| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/01506/И |
| Дугаар | 197/ШШ2025/11501 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/11501
2025 09 18 197/ШШ2025/11501
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймаг, Зүүн Хангайн *** дугаар баг, ****** хаягт оршин суух хаягтай, О овогтой Г /РД: ************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, *** мянгат, ** дүгээр байр, ** тоотод оршин суух хаягтай, М овогтой С /РД: *********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс, нэхэмжлэгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагч М.С, түүний өмгөөлөгч Ч.Б нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Миний бие О.Г нь Солонгос улс руу найдвартай виз гаргана гэсний дагуу хүү н.Ч нь дамжуулан, түүний ээж болох М.С-ын Хаан банкны *********** тоот данс руу 6,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөгийг дахин шилжүүлсэн. М.С гэх хүнтэй удаа дараа гэрийнх нь гадна очиж уулзсан. 2024 оны 09 дүгээр сард төслийн мөнгө өгнө гэж хэлээд, өнөөг хүртэл 12,000,000 төгрөгийг өгөөгүй. Солонгос улс руу явуулна гэж хэлээд 1 жил өнгөрсөн байх тул хариуцагчаас 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: О.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал бүрдсэн байна. О.Гын данснаас 12,000,000 төгрөг М.Сын данс руу орсон байдаг. М.С Солонгос улсын виз гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй байна. Иймд хариуцагчаас 12,000,000 гаргуулах нь зүйтэй байна. Цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд М.С нь гэрчээр мэдүүлэг өгч байгаа гэсэн баримт гаргаж өгсөн байсан. М.Сын мөнгө шилжүүлсэнтэй холбоотой асуудал нь тусдаа шийдвэрлэгдэх асуудал. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Гаас мөнгө авмагцаа А.О, П.О гэх хүмүүс рүү шилжүүлсэн байдаг. Мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг хэрэгт хавсаргасан. Надад ямар нэгэн ашиг сонирхол байсан бол өөр хэрэг. Гэтэл би энэ мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй. Миний мөнгө шилжүүлсэн гээд байгаа хүмүүст Сонгинохайрхан дүүрэг дээр шалгагдаж байгаа. гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: М.С нь 19-ний өдөр мөнгө авсан байдаг. Мөнгөө авмагц өөр хүмүүст шилжүүлсэн. Үүнтэй холбоотой асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Мөнгө шилжүүлсэн баримт, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэсийн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд,
4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., 196.1.1-т Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан тооцохоор заасан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож О.Гыг Солонгос улс руу гаргана гэж тохирон М.С нь гэрээ байгуулсан байна.
Хариуцагч шүүхэд гаргасан хүсэлтэнд Миний мөнгө шилжүүлсэн гээд байгаа хүмүүст Сонгинохайрхан дүүрэг дээр шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь тус цагдаагийн хэлтэст гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т зааснаар тухайн асуудлын талаар эрүүгийн журамаар шалгаж байгаа гэж үзхээргүй байна
5. Иймд О.Гын гаргасан хариуцагч М.Сд холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М овогтой С /РД: **********/-аас 12,000,000 төгрөгийг гаргуулж, О овогтой Г /РД: *********/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ