| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2311006620421 |
| Дугаар | 2024/ДШМ/1277 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/1277
2024 11 28 2024/ДШМ/1277
Ж.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Багшбаяр,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/1680 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2311006620421 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б-,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;
Ж.Б- нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Н.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар “Прокурор яллагдагчийн гэм буруу, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар яллагдагчийн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан саналыг яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж, хэргийг 7 хоногийн дотор шүүхэд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Гэтэл Ж.Б-д холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийн 388 дугаартай яллах дүгнэлтийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн, 137 дугаартай прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр, 137 дугаартай прокурорын санал нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тус тус үйлджээ. Яллагдагч Ж.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлж дээрх хуульд зааснаар хэргийг шийдвэрлэх боломжгүй бүхэл бүтэн 4 сарын дараа ирүүлж байгаа нь хууль зөрчжээ. Дээрх үндэслэлээр Ж.Б-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор О.Багшбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам"-ыг зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах...”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана” гэж тус тус заасан.
Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзвэл шүүх хэргийг хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийг прокурорт буцаахаар зохицуулсан байна.
Гэтэл шүүх хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаан явуулахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно”. 6 дахь хэсэгт заасан “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.
Прокурорын “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол шүүхэд 4 сарын дараа шилжиж ирсэн үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлд хамаатуулж прокурорт буцаасан нь үндэслэлгүй, шүүгчийн захирамжаар яг ямар ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр байх ба прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн хугацааг хэтрүүлсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх хэргийг прокурорт буцаах үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос яллагдагч Ж.Б-ыг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Н.Ариунтуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Ж.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд “......Ж.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт, 137 дугаартай прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр, 137 дугаартай прокурорын санал нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус тус үйлдсэн атлаа 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу бүхэл бүтэн 4 сарын дараа шүүхэд ирүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. ...” гэх үндэслэл зааж хэргийг прокурорт буцаажээ.
Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэвчилж, оролцогч нарт хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх, цаг хугацаа, зардлыг хэмнэх зэрэг олон ач холбогдолтой ч энэ нь прокурор, мөрдөгчийн зүгээс хийх зайлшгүй ажиллагаа биш бөгөөд харин яллагдагчийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд үндэслэн хийгддэг хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтыг хангах хүрээнд уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны үндэслэл, журмыг мөн хуульд тусгайлан зохицуулсан.
Ийнхүү хуульчлагдсан үндэслэл, журмыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гүйцэтгэсэн ажиллагаа, гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн байх шаардлагыг хангах зайлшгүй нөхцөл нь юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан тул хуулиар тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг сахин биелүүлээгүй тохиолдолд энэ нь хуулийг зөрчсөнд тооцогдож мөн зүйлийн 2-т зааснаар уг ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээдийн гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцно.
Эрүүгийн хэрэг үүсгэгдэн, яллагдагчаар татагдсан этгээд буюу яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5, 7-д тус тус заасан хориг байхгүй тохиолдолд мөн зүйлийн 1-д заасан болзол, нөхцөлийг хангасан бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй байна.
Тэрээр ийнхүү хүсэлт гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийнхөөс гадна мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмын дагуу явагдана.
Гэтэл Ж.Б- нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...миний хувьд прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэж мэдүүлж /хх 57/ байснаас гадна тэрээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт хавтас хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар тодруулж, ажиллагаа хийх шаардлагатай.
Үүнээс гадна Ж.Б- нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолтой танилцаагүй байгааг дурдах нь зүйтэй. /хх 1-3/
Иймд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрх магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/1680 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Багшбаярын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН