| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0754/Э |
| Дугаар | 805 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өт холбогдох эрүүгийн 1803 0017 30149 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Ө нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний оройн 18 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангамжийн зам 4 дүгээр хэсэг 345 тоот хашааны баруун замд “Нэткапитал финанс” ББСБ-ын эзэмшлийн “Тоёота- Приус” маркийн 09-57 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Баяртайг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийнхээ талаар ярьсан тул дахиж ярих зүйлгүй. Хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн. Сая шүүхийн шатанд 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Талуудын хүсэлтээр хавтас хэргээс:
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Баяртайгийн: … 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 16 цагаас 17 цагийн үед Улиастайн ферм явчихаад ирсэн. Тэгээд гэртээ ирчихээд тамхи авахаар “Саран бөмбүүлэй” гэдэг дэлгүүр рүү явсан юм. Дэлгүүр орж тамхи авчихаад байгалийн зүгээсээ баруунаас зүүн тийш автозамын баруун гар талаар уруудаж байгаад машин харагдахгүй байхаар нь замын зүүн гар тал руугаа гарахаар зам хөндлөн гартал байгалийн зүгээрээ баруун тийш явж байгаа машин гараад ирсэн. Тэгээд тэр машин намайг мөргөчихсөн. Би тэр доороо уначихсан. Намайг мөргөсөн машинаас нэг залуу бууж ирээд намайг гэрт хүргэж өгсөн. Гэртээ ортол манайхан сандраад эмнэлэг явна гээд машинтай залуу намайг эмнэлэг хүргэж өгсөн. Явган хүний гарцгүй хоёр эгнээ зам байдаг. Би тэр үед ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эм тарианы зардал, бусад бүх зүйлийг машины эзэн залуу Өлзийбаяр гаргаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Л.Нямдэлэлгийн:... 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчим Л.Баяртай ахын эхнэр Түмэнбаяр өөрийн 8991-9845 дугаараас миний 99878532 руу залгаж ахыг гэмтээд Гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэж хэлсэн. Намайг Гэмтлийн эмнэлэг дээр очиход мөргөсөн машины жолооч цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг хийнэ хохирогчийн ар гэрээс хүн дагуулаад осол болсон газартаа ир гэнэ гэж хэлсэн. Тэгээд би тэр жолоочийн хамт машинд нь суугаад осол болсон гэх газар очсон. Бид нарыг очсоны дараа цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Анх мөргөсөн цэгийг би зааж өгөөгүй. Тэр жолооч өөрөө зааж өгсөн. Ертөнцийн зүгээр замын зүүн талд зам дээр цус болсон байсныг би энд мөргөж унаж дээ гэж бодсон. Мөргөсөн цэг, унасан цэг өөр байдгийг би мэдээгүй. Яг осол болсон үеийг бол мэдэхгүй, хараагүй. Хэргийн газрын үзлэгт ар гэрийнхнээс нь хүн ир гэсний дагуу би очсон ... гэх мэдүүлэг /хх-н 52 дугаар тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2844 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Л.Баяртайн биед дух ясны баруун хэсгээс гавлын суурь ясны баруун талын их далавч, баруун суурийн хөндийн урд, ар хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун дух хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун талын хацар ясны нум, хоншоорын ясны урд, доод, ар хана, баруун нүдний ухархайн гадна, дотор, доод ханыг хамарсан нийлмэл хугарал, хүзүүний 4,5-р нугаламын арын сэртэнгийн хугарал, дух, баруун нүдний зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамар, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар тал/,
- Замын Цагдаагийн Техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаартай дүгнэлтэнд:
1. “Тоёота-Приус” маркийн 09-57 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батнасан овогтой Өлзийбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Лхамсүрэн овогтой Баяртай нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Техникийн шинжээч цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад техникийн шинжээч Ш.Ариун-Эрдэнийн: ...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг, жолоочийн өөрийнх нь өгсөн тайлбар, мэдүүлгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Тухайн зорчих хэсэгт явган хүний гарц, тэмдэглэлгүй учир тухайн явган зорчигч нь зорчих хэсгээр зам хөндлөн гарахаас өөр аргагүй. Тухайн жолооч зорчих хэсгээр зам хөндлөн гарч яваа явган зорчигчийг явж байхыг харсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн автомашин тулаад ирэх үед жолооч зогсоох арга хэмжээ аваагүй учир мөргөсөн байгаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Өын яллагдагчаар өгсөн: ...Би сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой 18 цаг өнгөрч байх үед би “Нэткапитал финанс” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байдаг мөнгөлөг өнгийн “Тоёота-Приус” маркийн 09-57 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэртээ харих гээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг Хангамжийн 4 дүгээр хэсэг “Юнигаз”-ын замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 14 км цагийн хурдтай явж байсан юм. Энэ үед замын баруун талд хойноосоо урагшаа чиглэлтэй нэг эрэгтэй хүн явж байсан. Гэтэл машин тулаад ирэхэд тухайн хүн ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй гэнэт машины урдуур ороод ирсэн. Энэ үед би тэр даруй тоормозоо гишгэтэл зогсож амжилгүй тухайн хүнийг мөргөсөн. Мөргөх үед тэр хүн автомашины урд копутон дээр баруун гараараа тулж мөргүүлээд зам дээр нүүрээрээ унасан... гэх мэдүүлэг /хх-н 80-81 дүгээр тал/,
- Шүүгдэгч Б.Өиргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 82, 83 дугаар тал/
- Хохирогч Л.Баяртайн 15-н ширхэг хохирлын баримтууд /хх-н 112-119 дүгээр тал/,
- Хохирогч Л.Баяртайн гомдол, саналгүй гэсэн хүсэлт /хх-н 131 дүгээр тал/,
- Хохирогч Л.Баяртайд 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Б.Ө нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний оройн 18 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангамжийн зам 4 дүгээр хэсэг 345 тоот хашааны баруун замд “Тоёота-Приус” маркийн 09-57 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч Л.Баяртайг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний оройн 18 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангамжийн зам 4 дүгээр хэсэг 345 тоот хашааны баруун замд “Нэткапитал финанс” ББСБ-ын эзэмшлийн “Тоёота-Приус” маркийн 09-57 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Баяртайг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Тээврийн Прокурорын газраас Б.Өын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Өын гэм буруугийн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч Б.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 1.329.690 төгрөгийг, шүүхийн шатанд 1.000.000 төгрөгийг тус тус хохирогч Л.Баяртайд хүлээлгэн өгсөн байх тул одоогоор нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 20-21, 113-119, 151-152 дугаар тал/
Хохирогч Л.Баяртай нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Б.Ө нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 83 дугаар тал/
Шүүгдэгч Б.Өын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Б.Өтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хасч, 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Өт 7 /долоон/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Л.Баяртай нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Өын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн Б.Өын В ангилалын ¹983975 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба Б.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Өт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ