| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2408001220803 |
| Дугаар | 2024/ДШМ/1278 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/1278
2024 11 28 2024/ДШМ/1278
Ш.Ц-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Лхагвасүрэн,
хохирогч П.О-гийн өмгөөлөгч А.Энхгэрэл,
шүүгдэгч Ш.Ц-,
иргэний хариуцагч “****” ХХК-ийн өмгөөлөгч А.Анар,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/1038 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.О-гийн өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ш.Ц-т холбогдох эрүүгийн 2408001220803 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц-,
Шүүглэгч Ш.Ц- нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт “Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх;”, 9.1.3 дахь хэсэгт “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх;”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дэх хэсэгт “Ажил олгогч нь ...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх ...үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчин хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн “***” бууз баншны үйлдвэрийн байранд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн үед П.О- нь үйлдвэрлэлийн осолд өртөн гурил илдэгч машинд гараа оруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ял шийтгэж, торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “****” ХХК-иас 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч П.О-д олгож, хохирогч П.О- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч П.О-гийн өмгөөлөгч А.Энхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг зорилт бол “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх .” юм. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хохирогч П.О-гийн хууль ёсны эрхийг бүрэн сэргээсэнгүй. Хохирогч П.О- нь “*****” ХХК-ийн “****” нэрийн бууз, баншны хүнсний үйлдвэрт ажиллаж байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үйлдвэрлэлийн осолд өртөж, зүүн гарын 3, 4-р хурууны үзүүрийн шивнүүр яс бяцарсан хугарал, 4-р хурууны үзүүр хэсгийн зөөлөн эдийн дутмагшил үүсгэсэн. Хурууны шивнүүр яс тайрагдсанаас ядам хуруу буюу 4-р хурууны үзүүр богиноссон. Хөдөлмөрийн чадвар 5% алдагдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 "...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасныг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжаар “****” ХХК иргэний хариуцагчаар тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр, дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасныг анхан шатны шүүх хэрэглээгүй бөгөөд мөн зүйл ангийн 5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болон хөдөлмөрийн чадвар 5% алдсаны улмаас учирсан үр дагавар болох нөхөн төлбөрийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч П.О-гийн эрүүл мэнд удаан хугацаагаар сарниж хүндэвтэр хохирол учирсны улмаас хөдөлмөрийн чадвар 5% алдсан хор уршиг учирсан. Хөдөлмөрийн чадвар алдаж буй нь гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг байхад анхан шатны шүүх дүгнэхдээ: “...“****” ХХК болон иргэн П.О- нарын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4 дэх заалтыг тус тус зөрчсөн.
Хохирогчийн зүгээс хор уршиг нэхэмжилж байгаатай холбоотой иргэний хариуцагч компанид ажиллаж, авсан цалин хөлсний баримтыг шүүхэд гарган өгч нэхэмжилсэн байхад хэлэлцэхгүй орхих хууль зүйн үндэслэл байхгүй юм. Энэ гэмт хэрэг нь хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогч байгууллага, түүний хариуцан ажиллаж буй этгээдийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч, түүний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан байхад нөхөн төлбөрийн нэхэмжлэл нь хөдөлмөрийн харилцаа гэж дүгнэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг гараагүй бол хөдөлмөрийн чадвар алдахгүй байсан. Эрүүгийн шүүх хуралдаанд хохирогч хор уршгийн зардлаа баримтаа бүрдүүлээд нэхэмжилж байхад шүүх хуулийг бүрэн дүүрэн хэрэглэхгүй, хэлэлцэхгүй орхиж, дахин иргэний журмаар нэхэмжлэх талаар хойшлуулж, хугацаа алдуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “...Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, 14 дэх ХЭСЭГ “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх..., шударга шүүхээр шүүлгэх...” эрхтэй гэж заасныг хэрэгжүүлэхгүй, цаг хугацаа алдагдуулсан, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хохиролтой, олон шатны шүүх ажиллагаа дамжуулж байгаад гомдолтой байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь хэсэгт “ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно”, 125.1.1 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин,...; тус тус заасныг удирдлага болгон хохирогч П.О-гийн эрүүл мэндэд хөдөлмөрийн чадвар алдалт 5 хувиар алдсан тул түүний нэг сарын цалин 1.083.900 төгрөг авсан нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хуульд заасны дагуу 5 дахин буюу 1.083.900х5= 5.419.500 төгрөгийг иргэний хариуцагч “****” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох шүүгдэгч Ш.Ц-ээс гаргуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Энэ төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэж буй шүүхийн практик харилцан адилгүй зарим нь хор уршгийн нэхэмжлэлийг хэлэлцээд шийдвэрлэж байхад зарим нь хэлэлцүүлсээр байхад хэлэлцэхгүй орхилоо гэдэг байдлаар өөр өөр байгааг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ш.Ц- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Иргэний хариуцагч “****” ХХК-ийн өмгөөлөгч А.Анар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол, хор уршгийг гаргуулахаар заасан. Хохирогчийн зүгээс шаардаж буй мөнгөн дүн нь гэмт хэргийн улмаас бий болсон нөхөн олговор шаардах эрх биш, “****” ХХК болон хохирогч П.О- нарын хоорондын хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүсэж буй тусдаа шаардах эрх юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн талаар хохирогчийн илт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн талаар хохирогч П.О- мэдүүлсэн бөгөөд түүнээс “төхөөрөмжид гараа хийхэд гэмтэх боломжтойг та мэдэж байсан уу, айж байсан уу” гэхэд, “мэдэж байсан” гэж, “машиныг унтраах ямар нэг оролдлого хийсэн үү” гэхэд, “хийгээгүй” гэж хариулсан. Хохирогч П.О- нь тухайн төхөөрөмж рүү гараа хийж болохгүй гэдгийг бүрэн ухамсарлаж байсан боловч гараа хийж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах ажилтны үүргээ зөрчсөнтэй шууд хамааралтай хохирол учирсан гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтас хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тухайн машин нь хамгаалалтын торгүй байсан нь тогтоогдсон бөгөөд хэрэг гарсны дараа хийгдсэн торны зураг хавтас хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хохирогч талаас нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ш.Ц-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч П.О-гийн өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ш.Ц- нь Ш.Ц- нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт “Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх;”, 9.1.3 дахь хэсэгт “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх;”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8 дэх хэсэгт “Ажил олгогч нь ...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх ...үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчин хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн “***” бууз баншны үйлдвэрийн байранд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн үед П.О- нь үйлдвэрлэлийн осолд өртөн гурил илдэгч машинд гараа оруулж эрүүл мэндэд нь “зүүн гарын дунд /3-р/, ядам /4-р/ хурууны үзүүрийн шивнүүр ясны бяцарсан хугарал, ядам /4-р/ хурууны үзүүр хэсгийн зөөлөн эдийн дутмагшил үүсгэсэн шарх, ядам хурууны үзүүрийн шивнүүр тайрах, шарх цэгцлэх мэс засал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч П.О-гийн “...“***” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зараар дамжуулан анх гурил элдэгчээр ажиллахаар болсон. ...Анх ажилд орохдоо ч тэр хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ба одоог хүртэл гэрээ хийгээгүй байгаа. ...2023 оны 11 дүгээр сарын эхээр гурил элддэг машин авсан. Тэр үе хүртэл миний бие гараараа элдэгч хийдэг байсан. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн үед санагдаж байна, элдэгч машинаараа гурил элдэж байтал гурил нь машин дотроо наалдсан, ямар нэгэн байдлаар гацаагүй. Тэгээд наалдсан гурилыг салгаад хийх үедээ машинд зүүн гарын ядам хуруугаа зүсүүлсэн. ...Манай компанид ямар нэгэн аюулгүй байдлын инженер гэх мэтийн албан тушаалтай хүн байхгүй. Пүүжээ гэх залуу л анх ажилд ороход зааж өгч байсан. Сүүлд элдэгч машинтай болсон ч Пүүжээ хэрхэн ажиллуулах талаар зааж өгсөн. ...” /хх 17-18/,
Ш.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...17 цагийн үед манай ажилтан болох Г.Гэрэлтуяа над руу залгаад П.О- эгч хуруугаа гурил элдэгч машинд хавчуулаад гэмтээчихлээ гээд над руу залгасан. ...Би П.О- эгчийг аваад ГССҮТ-д дагуулан ирж эмчилгээ үйлчилгээ хийлгээд 3 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Манайх “***” нэрийн бууз, баншны үйлдвэр ажиллуулдаг. Манай компани 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм. П.О- нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс манай компани ажилтан авна гэх зарын дагуу ирж манайд ажилд орсон бөгөөд тухайн үедээ П.О- эгч гурил элдэгчийн ажил хийж байсан. Манай компанид одоогийн байдлаар Хөдөлмөр, аюулгүй байдпын албан тушаалтан байхгүй. Би өөрөө албан ёсны хүмүүсээс сургалт авч ажилтан нартаа заавар, зөвлөгөө өгч ажиллаж байгаа. П.О-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж амжаагүй байсан. ...” /хх 112-114/ гэсэн мэдүүлгүүд,
“...П.О-гийн биед зүүн гарын дунд /3-р/, ядам /4-р/ хурууны үзүүрийн шивнүүр ясны бяцарсан хугарал, ядам /4-р/ хурууны үзүүр хэсгийн зөөлөн эдийн дутмагшил үүсгэсэн шарх, ядам хурууны үзүүрийн шивнүүр тайрах, шарх цэгцлэх, мэс засал /2023.11.23/ бүхий хүндэвтэр хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 320 дугаар дүгнэлт /хх 71-73/,
“...“****” ХХК-ийн захирал Ш.Ц- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн. ...осолдогч П.О- нь ажлын байран дээрээ осолд өртсөн нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч, иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:/2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно...” гэх 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24-06 дугаар дүгнэлт /хх 77-80/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-13/, “...үйл ажиллагааны чиглэл: Автомашинаар ачаа тээвэрлэх, Хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ, Гадаад худалдаа, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Газар тариалан. Шагдар овогтой Ц-ийг Захирлаар томилсныг бүртгэв. 2018.09.19...” гэх “****” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 41/, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх дэвтэр, цагийн бүртгэлийн хуулбар /хх 48-53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ш.Ц- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Ш.Ц-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч П.О- гурил илдэгч машинд гараа оруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Ц-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч П.О-гийн өмгөөлөгч А.Энхгэрэл “...үйлдвэрлэлийн ослын улмаас хохирогч П.О-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1 сарын цалинг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, хуулийн үйлчлэх хүрээг тус хуулийн 4 дүгээр зүйлд хуульчилжээ.
Энэ хууль нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч, ажилтан нарын хооронд үйлчлэхээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэнд үйлчлэхээр заасан ба хохирогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч тухайн үед тус байгууллагад ажиллаж байсан учраас хөдөлмөр эрхэлж байсан гэж үзнэ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх, 28.1.15-д зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.5-д “Ажил олгогч ...29.2-т заасан үүргээ биелүүлээгүй ...бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.
Мөн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтоох”-оор заажээ.
Гэтэл ажил олгогч компани осол гарсны дараа Засгийн газраас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комиссыг байгуулж ажиллуулаагүй акт, дүгнэлт гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл үйлдвэрийн осолд өртсөн эсэхийг тогтоох /ОМ/ акт гарсны дараа хохирогч нь зохих баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийг анхан шатны шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хохирогч П.О-гийн өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хохирогч П.О-гийн өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/1038 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.О-гийн өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН