Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00722

 

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/00740 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Э-т холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 15,851,463 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: “И ХХК нь 2019 оны 07 дугаар зарын 05-ны өдөр “М” ХК-тай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. И ХХК-ийн өмчлөлийн 29-32 УБО улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн автомашиныг Г.Г эзэмшдэг бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр уг автомашиныг жолоодон явахдаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмээлтийн ТЭС ШТС-ын урд замд 74-70 УБГ улсын дугаартай, Ноnda Civic маркийн Б ХХК-ийн өмчлөлийн М.Э-ын жолоодож явсан автомашинтай мөргөлдсөний улмаас даатгалын тохиолдол үүссэн. М.Э- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасныг зөрчсөн. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ашид Билгүүн ХХК автомашинд 18,425,710 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр И ХХК нь Мөнххада ХХК-ийн засварын үнийн саналын дагуу 17,656,763 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон шилжүүлэхийг хэнээс нэхэмжилсэн. Буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцлийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Г.Гтэй байгуулсан. М ХК нь 15,851,463 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрт тооцон олгохоор шийдвэрлэн, даатгуулагчид шилжүүлсэн болно. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 15,851,463 төгрөгийг буруутай этгээд болох М.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас 10,184,552 төгрөгийг зөвшөөрнө. Хариуцагч хэрэг гарсан өдрөөс хойш учирсан хохирлыг өөрийн зардлаар хариуцах санал гаргасныг Г.Г, М” ХК үл харгалзсан. Хариуцагч хохирлыг төлөхгүй байсан бол даатгалаас төлүүлнэ гэсэн зохицуулалт байгаа. Тэргүүн ээлжинд хохирол учруулсан хүн нь төлнө гээд байхад төлүүлээгүйд маргаан байна. Хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн 2 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, цааш шилжиж баталгаажсан нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 сая төгрөгийг даатгалын сангаас авах боломжтой талаар 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр М” ХК нь хариу бичсэн байдаг. Тус мөнгийг нэхэмжлэгч авчихаад нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

  1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан хариуцагч Мандалын Э- /ФМ85090871/-аас 15,851,463 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХК /2032317/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,210 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Э-аас 237,210 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

  1. Хариуцагчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй байна. “И” ХХК хуульд заасны дагуу даатгалын сангаас 5,000,000 төгрөг авах эрхтэй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь “И” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн нөхцөл байдал үүссэн. Иймд 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Тухайн 5,000,000 төгрөгийг жолоочийн даатгалын сангаас “И” ХХК-д олгосон, авах эрх үүссэн гэх асуудал ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа бол хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй. Тус үүргээ хэрэгжүүлж шүүх хуралдаанд оролцоогүй. 5,000,000 төгрөгийг “М” ХК-аас жолоочийн даатгалын сангийн хуульд заасан зохицуулалтыг хэрэглэсэн. Жолоочийн даатгалын сангаас олгогдоогүй учраас 5,000,000 төгрөгийг нэмж төлсөн. “И” ХХК-ийг 5,000,000 төгрөгийг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байгаа мөртлөө үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар баримт байхгүй, тухайн даатгалын нөхөн төлбөр Г.Гд олгогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  1. Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

  1. Нэхэмжлэгч М ХК, хариуцагч М.Э-т холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 15,851,463 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  1. Хариуцагч М.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Honda Civic маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа осол гаргаж, “И” ХХК-ийн өмчлөлийн Г.Ггийн жолоодож явсан Toyota Land Cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 18,425,710 төгрөгийн хохирол учруулсан үйл баримттай холбоотой зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг баримт хэрэгт авагдсан. /хх 11-33/

 

  1. Нэхэмжлэгч “... “И ХХК-тай байгуулсан авто тээврийн хэрэгслийн гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон үндэслэлээр даатгалын зүйлд учирсан хохиролд буюу даатгалын нөхөн төлбөрт 15,868,192 төгрөгийг иргэн Г.Гд шилжүүлсэн тул уг мөнгийг шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагчаас шаардсан” гэх агуулгатай тайлбар гаргажээ.

 

          4.а. Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн Г.Гд “...М.Э- нь жолоочийн даатгалгүй зам тээврийн хөдөлгөөнд оролцсон тул Жолоочийн даатгалын тухай хуулийн 18, 23 дугаар зүйлд тус тус заасны дагуу сангаас олгох 5,000,000 төгрөгийг дээрх хохирлоос хасаж 10,184,552 төгрөгийн нөхөн төлбөр олгож шийдвэрлэсэн” гэх агуулгатай албан бичгийг хүргүүлсэн хуулбар баримт хэрэгт авагдсан байна. /хх 83/

 

          4.б. Хариуцагч нь жолоочийн хариуцлагын даатгалын сангаас 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг Г.Г авсан эсэх талаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан нь талуудын маргааны зүйлд хамааралтай байна. Иймд анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэснээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдаагүй байна.

 

              5. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/00740 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                              ШҮҮГЧ                                       Г.ДАВААДОРЖ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ