Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2026/0071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Х.К,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Х.Х нарын хоорондын багийн Засаг даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  Х.К нь  анх шүүхэд  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  хуралдааны 01 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ногооннуур сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/46 дугаартай “Х.К үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Х Улаанчулуу /4-р/ багийн Засаг даргаар томилох тухай” захирамжийг  хүчингүй болгох” нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад “Ногооннуур сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагааг дахин зохион байгуулахыг тус багийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргааны үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

3.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 56.4.1. хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой” гэж хуульчилсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас тус сумын 4 дүгээр багийн Засаг даргад томилуулахаар сумын  Засаг даргад санал болгосон нэр дэвшигч Х.Х нь бүрэн дунд боловсрол эзэмшээгүй гэж үзэж байна. Нэгэнт хуулиар багийн Засаг даргад нэр дэвшигч нь заавал бүрэн дунд боловсролтой байх гэсэн болзол, шалгуур тавигдсан учраас Х.Х нь хуулиар тавигдсан шалгуурыг хангаагүй буюу тэрээр бүрэн дунд боловсрол эзэмшээгүй учраас тус багийн Засаг даргад нэр дэвших эрхгүй. Иймд Х.Х тус багийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал хураалтын ажиллагааг зохион байгуулсан багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа хуульд нийцээгүй буюу хууль бус гэж үзнэ гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын  2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр  хуралдаанаар Хурлын даргыг сонгох, зөвлөлийн гишүүдийг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн. Тус багийн Засаг даргад нэхэмжлэгч Х.К, гуравдагч этгээд Х.Х нар нэр дэвшиж, хуралдаанд оролцсон  357 иргэний саналаас Х.Х төлөө 196, Х.К төлөө 158 иргэн санал өгч, 3 хүчингүй саналын хуудас гарсан, энэхүү асуудлаар маргахгүй байгаа.

4.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.1-д багийн Засаг даргад  нэр дэвшигч нь бүрэн дундаас дээш боловсролтой байхаар хуульчилсан. Гэтэл багийн Засаг даргад нэр дэвшигч Х.Х нь бүрэн дундаас дээш боловсролтой байх шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Учир нь Х.Х нь Монгол Улсад 10 дугаар анги төгсөөгүй, Бүгд Найрамдах Казакстан Улсаас 1998 онд 11 дүгээр анги суралцаж төгссөн гэх  аттестатыг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон  нь эргэлзээтэй байна.  Хэрвээ Х.Х нь 1998 онд төгссөн бол тухайн үеийн аттестат нь байх ёстой.  Х.Х нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэдгийг нотлох баримтууд нь  эргэлзээтэй баримт байна.

4.3. Нэхэмжлэгч Х.К нь 1991 онд 8 дугаар анги төгссөн. Тухайн үед 8 дугаар анги төгссөн хүүхэд 9 дүгээр ангид дамжиж сурах, эсхүл техник мэргэжлийн сургуульд орох боломжтой байсан. Х.К хувьд аймгийн Мэргэжлийн  сургалт  үйлдвэрлэлийн төвийн мужааны мэргэжлийг 2 жил суралцаж, 1993 онд төгссөн, ийнхүү 2 жил суралцсан тул хуулиар бүрэн дунд боловсролтой гэж үзнэ гэв.

5. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын  хуралдааны даргын шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Ногооннуур сумын Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирж, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулсан. Хуралдааныг тус багийн Хурлын хуралдааны дарга Т.Нурболат нээж, хуулийн туслалцаа, зөвлөмжийн талаар Н.А танилцуулсан болно. Багийн Хурлын хуралдааны даргаар Д.Н би иргэдийн олонхын саналаар шинээр сонгогдсон. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх үед багийн Засаг дарга Х.К нь хуульд заасан бүрэн дунд боловсролтой байх заалтыг танилцуулсан болно.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Д нэр дэвшүүлсэн хоёр хүнд “...та бүхэн саналаа өгөөрэй, дараа нь боловсролтой холбоотой асуудал гарвал өөрсдөө хуулийн байгууллагад хандаарай.” гэж хэлсэн. Багийн Засаг даргын сонгуулийг Ажлын хэсэг хуулийн дагуу явуулсан гэжээ.

6. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын шүүхэд гаргасан тайлбарт:

6.1. Тус сумын “Улаанчулуу” буюу 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдуулсан багийн Хурлын хуралдааны дарга болон Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн.

Хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналыг авч, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар Д овогтой Н сонгогдсон. Багийн Засаг даргад Х.К болон Х.Х нарын нэрийг хуралдаанд оролцсон иргэд дундаас дэвшүүлсэн. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-т заасны дагуу баг, хорооны Засаг даргад  нэр дэвшүүлэх нийтлэг бүрэн эрхтэй гэж заасан. Санал хураалтын үр дүнгээр Х.Х нь хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал буюу 55.3 хувийн саналыг авч, багийн Засаг даргаар сонгогдсон тул багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсны дагуу Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулан Хизат овогтой Хумырбекийг 4 дүгээр багийн Засаг даргаар томилсон гэжээ.

7. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт:

7.1. Миний бие Х.Х нь Ногооннуур сумын 4 дүгээр багийн Засаг даргаар  сумын Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар томилогдон ажиллаж байна. Бүрэн дунд боловсролтой, нярав, нягтлан бодогч, цахилгаанчны тусгай дунд боловсрол давхар эзэмшсэн. Би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд багийн Засаг даргад хууль ёсны дагуу нэрээ дэвшүүлж, Х.К өрсөлдөж, хуралдаанд оролцсон иргэдийн олонх буюу 196 хүний санал авч, ялалт байгуулсан.Иймээс багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан  шийдвэр болон холбогдох саналыг үндэслэн Ногооннуур сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар 4 дүгээр багийн Засаг даргаар хууль ёсоор томилогдон, төрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэн  ажиллаж байна.

7.2. Боловсролын түвшин болон тавигдах шаардлагын тухайд, миний бие Бүгд найрамдах Казахстан Улсаас бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд үүнийг гэрчлэх боловсролын баримт бичиг (гэрчилгээ, аттестат) хууль ёсны дагуу олгогдсон. Би зөвхөн бүрэн дунд боловсролтой төдийгүй, нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцох чадамжтайг илтгэх нярав, нягтлан бодогч болон цахилгаанчны мэргэжлийн тусгай дунд боловсролыг давхар эзэмшсэн. Эдгээр нь Боловсролын тухай хууль болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан шаардлага, стандартын дагуу олгогдсон албан ёсны мэргэжлүүд болно. Миний боловсрол, туршлага нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгааг багийн иргэдийн Нийтийн Хурал болон сумын Засаг дарга хянан үзэж, томилгоог баталгаажуулсан гэжээ.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

8.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.1 дэх хэсэгт багийн Засаг даргад нэр дэвшигч нь бүрэн дундаас дээш боловсролтой  байх  шаардлагыг гуравдагч этгээд Х.Х хангахгүй гэх маргаан нь үндэслэлгүй юм.Гуравдагч этгээд Х.Х нь  1999 онд  Бүгд Найрамдах Казакстан Улсаас 11 дүгээр анги төгссөн, бүрэн дунд боловсрол эзэмшсэн болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдож байна. Боловсролын уг баримт бичгийг нотариатаар баталгаажуулж, орчуулга хийгдсэн, нотлох баримтын шаардлагыг хангасан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Монгол Улс 2005-2006 онд сургалтын 10 жилийн тогтолцооноос 11 жилийн тогтолцоонд, 2008-2009 онд  12 жилийн тогтолцоонд тус тус шилжсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 12 жил суралцаагүй,  11 жил суралцсан хүн бүрэн дунд боловсрол эзэмшдэггүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрэв Х.Х нь 1999 онд Монгол Улсад 10 жил суралцсан бол бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах  л байсан. 

8.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  гадаад улсын сургуулиас  боловсрол эзэмшсэнийг зөвшөөрөхгүй, энэ тохиолдолд ерөнхий боловсрол эзэмшээгүй гэж үзнэ гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Гадаад улсын боловсролын болон сургалтын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх, багц цаг харилцан хүлээн зөвшөөрөх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасан. 1998 онд ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийг төгсөж, боловсролын гэрчилгээ болох “аттестат”-ыг үнэт цаасаар хэвлэж өгсөн. Үүнийг Монгол Улсын хувьд дүйцүүлэн ашиглах бүрэн боломжтой.

8.3. Тухайн гэрчилгээг үндэслэж, Х.Х нь  тусгай боловсрол эзэмшсэн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй хүн. Нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй  хүнийг бүрэн дундаас доош боловсролтой гэж үзэх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна.

2.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.4. баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ.

3. Багийн Засаг даргаар нэхэмжлэгч Х.К, гуравдагч этгээд Х.Х нарын хоёр хүн нэр дэвшсэн байх ба  Ажлын хэсгээс хуралдаанд оролцсон нийт 357 иргэний саналаас Х.Х  өгсөн 196 санал, Х.К өгсөн 158 саналыг хүчинтэйд, 3 иргэний өгсөн саналыг хүчингүйд тус тус тооцсон саналын дүнг гаргаснаар, гуравдагч этгээд Х.Х иргэдийн олонхын буюу 55.3 хувийн санал авсан гэж үзэж, Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн 01 дугаартай тогтоолыг гаргасан нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон ба уг үйл баримтын талаар талуудаас маргаагүй болно.

4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 56.4.1.хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой; 56.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; 56.4.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх; 56.4.4.ялгүй байх.” гэж зааснаар  багийн Засаг даргад нэр дэвшигч дээрх үндсэн 4 шаардлагыг хангах ёстой.

Нэхэмжлэгчээс маргааны үндэслэлээ “багийн Засаг даргад нэр дэвшсэн гуравдагч этгээд Х.Х нь  хуульд заасан бүрэн дунд боловсролтой байх шаардлагыг хангаагүй тул багийн Засаг даргад нэр дэвших эрхгүй. Учир нь Х.Х нь Монгол Улсад  ерөнхий боловсролын сургуульд 10 жил суралцаж төгсөөгүй, Бүгд Найрамдах Казакстан Улсаас суралцаж 1998 онд 11 дүгээр анги төгссөн гэх бүрэн дунд боловсролын гэрчилгээг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон  нь эргэлзээтэй”  гэж тайлбарласан.

5. Нэхэмжлэгчээс өөр үндэслэлээр маргаагүй тул багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшсэн  гуравдагч этгээд Х.Х нь бүрэн дундаас дээш боловсролтой байх хуулийн шаардлагыг хангасан эсэх  маргаанд дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

5.1. Боловсролын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "ерөнхий боловсрол" гэж бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин бүхий нийт 12 жилийн хугацаанд эзэмших боловсролыг;”, 3.1.3-т "боловсролын түвшин" гэж сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролыг;” гэж заасан.

 Нэхэмжлэгч Х.К нь бүрэн бус дунд боловсролтой, мөн мужааны мэргэжлийн боловсрол эзэмшсэн нь Ногооннуур сумын 10 жилийн дунд сургуулиас 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгосон  бүрэн бус дунд боловсролын  104503 дугаартай гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвөөс 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгосон Шинжлэх ухаан, боловсролын яамны 931231 дугаартай үнэмлэхээр, гуравдагч этгээд Х.Х нь бүрэн дунд боловсролтой, мөн нягтлан, нярав, цахилгаанчны мэргэжлийн боловсрол эзэмшсэн нь Бүгд Найрамдах Казакстан Улсын Павлодар мужийн Эртис дүүргийн Панфиловын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас олгосон 1412094 дугаартай  бүрэн дунд боловсролын гэрчилгээ, 229 дугаартай “Ирмүүн” сургалтын төвийн үнэмлэх/2019 он/ В-20/154 дугаартай “Golden book” мэргэжлийн сургалтын төвийн үнэмлэх /2020 он/, 21236 бүртгэлийн дугаартай  “Дэ Райс сургалтын төвийн сертификат /2025 он/  зэрэг баримтаар тус тус  тогтоогдож байна.

5.2. Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь суралцагчийн эзэмшсэн боловсролын түвшин, мэргэжил болон чадамжийн түвшнийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.”, 9.2-т “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчид гэрчилгээ, мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх, техникийн болон дээд боловсрол эзэмшсэн төгсөгчид диплом олгоно.”, 9.5-д “Гадаад улсын боловсролын болон сургалтын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх, багц цаг харилцан хүлээн зөвшөөрөх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж, 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаар тушаалаар  баталсан “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг ойлгох, дүйцүүлэх журам”-ын Зургаагийн 6.1-д “Гадаад улсын ерөнхий боловсролын сургуульд суралцаж суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэнд тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлж болно.” гэж тус тус заасан байна.

 

Хэргийн нотлох баримтууд болох  Бүгд Найрамдах Казакстан Улсын Боловсролын газрын Ертис дүүргийн Боловсролын хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01-34-19 дугаартай тодорхойлолт, Павлодар мужийн Эртис дүүргийн Панфиловын ерөнхий боловсролын сургуулиас олгосон 1412094 дугаартай бүрэн дунд боловсролын гэрчилгээнээс үзэхэд, гуравдагч этгээд Х.Х нь гадаад улсаас 11 жилийн сургалтын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуульд суралцаж, 1998 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн нь, мөн нягтлан, нярав, цахилгаанчин зэрэг мэргэжлийн боловсролтой нь тогтоогдсон тул Х.Х нь багийн Засаг даргад нэр дэвшигчийн хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  56 дугаар зүйлийн  56.4.1-д заасан бүрэн дундаас дээш боловсролтой байх шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.

5.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “...хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн гадаад улсад суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн талаарх боловсролын гэрчилгээ нь багийн Засаг даргын сонгууль болсноос хойш олгогдсон байх тул уг баримт нь эргэлзээтэй, багийн Засаг даргад нэр дэвших үед уг баримтыг гаргаж өгөөгүй.” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч талын энэхүү маргаанд шүүхээс дараах дүгнэлтийг хийж, маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.

5.3.1. Хэрэгт авагдсан гуравдагч этгээд Х.Хумырбек нь Бүгд Найрамдах Казакстан Улсын Павлодар мужийн Эртис дүүргийн Панфиловын ерөнхий боловсролын сургуулиас 1998 онд  бүрэн дунд боловсрол эзэмшсэн талаарх 1412094 дугаартай бүрэн дунд боловсролын гэрчилгээ нь  2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин олгогдсон нь тус баримтаар тогтоогдож байна.

Энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “...анх авсан бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ алга болгосон учраас төгссөн сургуульд нь хандаж, боловсролын гэрчилгээг дахин олгох хүсэлтийг  гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2026 оны 04 дүгээр сард бүрэн дунд боловсролын гэрчилгээг сургуулиас нь дахин хэвлэж гаргаж өгсөн.” гэж тайлбарласан.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд гуравдагч этгээд Х.Х нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн талаарх боловсролын баримт бичгээ багийн Засаг даргын сонгууль болсон  2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргаж өгөөгүй гэх нэхэмжлэгч талын маргаан нь үндэслэлтэй боловч энэ нь бодит байдалд Х.Х нь багийн Засаг даргын сонгууль болсон тухайн үед хуульд заасан боловсролын шаардлагыг хангасан, 1998 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 5.3.2. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, 4.4-т “Нотариатч дор дурдсан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлнэ: 4.4.1.нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх;” гэж заасан ба Баян-Өлгий аймгийн Өлгий сумын тойргийн нотариатч Е.Х нь гуравдагч этгээд Х.Х 1412094 дугаартай бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбарын үнэн зөвийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрчилжээ.

Иймээс гуравдагч этгээд Х.Х нь 1998 онд олгосон гэх боловсролын гэрчилгээг алга болгосон шалтгаанаар 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр суралцсан тухайн сургуулиас нь бүрэн дунд боловсролын гэрчилгээг дахин хэвлэн олгосон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.”, 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.5-д “Иргэдийн Нийтийн Хурлын оролцогч дараах эрх, үүрэгтэй байна: 32.5.1.хэлэлцэх асуудал санаачлах; 32.5.2.асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;” 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.4. баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;”  гэж,  56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна: 56.5.2.энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;”, 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.” гэж тус тус заасан.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 357 иргэн оролцсон, үүнээс гуравдагч этгээд Х.Х нь 196 хүний санал авснаар  хуралдаанд оролцсон иргэдийн олонхын санал авсан байх байх хуулийн шаардлагыг хангасан,  энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Иймээс гуравдагч этгээдийг Ногооннуур сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар уг албан тушаалд томилсон Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тогтоол, сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/46 дугаартай захирамж нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.4.1, 56.5.2, 56.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  хуралдааны 01 дугаартай “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай”  тогтоолыг,  Ногооннуур сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/46 дугаартай “Х.К үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Х Улаанчулуу /4-р/ багийн Засаг даргаар томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.РИЗА