| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0708/Э |
| Дугаар | 771 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 771
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч М.Хэрлэнчимэг,
шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа ҮД:15-91,
хохирогч О.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Э.Гяллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0192 90710 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Э.Г нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мандаалаа” хотхоны барилга дээр ажил хийж байхдаа гар утсаа мартаж явсныг хохирогч О.Бат-Эрдэнийг гар утас авсан гэж маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ хүний гар утасны гэрэл тусгаад холболт хийж байгаад нэг мэдэхэд 18 цаг 30 минут болсон, ажлын цаг дууссан байхаар нь сандраад яараад гараад явсан. Манай ажил 18 цагт тарах ёстой. Гэтэл ажил дууссаныг мэдээгүй ажиллачихсан байсан. Гарч явахдаа утсаа орхисноо санаж буцаж ажил хийж байсан газраа ирэхэд өөдөөс энэ ах гарч ирж байхаар нь утсаа асуухад өөдөөс ойлгоод ч байгаа юм шиг, ойлгохгүй ч байгаа юм шиг хариу өгөхгүй байсан. Би тухайн үед цуг ажиллаж байсан хүнийхээ гар утсыг хэрэглэж байсан юм. Нөгөө өрөөнд ажиллаж байсан хүмүүсээс асуухад энэ хүнээс өөр хүн орж гараагүй гэсэн. Би яг авчихсан юм байна гээд бодоод та утсыг нь гаргаад өгөөч гэж гуйсан. Урдаас ойлгож байгаа, үгүй нь мэдэгдэхгүй хэрэлдээд зогсоод байсан. Энэ ах хоёр давхарт ус авахаар явахаар нь араас нь очоод утас гаргаад өг гэж олон удаа хэлэхэд өөдөөс ойлгохгүй гөлийгөөд зогсоод байсан. Намайг хана руу боогоод түлхэхээр нь би цохисон. Тэгээд унахаар нь бөгс рүү нь өшиглөчихсөн юм. Би тухайн үед хохирогчийг сонсголын бэрхшээлтэйг мэдээгүй. Хохирогчийн хохиролд 360.000 төгрөг төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: Би “Мандаалаа” хотхонд барилгын заслын ажил хийж байсан. Ороод удаагүй 5-6 хонож байсан. Тэр өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр миний барилгын засал хийж байсан өрөөнд нэг залуутай энэ залуу цахилгааны ажил хийж байсан. Тэгээд гарч яваад буцаж орж ирээд утас алга болчихлоо гээд утсаа хайгаад байсан. Ямар утас байсан юм, хаана байсан юм, бид мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд хайж, хайж байгаад та гурваас өөр хүн байгаагүй, та гурав утас гаргаад өг, энэ өрөөнөөс та гарсан байсан биз дээ гэхээр нь намайг авсан гээд байвал цагдаа дуудчих, нэгжээд үз гэсэн. Бид гурав байж байя тэгээд учраа олъё гэхэд энэ хүн учиргүй уурлаж дайраад пизда, наахуугаар дуудаад та гурав л авсан, утас гаргаад өг гээд байсан. Утсаа алдсан гэх нөхөр нь намайг нэгжсэн. Та л энэ өрөөнөөс гарч ирж байсан биз дээ, та л авсан гээд байсан. Би тэгээд хоёр давхарт гарч ус авч нүүр гараа угаах гээд гарахад араас ирээд чи л авсан, утсыг гаргаад өг гээд чамаас өөр хэн байдаг зам хаагаад зогссон. Энэ хүн шууд намайг багалзуурдаж аваад хойшоо хана мөргүүлж газарт хавирч унасан, дээрээс баруун хавирга руу 2 өшиглөөд толгой руу 2-3 удаа цохисон. Засал хийж байсан хүмүүс ирж салгасан. Тэгээд энэ хүн салгасан хүмүүсийн гараас мултарч ирээд дахин өшиглөсөн. Би дөрвөн хөллөөд босох гэтэл ахар сүүл рүү өшиглөсөн. Би нэг хэсэг муужирсан. Тэгээд нөгөө залуугаа дагуулаад гараад зугтаасан. Би тэр оройгоо гэмтлийн эмнэлэгт үзүүлээд ахар сүүл ташуу хугаралтай гээд гэрээрээ эмчийн хяналтанд 20 хоног гэртээ хэвтсэн. Би “Мандаалаа” хотхонд ажиллахаар 2.800.000 төгрөгөөр ажлын гэрээ хийгээд орчихсон байсан, урьдчилгаанд нь 500.000 төгрөгийг аваад ажиллаж байсан. Би биедээ гэмтэл авсны улмаас энэ ажлаа хийж чадаагүй, би 1.700.000 төгрөг нэхэмжилснээс 360.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 1.340.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би хүнд зодуулж биедээ гэмтэл аваагүй байсан бол энэ ажлаа хийж дуусгаад энэ мөнгөө авах ёстой байсан тул нэхэмжилж байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Бат-Эрдэнийн:…2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 17-18 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Мандаалаа” хотхоны заслын ажлыг би хувиараа хийж байсан юм. Тэгээд 1 давхарын заслыг хийж байхад цахилгааны монтаж хийж байсан хоёр залуугийн нэг цэврийн өрөө рүү ороод хувцас хунар, идэх уух юм байсан юм. Тэгээд би хэвийн боов аваад гараад ирсэн чинь гар утсаа гээсэн гээд байсан залуу би ариун цэврийн өрөө орохдоо гар утсаа хайрцагны дээр тавьсан байсан юм, та авсан байна, танаас өөр хүн ороогүй гэж хэлсэн. Миний доор хоёр ажилтан байдаг юм. Тэр хоёртой нийлээд энд асуудлаа шийдэхгүй бол цагдаагаар шийдүүлье гэж хэлсэн юм. Тэгсэн та гурваас өөр хүн байхгүй гээд байсан. Гаднаас намайг харахад 2 хүн орж ирээд гарсан юм. Тэгээд тэрийг хэлсэн чинь ямар хүмүүс вэ гэхээр нь орж ирсэн хүнийг нь зааж өгсөн. Тэгээд маргаад яах вэ гэсэн чинь манай эхнэр залгаад би авах гээд очиж байна гэсэн юм. Тэгээд би нүүрээ угаах гээд дээшээ 2 давхраас ус авах гээд гарсан. Тэгээд усаа саванд тосож байсан чинь гар утсаа алдсан гээд байсан залуутай хамт байсан залуу нь ирээд намайг босгож ирээд хоолойноос боогоод хана мөргүүлээд, хавирч унагааж байгаад баруун нүд рүү хүчтэй нэг удаа цохисон. Тэгээд 2 давхарт засал хийж байсан хоёр хүн ирээд тухайн залууг болиулах гээд зуурсан чинь тэр хоёрын гараас мултарч миний зүүн хавирга дээр 2 удаа дэвссэн. Тэгээд нөгөө хоёр хүн дахин барьж аваад юу болоод, яагаад байгаа юм бэ, чи байж бай би цагдаа дуудах гэж байна гэсэн чинь гараад зугтаачихсан юм…гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Тэмүүжингийн: ...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах “Мандаалаа” хотхоны барилгаа дээрээсээ ажилтай гадуур гараад явтал миний гар утас руу О.Бат-Эрдэнэ гэх хүний ажлын инженер гэх хүн утсаар ярьсан. Ингэж ярихдаа танай ажилтан манай хүнийг зодсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Галсантай ярьж юу болсон талаар лавлахад би хүн зодчихсон гэж хэлж үнэнээ хүлээсэн. Тэгэхээр нь би хүлээж байгаарай гэж хэлээд удалгүй иртэл Галсан алга болчихсон байсан. Ингээд би маргааш өглөө нь О.Бат-Эрдэнэ гэх хүний эхнэртэй ярьж өөрийн ажилтан Галсанг уулзуулсан. Би Галсангаас юу болсон талаар лавлахад холболт хийж байгаад “Ай Фоне-4” загварын гар утсаа мартчихсан, ингээд уг өрөөнд мартаж гэж бодоод орох гэтэл өөдөөс хохирогч гэх хүн гарч ирсэн. Тэгэхээр нь нэгжиж байгаад маргалдаж цохисон гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3109 тоот дүгнэлтэнд:
1. О.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, ахар сүүлний 2 дугаар нугаламын их биеийн далд хугарал, зулайн хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, цээж, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар тал/,
-Хохирлын баримт /хх-н 18- 21-р тал/
- Шүүгдэгч Э.Ггийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар/ тал,
- Шүүгдэгч Э.Ггийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд Э.Г нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мандаалаа” хотхоны барилга дээр ажил хийж байхдаа иргэн О.Бат-Эрдэнийг гар утас авсан гэж маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мандаалаа” хотхоны барилга дээр ажил хийж байхдаа гар утсаа мартаж явсныг хохирогч О.Бат-Эрдэнийг гар утас авсан гэж маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Э.Ггийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Ггийн бусдын эрх чөлөөнд халдаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Прокуророос шүүгдэгч Э.Ггийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч О.Бат-Эрдэнэ нь өөрийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас 368.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Э.Г нь 360.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, 8000 төгрөгийн хохирол төлөөгүй байна. /хх-н 18, 51 дүгээр тал/
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Шүүх хуралдаанд хохирогч О.Бат-Эрдэнийн өгсөн эм тарианы төлбөр 99.800+159.300=258.600+8000 = 266.600 төгрөгийг Э.Ггаас гаргуулан хохирогч О.Бат-Эрдэнэд олгох үндэстэй, ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзлээ. /73-74 дүгээр тал/
Хохирогч О.Бат-Эрдэнэ нь олох ёстой орлого болох 1.340.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт түүнтэй холбоотой бичгийн нотлох баримт ирүүлээгүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч О.Бат-Эрдэнэ өөрт учирсан хохирол болон эмчилгээний зардлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, хэсэгт болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Г нь “Эрчим-прогресс” ХХК-д цахилгаанчин хийдэг, тодорхой орлоготой болох нь шүүгдэгчийн тайлбараар тогтоогдож байх тул түүнд оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Гд оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.Ггаас 266.600 /хоёр зуун жаран зургаан мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Огнооны Бат-Эрдэнэд /РД:ИТ80102611/ олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч О.Бат-Эрдэнэ нь өөрт учирсан хохирол болон эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ