн нөхцөл байдал болон хохирогч хохирол гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон боловч анхан шатны шүүх хохирол, төлбөр төлөөгүй, бусдад төлөх төлбөргүй гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн. Шүүгдэгч Н.Б нь дансаар мөнгө шилжүүлээгүй, тухайн үед хохирогч Х.Г-д 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар хохирогч мэдүүлээгүй. Шүүгдэгч Н.Б нь эрүүл мэндийн хувьд олон жил сүрьеэ өвчнөөр өвчилсөн, уушгиндаа гэмтэлтэй тул түүнд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.Б анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хайчийг зэвсгийн чанартай ашиглаж, хохирогч Х.Г-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан. Мөн хохирогч Х.Г хохирол нэхэмжлээгүй боловч шүүгдэгч нь гэм буруугаа ухамсарлаж хохирол нөхөн төлөх талаар санал, санаачилга гаргаагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн .............. дугаар байрны грашийн жижүүрийн өрөөнд 2023 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, цээж хэсэг рүү хайчаар хатгаж биед нь цээжний баруун хэсгээс хөндий рүү нэвтэрч баруун уушги хатгагдаж гэмтээсэн шарх, цээжний баруун зүүн хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Х.Г-н “... Намайг унтаж байтал Н.Б, О.Б нар хоорондоо маргалдаад байсан ба Н.Б ах архиндаа нэлээн согтсон бололтой О.Б бид хоёрыг хулгайч нар гээд орилоод байсан. Тэгэхээр нь би босоод ирсэн чинь Н.Б ах гартаа хайч бололтой нэг жижиг мэс барьчихсан тэр хайчаараа О.Б-н дал хэсэгт нь 1 удаа шууд хатгачихсан. Тэгээд би Н.Б ахыг “яаж байна аа” гээд босоод очтол Н.Б ах миний баруун цээж хэсэг рүү тухайн хайчаараа 1 удаа хатгаад, хайч нь хатгаатай байхад миний баруун цээж хэсгийг яраад хаячихсан. Миний баруун цээжнээс цус гараад байхаар нь би гараараа дараад байж байтал Н.Б ахын эхнэр С.Д эгч орж ирээд цагдаа түргэн дуудсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. ...” /1 хх 19-20/,
гэрч С.Д-н “... Х.Г жижүүрийн байран дотор өөрийгөө хөнжлөөр ороочихсон нэлээн согтуу байдалтай байсан. Би “та нар яачихсан юм бэ” гээд Г-н хөнжлийг татсан чинь хөнжил нил цус болчихсон байсан. Би Х.Г-с “яасан юм бэ” гэхэд “яагаа ч үгүй” гээд байсан. Хажууд нь хамтран амьдрагч Н.Б, О.Б нар газар унтаж байсан. Тэгээд тухайн үед Х.Г-н цээж хэсгээс нэлээн цус гараад байхаар нь би түргэн дуудсан. Тэр үед О.Б-н биед ил харагдах гэмтэл шарх байсан талаар би мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 206/,
гэрч Г.Г-н “... 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би Ачит-113 чиглэлд ... үүрэг гүйцэтгэсэн ба тухайн өдрийн 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ............. байрны машины граж дотор 2 хүн хутгалуулсан цус алдаад гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгасан. Дуудлага мэдээлэл өгсөн иргэн С.Д-тэй уулзахад энэ ......... дугаар байр гражийн жижүүрийн байранд Н.Б, Х.Г, О.Б нар архидан согтуурч байгаад Н.Б нь Х.Г, О.Б нарыг жижиг төмөр хайчаар гэмтээсэн байна гэсэн. ...Тухайн үед жижүүрийн байранд иргэн Х.Г-н цээжнээс цус гарч байсан ба О.Б-н дал хэсэг нь бага зэрэг шархтай байсан. ...Тэр үед Н.Б нь юу ч яриагүй, харин Х.Г-с юу болсон талаар асуухад хариулахгүй, би зүгээр л гээд байсан. ...” /1 хх 208/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Х.Г-н биед цээжний баруун хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушги хатгагдаж гэмтээсэн шарх, цээжний баруун, зүүн хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 838 дугаартай дүгнэлт /1 хх 34-35/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 210-216/, хохирогч Х.Г-н өвчний түүхийн хуулбар /1 хх 40-63/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.Г-с “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн зэргийг харгалзан, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгах боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 7 жилийн хорих ялыг 5 жилийн хорих ял болгон шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Шүүгдэгч Н.Б-с “...Миний ар гэрийн байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх байдал нотлогдон тогтоогдоогүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж зэрэгт дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.
Иймээс шүүгдэгч Н.Б-н гомдолд дурдсан үндэслэлээр түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Б нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1021 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
- 2 дахь заалтын “... 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял ...” гэснийг “... 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР