| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0820/Э |
| Дугаар | 866 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 866
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч П.Болормаа,
шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч О.Эрдэнэтогтох ҮД:11-13 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овогт ТГт холбогдох эрүүгийн 1806 0341 30825 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .....
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Т.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгайд иргэн Б.Анхнямтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ: Би хохирогчтой газраас болж маргалдаж газар ухаж байсан лоомыг аваад шидчихсэн чинь хөлийг нь гэмтээчихсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохиролд нийт 3.110.000 төгрөгийг төлсөн гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Анхнямын: ...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ганц худагийн урд байрлах өөрсдөө кадастрын зураг татуулаад ухуулсан газар дээрээ ирчихээд шон зоож, хашаа барьж байсан. Гэтэл тухайн үед хоёр машинтай залуучууд ирээд 3 залуу нь машинаас бууж ирээд энэ миний газар тэмдэглэгээ хийсэн чулуу тавьсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайх түрүүлж ирээд кадастр татуулсан гэж хэлсэн. Гэтэл хэн ч 200, 300 мянгаар татуулчихна гээд маргаан эхэлсэн. Тухайн үед манай эхнэр Онон газар ухаад тонгойж байсан чинь тэдгээрийн нэг залуу нь хөлөөрөө эхнэрийн нүүр рүү шороо өшиглөсөн. Тэгэхээр нь би болиоч гээд шороо өшиглөсөн залууг нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тухайн үед манай эхнэр Онон намайг болиулсан. Гэтэл миний алгадсан залуугийн нөгөө нэг залуу нь газраас лоом аваад Ононгийн толгой руу цохих гээд далайж байсан. Тэгэхээр нь би Ононг татаж холдуулсан чинь лоомоороо миний баруун хөл рүү цохиж гэмтээсэн. Тэгээд Онон цагдаа дуудсан юм. Миний баруун хөлийн тавхай лоомонд цохиулж гэмтэж бэртсэн байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Ононгийн: ...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21-р хороо Ганцын задгайд газар авах нөхөр Б.Анхням, хүргэн ах Анхтэмүүжин нарын хамт шон татах гээд шонгийн нүх ухаж байтал хоёр машин ирээд 4 залуу машинаас буугаад бид нар дээр ирээд наад газар чинь манай газар гээд хэрүүл маргаан хийсэн. Би тэгэхээр нь манай газар, зураг нь байгаа. Мөн бид нар мөнгө гаргаад газрыг тэгшлүүлсэн байгаа гэж хэлтэл би бичиг цаасаар учраа олдог хүн биш гээд нэг залуу нь бид нар руу дайраад тэгтэл нэг залуу намайг шонгийн нүх ухаад байж байтал одоо боль оо гээд аягатай шороо над руу өшиглөсөн. Тэгэхээр нь манай нөхөр чи эмэгтэй хүнтэй яаж яриад байгаа юм бэ гэж хэлээд маргалдаад би биетэйгээ татаад түлхэлцэж байтал хажуу талаас хамт явж байсан залуу лоом бариад над руу дайрсан. Тэр үед манай нөхөр намайг эргүүлээд татсан чинь нөгөө залуу манайн нөхөр Б.Анхнямын хөлийг лоомоор цохиж гэмтэл учруулсан. Би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Эрдэнэбаярын: ...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгайд манай газар авах гээд тэмдэглэсэн байсан. Хажуугаар нь явж байтал хэсэг хүмүүс газар дээр шон хатгаж байхаар нь манай найз энэ хүмүүстэй уулзаад учраа ирнэ гээд явсан. Тэгтэл манай найз тэр хүмүүстэй маргалдаад байх шиг байхаар нь би яваад очсон чинь нэг өндөр залуу нэг эмэгтэй байсан. Хэсэг маргаж байгаад зүгээр болсон. Би шонгийн нүх ухаж байсан нэг эмэгтэйг боль гэж хэлсэн чинь нэг өндөр залуу чи яахаараа эмэгтэй хүн рүү дайрдаг юм гэж хэлээд намайг ална гээд дайрсан. Тэр үед манай найз лоомыг булааж аваад шидсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө өндөр залуу намайг оночихлоо гэсэн чинь гутлынх нь завсраар нь цус гарч байсан. Тэр үед тэр хүний эхнэр цагдаа дуудсан чинь 2 минутын дараа цагдаа нар ирээд манай найз Гантөмөрийг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Тэмүүжингийн: ...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21-р хороо Ганцын задгайд манай дүү Анхням, Онон хоёр газрын шон хатгаж байтал үл таних залуу найзынхаа хамт ирээд миний газар гээд маргалдсан. Тэр үед бэр Онон ухсан нүхний шороо гаргаж байтал миний газар гээд байсан хүнтэй хамт явж байсан найз гэх залуу ухаж байгаа нүхний шороог хөлөөрөө хөндсөн. Тэр үед Анхням уурлаад найзтай нь маргасан чинь Онон голоор нь ороод салгасан. Тэр үед газрын эзэн гэх хүн Ононгийн араас лоомоор далайгаад дайрах үед Анхням Ононг холдуулах үед нөгөө лоом нь Анхнямын хөлийг цохиж гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Т.Гийн: ...Сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худагийн урд байрлах газар дээрээ ирсэн. Энэ газар нь ямар нэг бичиг баримтгүй зөвшөөрөлгүй газар юм. Тухайн газрыг авахаар би 7-8 хоногийн өмнө газар дээр шав тавьсан байсан юм. Гэтэл энэ газар дээр ирэхэд 7-8 хүмүүс шон зоож байсан. Тэгээд би энэ манай газар энд би шав тавьсан, тэр байна гээд үзүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай найз Эрдэнэбаяр ирээд тэдгээр хүмүүс шав зоож байхыг хараад Эрдэнэбаяр нь хүний газар гээд байгаа юм биш үү шон зоолгохгүй гэж хэлсэн чинь үл таних нэг залуу Эрдэнэбаярыг шанаанд нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би тэд нарын шон зоох гээд газар ухаж байсан лоом газар байхаар нь аваад Эрдэнэбаярыг цохисон үл таних залуу түүнийг зодох гээд дайраад байсан учир би болиулах гээд газар лоом харагдахаар нь аваад чулуудсан юм. Тэр залууг эхнэр нь хориод байхад Эрдэнэбаярыг зодох гээд дайраад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4996 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Анхнямын биед баруун хөлний тавхай ясны 2-р ясанд ташуу байрлалтай сэлтэрсэн ил хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/
- Хохирогч Б.Анхнямын өвчний түүх /хх-ийн 46-54 дүгээр тал/
- Шүүгдэгч Т.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 29 дүгээр тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 32-33, 46-53 дугаар тал/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 54, 67, 76 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Т.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгайд иргэн Б.Анхнямтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгайд иргэн Б.Анхнямтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт болон хохирол нөхөн төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Т.Гийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгайд иргэн Б.Анхнямтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Т.Гийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Г нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 28 дугаар тал/
Шүүгдэгч Т.Г нь хохирогч Б.Анхнямын нийт нэхэмжилсэн 3.100.000 төгрөгөөс хохирлын баримтаар 650.000 төгрөгийг дансаар шилжүүлж, хохирлын баримтгүй 2.450.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримт болон хохирогчийн хүсэлт зэргээр тогтоогдож баримт байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 54, 67, 76 дугаар тал/
Хохирогч Б.Анхням нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Гхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Гнь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Гийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Б.Анхням нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ