| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2313003660088 |
| Дугаар | 2024/ДШМ/52 |
| Огноо | 2024-10-25 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/52
К.С- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолтой,
шүүгдэгч К.С-, Х.Т- нарт холбогдох эрүүгийн 2313003660088 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч Х.Т-, шүүгдэгч К.С-н өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, шүүгдэгч К.С-, Х.Т-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен, А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дугаар сарын **-ны өдөр ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл ** хүнтэй, ***** хамт ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт К.С-, /РД: ************/;
2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ***** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, ***** хамт ************ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай О овогт Х.Т-, /РД: ***********/;
3. Холбогдсон хэргийн талаар:
3.1. Шүүгдэгч К.С- нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сарын 18, 19-ний үед иргэн З.О-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Х.Т-аар дамжуулан иргэн З.О-гаас 200,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг Х.Т-тай хамтран оролцож үйлдсэн,
3.2. Шүүгдэгч Х.Т- нь “К.С-г Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллахдаа 2023 оны 10 дугаар сарын 18, 19-ний үед иргэн З.О-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн З.О-гаас 200,000 төгрөгийн хахууль өгөхийг бусдаар дамжуулан шаардаж, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд” хамтран оролцож үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
4. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр яллах дүгнэлтээр К.С-, Х.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолоор:
3.1. Шүүгдэгч Б овогт К.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан иргэн З.О-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч О овогт Х.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан иргэн З.О-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардахад хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг, шүүгдэгч Х.Т-ад оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-, Х.Т- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч К.С-н өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдолд:
4.1. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс шүүгдэгч К.С- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал /бага насны 3 охин хүүхэдтэй г.м/ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримталж 1 жилийн хорих ял оногдуулах боломжтой гэсэн санал дүгнэлт гаргасан байна.
Гэтэл шүүхээс шүүгдэгч К.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээр дурдсанчлан, үйлчлүүлэгч К.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, энэ үйлдэлдээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаж, хохирогчоос уучлалт гуйсан, хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн байдаг. Түүнчлэн үйлчлүүлэгч К.С- нь энэ асуудлаас болж төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөж, хариуцлага хүлээсэн байдаг.
4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.”, 1.3. “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жин хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан байна.
4.3. Үйлчлүүлэгч К.С-н хувьд дээрх хуульд заасан бүх урьдач нөхцөлүүдийг хангасан байхад анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглэсэнгүй.
4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Шүүгдэгч Х.Т-ын давж заалдах гомдолд:
5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Т- надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
5.2. Шүүгдэгч Х.Т- би К.С-г Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллахдаа 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдийн хооронд иргэн З.О-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэн З.О-гаас 200,000 төгрөгийн хахууль өгөхийг бусдаар дамжуулан шаардаж, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдсон. Би үйлдсэн гэмт хэргээ эхнээс нь хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгч, тухайн гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.
5.3. Миний бие хувийн байдлын хувьд ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр, бид хоёр хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй, багийн нэн ядуу өрхийн бүртгэлд байдаг. Нэг хүүхэд оюутан, үлдсэн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Ар гэрийн ахуй амьдрал хүнд, би өөрөө улирлын чанартай хар бор ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан. Биеийн эрүүл мэндийн хувьд арьсны харшилтай, могойн яр өвчтэй учир байнга курс эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байдаг.
5.4.Оюутан хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхийн тулд барилгын засал чимэглэлийн ажил хийхээр нэг хүнтэй тохиролцож урьдчилгаа мөнгө авсан боловч тэр ажлаа хийж чадалгүй шүүхийн шийтгэх тогтоол гарч хоригдсон. Эхнэрийн нэр дээр хоёр банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байгаа.
5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилсан.
5.6. Миний үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэсэн боловч ялын доод хэмжээний хоёрны нэг болох нэг жилээс илүү хугацаагаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн явдалд гомдолтой байна.
5.7. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж ар гэрийн ахуй амьдрал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/208 дугаартай шийтгэх тогтоолын Х.Т- надад холбогдох хэсэгт хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж надад анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг 1 жилийн хорих ял болгож багасгах шийдвэр гаргаж өгнө үү.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:
6.1. Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Серикжан болон Х.Бакен нарын гомдлын агуулга нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг тавьж байна. Мөн гэрчийг эрэн сурвалжилсан, гэрчээс мэдүүлэг авсан гэж тайлбарлаж байна.
6.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд гэрчийг эрэн сурвалжлуулах тухай хуулийн зохицуулалттай байгаа. Тухайн үед гэрчээс мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил биш гэж үзэж байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа, шударга ёсны зарчимд нийцэхээс гадна, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан. Прокурорын зүгээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нийгмийн аюулын шинж чанарыг нь илүүтэй харсан юм уу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн. Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн. Үүнд шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзаж боломжит эрүүгийн хариуцлагын доод хэмжээний ялыг оногдуулсан. Үүнээс доод ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.С-н өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгч Х.Т- нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.
8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
9. Шүүгдэгч К.С- нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сарын 18, 19-ний үед иргэн З.О-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Х.Т-аар дамжуулан иргэн З.О-гаас 200,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг Х.Т-тай хамтран оролцож үйлдсэн,
шүүгдэгч Х.Т- нь дээрх гэмт хэргйиг К.С-тай бүлэглэн хамтран оролцож үйлдсэн нь:
-Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /1-р хавтаст хэргийн 05 дахь тал/,
-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан материал /1-р хавтаст хэргийн 111-115 дахь тал/,
-Гэрч З.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 18-19-ний үед миний ********* дугаар луу *********гэсэн дугаараас үл таних хүн залгаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас холбогдож байна, би судалгааны ажилтан ... Т- гэдэг хүн байна гэж өөрийгөө танилцуулж уулзаж судалгаа авах шаардлагатай гэж хэлээд намайг хаана байгааг асуухад би ажлын байрандаа байсан тул Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах ** дугаар цэцэрлэгт байна гэдгээ хэлсэн. Тэгтэл тэр хүн миний ажлын гадна ирлээ гээд над руу залгахад би 13 цагийн үед гарч уулзахад өөрийгөө би тантай ярьсан хүн байна, би аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт судалгааны ажил хийдэг, танай 4 настай охин Б-ийн хүүхдийн мөнгө 2022 онд ороогүй байна, хэрэв та надад 200,000 төгрөг өгвөл би ямар нэгэн аргаар нөхөж олгож болно гэхээр нь би надад мөнгө байхгүй, би өөрөө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт очоод тодруулна гэхэд та очих шаардлага байхгүй, хүмүүст энэ талаар битгий хэлээрэй гэсэн. Би тэр хүнийг харахад бол гудамжны төрхтэй ер нь нэг ажил хэрэгч биш архи уудаг, нүүр нь улайсан, хар нүдний шилтэй хүн байсан. Тэгээд би ер нь итгэл төрөхгүй байхаар нь яриагаа цэгцлээд олон юм яриагүй. Тэгээд тэр хүн яваад өгсөн. Тэгээд би цэцэрлэгийн хүүхдүүдээ унтуулаад аймгийн төв рүү орох гээд ажлаасаа гарахад миний урд халаасандаа гараа хийчихсэн алхаж байсан. Тэгээд би ерөнхийдөө энэ бол худал юм байна гэж хардсан. Тэгээд би банк дээр ирээд охиныхоо данс шалгах гэхэд банк очер ихтэй байхаар нь буцаад цэцэрлэг дээрээ очсон. Тэгээд орой ажил тараад гэртээ очоод байж байтал өдөр надтай уулзсан Т- над руу залгаад нөгөө мөнгө төгрөг юу болсон бэ, хүүхдийнхээ мөнгөө оруулж авахгүй юм уу, та дансаа шалгаж үзсэн үү, таны хүүхдийн мөнгө ороогүй байгаа, маргааш гүйлгээ хийгдэх байх, чи дансаа шалгаарай гэж хэлсэн. Тэгээд би аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажилладаг О- гэж хүн рүү тэр орой залгаад танайд Т- гэж хүн ажилладаг уу, манай хүүхдийн мөнгө ороогүй гээд юм яриад байна гээд надад болсон асуудлыг би О-т үнэнээр хэлсэн. О- нь манайд Т- гэж хүн ажилладаггүй юм, чиний мэдээллийг хэрхэн яаж авсан юм болоо, ийм байж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би дахин Т-тай холбогдоогүй хагас сайн өдөр гэртээ амарч байтал аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас өөрийгөө Павел гэж танилцуулаад та манай ажил дээр хүрээд ирэх үү гэхээр нь яваад очиход хурал болж байсан. Тэгээд намайг оруулаад болсон үйл явдлын талаар асуухад би Т- билүү танайд ажилладаг гэх хүн намайг 200.000 төгрөг өг, чиний хүүхдийн мөнгө ороогүй байгаа, хэрэв 200,000 төгрөг өгвөл мөнгийг нь оруулж өгнө гэсэн. Надад өгөх мөнгө байхгүй болохоор би одоогоор мөнгө өгөөгүй байна гэхэд гаднаас надтай уулзсан хүнийг оруулж ирээд энэ хүн мөн үү гэхэд би мөн гэж хэлсэн. Тэгээд нөгөө Т-ыг аваад гарсан. Ингээд би хуралд сууж байгаад миний охины мөнгө орохгүй байгааг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн С- гэдэг хүн мэдээд Т- гэж хүнийг над руу явуулж 200,000 төгрөг нэхсэн юм байна гэдгийг тухайн үед хурал дээрээс мэдсэн. Ингээд С-, Т- болон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга ажилтнууд надаас уучлалт гуйж, улмаар С- нь миний хүүхдийн мөнгийг нөхөж оруулж өгнө гэсэн. Ингээд би тухайн үед С-д таны хариуцлагагүй байдлаас болж миний хүүхдийн хадгаламжийн жилийн хүү ороогүй байна гэж хэлсэн тэгэхэд С-гаас над руу жилийн хадгаламжийн хүү гээд 50.000 төгрөг баярлалаа гэсэн утгаар орж ирсэн. Тэгэхээр нь би түүн рүү баярлалаа гэж мөнгө шилжүүлдэг юм бэ, та үнэн мөнөөр нь бичээч, би танд ямар мөнгө зээлсэн юм уу гэхэд дахин 50,000 төгрөгийг халамжаас гэсэн утгаар миний ХААН банкны данс руу шилжүүлсэн. Миний охины хүүхдийн мөнгө сар бүр орж байсан эсэх талаар надад мэдээлэл ирдэггүй. Би сар бүр төрөөс орж байгаа мөнгө орж л байгаа гэж боддог байсан. Анх Т- билүү ... тэр хүн надад ямар нэгэн баримт үзүүлээгүй. Миний охин Б- нь 4 настай, миний охины хүүхдийн мөнгө ордог эсэх талаар надад мэдээлэл ирдэггүй, би хүүхдийн мөнгийг авдаггүй шууд хадгаламж руу татуулдаг бөгөөд ирээдүйд хэрэгтэй гээд хадгалах зорилгоор шууд татуулдаг. Би төрөөс орж байгаа мөнгө асуудалгүй орж байна гэж бодоод огт түүнд анхаарал хандуулж үзэж байгаагүй. Миний хүүхдийн мөнгийг 200,000 төгрөг өгвөл оруулж өгнө гэж Т- надтай уулзсаны дараа би Хас банк дээр очиж хүүхдийн мөнгө тогтмол орж байсан эсэх талаар харахад 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ороод 2022 оны 11, 12-р сар, 2023 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр сар ороогүй нийт 11 сарын мөнгө ороогүй байсан. Ингээд энэ асуудал тодорхой болсны дараа 2023 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 7 удаа 100,000 төгрөгөөр орсон. Би 2023 оны 10 дугаар сараас хойш хуулга аваагүй болохоор нөхөгдсөн эсэхийг мэдэхгүй. Би дансны хуулгаа авсны дараа Хас банкны хадгаламжийн ***********тоот дансыг цуцалж хүүхдийн мөнгөө Хас банкны харилцах *********** тоот дансаар авдаг болсон. Миний охин Б- нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн тэр цагаас хойш хүүхдийн мөнгө сар бүр орох ёстой. Ингээд би 2019 оны 9 дүгээр сараас эхлэн хадгаламжийн данс Хас банканд нээж байсан. Миний охины хадгаламжийн дансны дугаарыг би мэдэхгүй, би энэ асуудал болсны дараа Хас банкнаас охиныхоо хадгаламжийн дансны хуулгыг гаргуулж авсан. Миний ХААН банкны *********** гэсэн данс руу 2023 оны 10 дугаар сарын сүүлээр 2 удаа 50,000 төгрөгийн гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
-Гэрч А.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай байгууллагад урьд өмнө иргэдийн хувийн мэдээлэл алдагдсан гомдол, мэдээлэл бүртгэгдэж байгаагүй. Үйл ажиллагаа хэвийн явагддаг байсан. Тухайлбал, 2023 оны өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн К.С- албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн иргэдийн хувийн мэдээллийг бусдад задруулсан үйлдэл гаргасан байсныг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдээд, С-н өрхийн мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрхийг хязгаарласан. Хэрхэн мэдсэн гэвэл 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нийгмийн халамжийн сангийн ахлах мэргэжилтэн Ж.О- хамгийн анх мэдэгдсэн. К.С-гаас болсон асуудлыг алба хаагчдын өмнө асуухад иргэн Т- гэгч албан өрөөнд нь байхдаа иргэний хувийн мэдээллийг олж авч, бусдад задруулсан талаар тайлбар хэлж байсан. Хэрхэн задруулсан талаар С- хэлэхдээ албан өрөөндөө ажиллаж байхад Т- гэгч орж ирээд хүүхдийн мөнгөний олголт дутуу орсон санхүүжилтийг шүүж байх үед Т- түүний албан өрөөнд орж, албаны компьютероос иргэдийн талаарх мэдээллийг олж авсан талаар хэлж байсан. Яагаад ямар учиртай албан өрөөндөө албаны бус хүн оруулж ирээд иргэдийн хувийн мэдээллийг задруулсан талаар асуухад урьд өмнө Т-тай хамт ажилладаг байсан, Т- өөр аймагт ажиллаж байгаад ирээд надтай уулзсан, тэр үед миний компьютероос мэдээлэл харчихсан байна гэх тайлбарыг амаар хэлж байсан. С- албан өрөөндөө гаднын хүн оруулж, уулзахдаа яагаад албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ үл биелүүлэн бусдад хувь хүний мэдээллийг задруулсан талаар хуулийн байгууллагад үнэн зөвөөр мэдүүлгээ өгөх байх гэж бодож байна. Тухайлбал, тус аймгийн Өлгий сумын иргэн З.О- гэх өрх толгойлсон ганц бие эмэгтэйн хувийн мэдээллийг бусдад задруулсан үйлдэл нь надад болон манай байгууллагад эмзэг санагдаж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
-Гэрч А.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...иргэдийн мэдээллээр манай байгууллагын дотоод группт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сангийн ахлах мэргэжилтэн О- нь *********дугаарыг бичээд “энэ утасны дугаар манай алба хаагчид ашигладаг уу” хэмээн асууж, тавьсан байсан. Маргааш нь харин 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Галия хуралтай тул ирэх алба хаагчид хуралд бүрэн ирээрэй гэдгийг мэдэгдсэн байсан. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт даргын өрөөнд хурал болсон. Тэр үед С-, Т- нарын талаар нарийн ширийн, учир начрыг нь олж мэдсэн, ... тус хурлын үеэр С- хэлэхдээ өөрийгөө ажлын бус цагаар буюу ажил тарсны дараа хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийж байх үед Т- гаднаас ирж, миний хажууд нэлээд сууж байгаад явсан. Тэр үед би нэг удаа гадна гараад бие засаад ирсэн. Хүний мэдээллийг Т- нь тэр үед гар утсаараа зураг дарж авсан байна хэмээн тайлбарыг хэлж байсан. Т- гэгч нь манай байгууллагад 2017 онд өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа улсын хэмжээнд явагдсан, түүнээс хойш Т- манай байгууллагад 2019 он хүртэл гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Түүнээс хойш ажиллаж байгаагүй, харин иргэний хувийн мэдээллийг хэзээ, хэрхэн, хаанаас авсан талаараа тэр хэлэхдээ миний буруу, уучлаарай, иргэн О-гийн гар утасны дугаарыг багийн Засаг дарга нараас авсан, харин хүүхдийн мөнгөний мэдээллийг хэрхэн авсан талаараа ам ангайгаагүй, хэлээгүй. Хуралд оролцсон алба хаагчид Т-аас удаа дараа хувийн мэдээллийг манай байгууллагаас хэрхэн авсан эсэхийг нь асуухад юу ч яриагүй, дуугүй суугаад байсан, миний буруу уучлаарай гэдэг үгийг дахин дахин хэлээд сууж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 21-23 дахь тал/,
-Гэрч С.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...болсон асуудлыг тодруулахад О-гийн хүүхдийн мөнгөний талаарх мэдээллийг задруулсан нь үнэн. Хэрхэн яаж хувь хүний мэдээллийг задруулсан талаар Т-, С- нараас тодруулахад он, сар, өдрийн мэдсэнгүй, ажлын бус цагаар С- ах албан өрөөндөө хүүхдийн мөнгөний тулгалт хийж байх үед Т- ирж, С- ахтай цуг хоорондоо юм ярилцаад сууж байсан. Тэр үед С- ах бие засахаар 00 орсон. Тэр хооронд Т- гэгч нь хүүхдийн мөнгөний тулгалт хийж байсан жагсаалтын нэрсийг авсан талаар тайлбар хэлж байсан. Иргэн Т- биднээс уучлалт гуйгаад, миний буруу хэмээн уучлалт гуйгаад өөрийгөө ийм байдалд орно хэмээн бодоогүй, ийм зүйл болно гэж бодоогүй гэдгийг дахин дахин хэлж иргэн 3.О-гаас мөн уучлалт гуйж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
-Гэрч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний зүгээс байгууллагын ажилчдаас EHalamj.mn программд нэвтрэх эрхийг нээж өгнө, нээж өгснөөс хойш тухайн мэргэжилтний чиг үүрэгтэй холбоотойгоор хувь хүний мэдээлэлд хэзээ, хэрхэн хандсан талаарх мэдээлэл болон түүхийг харах боломжгүй байдаг. Үүнийг зөвхөн Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээлэл технологийн тасгаас авах боломжтой. Манай байгууллагын зүгээс өрхийн мэдээллийн сангийн нэгдсэн судалгааны мэргэжилтэн бусад хувь хүний нууцтай танилцах мэргэжилтэн нарын өмнөөс тэдэнд олгогдсон эрхээр хэн ч нэвтэрч хувь хүний нууцтай танилцах боломжгүй. Тухайлбал өрхийн мэдээллийн сангийн мэргэжилтний эрхээр ямар албан тушаалтан хандах эрхгүй байдаг. Өрхийн мэдээллийн сангийн мэргэжилтэнд мэдээллээ шалгуулахаар хүн биеэр болон утсан харилцааны хэрэгслээр хандаж, өөрийн зөвшөөрснөөр хувь хүний мэдээлэлтэй танилцаж мэдээлэл харах боломжтой. Үүнээс өөр байдлаар хувь хүний өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хувь хүний хувийн мэдээлэл, хүүхдийн мөнгө, тэтгэмж гэх мэт мэдээлэлтэй танилцаж болохгүй, үүнийг хуулиар хориглосон байдаг. Мөн албан тушаалын тодорхойлолтод мөн тусгагдсан байдаг. Манай байгууллагын ажилчдын албан өөрөө, тасалгаанд хяналтын камер байхгүй. Манай байгууллага хуучин байрлаж байсан байрнаас 2023 оны 06 дугаар сарын сүүлээр ашиглалтад орсон аймгийн төрийн нэгдсэн үйлчилгээний төвд байрласан. Тухайн үйлчилгээний төвийн хяналтын камер нь нийтийн эзэмшлийн коридорт байдаг ба албан өөрөө, тасалгаанд байршуулаагүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
-Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хурлын тэмдэглэлийн хуулбар /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
-Албан тушаалын тодорхойлолт /хавтаст хэргийн 43-49 дэх тал/,
-Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөлсөөр ажиллуулах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 53-55 дахь тал/,
-Мобиком корпорацын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 95410043, ********* тоот дугаар эзэмшигч нарын мэдээллийн талаарх албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 57, 68-70
-Яллагдагч К.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...прокурорын тогтоолтой танилцсан, ...сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна, ...гэм буруугаа зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,
-Яллагдагч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...прокурорын тогтоолтой танилцсан, ...сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна, миний бие 2016 онд Улсын хэмжээнд явагдсан өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны хүрээнд тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гэрээт ажилтнаар 15 хоногийн хугацаатай ажилласан. Тухайн үед 300,000-400,000 төгрөгийн цалин авч байсан. Тэр үедээ би С- ахтай танилцаж байсан. Түүнээс хойш С- ахтай таарахдаа мэндтэй устай явах болсон. Миний бие хувиараа өөрт олдсон ажлыг хийдэг бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Их хэт сумын Бүрдэнэ багийн төвийн засварын ажлыг хийж гүйцэтгээд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймагт ирээд 2-3 хоног болж байхад К.С- ах над руу ********* дугаараас залгаж, намайг сайн явж ирсэн үү, ажил төрөл сайн биз дээ, чамтай уулзах ажил байна гэж хэлсэн. Би К.С- ахтай 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр санагдаж байна, түүний ажлын байранд 15 цагийн орчимд очиж уулзахад түүний өрөөнд мэргэжилтэн Гүлмерей гэх эмэгтэй хүнтэй цуг сууж байсан. С- ах намайг дагуулаад ажлын байрнаасаа гарч, түүний машинтай гарч дэлгүүрээс хүний 6 ширхэг нийт 12 ширхэг 0.5 гр хэмжээтэй Сэрүүн нэртэй лаазтай пиво авч тэдний ажлын ойролцоо түүний машин дотор ууж байх үедээ К.С- ах иргэн З.О-гийн охин болох Б-ийн хүүхдийн мөнгө сүүлийн нэг жилийн хугацаанд ороогүй байгаа, чи үүнийг О- гэх эмэгтэйтэй утсаар ярьж холбогдоод энэ талаар эхлээд хүүхдийн мөнгийг нь оруулж өгье, харин 200.000 төгрөгийг бэлнээр өгөх талаар хэлээрэй. Тэгээд бүтээчих юм бол бүх зүйл боллоо хэмээн ярьж байсан тул би түүнд үгүй гэж хэлээгүй за, тэгвэл та надад утасны дугаарыг нь өгөх үү, ямар мэдээлэл өгөх вэ гэж асуухад надад О-гийн ********* дугаар болон түүний охин Э.Б-ийн хүүхдийн мөнгөний мэдээлэл болох А4 бичгийн цаасны тал буюу А5 хэмжээтэй цаасан суурьтай мэдээлэл байсан ба тухайн мэдээлэлд Б-ийн овог, нэр, регистрийн дугаар, хүүхдийн мөнгө ороогүй саруудын мэдээлэл, мөн Б- гэх хүүхдийн эцэг, эхийн мэдээлэл болон О-гийн гар утасны дээрх ********* дугаар бүхий мэдээлэл бүхий баримтыг надтай пиво ууж байхдаа өөрийнхөө гараар гаргаж өгсөн болохоор маргааш нь би тухайн мэдээллийг үндэслэж иргэн О-тай утсаар холбогдож Өлгий сумын 13 дугаар багт байрлах Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн ертөнцийн зүгээр урд талд нь байрлах хүүхдийн цэцэрлэгийн гадна талд очиж уулзаж С- ахын ярьж, хэлсэн үгийг дамжуулж хэлсэн. Тухайн үед З.О- гэх үл таних эмэгтэй миний хүүхдүүдийн мөнгө хадгаламжийн дансандаа орж байх ёстой, охин Б-ийн хүүхдийн мөнгө орохгүй байгааг танаас мэдлээ хэмээн хэлж байсан ба би авч очсон баримтаа үзүүлж чадаагүй, иргэн З.О- надтай банкнаас тодруулж байгаад үнэхээр ороогүй бол эргэж холбогдохоор болоод тохиролцсон ба иргэн З.О-гийн хэлсэн ярьсан бүх зүйлийг С- ах руу утсаар холбогдож хэлсний дараа маргааш нь байх К.С- ах над руу залгаад чи одоо О- руу залгаад хүүхдийн мөнгө нь данс руу нь бүрэн бүтэн орсон, одоо харин тохиролцсон ёсоор 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг авах талаар яриад аваарай гэж хэлсэн тул О- руу залгаад хэлэхэд О- надад хүүхдийн мөнгөний мэдээлэл ирээгүй байна, маргаашаас банканд очиж тодруулж байгаад холбогдох талаар хэлж, хариу өгсөн. Тэгж байтал 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр намайг гэртээ байж байхад мэргэжилтэн Д-, С- нар машинтай ирээд хурал болох гэж байна, хуралд заавал суу гэж байна гэж хэлээд хуралд суулгасан. Тухайн хуралд ХХҮГ-ын дарга Г, мөн тэдний ажилчид болох П, Д-, С-, иргэн О- нарыг таньж байсан, бусад оролцсон хүмүүсийг бол таньж мэдэхгүй. Хурал эхэлмэгц К.С-гаас хуралд оролцож байсан хүмүүс хувь хүний мэдээллийг хэрхэн задруулсан, яагаад хүний хувийн мэдээлэл задарсан талаар асууж, хэрхэн мэдээлэл задруулсан талаар үнэн бодит мэдээлэл өгөхийг шаардаж байсан ба тухайн үед С- сандарч болсон асуудлыг та бүхэнд ойлгуулъя хэмээн хэлж байсан. Харин надаас иргэний хувийн мэдээллийг хэзээ, хаанаас, хэрхэн олж авсан талаар асуухад би айж, сандраад, балмагдаад С- ахыг бодоод үнэнээ хэлж чадаагүй, нэг ч үг хэлэхгүйгээр доошоо харж сууж байгаад С- ахыг үнэн зөвөөр хамт олондоо ойлгуулж, асуудлыг шийдэх байх гэж үзээд нэг ч хариулт хэлэхгүй сууж байхад хуралд оролцсон хүмүүсээс Д- гэх мэргэжилтнийг намайг дагуулаад гарч байгаарай хэмээн хэлээд гаргасан. Харин С-г бас гараарай гэж хэлсэн тул бид гурав хурлын танхимаас гарсан, хурал дуусаагүй тул гадна хүлээж байтал 10-20 минутын дараа хурал тарсан. Хурал дууссан гэж ойлгосон. Намайг явж байгаарай гэдгийг хэлж байсан тул би явчихсан юм. Хурал амралтын өдөр байсан тул ажлын өдрүүд эхэлсний дараа буюу 2-3 хоногийн дараа С- ахтай уулзаж болсон асуудлыг тодруулахад О-гийн хүүхдийн мөнгө дансанд орсон ба үлдэгдэл 200.000 төгрөг ороогүй юм уу, оруулах ёстой байсан юм уу, тийм нэг учир битүүлэг зүйл хэлж байсан санагдаж байна. Мөн С- О- гэх хүнээс уучлалт гуйх болно, асуудлыг зохицуулна, чамд энэ асуудал хамааралгүй гэж хэлж байсан. Ийм л асуудал болсон юм. Ийм болохоор надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дахь тал/,
-Баян-Өлгий аймаг, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 6/20 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 161 дэх тал/,
-Э.Б-ийн ХАС банкны *********** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 192-197 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.
10. Шүүгдэгч К.С-, Х.Т- нарын дээрх хууль бус үйлдлийг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргээр зүйлчилсэн нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг хангасан бөгөөд шүүгдэгч нийтийн албан тушаалтан К.С- нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр иргэн З.О-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шүүгдэгч Х.Т-аар дамжуулан 200,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан нь хангалттай тогтоогдсон байна.
11. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл, эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсвэл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан болно.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенц болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсвэл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.
Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн К.С- нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан байх бөгөөд анхан шаны шүүх тус гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт этгээдүүдийн тус бүрийн эрх зүйн байдлын талаар, тухайлбал Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад тус тус зааснаар К.С-г нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгох талаар, мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоход тухайн гэмт хэргийн хамтран оролцогч Х.Т- нь заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
12. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч байх зарчмын хүрээнд анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгдэгч К.С-, Х.Т- нарт хорих ял оногдуулсан байхаас гадна тэдгээрийн тус бүрт нь оногдуулсан хорих ялын хэмжээ нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцохдоо гүйцэтгэсэн үйлдэл, тус гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохирсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч К.С-, Х.Т- нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж, тэдгээрийн тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, К.С-д нэг жил, зургаан сарын хугацаагаар, Х.Т-ад нэг жил, дөрвөн сарын хугацаагаар хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн байх тул шүүгдэгч К.С-н өмгөөлөгч А.Серикжаны “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг бүрэн хэрэглэж өгнө үү” гэх, шүүгдэгч Х.Т-ын “нэг жил, дөрвөн сарын хугацаагаар хорих ялыг нэг жил болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.С-н өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгч Х.Т- нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ