Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0122

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 14 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0122

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Б.Ч 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Г.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“Н” ХХК газрын төлбөрөө тасралтгүй төлж газраа цэвэрлэж, хараа хяналт тавьсан гэдэгт санал нийлэхгүй. Учир нь “Н” ХХК эзэмшил газраа цэвэрлэж байсныг ойр орчмын айлуудаас асууж тодруулах нь мөн, 2014 онд өөрийн эзэмшил газар дээрээ байшингийн торх барьсныг хэн нотолж байгаа гэж, жил бүр газрын төлбөрөө тасралтгүй төлж байсан гэдэг.

Гэвч “Н” ХХК газрын төлбөрөө төлөөгүй өөр газрын баримт илтээр нөхөн бүрдүүлж хийсэн нь тодорхой байхад нотлогдоогүй гэдгийг тодорхой болгож өгнө үү. 2007, 2009, 2010, 2013 оны газрын төлбөрөө төлөөгүй болон баримт нөхөн хийсэн. “Н” ХХК-ийн нэгж талбарын дугаар 210400023 гэж гэрчилгээн дээр бичээстэй байхад 210700111 гэж хийсэн газрын төлбөрийн баримт нь нотлох баримт биш. 4 жил газрын төлбөрөө төлөөгүй баримт нөхөн хийсэн “Н” ХХК-д ямар арга хэмжээ авсан талаар мэдэхийг хүсэж байна.

Газрын даамал газрын төлбөрийг 2003-2008 онд өөрийн биеэр авч байсан ч түүнээс хойш бэлэн мөнгө авч болохгүй гэсэн санхүүгийн шалгалтын байцаагч нар хэлснээр газрын даамал бэлэн мөнгө иргэдээс огт авдаггүй болсон.

Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрчлөгдсөн данс болон бусад мэдээллийг явуулж ирсэн. Тухайн газрыг хүчингүй болгохдоо газрын төлбөрийн тогтоолыг олон нийтийн хэрэгслээр нээлттэй 5 өдөр явуулсан байхад мэдээгүй гэж хэлсэнд итгэхгүй байна.

Тус сумын “Н” ШТС сумын төвд үйл ажиллагаа явуулаад удаж байгаа хэдий ч газрын даамлын хувьд ШТС-ын нэхэмжлэлийг жил бүр тасралтгүй өгдөг ч амралтын газрын нэхэмжлэл өгч болох байсан талаар ярьж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Газар эзэмшигчийн эрх үүрэг гэж хуульд тодорхой тусгагдсан байгаа тул иргэний үүргээ хэрхэн, хэзээ биелүүлсэн талаар огт дурдаагүй.

“Н” ХХК эзэмшил газраа цэвэрлэсэн, газрын төлбөрөө төлсөн тухайгаа тухайн сумын газрын даамалд мэдэгдэж байсан талаар дурдагдаагүй. Газрын даамал газрын төлбөрийн дансыг өөрийн дураар солиод байдаггүй аймгийн төрийн сангаас сольдог гэдийг “Н” ХХК-ийн удирдлага болон ня-бо нар маш сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П энэ асуудлын талаар газрын даамлаас мэдээлэл авсан зүйлээс өөр зүйл мэдэхгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрөөгүй, “Н” ХХК-ийн өмгөөлөгч “одоо л шийдвэрлэнэ” гэж удаа дараа хэлснийг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Энэхүү гомдлыг дахин хянан шийдвэрлэж үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар 6 жил газрын төлбөр төлөөгүй, 12 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, мөн шийдвэр гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Н” ХХК-иас газрын төлбөрийг бүрэн биш ч гэсэн төлж байсан, хариуцагчийн зүгээс газар эзэмших гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж байгаагүйгээс зарим онуудын төлбөрийг алгасаж төлөх тохиолдлууд гарсан байна.

Түүнчлэн өөрийн эзэмшил газартаа дүнзэн байшин барьсан бодит үйл баримтыг хэрхэн үзэж байгаа нь тодорхойгүй, газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаагаа урьдчилан нэхэмжлэгчид мэдэгдээгүйгээс захиргааны акт хууль ёсны байх шаардлага хангагдсангүй.

Хэрэв Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасны дагуу талууд жил бүр гэрээгээ дүгнэж байсан тохиолдолд ийнхүү газрын төлбөрийн дутуу төлөлт үүсэхээргүй байх байснаас гадна нэхэмжлэгчийн тухайд сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах гэж буйгаа урьдчилан мэдэгдэх, холбогдох тайлбарыг авах нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хариуцагчийн хийх ажиллагаа болно. Аймагт үйл ажиллагаа явуулдаг Мөрөн телевизээр зар явуулсныг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэхгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг ч үгүйсгэх боломжгүй юм.

Гэхдээ давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байгаа ч дутуу төлөгдсөн төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд хуульд заасан журмаар дахин шийдвэр гаргах хариуцагчийн эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Анх Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2003 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 32 дугаар захирамжаар 2 га газрыг амралтын зориулалтаар 15 жилийн хугацаатай “Н” ХХК-д эзэмшүүлсэн, мөн оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан газар эзэмших гэрээнд дуусах хугацааг 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гэж зааснаас үзэхэд газар эзэмших гэрээний хугацаа дуусах болж байх тул цаашид сунгах эсэхийг одоогийн маргаан бүхий захиргааны актад тусгагдсан зөрчлүүдийг бүрэн тогтоосны үндсэн дээр дахин шийдвэрлэх боломж хариуцагчид байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Г.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН