| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2435000000164 |
| Дугаар | 2024/ДШМ/32 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ДШМ/32
М.Ж-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанд:
ахлах прокурор Х.Энхтуул /томилолтоор/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн, М.Ж-ид холбогдох, 2435000000164 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр У аймгийн З суманд төрсөн, . настай, дээд боловсролтой, . мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, У аймгийн У сумын дугаар . багийн ..-. тоотод оршин суух хаягтай, урьд У аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ..../ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б ургийн овогт М-гийн Ж, (Регистрийн дугаар:.........).
1.Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Я.Х-г байнга зодсон, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Я.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батцоожоос яллагдагч М.Ж-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үндэслэлүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Б ургийн овогт М-гийн Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- шүүгдэгч М.Ж-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг найман сарын хугацаагаар тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
- шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
- шүүгдэгч М.Ж-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
4.1. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна.
Тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батцоож нь яллагдагч М.Ж-ид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж. хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Яллагдагч М.Ж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд яллагдагч М.Ж-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт прокурор ял оногдуулах талаар санал гаргахдаа, тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялаас доогуур ял тохиролцож, эрүүгийн хуулийн зүйл, заалт, хэсгийн буруу тайлбарлан хэрэглэж, ялын санал гаргасан байна.
Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ прокурорын эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдаа засуулах арга хэмжээ авахгүйгээр шүүгдэгч М.Ж-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ялтанд ял завшуулсан шийдвэр байна.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэхдээ прокурорын алдааг зөвтгүүлж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжтой байхад зөвтгөхгүйгээр, прокурорын хууль буруу хэрэглэсэн саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон байна.
Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ‘шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан боловч, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцээгүй байна.
4.2. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ж-ийг гэм буруутайд тооцсон атлаа, шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт нь хуульд зааснаас доогуур ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ” гэснийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв гэжээ.
5. Ахлах прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг дээд шатны прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.
Увс аймгийн ерөнхий прокурорын орлогч Ц.Батцоожоос яллагдагч М.Ж-ид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар буюу яллагдагч М.Ж-той ял тохиролцож, тухайн яллагдагчийн яллагдаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйл хэсэгт оногдуулах ялаас доогуур ялын санал буюу 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх прокурорын алдааг зөвтгөхгүйгээр буюу хэргийг ердийн журмаар шийдвэрлэх, эсвэл прокурорт буцааж алдааг засуулах ёстой байтал үүнийг засуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ялтанд ял завшуулсан шийдвэр болсон байна гэж дээд шатны прокуророос үзэж эсэргүүцэл бичсэн байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулж, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр дээд шатны прокуророос бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч М.Ж-ид холбогдох, 2435000000164 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батцоожоос яллагдагч М.Ж-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үндэслэлүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргажээ.
3. Анхан шатны шүүх М.Ж-ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-т зааснаар хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.
4. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ж-ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
4.1. Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан этгээд буюу яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5, 7-т тус тус заасан хориглолт байхгүй тохиолдолд, мөн зүйлийн 1-т заасан нөхцлийг хангасан бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг мөрдөгч, прокурорт гаргах эрхтэй байна.
Яллагдагч М.Ж нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 114 дүгээр прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэн, яллагдагчтай түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар тохиролцсон байна.
Ийнхүү прокурор яллагдагч М.Ж-той ял тохиролцохдоо, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, ялын хэмжээг тогтоохдоо эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээнээс доогуур ялын санал гаргаж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх яллагдагч М.Ж-ид холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэхдээ прокурорын ял тохиролцохдоо эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг илрүүлж, зөвтгүүлэх ажиллагаа хийхгүйгээр түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаас доогуур ял оногдуулж эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Гэтэл прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн М.Ж-той ял тохиролцохдоо тухайн зүйл, хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээнээс доогуур буюу хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тохиролцсон нь дээрх хуулийг зөрчсөн байхад анхан шатны шүүх уг хууль буруу хэрэглэж, тохиролцсон ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-т: “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
4.2. Шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмын дагуу явагдахаар хуульчилжээ.
Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал буюу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой эсэхийг хянах үүрэгтэй бөгөөд прокурорын яллагдагчтай ял тохиролцсон ажиллагаа нь хууль зөрчсөн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-т зааснаар хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.
5. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т тус тус заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол М.Ж-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ