| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0214/З |
| Дугаар | 128/ШШ2026/0565 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2026/0565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Б.Бат-Эрдэнэ.
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/639 дүгээр захирамжийн Б.Оюунчимэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэнгэлмаа, өмгөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Нэхэмжлэгч Б. Бат-Эрдэнэ миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12-360 тоот хаягт байрлах газрыг 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Я.Баянжаргалаас худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авч өмчлөлдөө бүртгүүлсэн.
1.2.Я.Баянжаргал нь уг газрыг 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хууль ёсны өмчлөгч Б.Оюунчимэгээс бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан бөгөөд э дээрх хэлцлүүдийн талаар хэн хэн нь маргаж байгаагүй, хэлцлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр огт гараагүй бөгөөд өнөөдөр ч хүчин төгөлдөр гэрээнүүд байгаа болно.
1.3.Нийслэлийн Засаг дарга 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А/639 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12-360 тоот хаягт байрлах 542.38 м.кв газрыг иргэн Б.Оюунчимэгт өмчлүүлсэн нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.
1.4.Уг захирамжид ... шүүхийн шийдвэрээр гэсэн үндэслэл дурдсан боловч аль шүүхийн, хэзээ гарсан, ямар дугаартай, ямар агуулгатай, хэнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн талаар огт тодорхойлоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-т заасан захиргааны актын зайлшгүй шаардлагыг хангаагүй байна, Улсын дээд шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны 06 дугаар тогтоолд энэ талаар дээрх 2013 оны А/639 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны ...тоот хашааны 542.38 м.кв газрыг иргэн Б.Оюунчимэг /түүний охин О.О, Г.О/-д өмчлүүлсэн нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг шүүхийн шийдвэрээр гэсэн үндэслэл зааж хүчингүй болгосон байна, Б.Оюунчимэг нь газар өмчлөх эрхээ 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Бэлэглэлийн гэрээ-гээр иргэн Я.Баянжаргалд, Я.Баянжаргал нь 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ-гээр иргэн Б.Бат-Эрдэнэд тус тус шилжүүлсэн, эдгээр хэлцлүүдийн талаар талууд маргаж байгаагүй, хэлцлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, гараагүй хэрэгт авагдаагүй/, Б.Оюунчимэгийн өмчлөх эрх 2007 онд дуусгавар болсон, ... Б.Оюунчимэгийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон аль шүүхийн ямар шийдвэрт үндэслэж нийслэлийн Засаг дарга 2013 оны А/639 дүгээр захирамжийг гаргасан нь тодорхой бус байна хэмээн дурдсан болно.
1.5.Нийслэлийн Засаг дарга дээрх захирамжийг гаргаснаар миний газар өмчлөх эрх хүчингүй болох, цаашлаад эд хөрөнгө, санхүүгээрээ хохирох нөхцөл байдлыг шууд бий болгосон үр дагаврыг үүсгэж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндсөн гэж үзэж байгаа болно.
1.8.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарч байгаа тул нийслэлийн Засаг даргын 2013 оны А/639 дүгээр захирамжийн Б.Оюунчимэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хоёр.Хариуцагч нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь захиргааны актыг эс зөвшөөрсөн тохиолдолд тухайн актыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
2.2.Нэхэмжлэгчийн маргаж буй нийслэлийн Засаг даргын А/639 дүгээр захирамж нь 2013 онд гарсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолд тус захирамжийг авч хэлэлцэн дүгнэлт хийсэн байна. Уг тогтоолд захирамжийн агуулга, шүүхийн шийдвэрээр гэх үндэслэлийн тодорхой бус байдал зэрэг асуудлыг хэлэлцсэн нь нэхэмжлэгч тухайн захиргааны актыг хамгийн багадаа 2014 онд мэдсэн болохыг нотолж байна.
2.3.Нэхэмжлэгчийн зүгээс Б.Оюунчимэгт газар өмчлүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2005 оны шийдвэр нь Улсын дээд шүүхийн 2012 оны 156 дугаар тогтоол гаргах үндэслэл болсон гэж үзэж, уг шийдвэрийг нийслэлийн Засаг даргын 2013 оны А/639 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж тайлбарласан байна. Гэвч энэхүү тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдсэн гэх тайлбар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн хугацааг илт хэтрүүлсэн болохыг нотолж байна.
2.4.Маргаан бүхий захирамж нь захиргааны акт гаргах илт үндэслэл байгаагүй гэдэгт хамаарахгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/639 дүгээр захирамжийн Б.Оюунчимэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжид шүүхийн шийдвэрээр гэх үндэслэл дурдсан ч аль шүүхийн, хэзээ гарсан, ямар дугаар, агуулгатай, хэнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна гэж, хариуцагчаас маргаан бүхий захирамж нь захиргааны акт гаргах илт үндэслэл байгаагүй гэдэгт хамаарахгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан маргасан.
4.Тогтоогдсон үйл баримтын тухайд:
4.1.Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Дамбаагийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамж, 360 тоотод байршилтай гараашны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн Ү-2203017521 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000060312 дугаар гэрчилгээ, дээрх хаягт байрлалтай 542.38 м.кв газрыг (гуравдагч этгээд Б.Бат-Эрдэнийн нэр дээр) улсын бүртгэлийн Г-2203001453 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000030408 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолоор тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Дамбаагийн нэр дээр бүртгэсэн эрхийн улсын бүртгэл хүчинтэй байхад газрыг нь өөр этгээдийн нэр дээр салгаж бүртгэсэн, гараашийг эрхийн улсын бүртгэлийн өөр дугаараар давхар бүртгэсэн нь хууль бус үндэслэлээр хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр Б.Бат-Эрдэнийн өмчлөх эрхийг сэргээж, түүнийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамж, 360 тоот хаягт байрлах 455.46 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 86.92 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож мөн хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4.3.Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжаар Ж.Дамбаад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12-360 дугаар тоот хаягт орших 553 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
4.4.Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаар шийдвэрээр Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжийн иргэн Ж.Дамбаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Б.Бат-Эрдэнэд өмчлүүлсэн 455.46 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэжээ.
4.5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжийн иргэн Ж.Дамбаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага буюу иргэн Б.Бат-Эрдэнэд өмчлүүлсэн 455.46 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.
4.6.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 104 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжийн Ж.Дамбаад холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
4.7.Нийслэлийн Засаг дарга 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/639 дүгээр захирамжийн Дөрөвдүгээр хавсралтаар Газар өмчлөх шийдвэр нь хүчингүй болж байгаа иргэдийн жагсаалт-ыг баталсны дотор шүүхийн шийдвэрээр гэх үндэслэлээр Б.Оюунчимэгт өмчлүүлсэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12-360 дугаар тоот хаягт орших 542 м.кв газар багтжээ.
4.8.Улмаар гуравдагч этгээд Ж.Дамбаагаас нийслэлийн Засаг даргын 2013 оны А/639 дүгээр захирамж, түүний хавсралтыг шинээр илэрсэн баримт гэж үзэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолыг хянуулах-аар гаргасан хүсэлтийг Улсын дээд шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хангахаас татгалзсан.
5.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
5.1.Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжийн холбогдох хэсэгт хамаарах газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай бүхэлдээ давхцаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг захирамж нэхэмжлэгчид шууд чиглээгүй ч, газар өмчлөх эрхэд халдсан захиргааны акт болох нь тогтоогдож байна.
5.2.Тодруулбал, хариуцагч албан тушаалтан шүүхийн шийдвэрээр гэх үндэслэлээр өмнө газар өмчлүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь агуулгаараа гадагш чиглэсэн, тодорхой үр дагавар үүсгэсэн байна.
5.3.Нөгөөтээгүүр, хариуцагч албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх тусгай зарчмуудыг баримтлаагүй байна.
5.4.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт бодит байдал дээр газар өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, зорилгодоо нийцээгүй, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий газрын өмнөх өмчлөгч болох Д.Оюунчимэгийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгосноор тодорхой үр дагавар үүсгэсэн байна.
5.5.Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулж байх учиртай.
5.6.Тухайлбал, захиргааны акт нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхийн тулд тухайн албан тушаалтанд уг шийдвэрийг гаргах эрх мэдэл хуульд олгогдоогүй, эсхүл тухайн шийдвэрийг гаргах нөхцөл, шаардлага хуульд тодорхой заагаагүй байхад шийдвэр гаргасан ойлголт юм. Энэ нь захиргааны байгууллага хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн зарчмыг илэрхийлнэ.
5.7.Тухайн нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд уг захиргааны акт нь хуульд нийцээгүй, хүчингүйд тооцогдох үндэслэл болно. Энэ нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, захиргааны байгууллагын дур зоргоор шийдвэр гаргахыг хязгаарлах зорилготой бөгөөд хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэх учиртай.
5.8.Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (2006 оны) 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д зааснаар иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох эрхтэй боловч түүний гаргасан маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй захиргааны акт илт хууль бус болох тохиолдолд хамаарч байна.
5.9.Тодруулбал, хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулж байхын зэрэгцээ хариуцагч албан тушаалтан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж гаргасан ч шүүхийн шийдвэрээр гэх үндэслэл нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
5.10.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 156 дугаар тогтоолд 542.38 м.кв газрыг иргэн Б.Оюунчимэг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 2005 онд өмчлөн авч, улмаар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, уг газрыг хэлцлийн үндсэн дээр иргэн Я.Баянжаргалд шилжүүлснийг 2007 онд бүртгэсэн эрхийн улсын бүртгэл хүчинтэй байна, ... Ж.Дамбаагийн хүсэлт гаргаагүй газрын түүнд хуваарилсан нь хуульд нийцээгүй талаар,
5.11.Мөн маргаан бүхий актын талаар Улсын дээд шүүхийн шүүхийн 2014 оны 06 дугаар тогтоолд Б.Оюунчимэг нь газар өмчлөх эрхээ 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ-ээр иргэн Я.Баянжаргалд, Я.Баянжаргал 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ-ээр иргэн Г.Бат-Эрдэнэд тус тус шилжүүлсэн, эдгээр хэлцлүүдийн талаар талууд маргаж байгаагүй, хэлцлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гараагүй, Б.Оюунчимэгийн өмчлөх эрх 2007 онд дуусгавар болсон, Б.Оюунчимэгийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон аль нэг шүүхийн ямар шийдвэрт үндэслэж нийслэлийн Засаг дарга 2013 оны А/639 дүгээр захирамжийг гаргасан нь тодорхой бус талаар тус тус дүгнэсэн байна.
5.12.Үүнээс үзвэл, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/639 дүгээр захирамж нь газар өмчлүүлсэн шийдвэрийг шүүхийн шийдвэрээр гэдгийг үндэслэлээ болгосон ч аль шүүхийн, ямар огноо, дугаартай, хэний нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр болох нь тодорхойгүй, энэ талаарх холбогдох баримт байхгүй энэ тохиолдолд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
5.13.Эдгээрээс, хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/639 дүгээр захирамжийн Б.Оюунчимэгт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС