Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 581

 

    Г.Бат-Ирээдүй, Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ

   нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ш.Хосбаяр,

ялтан Г.Бат-Ирээдүй, Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нарын өмгөөлөгч Б.Дашдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацрал, 

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтнуудын өмгөөлөгч Б.Батгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Бат-Ирээдүй, Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нарт холбогдох 201625030277 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Халх хошуу овгийн Галтмайгийн Бат-Ирээдүй, 1967 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 64 дүгээр гудамжны 1015 тоотод оршин суух,

1985 онд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

1987 онд Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /РД:ХЖ67032410/;

2. Халхууд овгийн Даваагийн Батжаргал, 1973 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 70 дугаар гудамжны 1116 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЖ73111417/,

3. Халх хошуу овгийн Галтмайгийн Оюун-Эрдэнэ, 1972 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн мэргэжилтэй, “Ивэг Түшиг” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 70 дугаар гудамжны  1116 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХЖ72040801/,

Г.Бат-Ирээдүй нь 2016 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1099 тоот хашааны гадна өөрийн эхнэр А.Ундрахыг хардаж, улмаар хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж зодож, олон тооны шарх үүсгэж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт,

Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 70 дугаар гудамж, 1116 тоотод А.Ундрахын амь бие аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс А.Ундрах нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Бат-Ирээдүйгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар, Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Бат-Ирээдүйг хүнийг онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн, бусдыг амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад нь зохих байгууллагад мэдэгдэлгүй тусламж үзүүлэлгүй зориуд орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Бат-Ирээдүйд 20 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар Д.Батжаргалд 3 жил 1 сар хорих ял, Г.Оюун-Эрдэнэд 3 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Г.Бат-Ирээдүйд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Д.Батжаргалын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Г.Оюун-Эрдэнийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Бат-Ирээдүйгээс 1.796.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацралд олгох, Г.Бат-Ирээдүйгийн цагдан хоригдсон 142 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулж шийдвэрлэжээ.

Ялтан нарын өмгөөлөгч Б.Батгэрэл тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Г.Бат-Ирээдүйгийн өргөж авсан хүү нь түүний цус харвасан хэвтэрт байдаг эцэгтэй нь хамт амьдардаг. Ар гэрийн аргагүй байдал болон холбогдсон үйлдэл холбогдлоо өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хийсэн үйлдлээ гэмшиж, үнэн зөвөөр мэдүүлсэн зэрэг байдлыг харгалзан үзнэ үү. Мөн анхан шатны шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Г.Бат-Ирээдүйд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн атлаа ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзээгүй. Иймд Г.Бат-Ирээдүйд тухайн зүйл ангийн ялын доод хэмжээгээр ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Ялтан нарын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Батгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Талийгаачид олон тооны шарх үүссэн, шинжээчийн дүгнэлтээр хохирогч хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Харин анхан шатны шүүхээс Г.Бат-Ирээдүйд 20 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн санкц нь 15-25 жил хорих ял байдаг. Г.Бат-Ирээдүй нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээдэг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж хорих ял эдлэх хугацааг багасгаж өгнө үү...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Бат-Ирээдүй олон жил эгчийн минь нөхөр, миний хүргэн ах байсных нь хувьд одоо түүнд гомдолгүй. Тиймээс Г.Бат-Ирээдүйд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Харин Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нар миний эгчийг аврах боломж байсаар байхад тусламж дуудаагүйд маш их гомдолтой байна. Хохирлын мөнгийг яаралтай гаргуулж өгнө үү...” гэв. 

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс Г.Бат-Ирээдүйн үйлдсэн хэрэг, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Бат-Ирээдүй нь 2016 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1099 тоот хашааны гадна өөрийн эхнэр А.Ундрахыг хардаж, улмаар хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж зодож, олон тооны шарх үүсгэж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт,

   Д.Батжаргал, Г.Оюун-Эрдэнэ нар нь 2016 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 70 дугаар гудамж, 1116 тоотод А.Ундрахын амь бие аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс А.Ундрахын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 5-9/,

  Гэрч Г.Оюун-Эрдэнийн: “...Мөнхзулын хашаанаас гараад гудамжинд Г.Бат-Ирээдүй ах Ундрахыг газар хэвтүүлчихсэн “ахын дүү нар гэртээ орж бай, эхнэртэйгээ учраа олоодохъё” гэж хэлээд гараараа дохисон. Тэгээд Батжаргал бид хоёр гэртээ орсон... Гаднаас Г.Бат-Ирээдүй ах Ундрахын үснээс нь чирчихсэн, Ундрахын амнаас цус гарсан, хувцас нь шавар болсон байдалтай орж ирсэн... Тэгээд унтах гээд хэвтээд байж байтал Ундрах “ёо ёо” гээд эвгүй дуугараад байхаар нь би Г.Бат-Ирээдүй ахад “түргэн дуудах уу” гэж асуухад “яах гэсэн юм бичиг баримтгүй юм чинь, маргааш ээж нь ирээд авчихна” гэж хэлсэн. Би өглөө босоод ажилдаа явах гэж байтал Г.Бат-Ирээдүй ах босоод суучихсан, Ундрах ёолоод хэвтэж байсан. Би гайгүй байлгүй гэж бодоод нөхөр Батжаргалтай хамт юу ч бодоогүй гараад явсан... Урьд нь Ундрах болон Г.Бат-Ирээдүй ах 2 хоорондоо маргалдаж, зодолддог асуудал байсан болохоор санаанд ороогүй, тоогоогүй юм...” /хх 1-н 28-29/,

 Гэрч Д.Батжаргалын: “... Тэгээд Г.Бат-Ирээдүй, Ундрахын нүүр лүү нэг удаа цохиод үсдээд чирээд гарсан. Гудамжинд Мөнхзулын хашааны үүдэнд гараад Г.Бат-Ирээдүй, Ундрахыг газар унагаад толгой нүүр лүү нь өшиглөөд зодсон. Тэгэхээр нь “боль, та хоёр гэртээ ор” гэтэл Г.Бат-Ирээдүй “та хоёр гэртээ ор, бид хоёр эндээ учраа олоод орно” гээд үлдсэн. Оюун-Эрдэнэ бид 2 түрүүлээд гэртээ орсон ба нэлээд удаж байгаад Г.Бат-Ирээдүй, Ундрахын үснээс чирээд гэрт орж ирсэн. Тэгээд 3-4 удаа Г.Бат-Ирээдүй, Ундрахын нүүр лүү өшиглөж цохисон... Эхнэр бид хоёр унтах гээд орондоо ортол Ундрах ёолоод байсан. Өглөө босоход Ундрах ёолоод, яраглаад унтаж байгаа мэт байсан. Эхнэр Оюун-Эрдэнэ бид хоёр хороонд цэвэрлэгээ хийхээр явсан...” /хх 1-н 34-35/

 Гэрч  Г.Цогт-Ирээдүйн: “... Батжаргалын гэрт ортол ах Г.Бат-Ирээдүй байсан ба газар нэг хүн дээгүүрээ хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан. “Хэн унтаж байгаа юм бэ” гэж асуутал ах “Томоо унтаж байгаа” гэж хэлсэн. Г.Бат-Ирээдүй ахын эхнэр Ундрахыг Томоо гэж дууддаг юм. Тэгээд нүүр нь ил байхаар нь хартал цус болчихсон байсан ба би “ямар аймар болчихсон юм бэ” гэж хэлээд гарыг нь барьтал гар нь хүйтэн болчихсон байсан. Би айгаад “үхчихсэн юм биш үү, түргэн дуудсан уу” гэхэд Г.Бат-Ирээдүй ах “наадах чинь зүгээр унтаж байгаа биз дээ” гэхээр нь би 103-т залгаж, түргэн дуудсан...” /хх 1-н 31/ гэсэн мэдүүлгүүд,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээгээр: ”...Талийгаачийн цогцост баруун, зүүн чамархай, зулай, дагз, хажуугийн ховдлын дээд хэсэг болон суурийн хэсгээр тархмал нимгэн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун чамархай тархины эдийн няцрал, баруун чамархай, зулайн хуйхны цус хуралт, 2 хөмсөгний гол, хамрын нуруу, дээд уруулын шарх, их бие мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан...” гэсэн шинжээчийн 521 дугаартай дүгнэлт /хх 1-н 38-39/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар гаргасан шинжээчийн: “...Талийгаачид учирсан тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэлд мэс заслын эмчилгээ хийж, тархи дарагдлыг чөлөөлөх идэвхитэй эмчилгээ байдаггүй, зөвхөн эмийн эмчилгээ хийж биеийн байдлыг ажигладаг тул амь насыг аврах боломж багатай байдаг. Дээрх гэмтэл нь тархи хавагнаж, тархины комд орох ба даралт гэнэт унаж нас бардаг. Иймд амьд байх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь мэргэжлийн эмч нягт нямбай үзлэг хийж, багажийн шинжилгээгээр оношлодог. Уг гэмтлийн улмаас тархины комд орох, даралт гэнэт унах хүртэл үйлдэл, хөдөлгөөн хийж, ярих боломжтой...” гэсэн 787 дугаар дүгнэлт /хх 1-н 231-232/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн: “... шинжилгээнд ирүүлсэн А.Ундрахын гэх цусанд 3,8 промилли, ходоодны шингэнд 3,6 промилли, шээсэнд 7,1 промилли спиртийн агууламж тус тус илэрч байна...” гэсэн шинжээчийн 1411 дүгээр дүгнэлт /хх 1-н 42/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 Шүүх Г.Бат-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Б.Батгэрэл “...Г.Бат-Ирээдүйд тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн  давж заалдах гомдол гаргасныг ялтны өмгөөлөгч Б.Дашдорж дэмжин хорих ялын хугацааг багасгаж өгөхийг хүсч тайлбар гаргав.

Анхан шатны шүүх Г.Бат-Ирээдүйд тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсан байх боловч, ялтны хувийн байдал, хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Наранцацралын давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Г.Бат-Ирээдүйд гомдолгүй...” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг багасгах боломжтой, харин өмгөөлөгч Б.Батгэрэлийн хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх Г.Оюун-Эрдэнэ, Д.Батжаргал нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн, бусдыг амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад нь зохих байгууллагад мэдэгдэлгүй тусламж үзүүлэлгүй зориуд орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг зөвтгөх шаардлагатай.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ялтан Г.Бат-Ирээдүй нь гэрч М.Мөнхзулын гэрээс хохирогч А.Ундрахыг үснээс нь чирч гудамжинд гаргаад газар унаган толгой, нүүр лүү нь өшиглөн зодож, үсдэн чирч гэртээ оруулсан, улмаар А.Ундрахын амь биед нь аюултай нөхцөлд байгааг Г.Оюун-Эрдэнэ, Д.Батжаргал нар нь мэдсэн атлаа яаралтай тусламж үзүүлээгүй, зохих байгууллагад мэдэгдээгүй гэмт хэргийг эс үйлдэхүйгээр тус тусдаа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон тэдний өөрсдийн “маргааш өглөө нь гайгүй байх гэж бодоод ажилдаа явсан” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байхад тэдний үйлдлийг ямар нотлох баримтад үндэслэж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч санаатай бүлэглэсэн буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүйн дээр хэрэв бүлэглэн үйлдсэн бол шүүн таслах ажиллагааны эсрэг өөр гэмт хэргээр зүйлчлэгдэх учиртайг харгалзахгүйгээр шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд шийтгэх тогтоолоос Г.Оюун-Эрдэнэ, Д.Батжаргал нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамласан хэсгийг зөвтгөх замаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.