Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00706

 

 

 

 

 

 

 

 

 “Р.К” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30ы өдрийн 101/ШШ2022/00110 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Р.К” СӨХ-ны  хариуцагч Ч.Өд холбогдуулан гаргасан 11,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтүвшин, хариуцагч Ч.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Р.К” СӨХ-ны нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2006 онд сууц өмчлөгч бүх гишүүдийн анхдугаар хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал буюу СӨХ-ны төлбөрт айл тус бүр сар тутам 170,000 төгрөг төлж байхаар тогтоосныг өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа билээ. Гэтэл 103 дугаар байрны 901 тоот орон сууцыг өмчлөгч Ч.Өд байнга шаардлага тавьж нэхэмжилж байгаа боловч дараах төлбөрийг төлөхгүй СӨХ болон бусад оршин суугчдыг хохироож байна. 2018 оны 12 сарын төлбөр 170,000 төгрөг, 2019 оны төлбөр 2,040,000 төгрөг, 2020 оны төлбөр 2,040,000 төгрөг, 2021 оны төлбөр 2,040,000 төгрөг, 2012-2021 оныг хүртэлх 10 жилийн хугацааны складын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг /сар бүр төлөх 1 м.кв 2500 төгрөг буюу 5 м.кв 12,500 төгрөг/, 2019 оноос хойш нийтийн эзэмшлийн талбайд өөрийн эзэмшлийн автомашины нэг чиргүүл тавьсны сарын төлбөр 100,000 төгрөг буюу 3 жилийн төлбөр 3,600,000 төгрөг, нийт 11,390,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2006 онд байгуулагдсан СӨХ-ны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл тогтворжоогүй, туйлын хангалтгүй, өдөр хоногийг өнгөрөөсөн байдалтай, танил тал, ах дүү, найз нөхдийн хүрээнд ажилд авсан хэсэг хүмүүсийг ажлын байраар хангаж цалинжуулж СӨХ-ны мөнгийг шамшигдуулж байна. СӨХ-ны ажилтнуудын хувьд ажлын цаг баримталдаггүй, гүйцэтгэх захирал, нягтлангаасаа эхлээд ажлын байран дээрээ байдаггүй, өөрсдийн дуртай цагт ажилладаг, үйлчилгээний болон харуул хамгаалалтын ажилтнууд нь ажлын цагаар E-Mart дэлгүүрээр хэсэх, шөнө үдшийн цагаар ажлын байран дээрээ архидан согтуурах зэрэг зөрчил гаргаж байсан. Хотхоны нийтийн эзэмшлийн зүйлсийн засвар үйлчилгээ, хадгалалт хамгаалалт, цэвэрлэгээ муугаас удаа дараа хулгайн болон бусад хэрэг зөрчлүүд гарч, зам талбай, граж, бассейн, лифтний үйл ажиллагаа байнга доголдож оршин суугчдын эрх ашгийг ноцтой хохироосоор ирлээ. 2014 оноос хойш СӨХ санхүү болон үйл ажиллагааны тайлангаа оршин суугчдад танилцуулаагүй, нийт оршин суугчдын хурлыг нэг ч удаа хийлгүй өдийг хүрлээ. Иймд СӨХ үйл ажиллагаагаа сайжруулж, дутагдлаа арилгаж, дүрэм журмын дагуу оршин суугчдын тав тухыг ханган ажиллах хүртэл СӨХ-ны төлбөр төлөхөө зогсоосноо үүгээр тайлбарлаж байна гэжээ.  

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Тайж овогт Чимидцэрэнгийн Өлзийсайханаас 6,238,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Р.К” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,151,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 114,764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р.К” сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн шинжилгээний баримтаар 51,600 төгрөгийг хасаж тооцсоныг зөвшөөрөхгүй. Учир нь Ч.Өаас автогражийн төлбөр авдаггүй, мөн СӨХ-д шинжилгээний хариу ирээгүй, зөрчил арилгах талаар албан ёсны зохих байгууллагын дүгнэлт ирээгүй байхад мөөгөнцөр илэрсэн гэсэн бичгийг үндэслэн дундын эд хөрөнгө, барилгын завсар үйлчилгээний зардлын төлбөрийг хасаж тооцсоныг хэрэгсэхгүй болгож, 51,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2021 оны засвар үйлчилгээний зардал гэж 51,600 төгрөгийг хассан. Манай хотхоны гарааш болон усан бассейн нь хөгц мөөгөнцөртэй, хүйтэн, гэрэлтүүлэг муутай бөгөөд олон удаа автомашины гадаад өнгө үзэмжид хохирол учруулж байсан. Олон жилийн хугацаанд засвар үйлчилгээ хийгдээгүй гэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 2006 онд СӨХ-ны сарын төлбөр 170,000 төгрөгөөр тогтоохдоо бассейны багшийн цалин, бассейны зардал орсон. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд бассейн ажиллаагүй юм. Үүний төлбөр хасагдах ёстой. Мэргэжлийн хяналтын газраас дээж авахад мөөгөнцөр гарсан, үүнийг шүүх үнэлээгүй. Шүүхэд 2 удаа хүсэлт өгсөн. Бодит газар дээр нь очиж үзлэг хийлгэх хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлээгүй. СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэхээр хүсэлт өгсөн боловч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэсэн. 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар оршин суугчид дундын өмчлөлийн засвар үйлчилгээнд 170,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Шүүх 2015 онд СӨХ болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөрийг төлөх үндэслэлтэй байна гэж зөв дүгнэсэн. 2006 онд төлбөрийн задаргаа гэж байгаагүй. Бассейн нь ажиллахгүй байгаа учраас бассейны багшийн цалин гэж төлөх шаардлагагүй. Задаргааг бодитойгоор шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч талаас гаргасан хүсэлтүүд нь хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнээд хангаагүй. Хариуцагчийн зүгээс хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлээр шүүгчээс татгалзаж байсан. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдэврийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. “Р.К” СӨХ 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ч.Өд холбогдуулан 5,270,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 11,390,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.   

 

3. “Р.К” СӨХ-ны оршин суугчдын анхдугаар хурлаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд айл бүр сар тутам 170,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байх ба уг үнийн дүнгийн талаар нэхэмжлэгч тодруулахдаа үүнд бассейны үйл ажиллагааны зардал хамаарахгүй гэсэн байна. /хх-174/ Хариуцагч дээрх зардалд бассейны үйл ажиллагааны зардал хамаарах бөгөөд сүүлийн 2 жил гаруй хугацаанд бассейн ажиллаагүй тул сууц өмчлөгчдийн төлөх ёстой төлбөрөөс бассейны зардал хасагдах ёстой гэж маргажээ. Хэрэгт авагдсан сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгчийн хооронд нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээнд СӨХ-ны төлбөрт бассейн, фитнесс төвийн үйл ажиллагааны бүх зардал хамаарахаар заасан байх ба СӨХ-ны төлбөр 170,000 төгрөгт ямар зардлууд багтаж байгаа нь тодорхой болсон тохиолдолд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжтой юм.

Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрт ямар зардлууд багтаж байгаа нь тодорхойгүй, хариуцагч нь бассейн сүүлийн 2 жил гаруй хугацаанд ажиллаагүй гэж тайлбар гаргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд нийцээгүй байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад бассейны үйл ажиллагааны зардал хамаарах эсэхийг тодруулсны эцэст хэргийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/00110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Р.К” СӨХ-оос урьдчилан төлсөн 4550 төгрөг, хариуцагч Ч.Өаас урьдчилан төлсөн 114,800 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ                                           

                ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН