| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0383/З |
| Дугаар | 128/ШШ2026/0610 |
| Огноо | 2026-06-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2026/0610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.Б нэхэмжлэлтэй, Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Д.Б.
Хариуцагч: Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтэс.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгчээс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Манай байрны подвалд байрлах өргөлтийн насосын дуу чимээ 2018 оноос байрны хийцээр дамжин манай орон сууцад 24 цагийн турш тасралтгүй сонсогдож, амар тайван амьдрах нөхцөлийг алдагдуулж ирсэн. Энэ жилийн тухайд хөгшин бидний тухайд даралт ихсэх, сэтгэл санааны тайван байдал алдагдаж байнгын нервтэй байх, нойр муудах хулжих, биеийн эсэргүүцэл муудах, манай эхнэр бүр хэвтрийн дэглэмд шилжиж онош нь тодорхойлогдохгүй байна.
1.2.Энэхүү асуудлаар би Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт хяналтын хэлтэс, Нийслэлийн эрүүл мэндийн газар, хорооны Засаг дарга, хотын захирагчийн нэгдүгээр орлогч н.А*******, мөн орлогчоор ажиллаж байсан н.Т*******, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлэг, тухайн үеийн ******* дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст удаа дараа хандсан ч үр дүн гараагүй болно.
1.3.Г ХХК-ийн слесарь 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр доод подвалд 2 цаг гаруй ажиллаж байгаад гарахдаа даралтыг (температурыг) бууруулан дуу чимээг багасгасан болгож орхисон нь өрөөний температурыг огцом бууруулахад хүргэсэн. Энэ талаар зарим оршин суугчид чатаар гомдол гаргаж байгаа болно. Г ХХК-ийн захиралтай ярихад манай зүгээс шугам зайлуулсан, дуу чимээ багассан гэх бодит биш мэдээлэл өгч байна.
1.4.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хоёр.Хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
2.1.Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч 3.О нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11-13-02/012/261 дүгээр албан шаардлагыг хүргүүлэн ажилласан.
2.2.Дээрх албан шаардлагын хариуг Г ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 25/239 дүгээр албан бичгээр хяналт шалгалтын газарт ирүүлсэн байна.
2.3.Манай байгууллагад 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин иргэн Д.Б өргөдөл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шилжин ирүүлсэн өргөдлийн дагуу дахин Г ХХК-ний инженерийн хамт газар дээрх үзлэг хийж, нөхцөл байдалтай танилцан уг компанийн гүйцэтгэх захиралтай дуу чимээг багасгах ямар нэг арга хэмжээ авах талаар амаар мэдэгдсэн болно.
2.4.Дээрх ажлын хүрээнд Г ХХК үзелийн дуу чимээг багасгах ажил зохион байгуулан хэвийн болгосон талаар утсаар мэдэгдэж, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны 26/64 дүгээр албан бичгээр гомдол барагдуулсан тухай хариу ирүүлсэн байна.
2.5.Иймд албан шаардлагын биелэлтийг хангуулах, зөрчил дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээг шат дараатайгаар авч, Г ХХК-аас албан шаардлагыг хэрэгжүүлсэн талаар мэдэгдэн албан бичгээр ирүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д заасан эс үйлдэхүйд хамаарахгүй байна.
2.6.Иймд уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэл үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгч Д.Б******* Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтэс MNS 4585:2016 стандартыг хангуулах талаар гаргасан хүсэлтүүдэд дууны дохиоллын түвшин хэмжигч байдаггүй гэх нэрийдлээр тухайн үеүдэд хэмжилт хийж стандартыг мөрдүүлэх, өмнө өгсөн албан даалгаврынхаа хяналтыг хангуулах талаар бодит ажил хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Нэхэмжлэгчээс өмнө гаргасан албан даалгаврынхаа хяналтыг хангуулах талаар бодит ажил хийгээгүй гэж, хариуцагчаас гаргасан гомдлоор манай байгууллага албан шаардлага хүргүүлсний дагуу орон сууцны контор узелийн дуу чимээг багасгах ажлыг зохион байгуулж, хэвийн болгосон, гомдлыг барагдуулсан тухай хариу ирүүлсэн ирүүлсэн гэж тус тус тайлбарлан маргасан.
4.Хяналт шалгалтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, ... тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, ... энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх үүрэгтэй.
5.Дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд улсын байцаагч нь мөн хуулийн 10.9.8-д заасан хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх учиртай.
6.Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн оршин амьдрах ******* дүүргийн 21 дүгээр хороо, ******* 2 хороолол, ******* дугаар байрны подвалд дулааны узель байнга маш чанга дуугарч байгаа талаар ******* дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын инженерийн дэд бүтцийн газар, Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтэс, Ашиглалтын удирдлагын хэлтэст 2022 оноос 2024 он хүртэл тус тус гомдол гаргасан,
7.үүний дагуу хариуцагч Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн улсын байцаагч 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* 2 хотхоны ******* дугаар байрны дулааны зангилаа шугам хоолой, насос, тоног төхөөрөмжүүдэд ээлжит бус үзлэг хийж, 02 тоот айлд сонсогдож байгаа дуу чимээг хэвийн болгох холбогдох арга хэмжээг авах ажлыг гүйцэтгэх тухай 11-13-02/012/261 дүгээр албан шаардлагыг Ж******* ХХК-д хүргүүлсэн, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй.
8.Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д зааснаар барилга байгууламж нь ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галын аюулгүй байдлыг хангах, цахилгаан болон дулаан хангамжийн найдвартай эх үүсвэртэй байх шаардлагыг хангасан байх ёстой.
9.Нэхэмжлэгчийн гаргасан байрны подвалд байрлах дулааны узель байнга маш чанга дуу чимээ гаргаж байгаа талаарх гомдол нь дээрх хуульд заасан барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах зарчимтай шууд холбоотой бөгөөд оршин суугчдын эрүүл мэнд, амгалан тайван орчинд амьдрах эрхэд нөлөөлөхүйц асуудал мөн юм.
10.Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрч С.А*******ийг мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн оршин амьдарч буй орон сууцанд дулааны насосын дуу чимээ байнга чанга дуугардаг болох нь тогтоогдсон, үүний дагуу хариуцагч төрийн захиргааны байгууллагаас дээр дурдсан хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, 2024 оны 11-13-02/012/261 дүгээр албан шаардлагыг үйлдсэн байна.
11.Улмаар дээрх шаардлагын дагуу Г ХХК /Ж******* ХХК/-ийн хийсэн үзлэгээр ******* 2 хотхоны ******* дугаар байрны 02 тоот орон сууцны чанх доор буюу зоорийн давхарт узель байхгүй, харин эсрэг жигүүрт суурилагдсан нь тогтоогдсон, мөн халаалт өгөх, буцах босоо болон хэвтээ шугам хоорондын зай стандартад нийцээгүй, хоорондоо хэт ойр буюу зарим хэсэгтээ наалдсан, үүнээс шугамын доргилт үүсэж, энэ нь шугамаа даган гомдол гаргасан өрхөд сонсогдож байгаа гэж үзжээ.
12.Тус компани 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шугамын хоолойг холдуулж холболт хийсэн, үүнээс хойш зүгшрүүлэлтийн хяналтыг 2 сарын хугацаанд хийж, энэ талаар гомдол гаргасан Д.Бд тайлагнасан, гомдол гаргагч чимээ гарахаа больсон, дахин санал гомдол байхгүй гэдгээ илэрхийлсэн талаарх 26/64 дүгээр албан бичгийг Нийслэлийн хяналт шалгалтын газарт хүргүүлжээ.
13.Хариуцагч төрийн захиргааны байгууллага дээр дурдсан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, албан шаардлага хүргүүлсний дагуу Г ХХК /Ж******* ХХК/ нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу холбогдох арга хэмжээг авч, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан нөхцөл байдал арилсан, үүнийг нэхэмжлэгч шүүх хуралдаанд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дуу чимээ багассан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
14.Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн болох нь нотлогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
15.Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнд Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн, Г ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан захиргааны байгууллага биш тул нэхэмжлэгчийн ямар ажил хийж гүйцэтгэсэн талаар надад албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдсэн бол нэхэмжлэл, гомдлоо татаж авах боломжтой байсан гэх тайлбарт дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй.
16.Нэхэмжлэгч Д.Б нь цаашид орон сууцанд дулаан нийлүүлэгдсэнтэй холбогдуулан өөрийн орон сууцанд дулааны шугам хоолой, өргөлтийн насос, тоног төхөөрөмж зэргээс хамаарч чанга дуу чимээ сонсогдох, амар тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан зэрэг нөхцөл байдал үүссэн тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргах, улмаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрх нь энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлагдахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б******* Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтэст холбогдуулан гаргасан Нийслэлийн хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтэс MNS 4585:2016 стандартыг хангуулах талаар гаргасан хүсэлтүүдэд дууны дохиоллын түвшин хэмжигч байдаггүй гэх нэрийдлээр тухайн үеүдэд хэмжилт хийж стандартыг мөрдүүлэх, өмнө өгсөн албан даалгаврынхаа хяналтыг хангуулах талаар бодит ажил хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР