Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00721

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00061 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ё.Э-эд холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 126,303,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагч Ё.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: Д.Т-, Ё.Э- нар 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Т- нь өөрийн өмчлөлийн БНСУ-д 2000 онд үйлдвэрлэсэн Супер М-9000 маркийн худгийн өрөм багажийг дагалдах хэрэгслийн хамт, injersoli /САТ/ маркийн 2004 онд үйлдвэрлэсэн компрессор, БНСУ-д 2000 онд үйлдвэрлэгдсэн 97-84 УБН улсын дугаартай, Hyundai маркийн 5 тн цагаан өнгийн ачааны автомашин, БНСУ-д 1994 онд үйлдвэрлэгдсэн 29-87 УБП  улсын дугаартай, Ssangyon 21 тн мөнгөлөг өнгөтэй цистерн маркийн автомашин, БНСУ-д 1992 онд үйлдвэрлэгдсэн 81-93 УБЗ улсын дугаартай, Ssangyon 8 тн цагаан өнгөтэй автомашинуудыг нийт 140,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ё.Э- нь дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, 43,697,665 төгрөгийг төлж, үлдэх 95,502,335 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 95,502,335 төгрөг, алданги 2019 оны 02 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны 42,101,167 төгрөг, нийт 126,303,502 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд заасан эд хөрөнгийг Ё.Э- авч, 51,200,000 төгрөгийг төлсөн. Ё.Э- нь дээрх эд хөрөнгөд жил бүр 20-30 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийдэг, мөн сүүлийн 2 жил цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож, төлбөрийн чадваргүй болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Э-ээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 126,303,502 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 857,706 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ё.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 789,467 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

  1. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Өмгөөлөгч М.Э-ийг хэргийн материалтай танилцуулаагүй. Өмгөөлөгч зөвхөн шүүх хурлын тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан.

4.б. Хариуцагч нь 81-93 УБЗ улсын дугаартай автомашиныг барьцаанаас чөлөөлж авсан. Барьцаалагч “Д” ХХК-д 17,500,000 төгрөг төлсөн байхад шүүх нийт төлөх төлбөрөөс хасаагүй. Уг барьцаанаас чөлөөлж авсан гэрээг нотлох баримтаар гаргуулах шаардлагатай.

4.в. Шүүх Д.Т-ын өмнөөс иргэн Г.П-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн ажлын хөлс 9,000,000 төгрөгийг төлбөрийн дүнгээс хасч тооцоогүй. Түүнчлэн, нийт 11,900,000 төгрөг шилжүүлсэн байхад 11,300,000 төгрөг гэж алдаа гаргасан. Иймд нэхэмжлэгчид төлсөн 27,100,000 төгрөгийг төлбөрийн дүнгээс хасч тооцуулах, мөн 2011 оны 12,800,000 төгрөгийн тооцоог мөн хасуулах хүсэлтэй байна.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Гомдол гаргасны дараа хэргийн материалтай танилцаж амжаагүй байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад М.Э өмгөөлөгч оролцож 2-3 удаа шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол хүсэлтээ гаргаж оролцсон. М.Э өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцаж, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй гэх үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга хэрэгсэл ашиглан бүрэн тууштай хамгаалах үүрэгтэй. Шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилоход хэргийн материалтай танилцаж байсан. Үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хамгаалах эрх нь М.Энхгэрэл өмгөөлөгчид байгаа. “Д” ХХК-аас шүүхийн журмаар буюу нотлох баримт гаргуулсан асуудал байхгүй. “Дэлгэр сүлд ББСБ” ХХК-аас гаргаж өгсөн барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээ, тодорхойлолтыг хариуцагч Ё.Э- өөрөө гаргаж өгсөн. Иймд буруу тодорхойлолт гаргаж өгсөн гэх асуудал нь үндэслэлгүй юм. “Д” ХХК-ийн хувьд хэргийн оролцогч биш хариуцагч, хариу тайлбар татгалзлаа нотлох үүднээс гаргаж өгсөн баримт учир гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс нийт 139,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ё.Э-ийн төлсөн баримтыг үндэслэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 11,300,000 төгрөгөөс татгалзаж 126,000,000 төгрөгөөр нэхэмжлэл гаргасан. н.Пүрэвдорж гэх хүнд худаг гаргуулах тухай ажиллагаа захиалсан зүйл байхгүй. Харин иргэн н.Ганболд гэх хүнд худаг гаргаж өгсөн. Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд 4 худаг гаргуулж 19,000,000 төгрөгийг төлбөрөөс хасуулна гэж заасан. Нэг худгийн үнэ 4,750,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулах, алдангийг тус хэмжээнд хасахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

  1. Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч Ё.Э-эд холбогдуулан худалдах,  худалдан авах гэрээний үүрэгт 126,303,502 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд нийт 140,000,000 төгрөгийн үнэ бүхий БНСУ-д 2000 онд үйлдвэрлэсэн Супер М-9000 маркийн худгийн өрөм багажийг дагалдах хэрэгслийн хамт, injersoli /САТ/ маркийн 2004 онд үйлдвэрлэсэн компрессор, БНСУ-д 2000 онд үйлдвэрлэгдсэн 97-84 УБН улсын дугаартай, Hyundai маркийн 5 тн цагаан өнгийн ачааны автомашин, БНСУ-д 1994 онд үйлдвэрлэгдсэн 29-87 УБП  улсын дугаартай, Ssangyon 21 тн мөнгөлөг өнгөтэй цистерн маркийн автомашин, БНСУ-д 1992 онд үйлдвэрлэгдсэн 81-93 УБЗ улсын дугаартай, Ssangyon 8 тн цагаан өнгөтэй автомашинууд, үүнээс 43,697,665 төгрөгийг төлж, үлдэх 95,502,335 төгрөгийг төлөөгүй, үлдэгдэл төлбөр 95,502,335 төгрөг, алданги 42,101,167 төгрөг, нийт 126,303,502 төгрөгийг гаргуулна” гэж,

              хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...“Д” ХХК-ийн барьцаанд байсан 81-93 УБЗ улсын дугаартай, Ssangyon 8 тн цагаан өнгөтэй автомашиныг Д.Т-ын нэр дээр байсан УЗ0783 дугаартай зээлийн гэрээг хааж 17,500,000 төгрөгөөр худалдаж авсан, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум Нуурын Хөндийн 5-р баг н.Ганболд гэх хүний худгийг иргэн Г.П-ийн нэр дээр 10,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, урьдчилгаа 1,000,000 төгрөгийг авсан, үлдэх 9,000,000 төгрөгийг Д.Т- авсан” гэж тус тус тайлбарлан маргасан.

 

  1. Хариуцагч талаас нотлох баримтаар “Д” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тодорхойлолт, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот “Машин худалдаж авсан тухай” албан бичиг, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №17/29 “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”/Фидуцийн гэрээ/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна. /хх 61, 62, 64-65, 67-68/ 

 

            4.а.Талууд дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар харилцан зөрүүтэй тайлбарлаж байгаа тохиолдолд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг “Д” ХХК, Ё.Э-тэй бодитоор байгуулсан эсэх, зээлийн мөнгөн хөрөнгийг Ё.Э-эд шилжүүлсэн эсэх, Д.Т- нь зээлийн гэрээг хааж, Ё.Э-тэй зээлийн гэрээ байгуулсан эсэх, мөн худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх, уг ажлын гүйцэтгэлийг хэрхэн хүлээлцсэн талаарх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

 

  1. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 8-д “үлдэгдэл төлбөрийн 19,000,000 төгрөгийг “Г” ХХК-ийн 4 худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэн ажлын гүйцэтгэлээр төлбөр тооцоог бодож үндсэн үнээс хасуулж тооцно” гэж заажээ. Маргааны зүйлийн талаар өөр бусад этгээдийн эрх, үүрэгт шүүхээс гарах шийдвэр сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийг гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. “Газрын гүний ус” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцох этгээд мөн эсэхийг шүүхээс тодруулах шаардлагатай байжээ.

 

  1. Хариуцагч Ё.Э- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд “өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авах хүсэлт” гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хойшлуулсан. /хх 81/ Тэрээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М.Энхгэрэлтэй “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан байна. /хх 82-83/

 

            6.а. Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхгэрэлд нотлох баримтуудыг танилцуулсан талаарх баримт байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах талаар зохицуулсан хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн.

 

  1. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрээний үүргийн талаар хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй. Мөн  хэргийн нэг оролцогч хэргийн материалтай танилцаагүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/00061 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 789,468 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

             

                                       ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

             

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ