| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00373/И |
| Дугаар | 313/ШШ2025/00454 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 313/ШШ2025/00454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүгч Б.Володя, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 26-р хороо, *******,*******,*******.
Хариуцагч: ******* овогт ын /РД: /, Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайханы .
Нэхэмжлэлийн шаардлага: Зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол 14 181 318 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав, иргэдийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие өөрийн эзэмшлийн Тоуоtа prius alpha-XW40 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ төрсөн дүү Б.аар жолоодуулан гурван хүүхдийн хамт 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу гарч яваад А.ийн согтуугаар жолоодож явсан Bongo Frontier маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан.
Зам тээврийн ослын улмаас миний охин А. биедээ хөнгөн гэмтэл авсан, тээврийн хэрэгслийн урд буфер урагдаж тасарсан, зүүн урд их гэрэл хагарсан, баруун урд их гэрлийн арын хар таг хагарсан, урд буферийн доод хар сетка хагарсан, баруун урд гэрэл, зүүн урд нэмэлт гэрэл, урд салхины шил хагарсан, зүүн урд крыло, зүүн урд хаалга, капот, зүүн урд шанаа тунарч чихэгдсэн, зүүн толь сууриараа хугарсан, зүүн урд хаалганы дээд нугас гулзайсан, зүүн урд багана зурагдаж гулзайсан, капотны нугаснууд гулзайсан, урд панель гулзайсан хугарсан, урд буферийн зүүн тогтоогч зам хугарсан, зүүн урд пол крело урагдсан, урд буферийн хөөсөнцөр хугарсан, урд буферийн кранштейн төмөр гулзайсан, баруун урд крело тунарсан, жолоочийн болон зорчигчийн аюулгүйн дэр задарсан, жолоочийн болон зорчигчийн хамгаалах бүс гацсан, зүүн урд амортизаторын суурь гулзайсан, хойд буфер цуурч урагдсан, моторын доод хуванцар элгэвч урагдсан, гал хамгаалагчийн үүр хагарсан, зүүн урд гар, өндгөн тулгуур, амортизатор, лонжром гулзайсан, зүүн урд обуд сэнсэрч дугуй хагарсан, радиатор тунарч цоорсон, сэнсний хүрээ хагарсан, цахилгаан моторын утас тасарч суурь хөдөлсөн зэрэг эвдрэл гэмтэл гарсан.
Миний бие өөрөө болон хамт тээврийн хэрэгсэлд зорчиж явсан жолооч, хүүхдүүдийн хамт эмнэлэгт хүргэгдэн биеийн эрүүл мэндийн байдлаа үзүүлж, шинжилгээ өгч, компьютер томограф, MRI зураг авахуулсан. Б.******* миний бие өөрт болон охин А.д учирсан гэмтлийн улмаас Өмнөговь аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн.
Энэхүү зам тээврийн осол нь хариуцагч А.ийн Замын хөдөлгөөний дүрмийн “3.7.
Жолоочид дараах зүйлийг хориглоно. а)…эсхүл согтууруулах ундаа,…хэрэглэсэн, 10.9. уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас гарсан болох нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн магадалгаагаар тогтоогдсон. Хариуцагч А.ид бидний эрүүл мэндэд учирсан хохирлын мөнгө, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн болон засварын мөнгийг төлөхийг удаа дараа хэлсэн боловч удахгүй төлнө гэж хэлээд төлөхгүй өнөөдрийг хүрсэн, сүүлдээ утсаа авахаа больсон.
Иймд А.оос эмчилгээний төлбөр 930 918 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн болон засварын үнэ 13 250 400 төгрөг, нийт 14 181 318 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлд миний бие машинаа төрсөн дүү болох Б.аар жолоодуулаад явах замдаа А. гуайн портер машинтай мөргөлдөж зам тээврийн осолд орсон. Ослын улмаас манай том охин А. хөнгөн зэргийн гэмтэл авсан. Том охинтойгоо бид хоёр Өмнөговь аймгийн эмнэлэгт компьютерт харуулаад хот руу имрайд харуулах шаардлагатай гээд хотод харуулсан. Энэ ослоос үүссэн эрүүл мэнд болон эд хөрөнгийнхөө хохирлыг нэхэмжилж байгаа. Эрүүл мэндийн төлбөрт 930 918 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 13 000 000 төгрөг гарсан.
Эрүүл мэндийн хохирлоо одоо барагдуулаад эд хөрөнгийн хохирлоо дараа нь шийдүүлмээр байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу Б.*******ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг Б. жолоодон явахдаа эсрэг урсгалаас орж ирсэн А. гэх хүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Энэ осол нь А.ийн буруутай үйлдлээс болсон нь Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 234 дугаартай шийтгэврээр тогтоогдсон. Уг шийтгэврийг давж заалдах шатны шүүх хянаад хуульд нийцсэн байна гэж үзсэн. Б.*******ы зүгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйл, 510 дугаар зүйлүүдэд зааснаар эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авсан, мөн хүүхдүүдэд эмчилгээ үйлчилгээ авч тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн мөнгө болон өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, уг хохирлыг арилгахад засвар үйлчилгээний хөлс зэргийг өөрөө төлж эдгээрийг хариуцагч талаас нэхэмжилсэн. Эрүүл мэнд эмчилгээний төлбөрт 930 918 төгрөг, тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд 13 250 400 төгрөг, нийт 14 181 318 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг Б.******* зам тээврийн осол гаргасан буруутай этгээд болох А.оос нэхэмжилж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээж авч шийдвэрлэж өгнө үү.
Зөрчил гарах болсон эх үүсвэр нь А.ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнтэй холбоотой. Б.ын хувьд хурд хэтрүүлсэн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн боловч осол гарах хэмжээнд байгаагүй гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврээр тогтоогдсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, замын хөдөлгөөний заалтыг зөрчиж өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй нь А.ийн буруутай үйлдэл гэж шийдвэрлэсэн. “Төрсөн дүү нь буруутай учир хохирлыг 2 хуваана” гэсэн ойлголт байхгүй. Дан ганц А.ийн буруутай үйл ажиллагаанаас болсон зөрчил гэдэг нь тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 шаардлагын 1 шаардлагыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгааг хүлээж авч, эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэх магадлалтай байдал бий болж байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна. Энэ байдлыг нь хүлээж авч шүүхийн шийдвэрт тусгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А. миний бие Б.*******ы шүүхэд ирүүлсэн зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохиролд 14 181 318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Учир нь: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан зам тээврийн осол болсон нь үнэн. Уг ослын улмаас миний бие ч эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон. Тухайн зам тээврийн осол буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг хэт нэг талыг барьж цуглуулсан А. миний эрхийг ноцтой зөрчсөн болохыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнийн захирамжаар тогтоон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр эрх бүхий албан тушаалтанд буцаасан. Одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Хэнийг ч гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож үл болно. Намайг зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэж эцэслэн тогтоогоогүй байхад намайг ямар баримтанд тулгуурлан буруутгаж байгааг ойлгохгүй байна.
Уг зам тээврийн осол ганц миний буруугаас болоогүй нэхэмжлэгч Б.*******ы дүү тухайн үед машин жолоодож явсан Б. нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлт болон эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар тогтоосон. Ийм байхад ******* ганц надаас хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэв төлөх ёстой бол бид хоёр хувааж төлөх ёстой гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч Б.*******ы машинд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үнэлгээ хийхэд би хамт байгаагүй. Би энгийн нүдээр харахад ч тийм их эвдрэл гэмтэл байгаагүй. Миний зүгээс дахин үнэлгээ хийлгэх хүсэлт тавьсан бөгөөд шүүх хүлээн авч дахин үнэлгээ гаргуулахаар зөрчил шалган шийдвэрлэх шүүх хуралдааныг завсарлуулсан. Одоогоор энэ ажиллагаа хийгдээгүй байгаа. Иймээс би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь зам тээврийн осол болоход зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 1 удаа эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2 удаа шинжээчийн дүгнэлт гардаг. 2 дахь удаагийн шинжээчийн дүгнэлт буюу бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тухайн зам тээврийн осол болоход нэхэмжлэгч Б.*******ы машиныг жолоодож явсан түүний дүү ******* овогтой нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 буюу хурд хэтрүүлсэн, 2 дахь заалт буюу тухайн тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан ч зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж буруутгагдсан.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа 234 дугаартай шийтгэвэр нь 2 асуудлыг шийдвэрлэсэн. Нэгдүгээрт А. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг үндэслэлээр А.ид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн. А. давж заалдах шатын шүүхэд нэгдүгээрт зам тээврийн ослыг би ганцаараа гаргаагүй, хоёрдугаарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгийг шалган тогтоох журам зөрчигдсөн буюу Зөрчил шалган шийдвэрлэх хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Үүнийг хүлээж аваагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөрөө онцлогтой. Ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлд зааснаар зөвхөн нэхэмжлэгч хариуцагчийг сонгодог, хариуцагчаас ямар нэгэн хамтран хариуцагч татах, аль эсвэл шүүхэд хариуцагчийг нэмж, солих эрх байхгүй. Тиймээс нэхэмжлэгч өөрийн төрсөн дүүг хариуцагчаар сонгоогүй. Энэ зөвхөн нэхэмжлэгчид байгаа эрх учраас А.ийн тайлбар үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл 2 талаас 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Өөрсдөө бид мөргөлдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурддаг. Шинжээчийн дүгнэлтээр хоёулаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж буруутгадаг. Нэхэмжлэгч өөрийн төрсөн дүүгээс нэхэмжилдэггүй.
Гуравдугаарт үнийн дүн дээр хариуцагчийн зүгээс маргадаг. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээний дүгнэлтээр Б.*******ы тээврийн хэрэгсэлд 10 090 000 төгрөгийн хохирол учирсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ үнэлгээний дүгнэлтийг хариуцагч А. хүлээн зөвшөөрөөгүй. Зөвшөөрөхгүй байх үндэслэл байгаа учраас шүүхээс дахин ажиллагаа хийлгэе, дахин үнэлгээ гаргуулъя гэж захирамжид дурдаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг буцаасан. Гэвч шүүгчийн захирамж биелэгдээгүй буюу дахин үнэлгээ гаргаагүй. Дахиад 10 090 000 төгрөг дээр ирсэн. Дахин үнэлгээ гаргаагүй шалтгаан нь нэхэмжлэгч тээврийн хэрэгслээ засчихсан байсан учраас боломж байгаагүй. Ердийн нүдээр харахад ч тээврийн эрсдэлд учирсан гэмтэл нь 10 090 000 төгрөгийн хохирол байхааргүй гэж үздэг.
Нэхэмжлэгч 14 181 318 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Манай зүгээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан зардал буюу 930 918 төгрөгт маргадаггүй, төлнө гэж үзэж байгаа. Харин эд хөрөнгийн хохиролд учирсан үнэлгээ буюу 13 250 400 төгрөгийг хүлээн зөвшөөрдөггүй. Төлөх шаардлагатай гэж үзвэл үнэлгээгээр нь буюу 10 090 000 мянган төгрөгөөр төлөх боломжтой. 10 090 000 мянган төгрөгөөр төлье гээд нэмж үзэхээр 11 020 918 төгрөг гарч байгаа. Үүнийг 2 хуваахаар 5 510 359 төгрөг болно. Энэ үнийн дүнгээр бид төлж барагдуулах боломжтой. Мөн А. гуай 76 настай. Энэ хүнд тэтгэврээс өөр орлого байхгүй. Өөрөө тайлбарлахдаа “би энэ мөнгөн дүнг тэтгэврийн зээл аваад төлж барагдуулах боломжтой, харин 10 хэдэн сая төгрөгийг төлөх боломжгүй” гэсэн. Нотлох баримт шинжлэн судлах ажиллагаанд тодорхой болох байх. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 13 250 400 төгрөгийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ авто осол А., Б. хоёр талын буруутай үйлдлээс болж гарсан гэж үзэж байна” гэв.
4. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн магадлагаа, итгэмжлэлүүд, иргэний үнэмлэхийн лавлагаа, “Асралт мед” эмнэлгийн А.ын толгойн соронзон резонанст томографийн шинжилгээ, төлбөрийн баримтууд, үзлэгийн хуудас, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б.*******, А. нарын компьютер томографийн шинжилгээ, мөн төвийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 501 дугаартай албан тоот, Б.*******, А. нарын өвчний түүхийн хуулбар, Хаан банк ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 18, 19, 24-ний өдрүүдийн шилжүүлгийн мэдээллүүд, “Вендо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Вендо” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №48485, ДД№30688300 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зургууд, “Үйлсийн говь” ХХК-ийн оношилгооны талаарх албан тоот, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ЗШ/234 дугаар шийтгэвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ДШМЗ/05 дугаар магадлал;
Хариуцагчаас: хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.ид холбогдуулан “Зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол 14 181 318 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу Б.*******ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг Б. жолоодон явахад эсрэг урсгалаас орж ирсэн хариуцагч А.ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Энэ осол нь А.ийн буруутай үйлдлээс болсон нь Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 234 дугаартай шийтгэвэр болон Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн магадлагаагаар тогтоогдсон. Зам тээврийн ослын улмаас миний охин А.ын биед хөнгөн гэмтэл учирч, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учирсан тул зам тээврийн осолд буруутай хариуцагч А.оос гаргуулах үндэслэлтэй” гэжээ.
3. Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр эрх бүхий албан тушаалтанд буцаасан. Намайг зам тээврийн осол гаргасан гэм буруутай гэж эцэслэн тогтоогоогүй байхад намайг ямар баримтанд тулгуурлан буруутгаж байгааг ойлгохгүй байна.
Уг зам тээврийн осол ганц миний буруугаас болоогүй нэхэмжлэгч Б.*******ы дүү тухайн үед машин жолоодож явсан Б. нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлт болон эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар тогтоосон. Иймд ******* ганц надаас хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан.
4. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүхийн шийтгэвэр, магадлал, тээврийн хэрэгслийн лавлагаа, “Вендо” ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ, эмнэлгийн үзлэг, шинжилгээ, өвчний түүх зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Б.******* улсын дугаартай, Тоуоtа prius alpha маркийн, арлын дугаартай автомашины эзэмшигч болох нь автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-71 хуудас/
4.2. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Эрхэмбаатарын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”-нд:
-“Bongo Frontier маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А. нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон” гэж,
-“Toyota prius alpha-XW40 маркийн 06-23 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь уг зам тээврийн осол болоход нөлөөлөхгүй” гэжээ. /хх-5-6 хуудас/
4.3. Хариуцагч А. нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Цагдаагийн постын хойд зам дээр “Bongo Frontier” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Б.ын жолоодож явсан “Тоуоtа prius alpha-XW41” маркийн 06-23 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, мөн зүйлийн 51 дэх хэсэгт заасан “жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан” зөрчил үйлдсэнд тус тус тооцогдсон болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ЗШ/234 дугаар шийтгэврээр нотлогдож байна. /хх-84-89/
Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул А.ийн гэм буруугийн талаар дахин дүгнэлт өгөхгүй.
4.4. Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №48485/ДД№30688300 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан, “Үйлсийн говь” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн оношилгооны албан бичиг зэргээр Б.*******ы эзэмшлийн 06-23 УБУ toyota prius alpha маркийн тээврийн хэрэгслийн засварлах, солих шаардлагатай эд ангид 12 062 400 төгрөгийн хохирол учирсан гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангарав “...2 талаас 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Шинжээчийн дүгнэлтээр хоёулаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж буруутгадаг. Нэхэмжлэгч өөрийн төрсөн дүүгээс нэхэмжилдэггүй. ...Нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан зардал буюу 930 918 төгрөгт маргадаггүй, төлнө гэж үзэж байгаа. Харин эд хөрөнгийн хохирлын үнэлгээ 13 250 400 төгрөгийг хүлээн зөвшөөрдөггүй. Төлөх шаардлагатай гэж үзвэл үнэлгээгээр нь буюу нэмж үзэхээр 11 020 918 төгрөг гарч байгаа. Үүнийг 2 хуваахаар 5 510 459 төгрөг болно. Энэ үнийн дүнгээр төлж барагдуулах боломжтой” гэж маргадаг.
Хэрэгт авагдсан Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ЗШ/234 дугаар шийтгэврээр зөрчилд холбогдогч А.ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, мөн зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнд тус тус тооцсон байх ба Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ДШМЗ/05 дугаар магадлалаар шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн эцсийн шийдвэр байна.
Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөн ч уг зөрчил нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөөгүй болох нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангаравын тайлбар үндэслэлгүй юм.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
А.ийн хариуцлага хүлээх үндэслэл нь түүний гэм хор учруулсан хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, үүний улмаас хохирол учирсан байх, үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхаас гадна тэрээр гэм буруутай байх ёстой.
Хариуцагч А. нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Цагдаагийн постын хойд зам дээр “Bongo Frontier” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад нэхэмжлэгч Б.*******ы эзэмшлийн “Тоуоtа prius alpha” маркийн 06-23 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зорчигч А.ын биед хөнгөн хохирол, “Тоуоtа prius alpha” маркийн 06-23 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь шүүхийн шийтгэврээр тогтоогдсон, түүний хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд болон нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул тэрээр уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч А.ид холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохирол 930 918 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 13 250 400 төгрөг, нийт 14 181 318 төгрөг нэхэмжилжээ.
7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгч Б.******* болон түүний охин А. нарын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан эм, эмчилгээний зайлшгүй зардал гэж үзэв.
Үүнд: Б.******* “Мед траума” эмнэлэгт хүзүү нурууны MRI дүрс оношилгоо хийлгэсэн 320 000 төгрөг, А. /12 настай/ “Асралт мед” эмнэлэгт толгойн соронзон резонанст томографийн шинжилгээний зардалд 450 000 төгрөг, “Ундар эс” эмийн сангаас эритромицин, жаст тийрс, гатсун форте зэрэг эм авсан 42 500 төгрөг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлсэн 54 300 төгрөг, “Монос” эмийн сангаас шээсний шинжилгээний сав, mylacto kids, мастик ЛС, назатив, амоксиклав зэрэг эм авсан 64 118.85 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба эм, эмчилгээний зардалд нийт 930 918.85 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтууд болон Б.*******, А. нарын өвчний түүх зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх 7-16 хуудас/
Иймд хариуцагч А.оос нэхэмжлэгч Б.******* болон охин А. нарын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд 930 918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэв.
8. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №48485/ДД№30688300 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, “Үйлсийн говь” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн оношилгооны албан бичиг зэргээр Б.*******ы эзэмшлийн 06-23 УБУ toyota prius alpha маркийн тээврийн хэрэгслийн засварлах, солих шаардлагатай эд ангид 12 062 400 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн ослын улмаас машин татлагын мөнгө 50 000 төгрөг, машин ачлагын төлбөр 70 000 төгрөг, оношилгоонд орох машин ачилтын төлбөр 140 000 төгрөг, эд ангийн оношилгооны төлбөр 20 000 төгрөг, 06-23 УБУ авто үнэлгээний төлбөр 908 000 төгрөг, нийт 1 188 000 төгрөгийн зардал гаргасан болох нь “Вендо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны шилжүүлгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хэрэг авагдсан эдгээр баримтууд нь нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, зам тээврийн осол болсон цаг хугацаатай болон ослын улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан А., эд хөрөнгийн хохирол хүлээсэн Б.******* нартай хамааралтай баримтууд байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.
9. Иймд хариуцагч А. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас А.ын биед хөнгөн хохирол, нэхэмжлэгч Б.*******ы эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул А.оос эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал 930 918 төгрөг, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 13 250 400 төгрөг, нийт 14 181 318 төгрөгийг гаргуулан Б.*******д олгохоор шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна” гэж заасны дагуу хэргийн оролцогчоос нэмж тодруулахад нэхэмжлэгч Б.******* нь “Эрүүл мэндийн хохирлоо одоо барагдуулаад эд хөрөнгийн хохирлоо дараа нь шийдүүлмээр байна” гэх тайлбар гаргасан ба түүний өмгөөлөгч Н.Нармандах “Нэхэмжлэгч эд хөрөнгийн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлээ татан авч байна. Энэ нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй хэмжээнд татгалзаж байгаа биш” гэж үйлчлүүлэгчийнхээ байр суурийг тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэж, мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт “...хуулийн 106.3...-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...нэхэмжлэгчийн татгалзлыг ...батална. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаар тогтоолд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн “нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах” гэдгийг 106.5 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан”-тай адил утгаар, 106.3 дахь хэсгийн дагуу гарах шүүхийн шийдвэрийн үр дагавар нь мөн хуулийн 106.5 дахь хэсэгт заасантай ижил буюу шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нь хэдийгээр хариуцагчийн зөвшөөрөлгүй нэхэмжлэлээ татан авах эрхтэй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
11. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах үндсэн эрх, эрх чөлөөг Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь татгалзлын үндэслэлээ “эд хөрөнгийн хохирлоо дараа нь шийдүүлнэ” гэж тайлбарлаж байх тул түүний эрх, ашиг сонирхлыг хөндөж байхаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд харшилж буй татгалзлыг батлах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
12. Иргэдийн төлөөлөгч Б. “Энэ авто осол А., Б. хоёр талын буруутай үйлдлээс болж гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт гаргасан ба энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, тогтоогдохгүй байх тул дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв.
13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 857 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.оос улсын тэмдэгтийн хураамж 228 857 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй.
14. Хариуцагч А.ид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч Б.******* түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” зааснаар хариуцагч А.ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.оос нийт 14 181 318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 857 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.оос улсын тэмдэгтийн хураамж 228 857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ВОЛОДЯ
Э.ОЮУН-ЭРДЭНЭ