| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2408015931038 |
| Дугаар | 2024/ДШМ/1237 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/1237
2024 11 12 2024/ДШМ/1237
М.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Сувданчимэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,
шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Т.Ганзориг,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/1034 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.С-д холбогдох 2408 01593 1038 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
А т овгийн М-н С, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч болон хүүхдүүдийн хамт .......................................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;
Шүүгдэгч М.С нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ..................тоот хашаанд байрлах амь хохирогч Ц.Б-н хувиараа ажиллуулж байсан түүний эзэмшлийн замаскийн цехэд ажиллаж байх үедээ замаскийн холигч машины өөрийн цэвэрлэж байсан хоолойг гацсан эсэхийг шалгахаар асаадаг товчийг дарах гэж байгаад андуурч, Ц.Б-н цэвэрлэж байсан хоолойны асаах товчийг дарсны улмаас замаскийн машин ажиллаж, түүнд Ц.Б нь баруун талын гар хэсгээсээ татагдан орсны улмаас биедээ “хуйх болон баруун мөр, бугалга, цээжний баруун хэсгийн булчин, зөөлөн эд няцарч урагдсан эдийн дутагдал бүхий хууларсан том шарх, бугалганы тараагуур судасны няцрал, хураагуур судасны тасрал, баруун 1, 2-р хавирганы шууд хугарал, цээжний хөндий дэх хий хуралдалт, дал яс болон акрамион сэртэнгийн хугарал, эгэм, далны холбоосны тасрал, эрүү, хүзүү, шууны зүсэгдсэн шарх, эрүү, цээж, бугалга, шуу, хүзүү, шанаанд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл авч, улмаар дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокт орж нас барсан буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.С-г “бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар .... аймгийн ...... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой 99.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хавтас хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 дээжийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Ч.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний газар дээрх ганц хүү Ц.Б сайхан хүү минь өөрөөсөө нилээд олон насаар эгчмэд Ц-тэй хамт амьдарснаас хойш ажлын машин шиг өдөр шөнөгүй ажилласаар ирсэн. Хөдөлмөрлөсний үндсэн дээр Зайсанд үнэтэй байшин ажлын байр болон хувийн болон ажлын хоёр том машинтай болж арай гэж аятайхан амьдарч эхлэх гэж байхад хамт амьдардаг эмэгтэйнхээ дагавар хүүхэд болох М.С-н гарт ажлын машинд хэрчигдэж цэл залуугаараа маш харамсалтайгаар амь насаа алдсанд эх хүний хувьд маш их гомдолтой байна. М.С-н хувьд надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй хохирол барагдуулаагүй яаж байна гэж ирж уулзаагүй. Миний хувьд хуулийн дагуу сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байна. Хайртай хүүгээ ямар ч үнэ цэнэгүй, энэ чигээрээ сэтгэл санааны хохирол ч болов авбал миний хүүгийн сүнс бага ч болов тайвшрах байх. Энэ хэрэг бол надад санаатай үйлдэгдсэн мэт санагдаж байна. Энэ хүнийг би хэрэг болсон тухайн шөнө л харсан. Ийм хүүхдийн сураг л сонсогдож байснаас манайхны хэн нь ч харж байгаагүй. Сэтгэл санааны хохирлоо л барагдуулж авмаар байна. Би хүн харахад амьд явж байгаа болохоос сэтгэл санаагаараа үхэж байна. Намайг харж ханддаг ганц хүүхэд маань байсан. Хүүхдээ ингээд хүний гарт алдчихлаа. Тийм олон товчлуур байдаггүй байх гэж бодож байна. Андуурч дарсан гэж би бодохгүй байна. Хүү олон жилийн өмнө нэг охинтой үерхэж хүүхэдтэй болсон гэдгийг сургаар л сонссон. Тэр охин манайд ирж байгаагүй би танихгүй. М.С-н хувьд миний хүүгийн амь нас бүрэлгэчихээд ганц шөнө ч хоригдоогүй, өмгөөлөгчийн хөлсийг өгч болох л байсан, миний сэтгэлийг бодсон бол ээждээ мөнгө өгсөн л гэсэн миний хувьд эх хүү хоёр хоорондоо хуйвалдаж нэгэндээ мөнгө өгсөн болж шилжүүлсэн гэж бодож байгаа. Миний хувьд оршуулгын зардал нэхээгүй, буяны юм бүгдээрээ л тал талаасаа олны хүчинд болж өнгөрсөн. Хүн алчихаад нэг ч төгрөгийн хохирол хууль ёсны төлөөлөгч төрсөн эх надад сэтгэл санааны болон ямарч хохирол төлөөгүй барагдуулаагүй хүнд анхан шатны шүүхээс хорих ял оноогоогүйд маш их гомдолтой байна. Эцэст нь миний сэтгэл санааны хохирол болох 99.000.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн төлбөр 2.000.000 төгрөг нийт 101.000.000 төгрөгийг хүүгийн минь амь насыг хохироосон М.С-с гаргуулж өгч түүнд анхан шатны шүүхээс оноосон зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ч.Ц-н өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулаагүй гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.2.2 “Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч гэнэ.”, тус хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.2-т зааснаар “иргэний нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч М.С нь хойд эцэг болох хууль ёсны төлөөлөгчийн төрсөн хүү болох Ц.Б-г өөрийн эзэмшлийн замаскын цехед машиныг цэвэрлэж байх явцад түүнд анхааруулахгүй машин ажилладаг улаан кнопыг дарж амь насыг хохироосон байдаг. Шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 36-42 дахь талд “Амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байсан” тухай дүгнэлт гарсан. Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг нэгдүгээрт хүний амь нас эрүүл мэндийн хохирол байдаг. Оршуулгын ажлыг тал талаасаа боломж бололцоогоороо хамтарч явуулсан бөгөөд хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардал нэхэмжлээгүй байхад шүүгдэгч түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн ээж Ц-д өгсөн гэх баримт гаргаж өгсөн. Хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн ээжид нэг төгрөг ч өгөөгүй. Хэн ч гэсэн төрсөн хүүхдээ бодно, мөнгө шилжүүлсэн өгсөн авсан нь эргэлзээтэй нэг ашиг сонирхолтой хүмүүс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл 2.5.1-д “Гэмт хэргийн хохирол”, 2.5.2-д “хор уршгийн талаар” тодорхой хуульчилсан. Хамгийн чухал гол хуулийн заалт нь Иргэний хуулийн 508.2, 508.5 Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг шаардах эрхтэй. Шүүх шинжилгээний тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмж тодорхой хуульчилсан байхад шүүх хуулийг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 508.2-т эцэг эх гэж тодорхой байхад төрсөн ээжийг нь хамт амьдардаггүй гэсэн өөр хамааралгүй хуулийн заалтуудыг дурдаж, хууль зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Талийгаачийн хүүхдийн хувьд 14 жилийн өмнө үерхэж байсныг нь ээж нь мэдэхгүй, хүүхдийг нь хараагүй тэднийг хаана амьдардаг эсэхийг мэдэхгүй сургаар сонссон. Хүү нь тодорхой ярьж байгаагүй. Хүүхдийн ээж нь ямар нэгэн зүйл болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, хууль ёсны төлөөлөгч хуулийн дагуу сэтгэл санааны хохирлоо нэхэмжилсэн. Түүнээс эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй. Одоогоор амь нас хохирогчийн үйлдвэрийн цех, Хан-Уул дүүрэг дэх тэрбумын үнэтэй хаус, ланд крузер машин, ачаа зөөгч портер зэрэг амьд байх хугацаандаа олсон мөнгө төгрөг гээд бүгд хамтран амьдрагч Ц гэгч эмэгтэйд үлдэж байгаа. Газар дээрх ганц хүүгээ 10-н сар тээж ангир уургаа хөхүүлж насанд хүртэл нь гарыг нь ганзганд хүргэсэн, харж ханддаг ганц хүүгээ алдсан төрсөн эх болох хууль ёсны төлөөлөгч нь яагаад хуулийн дагуу сэтгэл санааны хохирлоо авч болохгүй гэж. Одоо гашуун үнэн нь төрсөн үрээ цэл залуугаар нь хүний гарт маш их зовж тарчилж үхэхийг нь үзэж туулсан хүүгээ өмнөө оруулсан эх хүн л хамгийн их зовж шаналж, хүн харахад нь амьд юм шиг байвч үхсэнээс өөрцгүй шаналж яваа хүн бол эх хүн түүний хууль ёсны төлөөлөгч юм. Мөн шүүх шинжилгээний тухай хуулийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны шинэчилсэн найруулга 40-р зүйл: Сэтгэцэд учирсан хор уршиг зэрэглэлийг тогтоох үнэлгээ энэ гэмт хэргийн заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэг “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэрэг орсон. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож дүгнэлт гаргана гэж хуульчилсан. Иргэний хуулийн 511.5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, эсвэл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан байгаа тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг болсон. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах тухай” заасан байгаа. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25-р тогтоол батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” батлагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Иргэний хуулийн 497.1, 508.5, 511.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүн болох 99.000.000 төгрөг болон өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн 2.000.000 төгрөг нийт 101.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн төрсөн эх болох Ч.Ц-д ямар нэгэн хохирол болон сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй тул хүний амь нас хохироосон шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс М.С-д оногдуулсан зорчих эрхийг 4 жилийн хугацаагаар хязгаарласан ялыг хорих ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад хэлэх зүйл байхгүй. Ажил явдал дууссаны дараа амь хохирогчийн ажлын бараа, материал нийлүүлэх мөнгө нэхэгдээд би машинаа зарж өөрөөсөө төлсөн. Мөнгийг нь ээжийн дансанд хийсэн. Баримтыг нь өгсөн. ...” гэв.
Шүүгдэгч М.С-н өмгөөлөгч Т.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Ц.Б-н дүү нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Шүүхийн шатанд амь хохирогчийн эх Ч.Ц хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал гарч ирсэн. ... Оршуулгын зардлыг шүүгдэгч М.С машинаа зарж эхнэр Б-н данснаас өөрийн эх Ц.Ц-н дансанд хийсэн. Гэм хорын хохирол, оршуулгын зардалтай холбоотой асуудал хэрэгт байхгүй боловч сэтгэцэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэл гарч ирсэн. ... Хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтаар хөшөө босгох 11.000.000 төгрөгийг шүүгдэгч М.С төлсөн. Гэм хорын хохирлыг нэхэмжлэхтэй холбоотой асуудалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. ... Шүүх сэтгэцэд учирсан хохирол буюу 99.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй, нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа тул нэхэмжлэх эрхтэй этгээд нь хохирлоо шүүгдэгч М.С-с нэхэмжлэх боломжтой. Хохирлоо нэхэмжлэхгүйгээр хоорондоо учраа олбол шүүгдэгч М.С төлнө. Амь хохирогчийн хүүхэд байгаа бол тэр хүүхдэд тусална гэдэг асуудал яригдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудал анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ч.Ц-н зүгээс “амь хохирогч Ц.Б-н нэг төрсөн хүүхэд нь байдаг, амь хохирогч тухайн хүүхдэд тэтгэмж өгдөг байсан” гэсэн мэдүүлэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй этгээд нь холбогдох баримтуудыг бүрдүүлж, хуульд заасан дарааллын дагуу хувь хэмжээгээ тогтоолгож, иргэний журмаар нэхэмжлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй . Өмгөөлөгчийн зардлыг гаргуулах талаар өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс төлбөрийн чадваргүй талаар холбогдох баримтаа бүрдүүлж нэхэмжлэл гаргаагүй тул анхан шатны шүүх хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын 2018 оны тогтоолын дагуу хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч М.С-н хувийн байдал зэргийг харгалзаж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулж ял шийтгэлийг хүндрүүлж шийдвэрлэх эрх хэмжээ хуульд тусгагдаагүй тул давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.С-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч М.С нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ........................ тоот хашаанд байрлах амь хохирогч Ц.Б-н хувиараа ажиллуулж байсан түүний эзэмшлийн замаскийн цехэд ажиллаж байх үедээ замаскийн холигч машины өөрийн цэвэрлэж байсан хоолойг гацсан эсэхийг шалгахаар асаадаг товчийг дарах гэж байгаад андуурч, Ц.Б-н цэвэрлэж байсан хоолойны асаах товчийг дарсны улмаас замаскийн машин ажиллаж, түүнд Ц.Б нь баруун талын гар хэсгээсээ татагдан орсны улмаас биедээ “хуйх болон баруун мөр, бугалга, цээжний баруун хэсгийн булчин, зөөлөн эд няцарч урагдсан эдийн дутагдал бүхий хууларсан том шарх, бугалганы тараагуур судасны няцрал, хураагуур судасны тасрал, баруун 1, 2-р хавирганы шууд хугарал, цээжний хөндий дэх хий хуралдалт, дал яс болон акрамион сэртэнгийн хугарал, эгэм, далны холбоосны тасрал, эрүү, хүзүү, шууны зүсэгдсэн шарх, эрүү, цээж, бугалга, шуу, хүзүү, шанаанд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл авч, улмаар дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокт орж нас барсан буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17-18 цагийн үед над руу манай дүү болох Б гар утсаар холбогдоод ах Ц.Б нь ....д замаск зуурдаг хашаандаа гараа гэмтээчихсэн гэж байна гэж хэлэхээр нь би Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очсон... очиход ах Б..... нь баруун гараа гэмтээсэн, эмч нар өрөө рүү нь аваад орчихсон гээд тухайн үед Б..., Ц... нар байсан... орой нь нас барчихсан... юу болсон талаар асуухад М.С, Ц.Б ах хоёр ....-д байрлах Б ахын замаск зуурдаг хашаанд замаск зуурдаг машиныг цэвэрлэж байгаад М.С буруу товчлуур дээр дарчихсан чинь тухайн замаскийн машин ажиллаад Ц.Б ахын баруун гарыг гэмтээсэн гэж яриад байсан. ...Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй. ... Тус хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 20-21, 23/,
гэрч Ц.Ц-н “... 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед би ажил дээрээ буюу 100 айл дээр байж байхад талийгаач Ц.Б нь ажил дээр орж ирээд хоол идсэн ба тухайн үед Ц.Б нь надад хандаж М.С бид хоёр үйлдвэртээ хамт ажиллана, М.С одоо тэнд очсон байгаа М.С 1 тонн хар замаск зуурсан гэж байна. Бид одоо очоод М.С-тэй 2 тонн цагаан замаск зуурчихаад эртхэн бууна. Би М.С-г хар замаск зуурсан машинаа цэвэрлээд байж бай гэж хэлсэн гээд хоол идчихээд гараад явсан. Тэгээд тухайн өдрийн 15 цагийн үед талийгаач Ц.Б нь над руу залгаад “хөгшөөн дэлгүүрээ хаасан юм уу, өнөөдөр хүн бага байна. Өнөөдөр эртхэн бууж амар аа” гэхээр нь би одоо яг хаах гэж байна гэж хамгийн сүүлд ярьсан. Тэгээд би ажлаасаа гараад гэр лүү явсан ба яг гэр лүү орох гэж байтал манай хүү М.С над руу залгаад “ээж ээ, та түргэн дуудаарай” гээд орилоод “хурдлаарай хурдлаарай, яана аа” гээд орилоод байхаар нь би М.С-с “яачихваа юу болов оо” гэсэн чинь М.С надад хандаж “Ц.Б ахын гар нь гэмтчихлээ, хурдлаарай, түргэн дуудаарай” гээд орилоод салгахаар нь би түргэн буюу 103 руу залгаад би гэрээсээ шууд гараад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Тэгээд би Ц.Б-н дүү Б руу залгаад “ах чинь гараа гэмтээсэн гээд байна, наад М.С, Ц.Б хоёр чинь нэг юм болсон юм шиг байна” гэж хэлсэн чинь Б заа гэж хэлсэн. Тэгээд ГССҮТ дээр очиход Б ГССҮТ-д ирсэн байсан ба би Б-с юу болж байна яачихваа гэхэд өрөө рүү аваад орчихлоо гээд би тэр өрөө рүү нь орох гэтэл намайг оруулаагүй. Тэгээд тэр өдрөө хүлээж байхад тэр шөнөдөө нас барсан. ... Тухайн замаскийн машинд ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилга гэж байхгүй. Зүгээр л хувиараа ажиллуулж байсан. Ямар ч тийм замаскийн машин ажиллуулах эрх тусгай зөвшөөрөл байхгүй. Талийгаач Ц.Б нь ямар ч тийм барилга, инженерээр суралцаж байгаагүй, хувиараа л хийдэг байсан. ...” /хх 33-34/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Амь хохирогч Ц.Б-н биед хавсарсан хүнд гэмтэл: хуйх болон баруун мөр, бугалга, цээжний баруун хэсгийн булчин, зөөлөн эд няцарч урагдсан эдийн дутагдал бүхий хууларсан том шарх, бугалганы тараагуур судасны няцрал /A.Branchialis/, хураагуур судасны тасрал /v.cephalica/, баруун 1, 2-р хавирганы шууд хугарал, цээжний хөндий дэх хий хуралдалт, дал яс болон акрамион сэртэнгийн хугарал, эгэм, далны холбоосын тасрал, эрүү, хүзүү, шууны зүсэгдсэн шарх, эрүү, цээж, бугалга, шуу, хүзүү, шанаанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Амь хохирогч нь дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокт орж нас баржээ. ... Амь хохирогчид хийгдсэн оношилгоо, эмчилгээ зөв явагдсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ. ...” гэсэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1639 дугаартай дүгнэлт /хх 36-42/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн маскт үүссэн 280мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ тасралт байна. Хар өнгийн даавууны зах ирмэг бүхэлдээ, шар өнгийн цамцны тасархай хэсэгт үүссэн 220х45мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. Шар өнгийн цамцны тасархай хэсэгт үүссэн 100мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, 130х100мм хэмжээтэй гэмтэл нь гогодох татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт, 210мм, 170мм хэмжээтэй гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. ...” гэсэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1524 дугаартай дүгнэлт /хх 69-71/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн шар цамцанд үүссэн 300х240мм, 70мм, 830мм, хар цамцанд үүссэн 800мм, 680мм, хөх цамцанд үүссэн 600мм, 560мм, 540мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэгээс дээш удаагийн хүч үйлчлэх үед үүссэн шинэ зүсэгдэлт, хар цамцанд үүссэн 15мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн хүч үйлчлэх үед үүссэн шинэ зүсэгдэлт, хөх цамцанд үүссэн 70х40мм хэмжээтэй гэмтэл нь гогдогдон татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт, хөх цамцанд үүссэн 80мм, 60мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, ... байна. ...” гэсэн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1525 дугаартай дүгнэлт /хх 56-59/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн хөвөнтэй савх, арчдас дээр цус илэрсэн, эд мэт зүйл, савх дээр цусны ул мөр илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хөвөнтэй савх, арчдас дээр илэрсэн цус нь хүний цус байна. Уг цус нь 0(1) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2528 дугаартай дүгнэлт /хх 79-80/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2529 дугаартай /хх 94-95/, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2530 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх 86-87/,
Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Гэрэлчимэгийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 103-106/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар “Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нараас “... М.С-н санаатай үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарсан гэж хардаж, байна, сэтгэл санааны хохирол болох 99.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нийт 101.000.000 төгрөгийг М.С-с гаргуулан өгч, түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.С замаскийн холигч машины өөрийн цэвэрлэж байсан хоолойг гацсан эсэхийг шалгахдаа андуурч амь хохирогчийн ажиллуулж байсан замаскны машины ажиллах товчийг дарсан болгоомжгүй үйлдлийн улмаас Ц.Б нь баруун талын гар хэсгээсээ татагдан орж, улмаар олон тооны хавсарсан хүнд гэмтэл авч, гэмтлийн шокт орж хохирогч нас барсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байхаас гадна шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн нас барсан шалтгаан хоёр нь шууд холбоотой байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-н амь нас хохирсон бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч төрсөн эх Ч.Ц анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон байх ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг түүний гэр бүлийн гишүүд шаардах эрхтэйг, мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад гэр бүлийн гишүүн гэх хууль зүйн ойлголтод хэн, ямар дарааллаар оролцож шаардах эрх үүсэхийг нарийвчлан зохицуулсан байна.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд амь хохирогч Ц.Б-н төрсөн хүүхэд байдаг талаар дурдагдсан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн түүний төрсөн эх болон хамтран амьдрагч эсхүл төрсөн хүүхдийн хэн нь эхэлж сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-н гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/1034 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР