Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 105

 

 

Ц.О-т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.АмарБ, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х, түүний өмгөөлөгч Д.Дашдамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 854 дүгээр тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1132 дугаар магадлалтай, Ц.О-т холбогдох 1908001260022 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Ш.Эрдэнэцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.АмарБгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан гэмт хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Ц.О-ийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-ээс 3.481.500 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х-д олгуулахаар тус тус шийдвэрлэсэн” байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Ш.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.О гаргасан гомдолдоо “... Миний бие Ц.О нь 49 настай, нэг хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Би уг гэмт хэргийг үйлдээгүй учир хяналтын журмаар гомдол гаргаж байна. 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө О гэдэг хүний гэрт 7 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 9 хүн архи уусан. Хэрэг гарах өдөр миний бие архи их уусан учир юу болж өнгөрснийг огт мэдээгүй. Унтаж байтал гэнэт цагдаа ирээд бид нарыг авч явсан. 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаагч А утсан дээрээсээ 1 хүний зураг үзүүлээд таних уу гэж асуусан. Би огт хараагүй хүн байна гэхэд энэ хүн урьд шөнө та нартай архи ууж байгаад нас барсан хүн гэж хэлээд тэнд байсан хүмүүсийн гарын хээг авч шинжилгээнд явуулсан. Би цагдан хорих 461 дүгээр ангид 3 сар буюу 91 хоног хоригдохдоо мөрдөн байцаагч, хяналтын прокурор, зохих дээд шатны байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа өргөдөл, гомдол гаргасан боловч хариу өгөөгүй учир өлсгөлөн зарлаж үнэнг олчих болов уу гэсэн ч өөрийнхөө эрүүл мэндийг хохироохоос хэтрээгүй. Хамт архи уусан бусад хүмүүсийг огт хориогүй. Үүний улмаас бүгд үгсэн тохиролцож, хуйвалдаж яг адилхан мэдүүлэг өгсөн байдаг. Б-г биедээ хутга мэс авч явдгийг гэрчлэх хүмүүс бий.

Мөн Б нь архи уухаараа байнга л зодоон хийдэг. Энэ 2 хүнийг заавал шалгах ёстой. Бидэнтэй хамт архи уусан Отгондоржийн гарт миний хань амиа алдсан. Энэ хүний хувьд намайг хэрэгт хийх, гүтгэх өс хонзонгийн сэдэл байсан байж магадгүй. Хохирогчийн амь насыг хөнөөсөн, хутга мэснүүд маш олон бөгөөд гэрчүүд янз бүрийн мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч үнэхээр О-нд амь алдсан бол Б, Б нар мэдсэн байх ёстой. Архи ууж байсан О-г явсан гэсэн атлаа Б олоод ирсэн, буцааж хэдийд хүргэж өгснийг маш сайн нягталж шалгах ёстой. Хутгануудад хэн хэний гарын хээ байгааг огт нотлоогүй. Маш их гомдолтой байна. Хохирогчийн аав миний хэр баргийн хүнд дийлдэхгүй, хоёр хүнд ч дийлдэхгүй, архи хамт уусан хүмүүсийг бүрэн шалгаж, үнэн мөнийг олж өгнө үү гэж мэдүүлсэн байдаг. Жинхэнэ гэмт хэрэгтэнг олж үнэн мөнийг олж өгөхийг хүсч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Ш.Эрдэнэцэцэг нар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл би Нийслэлийн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1132 дугаарын магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс бусдыг санаатай алах гэмт хэргийн талаар хийсэн онолын дүгнэлтүүдийг хуульчид бид бүгд мэдэх бөгөөд энэ нь нотолгооны ач холбогдолгүй юм. Харин тус шүүхээс нэр бүхий гэрч нарын мэдүүлгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Ц.О С.Л-н цээжин тус газар хоёр удаа хутгалж алсан болох хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзнэ гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шинжээчийн дүгнэлтээр хохирогч хоёр удаа хутгалсан шархтай байдаг хэргийн ганц гэрч гэх Б нь гэнэт О өндөр залуугийн цээж рүү гараараа цохих шиг болсон гарт нь хутга харагдсан гэдэг.

Тэрээр гэрчийн мэдүүлгийг гурван удаа өгөхдөө мэдүүлэг нь тогтвортой байсан. Хоёр дахь шархыг хэн үүсгэсэн талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй, Оийн гэсэн таамаглалаар хэргийг шийдвэрлэсэн байгаа нь учир дутагдалтай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч хоёр удаа хутгалуулсан шархтай байдаг бөгөөд хэргийн ганц гэрч нэг удаа хатгасан гэх мэдүүлэг өгсөн. Тэгэхээр хоёр дахь шархыг хэн, хэзээ, яаж учруулсан эсэхийг шалгаж, тогтоогоогүй. Мөн гэрч н.Б, н.Б нарын мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй.

Гэрч Ч.Б: О, Б, О гурав матрас дээр зэрэгцэн хэвтэж байсан. Б эсрэг талд нь сууж байсан. Би цаасан хайрцаг дээр хэвтэж байсан ба Б талийгаачийг ер нь хэн юм бэ гэх зүйл хэлээд маргалдсан О өнгийснөө чи хүний архи хороогоод хэн бэ босооч зайлаач гэж хэлсэн гэтэл талийгаач босоод куртекээ өмсөөд гарсан. Б талийгаачийн араас бараг зэрэг гараад явсан гэсэн мэдүүлэг нь хэргийн газар таван хүн байсан гэдгийг нотолдог бөгөөд харин талийгаачийг О хутгалсан эсэхийг Б хараагүй байдаг.

Энэ мэтээр гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй талийгаач хоёр удаа хутгуулсныг хэн ч хараагүй. Маргааныг Б эхлүүлсэн тэр талийгаачтай хамт хэргийн газраас явсан. Мөн талийгаачийг би хутгалсан гэж ярьж байсан зэрэг нь үнэхээр эргэлзээтэй байдаг. Мөн гэрч З, Б надад ээж чинь хүн алаагүй Б алсан юм билээ чи байцаагчтай нь очиж уулз гэж хэлсэн. Дараа нь Б надтай дахин тааралдаад цагдаа дээр очсон уу гэж асуусан гэсэн мэдүүлгээс үзвэл Б гэдэг хүн хэргийн талаар тодорхой зүйл мэдэж байгаа бөгөөд түүнийхээ төлөө санаа зовоод байгаа нь илт байдаг. Ийм эргэлзээтэй зүйлүүд байгаа болохоор өмгөөлөгчийн зүгээс гэрч Б, Б, З нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч олдохгүй байна, гар утсаа авахгүй байна, мэдэгдсэн боловч ирээгүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг шүүх нэг талыг барьж үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын зүйлийг шалгаж үнэлэх 35. 14 дүгээр зүйлийн 1дэх хэсэг гэрчийн мэдүүлгийг сонсох мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн заалтыг зөрчсөн тул гомдол гаргаж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хэлсэн саналдаа “... Тусгайлсан хэлэх саналгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... 2019 оны 01 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 35б байрны 1 давхрын 1 тоотод С.Л-г “архи авчраагүй, архи хороолоо” гэх шалтгааны улмаас хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар нь 2 удаа хутгалж санаатай алсан гэмт хэргийг Ц.О үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хэргийг зүйлчилсэн байсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж ял оногдуулсан нь мөн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар талийгаачийг эрэгтэй хүн алсан байх боломжтой талаар ярьсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хэрэг үйлдэгдэх үед хамт байсан хүмүүсээс авсан биологийн дээжээр Ч.Б, н.Б нараас арчдас, цус, толбо илрээгүй. Хэргийн газраас хураагдсан хутганаас талийгаачийн цус илэрсэн гэх дүгнэлт хэрэгт авагдсан. Мөн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэж Ц.О-ийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ц.О-ийг 2019 оны 01 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 35б байрны 1 давхрын 1 тоотод С.Л-г “архи авчраагүй байж архи хороолоо” гэх шалтгаанаар хүнд зэргийн согтолтын улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар нь 2 удаа хутгалж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.О-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Ц.О-ийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдэгт гэмт этгээд хохирогчийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлдэг бөгөөд шүүгдэгч Ц.О нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг ухамсарлаж, мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүйн дээр Ц.О-ийг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.О-ийн “... жинхэнэ гэмт хэрэгтэнг олж үнэн мөнийг олж өгнө үү, би уг гэмт хэргийг үйлдээгүй...” гэсэн болон түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Ш.Эрдэнэцэцэг нарын “... Ц.О энэ гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн утга агуулга бүхий хяналтын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Ц.О нь амь хохирогч С.Л-г хутгалж, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаарх үйл баримтын дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Түүнээс гадна хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.  

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Ц.О нь хохирогчийн цээжин тус газар нь 2 удаа хутгалж, хохирогч цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Түүнчлэн Ц.О-ээс өөр хүн амь хохирогчид гэмтэл учруулсан, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдгээрийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эдгээр нотлох баримтуудыг үнэлж гарсан шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 854 дүгээр тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1132 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Ш.Эрдэнэцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР