| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2418002260615 |
| Дугаар | 2024/ДШМ/85 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/85
Б.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Наранмөнх
Хохирогч Д.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг, Б.Чинбаатар
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 464 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг, Б.Чинбаатар нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдох 2418002260615 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Б.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Сайн овогт Батсүхийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож.,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж.,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж.,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнээс 35,396 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлэхээр.,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч.,
Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж.,
Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ө.Ганзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
... Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байдаг.
Б.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргадаггүй, анхнаасаа гэм буруугаа хүлээж байсан мөн эхнэр Д.Мөнгөнцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээрээ хэлдэг. Түүнчлэн Б.Мөнх-Эрдэнэ нь “Моngolian Trans Line” ХХК -нд зүтгүүрийн албанд зүтгүүрийн туслах машинист ажилтай, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь одоогоор хүүхдүүдээ асраад гэртээ байдаг. М.Оргил 1 нас 7 сартай,М.Эрхэс 7 сартай. Б.Мөнх-Эрдэнэ нь Хаан банк-с 32,000,000 төгрөгийн зээлтэй, Хас банкнаас 15,000,000 төгрөгийн зээлтэй, “ТУС” апликейшнээс 600,000 төгрөг, “СОНО” апликейшнээс 2,000,000 төгрөгийг тус тус зээлтэй байдаг. Иймд Б.Мөнх-Эрдэнэ нь их хэмжээний зээлтэй, гэр бүлдээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ авч явдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөр байхгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хувийн болон гэр бүлийн байдал, бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн тэнсэх эсхүл зорчих эхийг хязгаарлах ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хувийн байдлын хувьд 25 настай, “Моngolian Trans Line” ХХК-д зүтгүүрийн туслах машинистаар ажилладаг, ам бүл-4, эхнэр бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, түүний эхнэр О.Мөнгөнцэцэг нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны 2 хүүхдээ асардаг юм.
Мөн шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь цалингийн зээл, ББСБ-аас ч зээлтэй, зээлийн төлбөр гэж сар бүр нийтдээ 2,500,000 орчим төгрөгийг төлдөг байна.
Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байдал, гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа, мөн хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байгаа зэрэг болон түүний дээрх хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар эсхүл хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ө.Ганзориг саналдаа:
Б.Мөнх-Эрдэнэ нь гэм буруугийн хувьд маргадаггүй. Анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Гомдол дээр дурдагдсан байгаа. Б.Мөнх-Эрдэнэ нь ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. “Моngolian Trans Line” ХХК-нд зүтгүүрийн туслах машинч хийдэг. Энэ асуудалд орсноос хойш ар гэр нь хөөцөлдөж байгаад түр чөлөө авсан байгаа. Байгууллагаас нь 12 сарын 04-ний өдөр ажил дээрээ бэлэн байгаарай гэж хариу өгсөн. 1 нас, 7 сартай, 7 сартай бага насны хоёр хүүхэдтэй. Эхнэр нь ажилгүй. Гэртээ хүүхдүүдээ хардаг. Хаан банканд 32 сая төгрөгийн зээлтэй. Миний бие нотлох баримтаар гаргаж өгье гэсэн боловч үнэхээр боломж байсангүй. Б.Мөнх-Эрдэнийн хувьд өөрөө цагдан хоригдсон. Б.Чинбаатар өмгөөлөгч Хаан банкны зээлийн талаарх баримтыг хэвлээд өгчихсөн байна. Б.Мөнх-Эрдэнэ нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсон. Өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Зөрчлийн тухай хуулиар ч юм уу ямар нэгэн байдлаар шийтгэгдэж байгаагүй. Би 3, 4 удаа очиж уулзсан. Би Б.Мөнх-Эрдэнийг үнэхээр ойлгож ухаарсан гэж бодож байгаа. Эхнэр Д.Мөнгөнцэцэгийн хувьд 7 хоногт 2 удаа очдог байсан. Нийт 8, 9 удаа очиж уулзсан. Залуу гэр бүл хоорондоо таарч тохирохгүй асуудлууд байдаг. Тэрийгээ хоорондоо ярилцаад хэн хэнд нь буруу байсан байна гэдгээ ухаарсан. Б.Мөнх-Эрдэнэ “Би гарах юм бол хүн шиг байж, дахин хэзээ ч гар хүрэхгүй” гэсэн амлалтыг надад өгсөн. Д.Мөнгөнцэцэг ч буруугаа ойлгосон гэж бодож байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Би гомдолдоо тэнсэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж хүссэн боловч зорчих эрхийг хязгаарлах ял болгоё гэхээр Б.Мөнх-Эрдэнийн ажилладаг компани нь Өмнөговь аймагт байдаг. Сард 4,500,000 төгрөгийн цалинтай. Гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Ганц гайгүй ажлаа алдчихмааргүй байдаг. Уг нь шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд боломж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад ирж очиход хэцүү болчхоод байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар энэ залууд боломж олгож 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Чинбаатар саналдаа:
Би анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүгдэгч маань өмгөөлөгчгүй оролцсон. Миний хувьд хохирогчийн ар гэрийнхэн нь хүсэлтээр орж ирж байна. Шүүгдэгч маань гэм буруугийн хувьд анхнаасаа маргаагүй. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг нэг жилийн хугацаанд байнга буюу 5 хүртэлх удаагийн тохиолдлоор үйлдсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэргийн талаар маргаан байхгүй. Их бага хэмжээгээр хүчирхийлэл үйлдэх нь тусдаа асуудал. Хуульд дөрвөн төрлийн хүчирхийлэл байдаг. Миний тайлбар Ө.Ганзориг өмгөөлөгчийн тайлбартай давхацчихаад байна. Нэгдүгээрт нь бага насны нярай хоёр хүүхэдтэй. Одоо хүүхдүүдийг эмээ нь харж байгаа. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь буруутай үйлдлээ анхнаасаа зөвшөөрч байгаа. Цагдан хоригдох хугацаандаа ойлгож ухаарсан болов уу гэж бодож байна. Би хоёр ч удаа очиж уулзсан. Гэр бүлийн гишүүн учраас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Эрүүл мэнд, сэтгэл санааны асуудлууд байгаа ч гэсэн нэхэмжлээгүй. Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас нэхэмжилсэн төлбөрийг төлсөн. Ө.Ганзориг өмгөөлөгч баримтыг нь гарган өгч байна. Шүүгдэгч маань 3-4 зээлтэй. аппликешны зээлийг өөрийнх нь утаснаас хамгийн өндөр дүнтэйг нь хэвлэж өглөө. Цаана нь банкны зээл байгаа. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөргүй. Хувийн байдлын хувьд “Моngolian Trans Line” ХХК-нд ажилдаг. Энэ гэмт хэрэг хөнгөн зэргийн ангилалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдаж байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар шийдвэрлэж өгнө үү. Гэр бүлийн байдал нь нялх хоёр хүүхэдтэй. Шүүгдэгчийн хувьд согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинж хангагдаж байна гэж үзэж байна. Шүүх энэ байдлыг харгалзаж үзээсэй. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ саналдаа:
Би гэм буруугаа хүлээж байна. Хоригдож байхдаа маш их зүйлийг бодож тунгаасан. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Мөнгөнцэцэг саналдаа:
Бид хоёр муудалцаад би анх удаа цагдаа дуудсан. Түүнээс хойш бид хоёр их ярилцсан, ойлголцсон. Цагдан хориход 42 хоноход нь аль болох боломжоороо 7 хоногт 2 удаа очиж уулздаг байсан. Бид хоёр маш сайн ярилцсан. Мөн хүүхдүүд маань аавыгаа санаж бэтгэрч байна. Миний хувьд үнэхээр ажил хийх боломжгүй байна. Нөхрийн цалингаар 4 хүн амьдардаг. 2 хүүхдийг маань бодож шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Наранмөнх дүгнэлтдээ:
Хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж тухайн тусгай ангид заасан оногдуулахаар заасан ялаас хамгийн доод хэмжээгээр хорих ялаар шийтгэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эдгээр зорилгод хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул тус шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 464 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдох 2418002260615 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцлээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохоос гадна шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон зүйл ангийн талаар маргаж, мэтгэлцэхгүй гэдгээ шүүгдэгч түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд илэрхийлсэн.
Шүүгдэгч болон өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь одоогоор хүүхдүүдээ асраад гэртээ байдаг. Хүү М.Оргил 1 нас 7 сартай, хүү М.Эрхэс 7 сартай.
Б.Мөнх-Эрдэнэ нь “Моngolian Trans Line” ХХК -нд зүтгүүрийн албанд зүтгүүрийн туслах машинистаар ажиллаж, гэр орноо тэжээн тэтгэж явна.
Б.Мөнх-Эрдэнэ энэ хэргийн улмаас 42 хоног цагдан хоригдохдоо өөрийн хийсэн хууль бус үйлдлийн хор холбогдлын талаар маш их ойлгож, гэмшсэн, цаашид дахин хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадна гэж удаа дараа илэрхийлж байна.
Шүүгдэгч нь амьдрал аж байдалдаа нэмэр болох үүднээс банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч үүнийгээ төлж яваа ба хэрвээ анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдлэх бол ар гэрт хүндээр тусах байдлыг харгалзан тэнсэх эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь одоогоор хүүхдүүдээ асраад гэртээ байдаг. Хүү М.Оргил 1 нас 7 сартай, хүү М.Эрхэс 7 сартай.
Тэрээр “Моngolian Trans Line” ХХК -нд зүтгүүрийн албанд зүтгүүрийн туслах машинистаар ажилладаг болох нь тогтоогдож байна. /хх 44-46, 50 дугаар тал/
Түүнчлэн шүүгдэгч нь аж амьдралдаа нэмэр болох үүднээс Хаан банк-с 32,000,000 төгрөг, Хас банкнаас 15,000,000 төгрөгийн, “ТУС” апликейшнээс 600,000 төгрөг, “СОНО” апликейшнээс 2,000,000 төгрөгийн зээл авч одоогоор сард 2.500.000 төгрөг төлдөг нь нотлогдож байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн зардлыг төлүүлэх шийдвэр гарсан ба давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх хугацаанд бүрэн төлж барагдуулсан баримтаа гомдолдоо хавсаргасан байна.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзээд:
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас, цагдан хоригдох хугацаандаа үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршиг, өөрийн буруутай үйлдлээ бүрэн ойлгож, гэмшиж дахин хэрэг, зөрчилд холбогдохгүй явж чадна гэдгээ илэрхийлж буй байдал, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас үүссэн зардал төлөгдсөн /хх-53 тал/, шүүгдэгчийн эхнэр бага насны 2 хүүхдээ харж гэртээ байдаг, шүүгдэгч ганцаар ажил, хөдөлмөр эрхэлж өрх гэрээ тэжээн тэтгэж яваа байдал, шүүгдэгч нь амьдрал, аж байдалдаа нэмэр болох үүднээс банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч сард 2.500.000 төгрөг төлдөг байдлуудыг харгалзан үзээд
Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж үзээд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг тэнсэж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3.т зааснаар “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ” авсан болно.
Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг:
-“2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,
-“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд зан үйлээ засах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгосугай гэж өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4., 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3.т зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 42 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг, Б.Чинбаатар нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.
7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Б.МАНЛАЙБААТАР