| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0819/Э |
| Дугаар | 865 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Ц.Д,
хохирогч Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “ Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Жаргалант овогт Ц.Дт холбогдох эрүүгийн 1806 0129 50662 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Ц.Д нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 121 тоотыг хамтран хөлслөгч иргэн Б.Бямбасүрэнгээс уг байранд засвар хийсэн гэж хуурч 2.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбасүрэн мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 05 хүртэл би Данзанваанчигийн хажуу өрөөнд амьдарсан. Би Данзанваанчигт сардаа 300 мянган төгрөгийг бэлнээр өгсөн. Би анх энэ хүнтэй таксинд танилцаад “энэ хавьд нэг байр түрээсэлчих юм сан гэхэд энэ хүн би байр түрээсэлж байгаа гэхээр нь итгээд хажуу өрөөнд нь ороод түрээслээд амьдрах явцад намайг байнга доромжлоод өрөөнд орж ирээд янз бүр болоод байдаг байсан. Тэгээд би байранд засвар хийсэн гэхээр нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1.830.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн сарын түрээсийн 300.000 төгрөг өгч байсан. 2 сая төгрөгнөөс 4.050.90 төгрөг, 40.000 төгрөг усны мөнгө өгсөн. Одоо үлдэгдэлд 1.500.000 төгрөг авах ёстой байгаа. Би хохирлоо авмаар байна гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бямбасүрэнгийн: ...Миний бие хамгийн анх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхонд байр түрээсэлдэг байсан юм...Ингээд би уг залуугийн байранд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түрээслэн суусан ба уг байрыг түрээсэлж байх хугацаанд Данзанваанчиг нь байрандаа согтуу орилж чарладаг байсан. Тийм болохоор нь би Данзанваанчигт би чиний байрыг түрээслэхээ болилоо гэсэн чинь Данзанваанчиг надад чи эмэгтэй хүн байж байрнаас гараад яах вэ, би гаръя, гэхдээ энэ байранд 2.000.000 төгрөгийн засвар хийсэн учраас чи надад 2.000.000 төгрөг өг тэгээд энэ байрныхаа түрээслэгчийн гэрээг нь чиний нэр дээр болгоё гэхээр нь би хүлээн зөвшөөрөөд өөрийн охин Сонинцэцэгийн цалингийн зээлийг нь авахуулаад уг Данзанваанчиг гэгч залууд 2.000.000 төгрөг өгсөн. Ингээд би уг байрны түрээсийг төлж явсаар байгаад 2018 оны 01 дүгээр сард уг байр нь хүйтэн байгаад байхаар нь би уг байрны эзэмшигч болох “Энхүүд” компани дээр очиж байрыг нь хүйтэн байгаа талаар болон уг байранд 2.000.000 төгрөгийн засвар хийсэн гэхэд “Энхүүд” компани нь уг байрны засварыг өөрсдөө хийсэн болж таарсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...
...Би Ц.Дт “Энхүүд” компани дээр очиж орон сууц түрээслэх гэрээний нэрийг солиулсны дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр яг 2.000.000 төгрөг өгсөн. Миний өгсөн 2.000.000 төгрөгнөөс Ц.Д нь байрны тог, усны төлбөрийг төлсөн. Тэгээд өөрт нь хэдэн төгрөг үлдсэнийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 1.900.000 төгрөг үлдсэн. Би Ц.Дт бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн, дансаар бол өгөөгүй...
...Ц.Д надад учруулсан хохирлынхоо 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Одоо надад түүнээс нэхэмжлэх 1.500.000 төгрөг байгаа тул нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 19, 64 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Энхцогтын: ...Би 180601295 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийн хохирогч Б.Бямбасүрэнгийн гаргаж өгсөн №121 дугаартай орон сууц хөлслөх гэрээг харлаа. Дээрх гэрээ нь жинхэнэ гэрээ байна. Дээрх гэрээнд байгаа №121 гэсэн дугаар нь орон сууцны тоотын дугаар байгаа юм. Дээрх №121 тоотыг урьд өмнө нь Ц.Д гэгч хүн түрээсэлж байсан ба 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ярьж байгаагаар манай хуурай эгч гэх Б.Бямбасүрэн гэгч эмэгтэйд албан ёсоор түрээсийн гэрээг шилжүүлсэн. Түүнээс хойш одоог хүртэл уг Б.Бямбасүрэн гэгч эмэгтэй нь ганцаараа амьдарч байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Баярсүрэнгийн: ...Ямар ч байсан яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, 2017 оны наадмын өмнө манай эгч Данзанваанчиг гэдэг хүнд миний хажууд 2.000.000 төгрөг бэлнээр өгч байсан. Би тухайн үед эгч Б.Бямбасүрэнгээс та энэ хүнд ямар учиртай мөнгө өгөөд байгаа юм бэ гэж асуухад манай эгч миний түрээсэлж байгаа байрыг энэ эрэгтэй зассан, тэгээд надаас засвар хийсэн мөнгөө төлж барагдуул гэхээр нь би өгч байгаа юм гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Дийн: ...Тэгтэл Б.Бямбасүрэн нь миний түрээсэлдэг байрны хажуу өрөөг түрээсэлж суухаар болоод 2017 оны 06 дугаар сараас эхлэн 1 сар хажуу 2 өрөөг 300.000 төгрөгөөр түрээслэн суухаар болсон юм. Б.Бямбасүрэн нь 1 сар түрээсэлж суучихаад надтай уулзаад чи надад энэ байраа зарах уу? Тэгвэл надад амар байна, ажил гэр ойрхон байна, чи надад байраа хэдээр зарах вэ? Би хүүхдүүдээ авч ирээд хамт суучихмаар байна гэж асууж байсан. Тэгэхээр нь би Б.Бямбасүрэнд чи надад 2.000.000 төгрөг аваад ир гэж хэлсэн чинь Б.Бямбасүрэн надад 1.930.000 төгрөг авч ирээд бэлнээр өгсөн. Тэгэхээр нь би мөнгө өгсөн өдөр нь тэр байрнаас эд зүйлсээ аваад шууд гараад явсан. Би тэр байрнаас гараад шууд Говь-Алтай аймгийн Бигэр суманд амьдарч байгаад тэгээд саяхан буюу 7 хоногийн өмнө Улаанбаатар хотод орж ирсэн...
...Ер нь бол хамгийн анх хохирогч Б.Бямбасүрэн нь надад хандаж чи надад энэ байраа зарчих гээд яриад байхаар нь би хохирогч Б.Бямбасүрэнд ер нь чи энэ байрыг надаас худалдаж авбал ав гэж хэлээд түүнээс 2.000.000 төгрөг авчихсан юм. Би хохирогч Бямбасүрэнгээс 2.000.000 төгрөг авахдаа би энэ байранд бас мөнгөөр засвар хийсэн шүү гэж хэлээд мөнгийг нь авсан юм. Би хохирогч Бямбасүрэнд учруулсан хохирлынхоо 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.Дийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27, 28 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.Дийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 32-33, 34-36, 37-40, 49-51 дүгээр тал/,
- “Энхүүд” ХХК-н тодорхойлолт /хх-ийн 42 дугаар тал/,
- Хохирлын мөнгө төлсөн талаарх баримт /хх-ийн 63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Ц.Д нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 121 тоотыг хамтран хөлслөгч иргэн Б.Бямбасүрэнгээс уг байранд засвар хийсэн гэж хуурч 2.000.000 төгрөгийг залилсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 121 тоотыг хамтран хөлслөгч иргэн Б.Бямбасүрэнгээс уг байранд засвар хийсэн гэж хуурч 2.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн болон хохирогч, гэрчийн мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Ц.Дийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 121 тоотыг хамтран хөлслөгч иргэн Б.Бямбасүрэнгээс уг байранд засвар үйлчилгээ хийгээгүй атлаа засвар хийсэн гэж хуурч 2.000.000 төгрөгийг авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Ц.Дийн гэм буруугийн санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Ц.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Д нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 27 дугаар тал/
Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Б.Бямбасүрэнд хохирлын 500.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. /хх-н 63 дугаар тал/
Шүүгдэгч Ц.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.Дбусдыг хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Д240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц.Даас 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Бандийн Бямбасүрэнд /РД:ЕЮ65052503/ олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ