Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 864

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

            улсын яллагч Ч.Батбаяр,

            өсвөр насны хохирогч, шүүгдэгч О.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Сайнтуяа, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг ҮД:13-33,

            өсвөр насны хохирогч, шүүгдэгч А.С, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Гүндэгмаа, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар ҮД:23-09 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Шархнууд овогт ОБ, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бэсүд овогт АС нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0290 60783 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          ......

            Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

            Өсвөр насны шүүгдэгч О.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хот айл” хотхоны 1 давхарт байрлах “Ghost” компьютер тоглоомын газрын үүдэнд өсвөр насны хохирогч А.Стэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, хохирогч А.Сийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            Өсвөр насны шүүгдэгч А.С нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хот айл” хотхоны 1 давхарт байрлах “Ghost” компьютер тоглоомын газрын үүдэнд өсвөр насны хохирогч О.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож хохирогч А.Сэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны хохирогч, шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярихгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сэрээтэрийн хохиролд 3.650.000 төгрөгийг төлсөн гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны хохирогч, шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Схууль ёсны төлөөлөгч Б.Сайнтуяа мэдүүлэхдээ: Хүүхдэдээ анхаарал тавиагүйгээс ийм байдалд хүрлээ. Хойшид хүүхдэдээ хараа хяналтаа тавих болно гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Сийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гүндэгмаа мэдүүлэхдээ: Хүүхдэдээ хараа хяналт тавиагүйгээс ийм  хэрэгт холбогдуулсандаа харамсаж байна. Цаашид анхаарах болно гэв.

            Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны хохирогч А.Сийн: …2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр найз Отгонжаргал, Тэмүүжин нар болон тэд нарын сургуулийн зүс таних хүүхдүүдийн хамт нийт арвуулаа Баянзүрх дүүргийн 16-р хороо, СОС хүүхдийн төвийн замын эсрэг талд байрлах орон сууцны 1-р давхарт “ГОСҮТ” нэртэй компьютер тоглоомын газарт тоглосон. Бид тав таваараа хуваагдаж тоглосон ба би жаахан муу тоглосон чинь надтай нэг баг болж тоглосон Баттулга нь намайг чи муу сда гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед нь өөрийгөө өмөөрсөн ба тоглож дууссаны дараа комтьютер тоглоомын газарт байхад Баттулга босч ирээд миний зүүн нүд рүү цохисон. Тэнд бусад хүүхдүүд Баттулгыг болиулаад хөөгөөд гаргасан. Хэсэг хугацааны дараа би ганцаараа гарахад хаалганы цаана Баттулга намайг хүлээгээд зогсч байсан ба  дөнгөж гарахад л барьж байгаад нүүр рүү 5-6 удаа өвдөглөсөн. Тэгэхэд миний хамарнаас их хэмжээний цус гараад доошоо тонгойгоод унасан. Намайг унасаны дараа намайг дахиад зодох гэж дайрах үед нь манай найз Отгонжаргал, Тэмүүжин нар гарч ирээд болиулаад хориглоход дахиад л зодох гээд дайраад байсан. Баттулга намайг зодох гээд дайраад байхаар нь Отгонжаргал, Тэмүүжин хоёр Баттулгын нүүр рүү цохиход Баттулга болиод цаашаа явсан. Миний зүүн нүд, хамар хавдсан, толгой тархи өвдөж байсан. Тэгээд ээжийн хамт ЭМЖЖ эмнэлэгт очиж томографын зураг авахуулж эмчид нь үзүүлэхэд хамар зүүн талдаа зөрсөн, цөмөрсөн хугаралтай, хэлбэр алдагдсан, зүүн хацар ясны урд хана зөрсөн хугаралтай, мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн. Мэс заслаа даруйхан хийлгэхгүй бол болохгүй, хүнд мэс засал болно гэж хэлсэн. Өчигдөр надад шинжээч томилж өгөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Мөнхсанчирын: …тоглож дуусаад гэнэт Баттулга, Сэрээтэр хоёр зодолдсон. Тухайн үед би тэр хоёроос зайтай байсан учир сайн хараагүй. Дотор ямар ч байсан Баттулга Сэрээтэрийг барьж аваад тэврэлдэж зууралдаж байхад нь салгасан. Би тоглоомын газраас түрүүлж гараад байж байхад миний хойно пижигнэх чимээ гарахаар нь эргээд харахад Сэрээтэр газарт гараараа тулчихсан хамраас нь цус гоожиж байсан. Баттулгаас Отгонжаргал бариад зогсож байсан. Дахиж зодоон болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Г.Мишээлийн: ...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед  Улаанхуаранд байх тоглоомын газарт тоглож байгаад Баттулга, Сэрээтэр рүү тоглоомоос болж муудалцсан. Цаг дуусангуут Баттулга босоод Сэрээтэр рүү явах үед нь би боль гэж хэлсэн чинь намайг Баттулга хажуу тийш түлхээд Сэрээтэрийн толгой руу цохиод тэр хоёр цохилцонгуут нь тэнд байсан хүүхдүүд болиулаад Баттулга түрүүлээд гарахаар нь бид хойноос нь гарцгаасан. Би Сэрээтэртэй хамт гарахад Баттулга үүдэнд зогсож байгаад хаалганы ардаас гарч ирээд Сэрээтэрийг заамдаж аваад 2-3 удаа нүүр хэсэг рүү нь мөргөх үед түс гээд чимээ гарч байсан. Тэгээд Сэрээтэр мөргүүлээд доош суух үед нь Баттулга толгой, мөр рүү нь үргэлжлүүлээд 2 удаа өвдөглөсөн. Сэрээтэрийн хамарнаас цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4291 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.Сийн биед зүүн хацар ясны урд хана, хамар, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч О.Баттулгын: ...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Офицеруудын ордноос Улаанхуаран явах замын урд “Хот айл” гэх нэртэй орон сууцны байрны 1-р давхарт байдаг “Гост” нэртэй компьютер тоглоомын газарт найз Отгонжаргал, Билгүүн, Хөвчин, Хувьтөгөлдөр, Мишээл, Тэмүүжин, Сэрээтэр, Мөнхсанчир нарын хамт тоглосон юм. Тоглож байх үед Сэрээтэр бид хоёр бага зэрэг үл ойлголцоод тоглосноос болоод намайг элдэв янзаар доромжилсон. Тэгээд би уурандаа Сэрээтэрийн цээж рүү цохисон. Манай найзууд бидний дундуур ороод болиулсан. Мөн компьютер тоглоомыг ажиллуулж байгаа хүн биднийг гар гэдэг шаардлага тавиад бид бүгдээрээ гарсан ба би бусдаасаа түрүүлээд гарсан. Би түрүүлж гараад бага зэрэг тайвшраад Сэрээтэрийг гарч ирэх үед нь больё гэж хэлэх гээд мөрөн дээр нь гараа тавьсан ба энэ үед Сэрээтэр дөнгөж хаалгаар гарч ирж байсан. Тэгээд баруун гараараа миний зүүн нүд рүү цохисон. Би цохиулсныхаа дараа Сэрээтэрийн нүүр рүү мөргөөд бас толгойноос нь дарж байгаад нүүр рүү нь өвдөглөсөн. Тэгээд манай найзууд биднийг хоёр тийш нь салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Отгонжаргалын:...Бид тоглож байгаад Баттулга, Сэрээтэр хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгээд тоглоомын цаг дуусаад Баттулга босоод дундаа байсан Мишээлийг холдуулаад Сэрээтэрийн нүүрэн тус газар нь гараараа  нэг удаа цохиход бид салгаад Баттулга гараад явсан. Тэгээд Сэрээтэр нилээн байж байгаад Мишээлтэй хамт гарсан. Тэгээд намайг гарахад Баттулга, Сэрээтэр хоёр хэрэлдээд зогсож байсан. Сэрээтэр нь Баттулгад чи яах гэж байгаа юм, ийм юмнаас болж муудалцаж зодолдох шаардлага байсан юм уу гэж байсан. Баттулгыг Санчир гэдэг хүүхэд цаашаа аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4374 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.Сбиед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд язрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/,

- Өсвөр насны шүүгдэгч А.Сийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46, 61 дүгээр тал/,

 - Өсвөр насны шүүгдэгч А.Сиргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63, 77 дугаар тал/,

 -Насанд хүрээгүй хохирогч А.Сийн хүсэлт, хохирлын баримтууд 1.700.000+1.500.000+25.000+20.000+25.000+140.000+6500+10.000+295+13.000+109.050+72.000+12.000+10.310+2310=нийт 3.645.465 төгрөгийн хохирлын баримтууд авагдсан байна. /хх-ийн 12-14 дугаар тал/,

 -Насанд хүрээгүй хохирогч А.Схувьд: 100.000+20.000+5460.10500= нийт 135.960 төгрөгийн хохирлын баримтууд ирүүлсэн байна. /хх-ийн 19 дүгээр тал/

 Өсвөр насны шүүгдэгч А.Сийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гүндэгмаа 135.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 106 дугаар тал/

- Өсвөр насны шүүгдэгч А.Схууль ёсны төлөөлөгч Б.Сайнтуяа хохиролд нийт  3.650.000 төгрөгийг төлж барагдуулсан тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 108, 113-115 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

         Хэрэгт цугларсан хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээс дүгнэхэд өсвөр насны шүүгдэгч О.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хот айл” хотхоны 1 давхарт байрлах “Ghost” компьютер тоглоомын газрын үүдэнд өсвөр насны хохирогч А.Стэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, хохирогч А.Сийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Өсвөр насны шүүгдэгч А.С нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хот айл” хотхоны 1 давхарт байрлах “Ghost” компьютер тоглоомын газрын үүдэнд өсвөр насны хохирогч О.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож хохирогч А.Сэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон байна.

            Өсвөр насны шүүгдэгч О.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хот айл” хотхоны 1 давхарт байрлах “Ghost” компьютер тоглоомын газрын үүдэнд өсвөр насны хохирогч А.Стэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, хохирогч А.Сийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

            Өсвөр насны шүүгдэгч А.С нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хот айл” хотхоны 1 давхарт байрлах “Ghost” компьютер тоглоомын газрын үүдэнд өсвөр насны хохирогч О.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож хохирогч А.Сэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, өсвөр насны шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос А.Сгэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Сийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Өсвөр насны шүүгдэгч О.Б нь бусдын эрх чөлөөнд халдаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, А.Сийн бусдын эрх чөлөөнд халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Прокуророос өсвөр насны шүүгдэгч О.Б, А.С нарын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч О.Б, А.С нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

            Шүүгдэгч О.Б, А.С нар нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь тэдгээрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 61, 77 дугаар тал/

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай  холбогдон гарсан, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зайлгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Өсвөр насны хохирогч О.Б нь өөрийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан гэх 135.960 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд үүнийг өсвөр насны шүүгдэгч А.Сийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гүндэгмаа төлж барагдуулсан байна. /хх-н 19, 108 дугаар тал/

           Өсвөр насны хохирогч А.С нь өөрийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан гэх 3.762.465 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд үүнээс өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнтуяа нийт 3.650.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нотлох баримтаар төлөх төлбөргүй байна. /хх-н 12-14, 18, 106-107 дугаар тал/

          Өсвөр насны шүүгдэгч О.Б, А.С нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

          Өсвөр насны шүүгдэгч О.Б, А.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх боломжтой гэж шүүх үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч О.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 02 хоногтой байсан. 

Шүүгдэгч А.С нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 08 сар 25 хоногтой байсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ.

Иймд өсвөр насны  шүүгдэгч  А.СЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч А.Сгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиррлыг төлж барагдуулсан, түүний нас зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шархнууд овогт ОБг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Бэсүд овогт АСг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар Шархнууд овогт О.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

.           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.С, О.Б нарыг хараа хяналтандаа байлгаж, хянан хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Чүлтэмсүрэнгийн Гүндэгмаа /РД:ХЖ67082001/, Батхүүгийн Сайнтуяа /РД:ЧД83010383/ нарт тус тус даалгасугай.

           5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар О.Б, А.С нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.        

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Б, А.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б, А.С нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

         8. Хохирогч А.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б, А.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Б, А.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ