Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1238

 

   2024           11            12                                        2024/ДШМ/1238

 

Б.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Н.Ц-н өмгөөлөгч А.Түвшинтөгс,

шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Золбаяр,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/666 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.П-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2403 00223 0372 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т овгийн Б-н П, ...... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежмент мэргэжилтэй, “.....” ХХК-д борлуулалтын газрын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;                        

Шүүгдэгч Б.П нь ..............цогцолборын баруун талын авто замд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 07 цаг 10 минутын орчимд “Тоёота приус 20” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, гол замаар чигээрээ явж байсан “Тоёота приус 20” загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг машинд зорчиж явсан зорчигч Н.Ц-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.П-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.П-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарласан ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.П нь шүүхээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй зайлсхийвэл ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, уг ялын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.П-с гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 19.803.636 төгрөг гаргуулж, хохирогч Н.Ц-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Ц нь учирсан гэмтлийн улмаас цаашид хийлгэх эмчилгээ үйлчилгээний болон бусад зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Б.П-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт Б.П нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс гарсан шүүхийн шийдвэрт хуулийн зарим заалтыг зөв хэрэглээгүй гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар: Б.П нь Н.Ц-н гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хэрэгт авагдсан баримтын хүрээнд гарсан төлбөрийг бүрэн барагдуулж шүүх хуралдаанд орсон. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд заасан болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэгт холбогдсон. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Нийт 10.795.400 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүх гэм хортой холбоотой нийт 19.803.636 төгрөгийг шүүгдэгч Б.П-с гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа хувийн байдалд таарсан дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хор уршигтай холбоотой нийт гарах зардлыг төлөхөөр шийдвэрлэсэн ч зорчих эрхийг хязгаарлах ял өгсөн байна. Шүүгдэгч нь өрх толгойлсон ээж бөгөөд хэрэг маргааны улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхийн тулд санхүүгийн нөхцөл дордсон байдаг. Мөн цаашид шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэхийн тулд ажил мэргэжлээ чөлөөтэй эрхлэх боломжгүй болоод байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хувийн байдалтай холбоотой өрх толгойлсон ээж, ажлын онцлогоос шалтгаалж ажлаас завсардах эрсдэл бий болж байгаа, ажил, хөдөлмөрөө бүрэн эрхэлж чадахгүй байгаагийн улмаас цаашид гарсан зардлыг төлж чадахгүй байх нөхцөл байдлууд байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, тэнсэн харгалзах ялаар солих боломжтой байна. Иймд хуулийн дагуу тогтоолд өөрчлөлт оруулж ялыг өөрчилж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. ... Би хохирогч Н.Ц болон түүний гэр бүлд зам тээврийн ослын улмаас хохирсон хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлнө. Би “Жи мобайл” ХХК-д 2015 оноос хойш үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаад одоо байгууллагын борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байна. Миний ажил нь нийт байгууллага болон хувь хэрэглэгчдэд байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, борлуулах, гэрээ байгуулах зэрэг чухал ач холбогдолтой ажлуудыг хийдэг. Би ганц бие, өрх толгойлсон эх бөгөөд ажил хөдөлмөрөө тогтвортой хийсээр ирсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлавал ажлын байранд тэнцэх боломжгүй болох тул хохирлыг бүрэн төлж барагдуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд үүснэ. Ажил хөдөлмөрөө чөлөөтэй хийх боломжоор хангаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч Б.Золбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрээр тогтоосныг бүсчлэлийг томруулах боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Б.П нь өрх толгойлсон эх бөгөөд түүний амьдралын нөхцөл байдлыг болон хохирол төлөх боломжоор хангаж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Ц-н өмгөөлөгч А.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.П анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирол огт төлөөгүй. Тухайн хугацаанд шүүгдэгч Б.П ажлаа хийж цалин хөлс авсан гэж бодож байна. Гэтэл хохирол огт төлөөгүй атлаа хохирогчоос илүү хохирсон юм шиг давж заалдах гомдол гаргасныг гайхаж байна. Ялын үр нөлөөний асуудал, хохирол төлбөрийн асуудлыг ялгаж шийдвэрлэх хэрэгтэй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг бүх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоовол ялын үр нөлөө хэрэгжих боломжгүй. Ял эдлэхгүй байгаа юм шиг үр дагавар үүсэхээр байна. Анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг ажил, гэрийнх нь хооронд тогтоосон нь үндэслэлтэй, шүүгдэгч Б.П хохирол, төлбөрөө төлөх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэвч шүүгдэгч Б.П-г ажил хийх нөхцөл, боломжоор нь хангаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон. Цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудал гарч байх тул бүсчлэлийн талаар хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-н гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.П нь ............... баруун талын авто замд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 07 цаг 10 минутын орчимд “Тоёота приус 20” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, гол замаар чигээрээ явж байсан “Тоёота приус 20” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг машинд зорчиж явсан зорчигч Н.Ц-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Ц-н “...Би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 07 цагийн үед охин М.С-н хамтаар гэрээсээ ажил руугаа явахаар “Тоёота приус-20” загварын … улсын дугаартай авто машинтай байрнаасаа гараад …… спорт хотхоны баруун талын замаар явж байтал бидний суусан автомашиныг баруун талаас нь нэг машин ирж мөргөөд авто машин чиглэлээ алдан осолдсон. … Гэмтлийн эмнэлэгт үзлэг, шинжилгээнд хамрагдахад цээжний хавирганууд зөрүүгүй хугаралтай, зүүн сүүжний тогоо ясны хугаралтай, зөөлөн эдийн олон гэмтэлтэй байсан. …” /хх 32-34/,

гэрч М.С-н “... Би өглөө 07 цагийн үед гэрээсээ ажил руугаа явахаар автомашинаа жолоодон ээж Н.Ц-н хамт Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талын авто замаар явж байтал замын зүүн талын туслах замаар явж байсан “Тоёота приус-20” загварын автомашин миний жолоодон явсан автомашины баруун хойд талаас мөргөхөд миний жолоодон явж байсан автомашины бөгс нь шидэгдэж, замын зүүн талд байсан төмөр шонг мөргөөд зогссон. ... Миний жолоодон явсан автомашины баруун хойд хэсэгт машинд мөргүүлсэн эвдрэлтэй, урд хэсэгт их хэмжээний эвдрэл гэмтэлтэй болж, явах боломжгүй болсон. ... Тухайн осол болох үед би ойролцоогоор 20-30 орчим км/цаг хурдтай явж байсан. ...” /хх 126-127/,

иргэний нэхэмжлэгч Г.С-н “... Уг автомашин миний нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд хамт ажилладаг Б.П-д 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр 7 сая төгрөгөөр зарж байсан бөгөөд түүнээс хойш автомашиныхаа нэрийг нь шилжүүлэн өгөөгүй байгаа. Түүнээс хойг уг автомашиныг Б.П унаж байсан. ... Хэрэв автомашинд эвдрэл гэмтэл учирсан бол надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...”, түүний иргэний хариуцагчаар өгсөн “... Би Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг ойлголоо, ослын улмаас бусдад учирсан хохирол, гэм хорыг би хариуцан арилгахаас татгалзаж байна. ... хамт ажилладаг Б.П өөрөө хариуцна. ...” /хх 37-38 41-42/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Н.Ц-н биед зүүн сүүжний тогооны зөрүүтэй далд хугарал, баруун 2, 3, 4, 5-р хавирганы далд хугарал, цээж, зүүн сарвуу, хоёр өвдөгний цус хуралт, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 5078 дугаартай дүгнэлт /хх 46-47/,

Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн “... “Тоёота приус-20” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. “Тоёота приус-20” загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй. ...” гэсэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 775 дугаартай магадлагаа /хх 95-97/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №645 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /хх 74-75/, “Хөрөнгө Эстимейт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх 84-89/, Зам тээврийн осол хэргийн хохирогч Н.Ц-н яаралтай тусламж, үйлчилгээний зардал, төлбөрт нийт 3.500.640 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан тухай мэдээлэл бүхий Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн лавлагаа /хх 91/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.П-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Н.Ц-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.П-с “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Хэдийгээр шүүгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй, уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршгийн шинж чанар зэргээс үзэхэд түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ... гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байх ба шүүгдэгч Б.П-н ажил хөдөлмөр эрхэлж буй хувийн байдлыг харгалзан, зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг хоёр дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/666 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

             ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ 

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР