Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 823

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн ҮД:04-40,

хохирогч В.Ганбаатар, түүний өмгөөлөгч С.Алтанцэцэг ҮД:02-32 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт  тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гэд холбогдох эрүүгийн 1803 0019 80169 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд

        ТОДОРХОЙЛОХ нь:

    Г.Гнь 2018 оны 03 дугаар сарын 06-ны шөнийн 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Намъянжүгийн гудамж “Баясах Трейд”-ын хойд явган хүний гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1,27 хувийн согтолттой үедээ “Фүжи капитал” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Альфард” маркийн 58-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүний ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгсийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч В.Ганбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

    мөн дээрх Авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар .мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул ярих зүйлгүй гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Ганбаатар мэдүүлэхдээ: Болсон асуудлын талаар ярихгүй. Хохирлоо төлүүлсэн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

Талуудын хүсэлтээр хавтас хэргээс:

            - Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Ганбаатарын: 2018 оны 03 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Намъянжүгийн гудамж “Баясах трейд” ХХК-ийн ертөнцийн зүгээр баруун талд нь байх пабад би Нямсүрэнтэй ажил ярих зорилгоор хамт суусан. Тэгээд  2018 оны 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө 03 цагийн орчимд найз Уянга нь пабын гадаа ирчихсэн байна гэж хэлэхээр нь бид хоёр хамт гарч очсон. Ингээд гэр рүүгээ харих болоод би ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар гарах гэтэл мөнгөлөг өнгийн гэр бүлийн загварын 58-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь баруун гар тийш явган хүний гарцаар эргэж орж ирэхдээ миний зүүн хажуу хэсэг рүү мөргөөд яваад өгсөн. Тэгээд би явган хүний гарцан дээр баруун хөлөө бариад суухад миний хажууд Уянга зогсож байсан. Харин Нямсүрэн тухайн машины араас явганаар хөөгөөд явсан. Тэгээд эхэлж цагдаа ирсэн. Дараа нь түргэн тусламжийн машин ирж эмч нь бууж ирээд намайг үзээд машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би эхэлж явган хүний гарцаар гарах гээд алхаж явсан. Харин араас тэр хоёр явж байсан юм. Уянга нь эрүүл байсан ба Нямсүрэн нь мөн халамцуу байсан. Миний баруун хөлний өвдөг, өсгий хугаралтай, тархи доргилттой. Ослын машин нь зогсож жолооч нь надтай бууж ирж  уулзсан зүйл байхгүй. Харин машин нь зогсолгүй тэр чигтээ яваад өгсөн юм. Жолооч эмчилгээний зардалд 1.840.000 төгрөг төлсөн. Гомдолтой, одоогийн болон цаашдын эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг /хх-н 20-22 дугаар тал/,

            - Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Уянгын:... тэгээд бид гурав гадаа хэсэг юм ярьж зогсож байгаад ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй алхаж явган хүний гарцаар гарч явтал мөн урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байгаад уулзвараар баруун гар тийшээгээ эргэж орохдоо цайвар өнгийн “Тоёото-Альфард” маркын 58-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ганбаатарыг мөргөж унагаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би Ганбаатар дээр явж очтол явган хүний гарцан дээр уначихсан, хөл өвдөөд байна гэж байсан. Тэгтэл Нямсүрэн тухайн тээврийн хэрэгслийн араас яваад өгсөн...би ослын газарт үлдсэн бөгөөд үүний дараахан Замын цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэмжилт, хэргийн газрын үзлэг хийгээд байж байтал “Тоёото-Альфард” маркын 58-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэх залуу ганцаараа ирсэн. Тэгээд тэр хүнийг цагдаа нар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг драйгер багажаар шалгаж үзэхэд ямарч л байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж хэлж байсан. Би Нямсүрэнтэй зэрэгцээд алхаж явсан харин В.Ганбаатар нь бид хоёрын ард алхаж явсан. Гэтэл гэнэт түс гэх чимээ гарсан чинь Ганбаатар явган хүний гарцан дээр хэвтэж байсан. Харин тэр ослын машин нь зүүн тийшээгээ яваад өгсөн. Ганбаатарыг мөргөсөн машины жолооч ослын дараа ирээгүй. Харин цагдаа ирсний дараахан согтуу залуу ганцаараа ирж би Тоёото-Альфард” маркын  58-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-н 67 дугаар тал/,

            - Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гяллагдагчаар өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчимд би ажил дээрээ цагаа бүртгүүлэх зорилгоор “Фүжикапитал” ХХК-н эзэмшилд мөнгөлөг өнгийн “Тоёото-Альфард” маркын 58-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа нэг газар ажилладаг Амгаланбаатарын хамт ажил руугаа явж байгаад “Натур” худалдааны төвийн хажууд байдаг, нэрийг нь анзаараагүй пабад хоёулаа орсон. Тэгээд бид хоёр пабад хоол унд идчихээд 0,75 граммын “Хар Чингис” нэртэй архи нэг ширхэг, ундаа хоёр ширхэгийг тус тус худалдаж аваад юм яриад уугаад суусан. Улмаар ойролцоогоор 23 цаг өнгөрч байх үед пабаас хоёулаа хамт гарсан. Тэгээд Амгаланбаатар гэртээ харилаа гээд яваад өгсөн. Би машинаа жолоодон Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Гангарын 171/В/ дүгээр байрны 02 тоот хаягтай гэрийнхээ үүдэнд очоод машинаа байрлуулж тавих гэсэн боловч зогсоол олдохгүй болохоор нь хэсэг машиндаа сууж байгаад эргэж ажил руугаа очих гээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Баясах трейд” ХХК-н хойд замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй ойролцоогоор 30-40 орчим км цагийн хурдтай явж байгаад уулзвараар баруун гар тийш эргээд ортол тухайн явган хүний гарцаар хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн алхаад явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тухайн хүмүүсийн хойгуур нь тойрч гараад ажлынхаа газрын зүүн талд очоод зогссон. Тэгээд би машинаас буутал нэг танихгүй хүн над дээр ирээд чи мөн үү гэхээр нь юу гэж хэлсэн чинь өө за биш үү гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгэхээр нь би ажил руугаа орох гээд алхаж явтал явган хүний гарцан дээр нэг эрэгтэй хүн хэвтчихсэн, хажууд нь нэг эмэгтэй хүн зогсож байхаар нь очоод наад хүн чинь зүгээр үү гэж хэлсэн чинь чи юу яриад байгаа юм, чи сая мөргөөд яваад өглөө гэж хэлэхээр нь та нар юу яриад байгаа юм бэ, түргэн тусламж болон цагдаад дуудлага өгөөч гэж хэлээд ажил руугаа оролгүй гэр рүүгээ алхаж очсон. Тэгээд би эхнэртээ сая би машин барьж яваад хүн мөргөсөн юм байх даа гэж хэлтэл чи юу яриад байгаа юм гээд байж байтал миний утас дуугарсан. Тэгээд би утсаа автал Гансүх ээ, чи хаана байна гэж хэлэхэд нь яасан бэ гэж хэлсэн чинь эхнэр миний утсыг аваад ярьсан чинь цагдаагийн байгууллагаас ярьж байсан байна лээ. Ингээд эхнэр цагдаатай ярьж дуусаад намайг ослын газартаа яваад ир гэж цагдаа хэлж байна гэхээр нь би эргэж ганцаараа гарч очтол цагдаа нар ирчихсэн байсан. Миний бичиг баримтуудыг хурааж аваад дараа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгадаг драйгер багажаар үлээлгэж үзэхэд 1.27 хувьтай гарч байсан юм. Тэгээд цагдаа намайг машиндаа суулгаад Замын цагдаагийн албан дээр  очсон... гэх мэдүүлэг /хх-н 88-89 дүгээр тал/,

            - Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Ганхуяг овогтой Гансүхийг драйгер багаж ашиглан шалгахад 1.27 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.../хх-ийн 14 дүгээр тал/,

            - Явган зорчигчийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Володягийн Ганбаатарыг драйгер багаж ашиглан шалгахад 1.38 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.../хх-ийн 15 дугаар тал/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3411 дугаартай дүгнэлтэнд:

1. В.Ганбаатарын биед баруун шаант яс, өсгий ясны далд хугарал, тархи доргилт, хамрын яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар, дух, алга өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Амартүвшин гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр тал/,

- Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Тоёото-Альфард” маркын 58-23 УБК улсын дугаартай автомашин техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлагыг хангахгүй байна.

2. Урд гупер баруун доод хэсгээрээ хагарсан, номерын гэрэл асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ-13 мм зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3. Эдгээр эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй болно. Учирсан эвдрэл, гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байна.

4. “Тоёото-Альфард” маркын автомашин нь энгийн шингэн, АВS тоормосны системтэй ба тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байгаа болно.

5. Уг автомашин нь энгийн шингэн, АВS тоормосны системтэй, тоормоз гишгэх үед тоормозны мөр зам дээр үүсэхийг нарийн тодорхойлох боломжгүй болно.

6. Уг тээврийн хэрэгслийн хурд хэмжүүр ажиллагаатай байгаа ба тухайн үед жолооч хурдаа хянах боломжтой...гэх дүгнэлт /хх-н 75-77 дугаар тал/,

- 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дугаартай мөрдөгчийн “Тоёото-Альфард” маркын 58-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ганхуяг овогтой Гансүх нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүний ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгсийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч В.Ганбаатар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...гэх магадлагаа. /хх-н 82-83 дугаар тал/

- Хохирлын баримтууд /хх-ийн 32-37 дугаар тал/

           - Шүүгдэгч Г.Гурьд ял шийтгэгдсэн эсэхийг ял шалгах хуудас /хх-ийн 105 дугаар тал/,

            - Хохирогч В.Ганбаатарын өвчний түүх /хх-ийн 48-55 дугаар тал/,

           - Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 92-94 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

            Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Г.Гнь 2018 оны 03 дугаар сарын 06-ны шөнийн 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Намъянжүгийн гудамж “Баясах трейд”-ын хойд явган хүний гарцан дээр  согтуугаар “Фүжи капитал” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота-Альфард” маркийн 58-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч В.Ганбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Г.Гнь 2018 оны 03 дугаар сарын 06-ны шөнийн 03 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Намъянжүгийн гудамж “Баясах трейд”-ын хойд явган хүний гарцан дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1,27 хувийн согтолттой үедээ “Фүжи капитал” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота-Альфард” маркийн 58-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүний ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгсийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч В.Ганбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

  Тээврийн Прокурорын газраас Г.Гийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.

          Шүүгдэгч Г.Г нь тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг, дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг орхиж явсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв.

          Шүүгдэгч Г.Г нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 105 дугаар тал/

          Хохирогч В.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт 967.684 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлсэн, шүүгдэгч Г.Гнь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.900.000 төгрөгийн хохирлыг төлсөн тул шүүгдэгчийг одоогоор хохирогчид баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 36-37, 92-94 дүгээр тал/

Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Гнь хохирол төлөх зорилгоор 2.000.000 төгрөгийг шүүхийн дансанд байршуулсныг хохирогч В.Ганбаатарт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хохирогч В.Ганбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй гэх бөгөөд шүүхийн дансанд байршуулсан 2.000.000 төгрөгийг хохирогч В.Ганбаатарт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-н 130 дугаар тал/

Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

   Шүүгдэгч Г.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч Г.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:... согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Гнь хэдийгээр хуулинд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн  байх боловч согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэсгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногт шилжүүлэн тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч Г.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг хоногт шилжүүлэхэд 30 хоног болж байна.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Гийг согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, мөн дээрх Авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Гтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хасч, 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 /долоон/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг хоногт шилжүүлэн 30 хоног буюу 1 /нэг/ сарыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 /найман/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Г.Гэд 8 /найман/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Г.Гшүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч Володягийн Ганбаатарт /РД:УГ81041411/ олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Гтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн Г.ГВ, С, Д ангилалын ¹589343 дугаарын тэээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

            9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба Г.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гцагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ