Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/1279

 

 

 

 

     2024           11          28                                       2024/ДШМ/1279

Ч.Ч-, И.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Чанцалдулам,

цагаатгагдсан этгээд Ч.Ч-, И.О-, тэдгээрийн өмгөөлөгч Т.Урангэрэл, С.Уламбаяр,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/622 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Чанцалдуламын бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ч.Ч-, И.О- нарт холбогдох эрүүгийн 1941000430308 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч-,

 

О-,

 

Ч.Ч- нь нийтийн албан тушаалтан буюу 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ***** ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн ***** *****хотхоны 5 дугаар байрны 1 тоотод байрлах, 134.5 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж.М-аас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 197.254.000 төгрөгөөр худалдан авч, одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа боловч дээрх орон сууцыг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, өөрийн төрсөн эх С.И-гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч хөрөнгө, орлогоо нуусан,

мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл яамны **** ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “****” ХХК-иар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн аманд 150.000.000 төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан боловч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, өөрийн төрсөн дүү И.О-ийн нэрээр тус амины орон сууцыг бариулах гэрээг байгуулж өөрийн хөрөнгө, орлогоо нуусан,

дээрх орон сууц худалдан авсан болон амины орон сууц захиалан бариулсан 347.254.000 төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлахдаа Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх, олборлох үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай “****” ХХК-иас газрын тос олборлох зориулалттай өрмийн тоног төхөөрөмжийг хямд үнээр худалдан авч, өөрийн төрсөн дүү И.О-ийн үүсгэн байгуулсан “****” ХХК-иар Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “****” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 191.380 ам.доллараар зарж, уг үйл ажиллагаанаас олсон ашгаас тус орон сууцыг худалдан авсан гэж тайлбарласан боловч, мөрдөн шалгах ажиллагааны явцад “****” ХХК-иас тоног төхөөрөмжийн төлбөр 191.380 ам.долларыг “****” ХХК-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай дансаар 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, уг мөнгийг Ч.Ч-ын төрсөн дүү И.О- дээрх орон сууцыг худалдан авснаас хойш хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 44.500 ам.долларыг өөрийн Худалдаа хөгжлийн банкны **** данс руу шилжүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 113.000 ам.долларыг бэлнээр гаргуулан авч өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдсон ба Ч.Ч- нь өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэгт,

 И.О- нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөгчийн “Уг өрмийн сэлбэг зарж олсон 191.380 ам.долларыг хэрхэн зарцуулсан бэ” гэсэн асуултад “...2015 оны сүүлээр одоо манай ах Ч-ын амьдарч байгаа *****хотхон дахь байрыг 110.000 ам.доллароор авсан. Компанийнхаа данснаас би үлдсэн мөнгөө өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкныхаа дансанд татчихсан байсан. Тэгээд өөрийнхөө данснаас яг аль данс гэдгээ санахгүй байна данснаасаа бэлнээр авч байр зарсан хүнд нь өгсөн. Хэн гэдэг хүнээс худалдаж авснаа санахгүй байна. Манай ээж очиж гэрээ хийсэн. Зарын дагуу тэр байрыг олсон. Уг байрыг ээжид авч өгсөн боловч ээж амьдрахгүй эндээ амьдарна гээд манай ахынх *****хотхон дахь байранд амьдрахаар болсон, одоо ч амьдарч байгаа. 2020 онд 75.000-80.000 ам.доллароор хувьцаа худалдаж авсан, хувьцаа авахдаа мөн өөрийнхөө Хас банкны ам.долларын данснаас шилжүүлсэн. Тэгээд энэ мөнгөнөөс Нүхтэд 150.000.000 төгрөгөөр байшин захиалж бариулсан, Хас банкныхаа ам.долларын данснаас шилжүүлсэн. Тэгээд өөр жижиг сажиг зүйлд хэрэглэсэн. ...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ч.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

И.О-ийн үйлдлийг мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуулаг овгийн Чулуундаваагийн Ч-, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуулаг овгийн И-гийн О- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ч.Ч-, И.О- нарыг цагаатгаж, цагаатгагдсан этгээд Ч.Ч- энэ хэрэгт нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ч-, И.О- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Чанцалдулам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...цагаатгагдсан этгээд Ч.Ч- нь 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ****ажиллаж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн ***** *****хотхоны 5 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 134,5 метр квадрат талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж.М-аас 197.254.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, орон сууц худалдан авах гэрээг өөрийн төрсөн эх С.И-гийн нэрээр байгуулж, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 100.000 ам.долларыг бэлнээр арилжааны банкны данс руу орлого хийх замаар шилжүүлсэн. Улмаар тухайн орон сууцанд гэр бүлийн хамтаар оршин сууж байсан үйл баримт тогтоогдсон. Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн хөрөнгө, орлогын эх үүсвэрийг хууль ёсны, үндэслэлтэй болохыг мэдүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх орон сууцыг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийн талаар цагаатгагдсан этгээд Ч.Ч- нь хэд хэдэн удаа харилцан адилгүй тайлбаруудыг гаргасан. Тухайлбал, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “*****хотхон дахь орон сууц болон Нүхтийн аманд байрлалтай орон сууцыг “****” ХХК-иас худалдан авсан тоног төхөөрөмжийг “****” ХХК-д худалдан борлуулж олсон орлогоор худалдан авсан бөгөөд төрсөн дүү болон эхийн нэр дээр бүртгэлтэй тул хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй” гэх агуулга бүхий мэдүүлгийг, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “төрсөн дүү И.О- нь “****” ХХК-иас худалдан авсан тоног төхөөрөмжийг “****” ХХК-д худалдан борлуулж олсон орлогоор худалдан авсан бөгөөд миний бие тухайн тоног төхөөрөмжийг худалдах үйл ажиллагаанд тусалсан, миний орлого биш” гэх агуулга бүхий мэдүүлгийг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт “*****хотхон дахь орон сууцыг төрсөн эх С.И- өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр худалдан авсан, надад хамааралгүй эд хөрөнгө” гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгөх байдлаар орон сууц худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарласан боловч дээрх тайлбарууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад няцаан, үгүйсгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан мөрдөгчийн магадлагаа, цагаатгагдсан этгээд И.О-ийн нэр дээрх арилжааны банк дахь дансны хуулга зэрэг баримтуудаар И.О- нь “****” ХХК-д тоног төхөөрөмж борлуулсан үйл ажиллагааны улмаас бий болсон 131.380 ам.долларыг “****” ХХК-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансаар хүлээн авч, орон сууцыг худалдан авсан цаг хугацаанаас хойших цаг хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 44.500 ам.долларыг өөрийн эзэмшлийн **** тоот данс руу шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 113.000 ам.долларыг бэлнээр зарлагадах зэргээр өөр зүйлд зарцуулсан болох нь нотлогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг худал мэдүүлэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Гэрч, хохирогч шүүн таслах ажиллагаанд саад учруулах зорилгоор зориуд худал мэдүүлэгч өгч, эсхүл мэдүүлэг өгөхөөс зайлсхийж шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхийг гэмт хэрэгт тооцож, харин гэрчийн эрүүл мэнд, сэтгэл зүй болон хэрэг гарах үеийн цаг агаарын болон гэрэлтүүлгийн зэрэг объектив хүчин зүйлийн улмаас хэргийн нөхцөл байдлыг бодитоор тусган авч чадаагүй шалтгаанаар, эсхүл тусгалыг зөв илэрхийлж чадаагүйн улмаас мэдүүлгийг бодитоор мэдүүлээгүй бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхаар зохицуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагаатгагдсан этгээд И.О-ээс 2020 оны 08 дугаар сарын 18, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд мөрдөгч нь мэдүүлэг авах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан мэдүүлэг авах нийтлэг журмыг баримталснаас гадна мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, 6 дахь хэсэгт “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж тус тус заасныг тайлбарлаж, хууль сануулж мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл, цагаатгагдсан этгээд И.О-д Үндсэн хуулиар баталгаажсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулж, түүний зөвшөөрлийн үндсэн дээр мэдүүлэг авах ажиллагааг үргэлжлүүлсэн тул хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж дүгнэх үндэслэлгүй. И.О- нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “өрмийн сэлбэг зарж олсон 131.380 ам.долларыг хэрхэн зарцуулсан бэ” гэсэн мөрдөгчийн асуултад “2015 оны сүүлээр ах Ч.Ч-ын амьдарч байгаа *****хотхон дахь байрыг 110.000 ам.доллароор авсан, уг байрыг ээжид авч өгсөн боловч ээж амьдрахгүй гээд манай ахынх *****хотхон дахь байранд амьдрахаар болсон, одоо амьдарч байгаа” гэж бодит байдлаас илтэд зөрүүтэй мэдүүлэг өгсөн. “*****хотхон дахь байрыг төрсөн эх С.И- худалдаж авсан” гэх өөрийн урьд өгсөн мэдүүлгийг няцааж мэдүүлсэн. И.О-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн бодит байдлаас зөрүүтэй байдлаар мэдүүлсэн мэдүүлэг нь төрсөн ах Ч.Ч-ын өгсөн мэдүүлэгтэй ижил агуулга бүхий байгаа нь түүний мэдүүлгийг бататгах, гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахгүй байх, төөрөгдүүлэх зорилготой байна гэж үзэж түүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ч.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 2 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хавтас хэрэгт авагдаагүй байсан нэмэлт нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Давж заалдах шатны шүүх миний анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтуудыг анхаарч үзнэ үү. Энэ хэрэг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1920 дугаарт мэдээлэл ирснээр эхэлсэн. Прокурор болон Авлигатай тэмцэх газраас надад холбогдуулан гүйцэтгэх ажиллагаа явуулж, гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 4 зүйл ангиар хэрэг нээсэн. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 22.4 дүгээр зүйлд зааснаар хэн нэгнээс авлига авч, 22.10 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн юм шиг байгаа юм. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар намайг хэргийн материал задруулсан гэж үзсэн. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр намайг ажил дээр байхад дуудаж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөгч надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллагдагчаар татсан тухай танилцуулсан. Би өмнө нь 2 удаа мэдүүлэг өгсөн байсан бөгөөд тухайн үед надаас мэдүүлэг авч, мөрдөгч “прокурортой ял тохиролцож, хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүл, чи хэргээ түргэн шуурхай, ял тохиролцож шийдвэрлүүлэхгүй бол ээж, дүүг чинь яллагдагчаар татна, хүүхдүүдийн чинь сургууль руу бичиг явуулна, хамаатан садан, ах, дүү, хавьтаж ойртсон хамтран ажиллагсдыг чинь бүгдийг нь шалгаж чадна” гэж хэлсэн. Тухайн үед надад хэлэх үг байгаагүй, “би өмгөөлөгч авч байж тантай уулзмаар байна” гэж хэлээд, “намайг аваад гараач” гэж харгалзагчаас нь гуйж байсныг хүний эрхийн өрөөнд нь байсан хүмүүс харж байсан. Нэг сарын дараа миний дүүг яллагдагчаар татсан. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би анхнаасаа гэм буруугүй гэж маргасан. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 12 цагаас 24 цаг хүртэл битүү орчинд байлгаж, надтай хүнлэг бус харьцаж мэдүүлэг авсан. Тухайн үед надад танилцуулахдаа нэр бүхий 3 компани, миний дүү болон хүргэн дүү Бат-Оршихын нэр дээрх компанитай холбоотой асуудлаар надаас асуусан бөгөөд миний дүүг буруутгаж байна гэж ойлгосон. Мөрдөгч “танай дүү чинь 5 сартай жирэмсэн, хажуу өрөөнд худал яриад сууж байна, одоо наад асуудлаа ярь, шийд, хүлээ, тэгэхгүй бол чамайг ачна, дүүг чинь хэрэгт татна” гэж хэлсэн. Би 08 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эх болон дүүгээсээ сонссон зүйлийг л урд, хойно нь оруулж хэлсэн. Тухайн үед би “битүү орчинд миний бие тавгүй байна, энэ асуудлыг нягталж судлаад дахин мэдүүлэг өгөхөд бэлэн байна” гэж хэлээд гарсан. Хэргийн материалтай 2022 оны 04 дүгээр сард анх удаа танилцаж, дараа нь 2023 оны 01 дүгээр сард нэмэлт мөрдөн байцаалтын дараа дахин танилцсан. Мөн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэрэг шүүхэд шилжихэд хэргийн материалтай бүрэн танилцаж, *****хотхоны 5-1 тоот байрыг ямар мөнгөний эх үүсвэрээр, яаж худалдаж авсан талаар ойлгомжтой байх үүднээс схемчлэн баримт гаргаж өгсөн. Би эхийнхээ ганц хүү тул эхийнхээ өмнөөс байрыг нь судалж, хайж, хүнтэй нь уулзаж, наймаа хийхэд нь хамт явж, хүүгийн хувиар тусалсан. Тухайн мөнгөний эх үүсвэр нь миний дүү И.О-ийн “****” ХХК болон “****” ХХК-ийн эдийн засгийн ил тод байдал гэсэн гарчигтай тайланд мэдүүлсэн орлого юм. И.О- “МИОТ” ХХК-ийн /“****” ХХК-ийн товчилсон нэрээр нь яриад явъя гэв/ нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансанд шилжүүлсэн орлогоос 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 110.000 ам.доллар гаргаж өгсөн. Энэ мөнгөний эх үүсвэрийн талаар мөрдөгч Мөнхсонорын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд “И.О- нь 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд бэлнээр 387.890 ам.долларын орлого хийсэн, уг бэлнээр орлого хийсэн гүйлгээ тус бүр нь “МИОТ” ХХК-ийн **** тоот данснаас И.О- нь бэлнээр мөнгө гарган авсан огноотой таарч байгаа бөгөөд тус компаниас бэлнээр гарган авсан мөнгөө өөрийн **** тоот хувийн дансандаа төвлөрүүлсэн байна” гэж бичсэн нь 11 дүгээр хавтас хэргийн 173 дахь талд авагдсан. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эх С.И-гийн авсан байрны төлбөрт 110.000 ам.долларыг бэлнээр гаргаж өгсөн. Эх үүсвэр нь И.О- өөрийн ажилладаг “МИОТ” ХХК-ийн данснаас авч, өөрийн дансаар дамжуулан гаргасан гэж ойлгосон. Энэ талаар ойлгомжтой байх үүднээс хийсэн схем 13 дугаар хавтас хэргийн 80-82 дахь талд авагдсан. Мөрдөгч Мөнхсонор үзлэг, тэмдэглэл хийхдээ энэ талаар тэмдэглэсэн. Тэр мөнгийг тухайн үед миний дүү өөрийн ажиллаж байсан компаниас аваад мөнгийг нь төлсөн. Дараа нь манай ээж 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дүүд 100.000 ам.долларыг нь буцааж өгсөн. Ээж маань тухайн үед мөнгөтэй байсан талаар 2016 оноос хойшхи түүний нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга авагдсан. 2012 оноос хойшхи дансны хуулгыг гаргаж өгсөн нь 13 дугаар хавтас хэргийн 22 дахь талд авагдсан. Ээж энэ талаар өгсөн мэдүүлэгтээ “тухайн үед миний дансанд 170.000 гаруй ам.доллар байсан” гэж мэдүүлсэн бөгөөд тухайн үед өөртөө байсан мөнгөө Худалдаа хөгжлийн банкны хугацаатай хадгаламжид хийж, хүүгийн хугацааг нь цуцлахгүй гээд удаан байлгасан байсан. Нүхтийн байшинтай холбоотой гэрээг мөрдөгч Мөнхсонор хурааж авсан. Нэгжлэг хийх үйл явц миний санаж байгаагаар тасралтгүй 1 цаг 23 минут үргэлжилсэн. Гэтэл шүүхэд 7 хэсэг 53 минутын бичлэг бүхий сидийг ирүүлсэн. 2 гэрээ гарч ирж байгаа болон хураан авсан эд мөрийн баримтыг бичиж байгаа протоколын хэсэг байхгүй байсан. Миний бие болон манай өмгөөлөгчдийн зүгээс анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд шинжлэн судалж буй бүх нотлох баримтуудыг үзүүлсэн. Нэмэлт сиди болон мөрдөгч намайг болон дүүг асууж байсан сиди бичлэгийг гаргуулж, намайг хэдэн цаг битүү өрөөнд хорьж байлгасан, юу ярьсан талаарх бичлэгийг авхуулах хүсэлтэй байсан боловч “чи насанд хүрсэн, гарын үсэг зурсан” гэж тайлбарласан. Тухайн үед би юу болоод байгааг ойлгохгүй, тулгамдсан байсан. Асуусан асуултад нь миний дүүг буруутгаж байна гэж бодоод хариулсан. Би 12 дугаар сарын 08-ны өдөр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө энэ талаар тодорхой мэдүүлсэн. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний газраас 2015 оноос хойшхи миний болон эхнэрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оны 01 дүгээр сар буюу ковидын хатуу хөл хорионы үеэр шалгахад нь би холбогдох бүх баримт бичгийг боломжтой байдлаар гаргаж өгсөн. Тэр ямар үр дүнд хүрснийг мэдэхгүй явсаар 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжсэн хавтас хэргээс танилцсан. 2 дугаар хавтас хэргийн сүүлийн хэсэг, 3 дугаар хавтас хэргийн эхний хэсэгт “Ч.Ч-ад зөрчил илрээгүй, хаах саналтай байна, бичгээр тайлбар хүргүүлсэн” гэсэн байдаг. Намайг авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж хангалттай шалгасан боловч тогтоогдоогүй. Намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх боловч би эхийгээ байр авахад нь тусалсан, эхийнхээ байранд түр амьдарч байсан. Би 2019 оны эхний хагас жил албан тушаалаасаа түдгэлзсэн байсан тул дүүгийнхээ Нүхтэд захиалсан байрны плита, цахилгааны ажилд нь очиж тусалсан. Гэтэл энэ үндэслэлээр нэг байгууллага нь намайг гэмт хэрэгт хамаатуулж, буруутган шалгаж, нөгөө байгууллага нь зөрчил илрээгүй гэж үзэж, 2 өөр дүгнэлт гарган 1 жил 3 сар орчим болж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд И.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын яллах дүгнэлтийг эсэргүүцэж байгаа талаараа өмнөх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. 191.000 ам.долларыг тоног төхөөрөмж борлуулсан мөнгөнөөс өгсөн гэдгийг тухайн үед дансанд нь байж байгаад өөр мөнгөнөөс гаргасан талаар өмнөх шүүх хуралдаануудад хангалттай тайлбарласан. “Энэ мөнгөнүүдийг юунд зарцуулсан бэ” гэхэд нь би “ийм, ийм юм авсан, 191.000 ам.долларын сэлбэг борлуулсан, үүнээс гадна надад мөнгө байсан, би түүнээс өгсөн” гэж мэдүүлсэн. Мөрдөгч надаас “юун мөнгө вэ” гэж асуухад, ““МИОТ” ХХК-ийн мөнгө надад байсан, түүнээс өгсөн” гэж хэлснийг сонсоод өнгөрсөн, хавтас хэрэгт авагдаагүй. Үүнээс болж хугацаа нь зөрж, тухайн үед мөнгө байхад өөр мөнгөнөөс өгсөн гэж яллагдагчаар татагдаж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө залруулж хэлсэн талаар 10 дугаар хавтас хэргийн 130-133 дахь талд авагдсан. Мэдүүлэг авч байх үеийн камерын бичлэгт бид хоёрын ярьсан зүйлс, аль хэсгийг нь мэдүүлэгт тусгаж, аль хэсгийг нь өөрт ашигтай байдлаар гуйвуулж намайг яллагдагчаар татах болсон нь тодорхой байгаа тул тухайн камерын бичлэгийг гаргуулж авах хүсэлтийг удаа дараа гаргахад “насанд хүрсэн хүмүүс та нар өөрсдөө мэдүүлгээ өгч, ярьсан зүйлс мөн байна гэж гарын үсэг зурсан тул сиди-г гаргуулах шаардлагагүй” гэж үзсэн. *****хотхоны байрыг авсан 110.000 ам.долларыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны **** тоот данснаас гаргаж өгсөн. Би гэрээсээ ажлаа хийж байсан учраас мөнгийг хувийн данс руугаа татаж, зарлага хийдэг байсан тул мөнгө орж ирэхээр нь татаж, түүнээс зарлага хийсэн талаар ерөнхий байдлаар мэдүүлсэн. Миний бүх зүйл дансаар хийгддэг байсан болохоор дансны хуулгыг үзэхэд тодорхой харагдах тул он, сарыг нь нарийн хэлэлгүй товч байдлаар хэлсэн. 191.000 ам.доллар орж ирсний дараа 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 44.500 ам.доллар гарсан. Энэ нь холболтын тоног төхөөрөмж авахын тулд “МИОТ” ХХК-иас зээлсэн мөнгө байсан тул 44.500 ам.долларыг өөрийн **** тоот данс руу татаад 62.000 ам.долларыг “МИОТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ван Чан Жан руу “зээл төлөв” гэсэн утгаар шилжүүлсэн. 110.000 ам.долларыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “МИОТ” ХХК-ийн мөнгөнөөс өгч, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 113.000 ам.долларыг **** тоот данс руу “МИОТ” ХХК-ийн мөнгийг буцааж нөхөж хийсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ч.Ч-, И.О- нарын өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн шатнаас цагаатгагдсан этгээд Ч.Ч-, И.О- нарын өмгөөлөгчөөр оролцсон. Удаа дараа гомдол гаргасан боловч татгалзаж шийдвэрлэдэг байсан. Мөрдөгч яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулах ёстой байтал нэг талыг барьж шалгасан. Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын гэрээнд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь зөрчиж, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн. Мөрдөгч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас буцааж өгөхдөө хэрэгт ач холбогдолгүй гэсэн зарим нотлох баримтуудыг өгөөгүй байдлыг шалгуулахаар мөрдөн байцаах албаны тусгай субъектэд гомдол гаргасан боловч прокуророос хэрэг нээгээгүй. Цагаатгагдсан этгээд Ч.Ч- 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан бөгөөд хариу нь гараагүй байгаа. Мэдүүлэг авсан ажиллагаа нь хүний эрхийг хангаагүй, эрүүдэн шүүсэн талаар бүх шүүх хуралдаанд ярьсан. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ч.Ч-, И.О- нарын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан үеэс энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. Энэ цаг хугацаа хүртэлх мэдүүлгүүд нь миний үйлчлүүлэгчид эрүүдэн шүүсэн гэхээс илүүтэй хууль зөрчиж, хүнлэг бус харьцаж, нотлох баримтаар үнэлэх боломжгүй үндэслэл бүрдэж авсан мэдүүлэг болох талаар удаа дараа тайлбарлаж, гомдол гаргасан. Уг хэргийг хянасан 6 дахь прокурор “тогтоогдохгүй байна” гэж үзсэн. Мөрдөгчийг сольдоггүй, нэмэлт ажиллагаа хийгээд очиход дахиад л Мөнхсонорын харилцаа хэвээр байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ хэрэг 2 дахь удаагаа давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. Прокурорын эсэргүүцэлд бичигдсэн үндэслэл нь яллах дүгнэлт буюу яллагчийн хууль зүйн дүгнэлтэд дурдагдсан зүйлс юм. Прокуророос тухайн 3-4 мэдүүлгийг дурдаж, И.О-ийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 44.000 ам.долларыг өөр зүйлд зарцуулсан гэж ярьдаг боловч буцааж шилжүүлсэн 100.000 ам.долларыг огт ярьдаггүй. Бидний зүгээс энэ талаар ярьж, нотлох баримтуудыг дурдаж, шинжлэн судлуулсан. Анхан шатны шүүхийн 2023 оны ************* дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч тухайн үед хяналт тавьж байсан прокурор Х.Онолтын бичсэн эсэргүүцэл болон прокурор Г.Чанцалдуламын бичсэн эсэргүүцэл хуулбарласан мэт агуулгын хувьд ижил. Нэг ялгаатай зүйл нь прокурор Х.Онолтын бичсэн эсэргүүцэл нь шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа ялласан нотлох баримтуудыг няцаагаагүй тул хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзсэн. Эдгээр прокуроруудын эсэргүүцэлд дэлгэрэнгүй байдлаар бичгээр тайлбар өгсөн бөгөөд анхан шатны шүүх хуралдаан 2 өдөр үргэлжлэхэд хангалттай яригдсан. Яллах дүгнэлтээр 41 нотлох баримтаар яллаж, энэ хэрэгт 2 яллах дүгнэлт үйлдэгдсэн. Яллах дүгнэлтэд дурдагдсан 41 яллах нотлох баримтыг Ч.Ч-, И.О- нар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд бүгдийг нь баримтаар няцаасан нь 13 дугаар хавтас хэргийн 88-110 дахь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийн 6-7 дахь хуудаст байдаг. И.О- 5 дахь удаагаа 100.000 ам.долларыг яагаад бэлнээр авсан, захиран зарцуулах эрхтэй эсэх талаар хүснэгт хийж, нэг бүрчлэн тайлбарласан. “МИОТ” ХХК И.О-ийн дансанд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гүйлгээ хийсэн, *****хотхоны байрыг худалдаж авсан цаг хугацаанд хэдэн төгрөг байсан бэ. И.О-тэй хамааралтай дансанд 700.000.000 гаруй төгрөг байсан. Өмчлөгчөөр бүртгэгдсэн эх С.И-гийн дансанд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 169.176,56 ам.доллар байсан. Үүнийгээ хугацаатай хадгаламжид хийж, 6.000 ам.доллар, 12.000 ам.долларыг авч, буцааж 100.000 ам.долларыг И.О- рүү шилжүүлсэн. Прокуророос хууль зөрчиж авсан гэх 3-4 мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ цагаатгах тогтоолд тусгаагүй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоол эргэлзээгүй, хэргийн бодит байдлыг тогтоосон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу бидний зүгээс 14 дүгээр хавтас хэргийн 130 дахь талаас эхлэн баримтууд гаргаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаа өөрсдийнх нь хүсэл зоригоор хийгдсэн, бидний зүгээс гаргасан хүсэлтүүдийг хүлээж авдаггүй байсан тул шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтууд цагаатгах талын нотлох баримтаар тооцогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэхэд хангагдах ёстой нөхцөлүүд, мэдүүлгүүдийн талаар өнөөдрийн хэлэлцэж буй анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 30-34 дэх талд тодорхой тусгасан. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн боловч цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан прокурорын яллаж буй үндэслэл, цагаатгах талын үндэслэл зэргийг дүгнэж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийн аль нь болох нь тодорхойгүй байна. Давж заалдах шатны шүүхээс 13 дугаар хавтас хэргийн 88-110 дахь тал, 14 дүгээр хавтас хэргийн 24-61 дэх талд авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүдийг анхаарч үзнэ үү. Прокурор гэм буруугийн дүгнэлтээ бичгээр өгөөгүй, өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтүүд хэрэгт бичгээр авагдсан. И.О- 07 дугаар сард компанийн мөнгийг авч, 12 дугаар сард буцааж хийсэн нь дансны хуулгаар тогтоогддог. 06 сарын хугацаанд ашигласан гэж үзэх гэтэл 1 дүгээр гарын үсэг зурж авсан. Мөнгө авсан талаараа Анхбаярт хэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, Анхбаярын өгсөн мэдүүлэгт 100.000 ам.долларын талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Тухайн онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу И.О- “МИОТ” ХХК-иас 100.000 ам.долларыг авсан талаараа тайлагнасан нь хэрэгт авагдсан. ...Мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулсан гэж байгаа боловч мөрдөгч бодит байдалд хэнд холбогдох, ямар хэрэгт, юу тодруулах гэж байгаа талаараа тайлбарлаагүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 34 дэх талд “учир нь, тухайн мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно” гэж дүгнэж, 35 дахь талд яагаад үнэлээгүй талаараа тайлбарласан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчил арилсан, нотлох баримтуудыг хангалттай дүгнэсэн, хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эхний буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн яллах дүгнэлтийг хэрэг шүүхэд шилжихээс өмнө гардуулсан. Тухайн яллах дүгнэлт нь техникийн болоод нэр зэрэг алдаа их байсан талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дурдсан боловч хүлээж аваагүй. Гэтэл прокурор шүүх хуралдааны танхимд Ч.Ч-, И.О- нарт яллах дүгнэлтийг гардуулсан. Алдааг нь зассан гэдэг боловч яллах дүгнэлт гардуулах хуулийн хугацаа байдаггүй юм уу. Ингээд 2 яллах дүгнэлттэй болсон. Яллах дүгнэлт гардуулах ажиллагаанд ч алдаа гаргасан. 2019 оны 09  сараас эхлэн өнөөдрийг хүртэл миний үйлчлүүлэгч нарыг шалгасан тул эрх нь зөрчигдөж байна. Гэм буруу нь тогтоогдохгүй бол цагаатгах хэрэгтэй. Одоо давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж, анхан шатны шүүхээс дахин цагаатгах байдлаар ингээд яваад байх уу. Миний үйлчлүүлэгч нар 5 жилийн хугацаанд сэтгэл санааны хувьд их хохирсон. Хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хийсэн дүгнэлтэд эсэргүүцэл бичиж байгаад гайхаж байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч нарыг 2 удаа цагаатгаж шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тайлбаруудыг анхаарч үзэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Ч-, И.О- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Прокуророос Ч.Ч-ыг нийтийн албан тушаалтан буюу 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ******* ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн ***** *****хотхоны ***** тоотод байрлах, 134.5 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж.М-аас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 197.254.000 төгрөгөөр худалдан авч, одоог хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа боловч дээрх орон сууцыг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, өөрийн төрсөн эх С.И-гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч хөрөнгө, орлогоо нуусан,

мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл яамны  ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “****” ХХК-иар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн аманд 150.000.000 төгрөгөөр амины орон сууц захиалан бариулсан боловч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, өөрийн төрсөн дүү И.О-ийн нэрээр тус амины орон сууцыг бариулах гэрээг байгуулж өөрийн хөрөнгө, орлогоо нуусан,...өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 И.О-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Ч.Ч-, И.О- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Ч.Ч-ын холбогдсон хэргийн талаар;

 

Нийтийн албан тушаалтны хууль бус орлогын цаана буй үйлдэл, эс үйлдэхүйг нотолж чадахгүй боловч хууль бус орлого олох гэмт явдлыг таслан зогсоох эрүүгийн эрх зүйн энэхүү хэм хэмжээ нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид тусгагдсан бөгөөд манай улс 2005 онд уг гэрээнд нэгдэж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” тохиолдлыг гэмт хэрэгт тооцож 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлд анх хуульчлан тодорхойлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлээр үргэлжлүүлэн эрүүжүүлсэн.

 

Хөрөнгө, орлогоо хууль ёсны болохыг тайлбарлахыг нийтийн албан тушаалтанд үүрэг болгож, хэргийн зарим нөхцөл байдлыг яллагдагч, шүүгдэгчээр нотлуулснаар хэрэг шийдвэрлэгдэхгүй бөгөөд гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гаргасан тайлбарыг няцаах, түүнийг үндэслэлгүй болохыг нотлох нь прокурорын нийтлэг үүрэгт хамаарна.

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн тухайд албан тушаалтны албаны эрх мэдлээ урвуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн боловч түүний хөрөнгө хууль ёсных нь орлогоос давсан, үл дүйцэж байгааг нотолсноор прокурорын гэм бурууг нотлох ажиллагааны стандарт хангагдах бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгчийн гэм бурууг нотлох хуульд заасан үүргээс прокурор чөлөөлөгдөхгүй тул бусад гэмт хэргийн нотолгооны стандартад тавигддаг гэм буруугүйн зарчим энэ гэмт хэрэгт нэгэн адил үйлчилнэ.

 

Ч.Ч- нь Баянзүрх дүүргийн ***** *****хотхоны 5 дугаар байрны 1 тоотод байрлах, 134.5 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн аман дахь амины орон сууцыг ямар эх үүсвэрээр авсан талаараа “...би тэр тоног төхөөрөмжүүдийг хямд үнээр худалдаж авсан. Тэгээд “****” ХХК-ийн захирал ****** гэдэг хүнтэй ярилцаад “****” ХХК-иас худалдаж авсан тоног төхөөрөмжүүдээ зарж борлуулсан. Ойролцоогоор 15,000 билүү 60,000 ам доллароор тоног төхөөрөмжийг худалдаж аваад 240 орчим мянган ам.доллароор зарсан. Энэ наймаанаас олсон ашгийг “**************” ХХК-ийн дансаар аваад дүү И.О-ийн дансанд шилжүүлж, одоо ашиглаж байгаа. ...Баянзүрх дүүргийн *****, *****хотхоны 5 дугаар байрны 1 тоотод байрлах орон сууцыг мөн л дээр мэдүүлсэнчлэн “****” ХХК-иас худалдаж авсан тоног төхөөрөмжөө “****” ХХК-д зарж олсон ашгаас ээжийнхээ нэр дээр худалдаж авсан. ...Нүхтийн аман дахь амины орон сууцыг мөн л дээр мэдүүлсэнчлэн тоног төхөөрөмж “****” ХХК-д зарж олсон ашгаас мөнгийг нь төлж авч, цааш нь худалдан борлуулах зорилготой худалдаж авсан. Төрсөн дүү И.О- гэрээг хийсэн. ...Тухайн үед хадам эгч Н.С-аас дүү авч, “******” ХХК-иар “****” ХХК-д гэрээ байгуулан зарсан компанийн мөнгө. Энэ тоног төхөөрөмж зарсан орлого бол манай дүүгийнх гэсэн үг. Бид нэг гэр бүлийн орлого гэж ойлгодог. ...Би энэ гэр бүлийн том нь учир дүүд зөвлөгөө өгдөг. ...” гэж тайлбарлажээ.

 

Харин прокуророос Ч.Ч-ыг орлогын эс үүсвэрээ тайлбарлахдаа “...хэд хэдэн удаа харилцан адилгүй тайлбаруудыг гаргасан бөгөөд дээрх тайлбарууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад няцаан, үгүйсгэгдсэн, хэрэгт цугларсан мөрдөгчийн магадлагаа, И.О-ийн нэр дээрх арилжааны банк дахь дансны хуулга зэрэг баримтуудаар И.О- нь “****” ХХК-д тоног төхөөрөмж борлуулсан үйл ажиллагааны улмаас бий болсон 131.380 ам.долларыг “****” ХХК-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансаар хүлээн авч, орон сууцыг худалдан авсан цаг хугацаанаас хойших цаг хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 44.500 ам.долларыг өөрийн эзэмшлийн **** тоот данс руу шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 113.000 ам.долларыг бэлнээр зарлагадах зэргээр өөр зүйлд зарцуулсан болох нь нотлогдсон. ...” гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  19/20 дугаар гомдол мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Б.Энхмэнд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж дараах нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлжээ.

 

Үүнд; гэрч Ц.Ү-ын “...манай найзууд болох ****, Ч-ын дүү О-, бас нэг залуу байгаа. Бид нар 2018 онд нийлээд хямд үнээр амины орон сууц барьж өөрсдөө амьдрахаар тохиролцсон. “Хан-Уул дүүргийн ***** аманд 0.5 га газар зарна” гэсэн зарын дагуу “****” ХХК гэдэг компанийг эзэмшдэг газартай нь 300.000.000 орчим сая төгрөгөөр худалдан авсан. Тэгээд нийлж барих гэж байгаа хүн тус бүр 33.000.000 төгрөг өгөхөөр тохиролцон бүгд мөнгөө нийлүүлж газрын мөнгийг өгсөн. Би энэхүү ажлыг санаачилсан учраас данс тооцоог барихаар болж ээж Д.Наранцэцэгийн нэр дээр данс нээж, энэ дансанд мөнгөө цуглуулж эхэлсэн, мөн энэ дансаар барилгын бүх зардлыг цуглуулж, уг данснаас зарцуулахаар анх нээж байсан. ...Ч-тай ярилцахад Ч- дүү О-, ээжийгээ амьдруулах гэж байгаа юм гээд энэ ажилд оролцсон. Яг амьдрах хүн нь О- гэж байсан, тэгээд гэрээг О- байгуулсан. Дээрх мөнгийг Ч- өөрийн нэрээ бичиж шилжүүлсэн байна. Яг гэр бүл дотор хэн нь хэндээ юм авч өгч байна би мэдэхгүй шүү дээ, эднийх их гэр бүлсэг хүмүүс байдаг. ...Нэг айл нэг байшинтай болоход 150.000.000 төгрөгийг гаргахаар тохиролцож гэрээ байгуулсан. ...Барилгын дотоод засвар болон баригдах үед дандаа Ч-тай бүх зүйлсийг ярьж шийддэг байсан, Ч.Ч- засварын ажил дээр ирж байсан, О- гэрээ байгуулж байсан, Ч- засварын үед засварын асуудлыг Ч-тай ярьж, шийддэг байсан...” /2хх 69-77/,

гэрч Д.Н-ийн “...манай хүү Ц.Ү өөрийнхөө Хан-Уул дүүрэг **** хотхонд байсан байраа зараад Нүхтийн аманд газар авч байшин барьж зарна гээд тэнд байшин барих ажлаа эхэлсэн, яг хэдэн онд гэдгийг нь би мэдэхгүй байна. ...Ц.Ү тус газарт найз нөхөдтэйгөө нийлээд байшин барих гэж байгаа гэж байсан. ...Энэ дансанд орж ирж байгаа мөнгөнүүд Ц.Ү барьж байгаа барилга болон газартай холбоотой мөнгөнүүд, нэрээ бичээд шилжүүлсэн юм чинь тэр байшин барьж байгаа хүмүүс л байх, би бол энэ дансны гүйлгээг ер нь бол хийгээгүй. Би тэр ажилд нь огт оролцоогүй, тооцоогоо сайн хөтлөөрэй гэж хэлээд л орхисон...” /2хх 106-107/,

гэрч М.Ш-ын “...би Ч.Ч-ыг танина, манай байрыг худалдаж авч байсан хүн. Манайх Баянзүрх дүүргийн *****, *****хотхоны **** тоот 5 өрөө байрыг 2003-2004 онд тухайн үед 30 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан. ...2015 онд манай аав, ээж хоёр олон өрөөтэй, том хэмжээтэй байранд хоёулхнаа байхад хэцүү байна гээд байраа жижигхэн болгох гээд байраа зарна гээд зар тавьсан, зарын дагуу тэрхүү байраа зарсан. ...эхнэр бид хоёр Дорноговиос ирээд нотариат дээр худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан. Тэгж гарын үсэг зурах гээд ирэхэд Ч- гээд өндөр шар царайтай, махлаг дуу биетэй газрын тосны газарт ажилладаг залуу байсан, мөн түүний эхнэр нь гээд эмэгтэй байсан, бас ээж нь гээд настай хүн гэрээн дээр гарын үсэг зурж байсан. ...” /2хх 91-93/,

гэрч *** //-ы “...****” ХХК нь 2003 онд албан ёсоор Монгол Улсад бүртгүүлэн үүсгэн байгуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. ...“****” ХХК-ийн 2006 оны 12 сар хүртэл 2016 оны 03 сар хүртэл Зүүнбаян сум дахь үйлдвэрлэлийн бааз дээр оффисын ажилтан байсан. ...Би олон жил энэ компанид Монгол Улсад ажиллаж байгаа учраас тэр хүнийг танина. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж***газраас нэг хүн манай компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж төлөөлөгчөөр ажилладаг. Ч.Ч- намайг ажилд орохоос өмнө манай компанийн үйл ажиллагаанд Монгол Улсаас хяналт тавьж ажилладаг байсан гэж би сонсож байсан. Намайг ажилд орсноос хойш бол Ч.Ч- төлөөлөгчөөр ажиллаж байгаагүй. ...” /2хх 96-97/,

гэрч Т.П-ы “...манай нөхөр бид хоёр 2003 онд “****” компанийн барьсан байр болох Баянзүрх дүүргийн *****, *****хотхоны **** тоот, 134.5 мкв хэмжээтэй, 5 өрөө орон сууцыг 2003 онд худалдаж авсан. ...нөхөр бид хоёр байрандаа амьдарч байсан боловч хоёр хөгшин хүнд 5 өрөө байр томдоод байраа зарахаар шийдсэн. Бид хоёр байр, зогсоолын хамт хямдхан зарна гээд зар тавьсан. Зар тавиад шууд хүн ирээгүй, нэлээн хүлээлгэж байгаад Ч.Ч- гэдэг өндөр нуруулаг залуу эхнэрийн хамт ирж өөрсдөө амьдрах гэж байгаа гээд манай байрыг үзсэн, удалгүй авахаар болсон. Тэгээд байраа зогсоолын хамт 100.000 ам.доллароор зарахаар болоод он, сар, өдрийг нь сайн санахгүй байна 2015 онд байх нотариатаар орж гэрээ байгуулсан. Манай хүү, бэр хоёр маань ирж бид дөрөв дөрвүүлээ зурсан. Ч.Ч- хар торонд 100.000 ам.доллароор бэлнээр хийчихсэн ирсэн, гэрээгээ байгуулчхаад манай нөхрийн Хас банкны 5001446852 дугаарын данс руу Ч.Ч- өөрөө гарын үсэг зурж мөнгийг хийсэн. Тухайн үед бол байраа хурдан зарчихсан, мөн төрийн алба хашдаг, гайгүй хүнд өгчихлөө гээд нөхөр бид хоёр бөөн баяр л байсан. ...” /2хх 132-133/,

гэрч М.Цо-ийн “...би тухайн үед машинаа барьцаанд тавиад хашаандаа байшин барьсан. Чука буюу Ч- гэж хүн байгаа. “*****” ХХК-ийн нягтлан бодогч нь О- гэж хүн байсан. Ч-ын дүү нь, захирал нь Ц.Ү гэж хүн байсан, би Ү-тай 2010 оноос хойш хамт ажиллаж байгаа, Чука нь Ү-ын найз. Тухайн үед байшин барьж байгааг Ц.Ү- мэдэж байсан, миний байшинд хувь нэмэр оруулсан, бетон цемент зэрэг барилгын материал өгсөн. Ц.Ү- нь намайг байшин барьж байгаа талаар Ч.Ч-ад хэлсэн юм байна лээ. Тэгээд л над руу 500,000 төгрөг шилжүүлсэн. “М-” ХХК-д ажиллаж байхад намайг О- хүнээс очоод тээврийн хөлс аваадах гэж байсан, би түүний дагуу нэрийг нь мэдэхгүй газрын тосны 21 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулж буй Хятад компанийн Хятад улсын иргэнээс бэлнээр ам доллар авч байсан, авсан мөнгөө тэр чигт нь О-ийн өөрийнх нь данс руу Дорнод аймгийн төв ороод шилжүүлж өгдөг байсан. Миний санаж байгаагаар И.О- нь гурван удаа БНХАУ-ын иргэнээс бэлэн мөнгө авхуулж байсан. ...” /2хх 139-140/,

гэрч Н.Ц-ийн “...би “****” ХХК-д 2010 оны 12 дугаар сараас 2014 оны 05 сарыг хүртэлх хугацаанд туслах нягтлан бодогчоор ажилласан. “****” ХХК хөрөнгө оруулалт зогссон гэх шалтгаанаар оффис нь хаагдсан, компанийн бүртгэлд оффисын ширээ, сандал, компьютер, тээврийн хэрэгсэл зэрэг байсан санагдаж байна. Үйл ажиллагаа зогсох үед компани дотроо дуудлага худалдаагаар ихэнх эд хөрөнгөө зараад дууссан. Н.С- эгч хэрэглэж байсан компьютер, мөн хайгуулын талбай дээр байсан контейнер байсныг авсан санагдаж байна, Н.С надад ямар нэгэн бэлэн мөнгө өгөөгүй, ажилчид худалдан авсан эд зүйлсийнхээ төлбөрийг компанийн дансанд тушааж байсан, би бэлнээр мөнгө авч байгаагүй. Чойрт контейнерүүд байдаг байсан, тэр дотор юу байдаг байсныг би мэдэхгүй, очиж харж байгаагүй. ...” /2хх 145/,

гэрч Р.Н-ын “...би 2008 оноос хойш --- газарт ажиллаж байгаа ашиглалтын хэлтэст 2016 оноос хойш ажиллаж байна. Одоо ашиглалтын гурван талбайд газрын тос олборлож байгаа. Дорнод аймгийн” ХХК нь ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа. 97 дугаар талбай буюу Дорноговь аймгийн сумын нутаг дэвсгэрт “****” ХХК ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. ...“****” ХХК нь 19 болон 21 дүгээр талбай дээр цооногийн засвар үйлчилгээ хийх туслан гүйцэтгэгчээр “****” ХХК-тай гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа. ...Цооног үйлчилгээний ажилд цооногийн хананд наалдсан бохирдлыг цэвэрлэх зорилгоор халуун ус тээвэрлэх үйл ажиллагаа явагддаг. ...” /2хх 147-148/,

гэрч Б-ы “...би 2007 оноос эхлэн “****” ХХК-д ажиллаж байна, энэ компани Монгол Улсын Засгийн газартай 2005 онд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорнод аймгийн Матад сум, Халх гол сумын нутаг дэвсгэрт, 19, 21 дүгээр талбайд газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааг явуулдаг. ...“****” ХХК-тай манай компани олон жил хамтран ажиллаж байгаа, манай компани туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, шавхалт, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Манай компани сонгон шалгаруулалт явуулж олон улсын гэрээ байгуулан тээвэрлэлтээ явуулдаг. Тээвэрлэлтийн төлбөрийг дансаар төлдөг, бэлэн төлсөн тохиолдол байхгүй. ...” /10хх 75-76/,

гэрч Х.А-ын “...Би Ашигт малтмал, Газрын тосны газарт 2010 оны 09 сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна. ...Миний санаж байгаагаар 2012-2013 оны үед байх “****” ХХК нь 21 дүгээр талбайгаас 19 дүгээр талбай руу талбай хооронд газрын тос тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан. Газрын тосыг цуглуулах цэвэрлэх, хадгалах, ачиж буулгах нэгдсэн байгууламж байдаг бөгөөд тухайн үед 19 дүгээр талбай дээр байсан 21 дүгээр талбай дээр баригдаагүй байсан учраас 21 дүгээр талбайгаас олборлосон тосоо шууд тээвэрлээд 19 дүгээр талбайд нэгдсэн байгууламжид хүргэх тээвэрлэлтийг хийж байсан. ...“*****” ХХК нь “****” ХХК-ийн 21 дүгээр талбайгаас 19 дүгээр талбай руу талбай хооронд газрын тос тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан. ...Би Ч.Ч- гэдэг хүнийг манай хэлтсийн ахлах мэргэжилтэн байхаас нь танина, хамт ажиллаж байсан. И.О- гэдэг хүнийг танихгүй... “****” ХХК нь БНХАУ-ын аж ахуйн нэгж бөгөөд “****” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Энэ аж ахуйн нэгж нь олборлолтын цооногийн засвар, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа. ...” /10хх 83-84/,

гэрч С.И-гийн “...1994 оноос эхлэн наймаанаас олсон ашгаа хуримтлуулдаг, мөн тэтгэврийн мөнгөө би огт хэрэглэдэггүй хадгалдаг байсан. Манай төрсөн дүү Б- 2008 онд байраа зараад Канад улс руу явсан. Тэгээд явахад нь мөнгө нь гараагүй байсан учраас явсан, тэгээд нэг ирэхдээ нөгөө мөнгөө миний дансанд хийсэн. ...Б- “та энэ мөнгийг хэрэглэ” гэсэн. ...Манай дүү надад Монголд ирэхээрээ ам.доллароор мөнгө өгдөг, хүн ирэхээр дамжуулаад мөнгө өгөөд явуулдаг. Би энд Б-ийн тэтгэвэрт гарна гээд нийгмийн даатгалыг нь төлөөд явдаг. Б-ийн ам.доллар, төгрөг нь ч миний нэр дээр байдаг. ****** байрыг авч байх үед миний Худалдаа хөгжлийн банкны ам.долларын************** тоот дансанд 2012 оны 06 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл 170.000 ам.доллар байсан. Энэ хугацаанд хадгаламжийн хүү 20.000 ам.доллар орсон. Би Худалдаа хөгжлийн банкны ******** тоот дансанд хугацаатай хадгаламж нээж, хүү өсгөх зорилгоор дээрх мөнгөө 2015 оны 10 дугаар сард шилжүүлсэн. Уг мөнгөө 6 сар хугацаатай хадгалуулсны улмаас 6000 ам.долларын хүү олсон. Байр авахад охин О- миний өмнөөс 100.000 ам.долларыг төлсөн. Тэгээд О-д 2017 оны 04 дүгээр сарын 25-нд өөрийнхөө данснаас буцааж шилжүүлсэн. ...Би энэ байрыг худалдаж авах, үзэж харах, гэрээг байгуулахдаа манай охин байхгүй, хүргэн хөдөө байсан учраас хүү Ч-, бэр хоёрыгоо дагуулж явсан. Энэ олон өрөө тохь тухтай орон сууцанд хүүгээ энд амьдраад байж бай, нэг газар нь шаваад, нэг газар нь цуваад байхаар тэр 5 өрөө байранд очиж амьдар, хүүхдийн хичээл номд хүртэл тустай, хэзээ Б- ах чинь Монгол ирнэ тэр үед наад байрны чинь асуудал нэг талдаа шийдэгдэнэ гэсэн бодлоор хүүгээ тэр байранд түр суулгаж байсан. ...” /10хх 86-88/,

Ч.Ч-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...“****” ХХК гэдэг Канад улсын хөрөнгө оруулалттай компани, Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан уг гэрээнийхээ ажлыг хийгээд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ компани хоёр цооног өрөмдөөд газрын тос олборлоно гэсэн боловч хоёр цооног нь хуурай газрын тосгүй, цаашид ажил явуулах боломжгүй байсан, мөн дээр нь орон нутгийн иргэдээс эсэргүүцэлтэй тулгарч, хөрөнгө оруулалт нь зогсонги байдалд орж, оффисуудаа татан буулгаж, үйл ажиллагаагаа зогсоосон. Тэгээд компанийн өрмийн тоног төхөөрөмжөө зарах гэсэн боловч худалдан авагч олдохгүй, бараг төмрийн хогонд тушаана гэсэн зүйл ярьж байсан. Тэгэхээр нь би тэр тоног төхөөрөмжүүдийг хямд үнээр худалдаж авсан. Тэгээд “****” ХХК-ийн захирал **** гэдэг хүнтэй ярилцаад “****” ХХК-иас худалдаж авсан тоног төхөөрөмжүүдээ зарж борлуулсан. Ойролцоогоор 15,000 билүү 60,000 ам доллароор тоног төхөөрөмжийг худалдаж аваад 240 орчим мянган ам.доллароор зарсан. Энэ наймаанаас олсон ашгийг “******” ХХК-ийн дансаар аваад дүү И.О-ийн дансанд шилжүүлж, одоо ашиглаж байгаа. ...Баянзүрх дүүргийн *****, *****хотхоны 5 дугаар байрны 1 тоотод байрлах орон сууцыг мөн л дээр мэдүүлсэнчлэн “****” ХХК-аас худалдаж авсан тоног төхөөрөмжөө “****” ХХК-д зарж олсон ашгаас ээжийнхээ нэр дээр худалдаж авсан. ...Нүхтийн аман дахь амины орон сууцыг мөн л дээр мэдүүлсэнчлэн тоног төхөөрөмж “****” ХХК-д зарж олсон ашгаас мөнгийг нь төлж авч, цааш нь худалдан борлуулах зорилготой худалдаж авсан. Төрсөн дүү И.О- гэрээг хийсэн. ...Миний хөрөнгө огцом өссөн гэвэл 2018 онд Сонгинохайрхан дүүргийн байр авсан гэж өссөн, үүнийг би үндэслэлтэйгээр тайлбарласан. ...” /2хх 44-45, 10хх 127-129/ гэсэн мэдүүлгүүд,

 

Ж.М-т мөнгө шилжүүлсэн тухай баримт /2хх 135-136/, И.О-ийн арилжааны банкны харилцах дансны хуулгад үзлэг хийсэн Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар магадалгаа /2хх 150-194/,

нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /3хх 91-96, 101-105, 107, 116-133, 142-146, 149-150, 175-177, 180-181/, нэгжлэгийн ажиллагааны явцад хураан авсан баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 97-99, 100, 182-183, 7хх 56-58/,

Ч.Ч-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 189-203/, Ч.Ч-ын 2014-2019 онд мэдүүлсэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хуулбар /2хх 235-250, 3хх 1-7/, Ч.Ч-ын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын танилцуулга /3хх 10-14/, Ч.Ч-ын ажиллаж байсан ****байрны тодорхойлолт /3хх 20-46/, Ч.Ч-, И.О- нарын дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 151-170, 233-239, 4хх 14- 27, 33-42, 55-119, 120-122, 5хх 1-250, 6хх 1- 250, 7хх 1-55, 11хх 149-150, 172-173/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрээнүүд, холбогдох баримт бичгийн хуулбар /7хх 68-79, 72-250, 8хх 1-26, 29-31, 37-250, 9 дүгээр хавтаст хэргийн 1-208 дахь тал/, Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн холбогдох баримт бичгийн хуулбар /9хх 209-250, 10хх 1-23, 25-43/,

 “****” ХХК-иас 191380.57 ам.долларыг “****” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь данс руу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн шилжүүлгийн маягт, гэрээний хуулбар /10хх 36-43/,

, “****” ХХК-иас “****” ХХК руу гэрээний дагуу ажлын хөлсөнд төлбөр төлсөн тухай жагсаалт /10хх 207-250, 209, 237, 11хх 74, 89,100/ зэрэг баримтууд авагджээ.

 

Эдгээр хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Ч.Ч- нь 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг **** мэргэжилтэн”-ээр, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ***** даргаар ажиллаж байсан байх ба тэрээр дээрх ажил, албан тушаалыг эрхэлж байх хугацаанд Баянзүрх дүүргийн ***** *****хотхоны *****тоотод байрлах, 134.5 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж.М-аас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 197.254.000 төгрөгөөр худалдан авсан, /төрсөн эх С.И-гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй/, мөн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн дүү И.О- нь “****” ХХК-иар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн аманд 150.000.000 төгрөгөөр амины орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байх бөгөөд И.О- нь “****” ХХК-ийг үүсгэн байгуулж энэ цаг хугацаанд “****” ХХК нь өрмийн тоног төхөөрөмжийг иргэн Н.Сүрэнжавт худалдсан, **** уг тоног төхөөрөмжийг Ч.Ч-аар дамжуулан И.О-д, И.О- нь “****" ХХК-д худалдан борлуулсан, хөрөнгө борлуулсан орлогыг И.О- нь өөрийн үүсгэн байгуулсан “*****” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн банкны валютын 45ххххх10 тоот дансаар 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан үйл баримтууд тогтоогдож байна.

       

Дээрх тоног төхөөрөмж худалдаж авах, худалдан борлуулах, амины орон сууц бариулах гэрээ байгуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах бүхий л үйл ажиллагаанд Ч.Ч- гар бие оролцсон, улмаар Баянзүрх дүүргийн *****, *****хотхоны **** тоотод гэр бүлийн хамт амьдарч байжээ.

 

Энэ талаар анхан шатны шүүх “...Ч.Ч- нь энэ бүхий л үйл ажиллагаанд оролцсон нь түүний мэргэжил, эрхэлж байсан ажил, албан тушаалын байдалтай холбоотой мэт боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүйн дээр тухайн тоног төхөөрөмж борлуулсан хөрөнгөөр иргэн И.О-, С.И- нар өөрсдөдөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, амины орон сууц бариулах гэрээ байгуулсан үйл баримттай холбож, улмаар бусдын хөрөнгийг Ч.Ч-ын хөрөнгө гэж дүгнэн нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, Ч.Ч- нь өөрийн төрсөн эх С.И-гийн орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байсан үйл баримтыг бусдын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан, бусдын нэрээр амины орон сууц бариулах гэрээг байгуулж, өөрийн хөрөнгө, орлогоо нуусан, дээрх 347.254.000 төгрөгийн хөрөнгө, орлогын эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Ч.Ч-ыг дээрх ажил албан тушаалыг эрхэлж байхад түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж, зөрчилгүй талаар дүгнэлт гаргасныг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байгааг тэмдэглэж. ...” “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан гэм буруугүйн зарчимд нийцэж байна.

 

Прокурор “…И.О- нь тоног төхөөрөмж борлуулсан үйл ажиллагааны улмаас бий болсон 131.380 ам.долларыг орон сууцыг худалдан авсан цаг хугацаанаас хойших цаг хугацаанд өөр зүйлд зарцуулсан” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичсэн бөгөөд энэ талаар И.О- “...”Төгөл хус” хотхоны байрыг авсан 110.000 ам.долларыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны **** тоот данснаас гаргаж өгсөн. Би гэрээсээ ажлаа хийж байсан учраас мөнгийг хувийн данс руугаа татаж, зарлага хийдэг байсан тул мөнгө орж ирэхээр нь татаж, түүнээс зарлага хийсэн. …Миний бүх зүйл дансаар хийгддэг байсан болохоор дансны хуулгыг үзэхэд тодорхой харагдах тул он, сарыг нь нарийн хэлэлгүй товч байдлаар хэлсэн. 191.000 ам.доллар орж ирсний дараа 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 44.500 ам.доллар гарсан. Энэ нь холболтын тоног төхөөрөмж авахын тулд “МИОТ” ХХК-иас зээлсэн мөнгө байсан тул 44.500 ам.долларыг өөрийн **** тоот данс руу татаад 62.000 ам.долларыг “МИОТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ****** руу “зээл төлөв” гэсэн утгаар шилжүүлсэн. 110.000 ам.долларыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “МИОТ” ХХК-ийн мөнгөнөөс өгч, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 113.000 ам.долларыг **** тоот данс руу “МИОТ” ХХК-ийн мөнгийг буцааж нөхөж хийсэн. …” гэх мэдүүлэг, И.О-ийн арилжааны банкны харилцах дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэж, эргэлзээтэй гэж үзэж буйгаа нотолж чадаагүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

И.О-ийн холбогдсон хэргийн талаар;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулан хуульчилсан.

 

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн эсэхээс хамаарч Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл болдог.

 

Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг хууль хэрэгжүүлэгч албан тушаалтан чанд сахин мөрдөж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд элдэв болзол, нөхцөлгүйгээр эдлүүлэх бөгөөд энэхүү зарчим нь гэмт хэргийн хохирогч, гэрч болсон буюу бусад гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг, тэдгээрийг гэмт хэрэгт холбогдолтой болохыг нотлоход чиглэгдсэн мэдүүлэг өгч болзошгүй хүмүүст тэргүүн ээлжид хамааралтай болно.

 

Гэмт хэргийн үйл баримт болон үйлдсэн этгээд тодорхойгүй байгаа тохиолдолд тэдгээрийг тогтоох үүднээс мөрдөгч нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байж болзошгүй гэж үзсэн хүнээс мэдүүлэг авахдаа эрүүгийн ямар хэргийн учир байцаах гэж буйгаа тодруулан тайлбарлаж, тухайн хүнийг нийтээр хүлээн зөвшөөрсөн жам ёсны эрхээ эдлэх баталгаатай боломжоор хангах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг судалж үзэхэд Ч.Ч-ад холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний гэр бүлийн гишүүн болох төрсөн дүү И.О-ийг гэрчээр байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, түүний хууль ёсны байх зарчмыг зөрчсөн, улмаар түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг өөрсдийнх нь эсрэг нотлох баримт болгож, “худал мэдүүлэх” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

 Тодруулбал, Ч.Ч-ад холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэгт түүний гэр бүлийн гишүүдийг нь гэрчээр байцаасан мэдүүлгийг яллах нотлох баримт болгон ашиглаж, үүнд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй нь дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...” түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 (g) хэсэгт заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийгөө буруутай гэж хүлээхийг албадан тулгахгүй байх” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд мөрдөх ёстой Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг зөрчсөн явдал болно.

 

Мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үед ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” болохыг тусгайлан тайлбарлах учиртай.

 

Анхан шатны шүүх “...И.О-ээс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг авахдаа ямар хэрэгт, ямар нөхцөл байдлыг тодруулах гэж байгааг урьдчилан сануулаагүй, тодруулж хэлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулснаас өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглосон Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь урьд болоод өнгөрсөн үйл явдал, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодорхой болгохоор болсон үйл явдлыг сэргээн дүрсэлж, юу болсон болохыг мэдүүлэг, холбогдох баримтаар дүрслэн гаргаж ирдэг бөгөөд И.О-ийн хувьд 2014-2015 онд болсон үйл явдлыг 2021 онд буюу үйл явдал болсноос хойш 6-7 жил өнгөрсний дараа болсон үйл явдлыг дүрсэлж, эргэн санаж мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг үгүйсгэсэн, гуйвуулсан үйл баримт тогтоогдохгүйн дээр хэрэгт хамааралгүй, ач холболгүй зүйлийн талаар мэдүүлээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бодит нөхцөл байдлыг буюу өрмийн тоног төхөөрөмж худалдан борлуулж олсон хөрөнгийг юунд зарцуулсан талаараа цаг хугацаа, үйл баримтыг дүрслэн ярьсныг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх боломжгүй, тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулсан, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, хууль зөрчиж авсан мэдүүлгээр ялласан нь учир дутагдалтай. ...” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, И.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Чанцалдуламын “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/622 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Чанцалдуламын бичсэн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН